Залуу зохиолч Ц.Баттуяатай ярилцлаа.
-Зохиолч хүнийг цаг хугацаа төрүүлдэг үү эсвэл өөр ямар нэг чухал хүчин зүйл бий юү? Тухайлбал, олноосоо цойлж гарсан онцгой зохиолч өнөө цагт ховор болжээ. Зохиолчдыг бид өнгөрсөн зууны авторуудаараа төсөөлж байна.
-Бүх зүйлийн хамгийн шударга шүүгч нь цаг хугацаа шүү дээ. Энэ ч утгаараа зөвхөн зохиолч гэлтгүй, хувь хүнийг чухам хэн байсан бэ гэдгийг илчилж, нийтийн өмнө дахин “төрүүлдэг” зүйл нь он цаг гэдэгтэй санал нийлдэг.
Зохиолч, яруу найрагч, соён гэгээрүүлэгчид бол олон түмэнд оюуны өглөг түгээгчид. Тиймээс уран бүтээлээрээ, оюун сэтгэхүйгээрээ тухайн цаг үеийнхээ тэргүүн магнайд алхаж явах даалгавартай төрсөн хүмүүс юм болов уу. Хэн энэ даалгаврын эзэн нь болж, даалгавраа хэрхэн сайн биелүүлснийг цаг хугацаа л шүүнэ. Өөрөөр хэлбэл, яг одоо бичиж, туурвиж байгаа хүмүүсийг олноос цойлсон онцгой нэгэн мөн үү, биш үү гэдгийг өнөөдрөөр дүгнэх хэцүү, бараг боломжгүй. Энэ утгаараа хүмүүс, магадгүй дэлхий нийт Монголын уран зохиолыг өнгөрсөн зууны авторуудаар нь л төсөөлж байгаа нь хамгийн зөв зүйтэй, бодит хариулт байх. Учир нь, өнгөрсөн зуун маань одоо л цаг хугацааны шүүлтүүрээр шүүгдэж байна шүү дээ. Одоо үе харин цаг хугацааны шүүлтүүрт орох болоогүй байна.
-Хүмүүс бие биенээ үнэлж дүгнэх, судалж шүүмжлэх дуртай шүү дээ. Чи үе тэнгийнхэн болон дээд үеийн ах, эгч нарынхаа бичиж, туурвиж байгааг үнэлж дүгнэдэггүй гэж үү?
-Өөрийн хэмжээндээ үнэлж дүгнэлгүй яах вэ. Бидний дээд үеийнхэн буюу 1990-ээд оныхон бүгд сайн зохиолч, яруу найрагч биш боловч нэг нэгнээ сайн “чирч”, нийгэмд жигдхэн танигдаж чадсан. Тэд одоо ч байр сууриа алдаагүй байна. Цаг хугацаа л тэднийг “авч шидэх” хүртэл энэ л байр сууриа хадгална гэдэгт ч эргэлзэхгүй байна. Харин 2000 оноос хойших үеийнхэн бол хэн нь ч хэндээ “чирэгдэхээргүй” бие даасан, хүчирхэг сэтгэхүйтэй залуус гэж би боддог. Өөрөөр хэлбэл, цаг үеийнхээ тэргүүн магнайд алхах даалгаврынхаа эзэн болж яваа хүн манай үеийнхэн дунд олон байна. Битүүхэндээ, Монголын уран зохиолд нэгэн шинэ үеийг энэ үеийнхэн авч ирлээ гэж омогшдог. Гэвч миний энэ үнэлэлт дүгнэлт, омогшил үнэнд дөхсөн, эсэхийг цаг хугацаа л хэлж өгнө дөө.
-Масс-д зориулж бичдэг зохиолч, жинхэнэ зохиолч гэсэн ялгаа харагдаад байдаг. Чи ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнгөрсөн жил байх аа, массад зориулж бичигчдийг “Уншигчдаа дээдлэгч”, жинхэнэ уран зохиол туурвихыг эрмэлзэж, хөхиүлэн дэмжиж, тэрхүү үзэл бодолдоо үнэнч үлдэгсэдийг “Хадны мангаа” хэмээн нэрлэж, сошиалаар нэг хөгжилдсөн дөө. Шударгаар хэлэхэд, би “Хадны мангаа”-нуудыг дэмждэг, уншдаг, тэдний зохиол бүтээлээр Монголын уран зохиолын ертөнцийг төсөөлдөг, тэднээр бахархаж омогшдог. Гэвч бичиж байгаа минь “Уншигчаа дээдлэгч” бүлгийнхний “харьяалал”-д багтаж байгааг хүлээн зөвшөөрнө. Учир нь, би массад зориулж бичих шаардлага, шалтгаан байгааг саяхнаас хүлээн зөвшөөрдөг болсон. Яагаад гэвэл, жинхэнэ уран зохиол бичих цаг мөчөө хүлээгээд суух боломж өнөөгийн нөхцөлд бидэнд алга. Өчнөөн цаг зав, хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулж бичсэн зүйл минь манай гэрт юм уу, номын дэлгүүрийн лангуун дээр тоосонд дарагдаад, хэдэн жилийг үдэхийг тэвчээртэй хараад суугаад байж боломгүй байна. Нөгөөтээгүүр, хүн бичих тусмаа л хөгждөг. Төгс зүйл бичихээ хүлээж, хойш суугаад байвал би өөрөө л зэвэрнэ. Харин уйгагүй оролдож, хичээн зүтгэгсэдийн ур чадвар сайжирсаар байх болно. Тиймээс ахуй амьдралаа бодсон ч, араас нь бичих зүйлсээ бодсон ч массад зориулсан зохиол бичихээс зайлсхийж, тойрч гүйгээд байх шаардлагагүй юм байна гэж бодсон. Эхлээд солонгос драм шиг олноороо хошууран сонирхох ном бичиж хэвлүүлээд, өөрийгөө зах зээлд гаргаж болох юм байна. Эрэлт байгаагийн үндсэн дээр л нийлүүлэлт хийгддэг биз дээ. Энэ л зарчмаар нийтэд таалагдах зүйлийг бичиж, өөрийнхөө нэрийг зах зээл дээр байршуулаад, магадгүй, санхүүгийн асуудалдаа санаа зовдоггүй болчих, ахуйтайгаа зууралдах цаг заваа зохицуулчих хэрэгтэй юм байна. Түүний дараа өөрийнхөө жинхэнэ хүсч мөрөөддөг зохиолыг бичиж болно. Өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртэл бичих боломж нь цаг хугацааны хувьд ч сайхан бүрдэх байх.
Ингэхгүй бол яг өнөөдрийг харахад, би ахуй амьдралаа авч явах зайлшгүй шаардлагаар өөрийнхөө зохиолд бус өрөөлийн зохиолд бүхий л цаг заваа зарцуулж байна. Өөрөөр хэлбэл, сайн зохиол бичихээс илүү мөнгө сайн олж, амьдралаа хүнээс доргүй авч явах нь эн тэргүүний үүрэг, зорилго болчхоод байна.
-Чиний бичиж, редакторласан номуудаас хамгийн олон хувь борлогдсон нь ямар ном бэ?
-Ерөнхий редактораар ажилласан номуудаас гэвэл А.Пүрэвмаагийн “Сахиусан тэнгэр” хамгийн олон хувь борлогдсон байх. Мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран бичсэн номуудаас “Баянголын зуун эрхэм” сэтгүүл зүйн бүтээл хамгийн олон хувиар хэвлэгдэж, олон хүнд хүрсэн.
Бичиж хэвлүүлсэн номын хувьд “Үйлийн үр захиалагч” тууж маань хамгийн олон хувь хэвлэгдсэн. Анхны хэвлэлтээс гарсан эхний долоо хоногтоо гар дээрээс 100 гаруй ширхэг зарагдаж байсан. Түүнээс хойш хавар Номын баярын өмнөхөн хэвлээд, намрын Номын худалдааны дараа дуусдаг хэмнэлээр хоёр жил явчихлаа. Саяхан номын дэлгүүрүүдийн цахим хаягаар шүүж үзэхэд, Интерномын төв салбараас бусдад нь дуусчихсан байна лээ.
-Дахин хэвлүүлэх хэрэгтэй юм байна даа.
-Магадгүй. Гэхдээ би одоо “Үйлийн үр захиалагч” туужийн нэгдүгээр ботийг дахин хэвлүүлэхийг урьтал болгохгүй. Хоёрдугаар ботийг нь бичиж хэвлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож, төлөвлөж байна.
-Бичиж туурвисан, редактораар ажилласан ном гэхээр тоо хэд болж байна даа?
-Бие даасан зургаан ном бий. “Гивлүүрт салхин” шүлгийн түүвэр, “Таримал цэцгийн сүм” өгүүллэгийн түүвэр, “Дотоод алс” сэтгүүл зүйн бүтээл, “Үйлийн үр захиалагч”, “Аз жаргалын зөрлөг” туужууд, “Мөнх тэнгэрийн үрс” хүүхдэд зориулсан адал явдалт цуврал. Хамтарсан бүтээл ес, Ерөнхий болон техник редактораар ажилласан 50 гаруй ном байна. Мөн 40 орчим номын хэвлэлийн дизайнераар ажилласан.
-Сэтгүүл зүйн тогоонд цөөнгүй жил чанагдлаа. Одоо чи сэтгүүлчээр ажиллах уу? Яагаад?
-Би Монгол Улсын Боловсролын их сургуулийг Утга зохиолын ажилтан - Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Их сургуулийн нэгдүгээр курсээсээ буюу 2004 оноос мэргэжлээрээ ажиллаж, сэтгүүл зүй хэмээх өнөр бүлийн гишүүн болсон. Би өөрийгөө энэ бүлийн охин нь юм гэж бодвол энэ жил 16 нас хүрч байна. 16 жилийн дийлэнхэд нь өдөр тутмын сонинд ажилласан. Шар хэвлэлээс эхлээд өдөр тутмын сонин, радио, сайт, сэтгүүл, хэвлэлийн газар, төрийн алба гээд сэтгүүлч хүний ажиллаж болох талбаруудаас телевизээс бусдад нь ажиллаж, тодорхой туршлага хуримтлуулжээ. Дээд сургуульд хичээл зааж хүртэл үзсэн.
2016 онд “Мэдрэмж” агентлагаа байгуулж, хувиараа ажиллаж эхэлсэн. Хувиараа ажиллах санаа нэлээд эрт төрсөн ч зориглож чаддаггүй байсан. Ямар нэгэн албан байгууллагад харьяалагдах нь эдийн засгийн хувьд эрсдэлгүй санагддаг байлаа л даа. Хувиараа ажиллаж эхлээд л “Ядаж нэг жилийн өмнө ийм шийдвэр гаргахгүй яав даа” гэж бодсон. Гэхдээ би ямар нэгэн байгууллагад үндсэн ажилтнаар л харьяалагдахгүй байгаагаас бус одоо ч сэтгүүлчээрээ ажиллаж л байна. Тодруулбал, агентлагийнхаа журмаар ном бичиж, редакторлах, бизнес, улс төрийн Пи-Ар хийх зэргээс гадна хэвлэл мэдээллийн тодорхой байгууллагуудад гэрээтээр ажиллаж байна. Тэр дундаа УИХ-ын сонгууль болж байгаатай холбоотойгоор дөрөвдүгээр сараас хойш сэтгүүлчийн ажлаа түлхүү хийлээ. Цаашид ч энэ маягаараа гэрээт болон захиалгат ажил л хийж гүйцэтгэхээс бус бүтэн цагаар ажиллах бодол алга. Ахуй амьдрал, санхүүгийн нөхцөл маань ингэж таарч байна л даа.
-Монголд сэтгүүлч хүн цалингаараа ар гэрээ авч явах боломж ер нь байна уу?
-Мэргэжлийн сэтгүүлчид бол бүгд л цалингаараа ар гэр, ахуй амьдралаа авч яваа гэж бодож байна. Гэвч элбэг дүүрэн, сэтгэл хангалуун бол биш. Хүрэхгүй ч хүргэж, болохгүй ч болгож, зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа. Үүнээс ч үүдэлтэйгээр сэтгүүлчид өөр салбар луу олноороо урваж, цөөн хэсэг нь мэргэжлийн ёс зүйгээ умартаж, аль болох хурдан нэрд гарч, хөрөнгөжих зорилго тавьсан эрээ цээргүй үйлдлүүд хийгээд эхэлчихлээ шүү дээ.
Би ч бас цалингаараа сайхан амьдарч чадахгүй байгаа энэ дутагдлаас болж л мэргэжлээрээ бүтэн цагаар ажиллахаас татгалзсан. Одоо ч татгалзаж байна.
-Ганц бие ээж болно оо гэж хэн ч боддоггүй. Гэхдээ амьдрал адармаатай. Туулаад өнгөрүүлсэн зовлонг татаж гаргаж ирэх гээд яах вэ. Гэхдээ ганцаараа хүүхдээ өсгөөд ажлаа хийх гэхэд ямар ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Ганц бие ээж гэхээр дийлэнх нь нэлээд дарамттай байдлаар хүлээж аваад байдаг юм шиг ээ. Надад бол эсрэгээрээ санагддаг шүү. Хардалт сэрдэлт, хэрүүл маргаан, үл ойлголцол гэх мэт ганц бие байхаас ч илүү дарамтуудаас хол байх гэсэндээ хүмүүс ганцаараа байх замыг сонгодог байх. Миний хувьд ч мөн хоёулаа амьдарснаас ганцаараа амьдарсан нь илүү сэтгэл төвшин санагдсан учраас л энэ сонголтыг хийсэн. Элэг бүтэн амьдрах эрхэнд нь халдсанаараа би охиныхоо өмнө уучилшгүй буруутан гэдгээ хүлээн зөвшөөрнө. Гэвч өнөөдөр миний болоод охины минь амьдрал хэнээс ч хараат бус бие даасан байж чадаж байна. Хүн, тэр дундаа эмэгтэй хүн хэн нэгнээс хамааралгүйгээр амьдрах учиртай гэж боддогийн хувьд би энэ сонголтондоо огт харамсдаггүй. Учир нь, зүгээр л сайн амьдрахыг ганцаараа ч чадна. Хоёулаа бол илүү сайн, бүр гайхалтай сайн амьдрах учиртай. Тиймээс ч хоёулаа хэрнээ ганцаараа байснаас нэг их ахиц гарахгүй бол ганцаараа байхыг л сонгоно.
Мэдээж хүүхэд харах хүнгүйгээс эхлээд асуудлууд тулгардаг. Ямар нэгэн байгууллагад бүтэн цагаар ажиллах саналаас татгалзсаар байгаа минь ч үүнтэй л холбоотой. Эхэндээ ажлаа хийх үү, охиноо асрах уу гээд самгарддаг л байлаа. Одоо бол охин бид хоёр хоёулаа энэ байдалдаа зохицон амьдарч сурч байна. Хамгийн гол нь, сэтгэлд тээртэй, зүрх хөндүүрлүүлээд ажиллах бүтээмжийг минь бууруулаад байдаг бэрхшээл зовлон миний амьдралд алга. Яах вэ, бүтэн сар хөдөө ажиллах ч юм уу, өөр зүйлд зориулах зав гаргалгүй, ачаалалтай ажиллаад богино хугацаанд ахиухан мөнгө олох боломжуудыг алдах харамсалтай байдаг. Алдахгүйн тулд энгийн үеийнхнээс арай илүү зардал гаргадаг гэх мэт асуудал бий бий. Гэхдээ энэ бол бэрхшээлийн хэмжээнд авч үзээд, дэвэргээд байхаар зүйл биш л дээ. Нэрэлхүү зан болоод шуналаа дараад, итгэлтэй хүмүүсээсээ багахан тусламж аваад л шийдчих асуудал.
-Энэ амьдралд чиний мэдэрсэн хамгийн хөндүүр өвдөлт юу байв?
-Итгэж явсан сэтгэл рүүгээ ус цацуулах л хамгийн аймшигтай мэдрэмж дээ. Харамсалтай нь, ийм мэдрэмжтэй маш олон удаа нүүр тулдаг, бие, сэтгэлээрээ мэдрээд, хөндүүрлээд, шархлаад, шархаа долоогоод, даваад гарахаас өөр аргагүй үе зөндөө тохиолддог.
-Хүнд итгэлээ эвдүүлэх, өөрийнх нь төлөө явахад ойлгохгүй байх шиг муухай зүйл үгүй. Чи тийм зүйлийг яаж давдаг вэ?
-Тэгж их итгэсэн, сэтгэлээ дэвсэн байж өгсөн итгэл хэмээх нандин зүйлийг зүгээр л нэг хог шороо мэт гишгэж дэвсэлчхээд, юу ч болоогүй мэт яваад өгч болдог гэдэгт саяхныг хүртэл итгэж, эвлэрч чаддаггүй байлаа. Итгэлийг минь эвдсэн хүн бүртэй өөрийнхөө л хувьд хамгийн хатуу аргаараа тэмцэж, тэрсэлддэг байлаа. Гэвч юм бүхэнтэй тэгж хүчээ барж, энергиэ шавхан байж тэмцэх хэрэггүйг саяхнаас ойлгосон. Тиймээс итгэлийг минь дааж чадаагүй хүмүүсийн дэргэдээс чимээгүйхэн л холдчих нь хамгийн зөв бөгөөд өөрт шаналангүй арга юм байна гэж бодох болсон.
Шинэ оны дараахан би яг ийм маш хүчтэй өвдөлтийг мэдэрсэн. Энэ хүмүүс бүгдээрээ миний эсрэг зогссон ч миний талд зогсч үлдэх хүн гэж итгэж явсан нэгэн маань хүртэл надад итгэхээ больчихоор өлсөөд байгаа хэрнээ хоол хоолойгоор давахгүй, уйлмаар байгаа хэрнээ нулимс гарахгүй болчихдог юм билээ. Амь тэмцэм өвдөлттэй хэрнээ асар их ухаарал хайрласан үйл явдал байсан. Өчнөөн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулж, сэтгэл зүрхээ зориулан байж бүтээсэн зүйлийг минь ердөө л хий хоосон гүтгэлэг, хов живийн хэдхэн үгээр хормын төдийд үгүй хийж болдгийг мэдсэн, мэдэрсэн. Худлыг мянга давтвал хүмүүс итгэж эхэлдэг юм байна, үнэн гэдэг зүйл заримдаа худлын өмнө хүчин мөхөстдөг юм байна. Худал зүйлд нотолгоо олон байдаг хэрнээ үгүйсгэл хомс байдаг юм байна. Үнэнд нотолгоо хэрэггүй байдаг хэрнээ зарим үнэн цаг хугацаагаар ч илчлэгдэж чадалгүй, дарагдаад үлдчихдэг юм байна. Гэвч шаналаад л байвал энэ бүхэн хэзээ ч дуусахгүй учраас хэсэг хугацаанд өөрийгөө нийгмээс болон хүмүүсээс тусгаарлаж, вакумжуулж байж л үүнийг даван туулсан даа.
-Арван жилийн дараах амьдралаа төлөвлөсөн үү?
-Арван жилийн дараах амьдралын минь суурийг тавих, хундаамыг цутгах зүйлээ энэ онд хийж амжуулахаар төлөвлөчихсөн байсан. Төлөвлөсөн бүхэн минь гэнэт л нуран унасан. Гэвч нурж унасан бүхэнтэй хамт нураад, үгүйсгэгдэж салхинд хийссэн бүхэнтэй хамт хийсч үгүйрээд байвал би яаж амьд явах билээ. Тиймээс хэсэгхэн зуур сэтгэлээр унаж, шаналж бясалгачхаад, шинэ төлөвлөгөө, шинэ зорилго, түүндээ хүрэх шинэ арга барилаа бодож олсон. Тэр зорилго, тэр төлөвлөгөөгөө одоохондоо өөртөө үлдээе.
Асуултыг чинь хариултгүй орхихгүйн тулд сүүлийн хэдэн жилийн турш хүсч, зорьж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж байгаа нэгэн зорилгоо хэлье. Яг одоо өрөөлийн ажилд буюу мөнгө олохын тулд зарцуулж буй энэ цаг хугацаагаа өөрийн зохиол номдоо зарцуулдаг болно оо. Гэхдээ арав биш ээ, хамгийн их удлаа гэхэд таван жилийн дараа Ц.Баттуяа гэдэг хүн хоногийн 24 цагийн 18-аас доошгүйд нь мөнгө олох ажил “нухаж” суухаа больсон байна. Цаг хугацаанд хөөгдсөн мэт бус тааваараа ажиллаж, өөрийнхөө захиалгаар л бичиж, харин цаг заваараа өрөөлийн захиалгыг биелүүлдэг болно.
ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН