Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, жуулчдыг татах төрийн бодлогын хүрээнд Үндэсний баяр наадмыг тохиолдуулан “Legend” энтертаймент шоу тоглолтыг энэ оны долдугаар сарын 7-12-ны өдрийн 19:00 цагт “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд зохио байгуулах гэж байна. Уг тоглолт нь маш өргөн бүрэлдэхүүнтэй болж байгаа бөгөөд язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл билээ. Тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар, хөгжмийн продюсер удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн Art couture, Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллана. Мөн МУГЖ Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын жүжигчид, ХЦДБЭЧ-ын бүжигчид, Enkhe boys циркийн нугараачид, акробатчид гээд нийт 120 гаруй мэргэжлийн уран бүтээлч оролцох юм.
Ингээд уншигчдадаа “Legend” энтертаймент шоу тоглолтын талаар найруулагч Ц.Батнайрамдалаас тодруулснаа хүргэе.
-“Legend” энтертаймент шоу тоглолтыг хийх санаа хэрхэн яаж төрөв өө. Эндээс яриагаа эхлэх үү?
-Монгол ардын урлагаа сурталчлах хүсэл уран бүтээлч бүхэнд л төрдөг. Дэлхийн сонгодог урлагийг монгол хүн дуулаад, бүжиглээд яваад болоод байгаа юм чинь өөрийн орны уламжлалт урлагаа яагаад дэлхийн уран бүтээл болгож болдоггүй юм гэсэн зүрх сэтгэлийн догдлол, мөрөөдөлтэй, ялангуяа Монголоороо бахархах, монголоо дэлхийд таниулах уран бүтээл хийх, ардын урлагаа орчин үеийн дэлхийн урлагтай хөл нийлүүлэх бодол тээсэн уран бүтээлчдийн нэгдэл өнөөдөр биеллээ оллоо. Ер нь бол гадаад орнуудад жуулчдыг татах зорилготой маш гоё шоунууд байдаг. Бүгдээрээ жуулчдыг татах зорилготой ардын урлагийг интертаймент хэлбэрээр орчин үеийн урлагийн илэрхийлэл болгож хийдэг шоунууд. Бразилын маскарад, карнабал, фестиваль, мюзиклууд байна. Мөн Азийн орнуудын том том шоунууд байна. Тэгэхээр бид яагаад ийм шоу хийж болохгүй гэж гэсэн хүсэл мөрөөдөлтэй бодож, ярьж явсан хэдэн нөхөд нэгдэж “legend” шоу төслөө 2018 оноос санаачилж эхлүүлсэн.
Үүнийг бид хийхгүй бол өөр хэн хийх вэ. Хөгшрөөд ирвэл хийхээсээ ярих нь ихэснэ. Ид хийж яваа үе дээрээ үүнийг хийж залуу уран бүтээлчдэдээ суурийг нь үлдээж өгөхгүй бол одоогийн залуучуудын орчин үеийн урлаг шинийг эрэлхийлэх байдлыг нь тогтворжуулж, гольдролд нь оруулахгүй бол болохгүй. Яагаад гэхээр ихэнх нь цахим орчноос хараад л хуулаад хэлбэр хөөгөөд транс, металл рок болгоод ардын язгуур урлагийг маань шалан дээр таягдах маягтай. Нөгөө хэсэг нь ардын урлагаа хуучнаараа аваад яваад байдаг. Тэгэхээр энэ хоёрын дундах зааг ялгааг ойлгуулах хэрэгтэй. Залуу үе тасралтгүй учраас ардын урлагаа гольдролд нь оруулж суурийг тавьж өгөхгүй бол хуучин нь улам бүдгэрээд, хий хоосон суурьгүй давхисаар байгаад юу ч үгүй болоод монгол урлаг гэдэг зүйлээс хумхын тоос ч үлдэхгүй болох аюултай.
Монголчуудыг домогт нүүдэлчдийн өлгий гэдэг. Бидний язгуурын далд ухамсар, үүх түүхэнд домог хадгалаастай байдаг. Монголчууд домгоос үүссэн гэж болно. Ертөнц дээр хүн үүссэн тэр цаг үе, олон мянган жилийн хугацаанд Монгол оршин тогтносон язгуурын язгуур нь бол домог юм. Яагаад Монгол мөхдөггүй, Монгол уусдаггүй. Яагаад дэлхийн улс орнуудаас эрс тэс өвөрмөц онцлогтой ард түмэн юм. Дэлхий дээр монголчуудтай адилхан олон суурьшмал соёлтой улсууд байдаг л байх. Монголчуудын хувьд соёлоо ор үндэсгүйгээр хаяад гээгээд орчин үеийн түүх рүү явж байсан түүх байхгүй. Өв уламжлал, соёлоо дэлхийн ямар ч үед өөрөөр хэлбэл дэлхий нийтийн дайн, даяаршлын аль ч үед тээж хадгалж явсаар байгаа юм. Хадны сүг зургууд. Дэлхий дээр өмнө хэзээ ч харж байгаагүй төрт улс, соёлтой хэдэн мянган жилийн өмнө амьдарч байснаа гэрчлээд чулуун дээрээ сийлээд үлдээчихсэн. Мөн тийм төрт улс байсан гэдэг нь олон олон археологийн баримтуудаар илэрч байна.
Энэ бүхэн бол бидний язгуурын үндэс, ухамсрын гүнд далд битүүхэндээ нойрсон байгаа далд амьдрал юм. Энэ бүхнийгээ сэрээх цаг болсон, бүгдээрээ дотоод нэгдлээ сэрээе гэсэн мессэжийг өгөөд байгаа юм л даа.
-Нүүдэлчин Монголчуудын өв соёл маш баялаг шүү дээ. Үүнийг хэрхэн орчин үеийн урлагтай хослуулж үзүүлэх вэ?
-Бид өөртөө байгаа үнэт өв соёлоо урлагийн түвшинд орчин үеийн технологи ашиглаж, өнөөгийн соёл иргэншилд ирсэн гэдэг ухагдахууныг урлаагаараа дамжуулж тайзны урлаг болгож янз бүрийн мюзикл хэлбэрт оруулж үзүүлэх хэрэгтэй байна. Бид өмнө нь ашиглаж байсан оюуны бүтээлүүдээс нэгийг ч ашиглахгүй, бүх хөгжим шинээр хийгдэж байгаа. Нэг чиглэлийг барьж, нэг хүний уран бүтээл давамгайлж хийгддэг одоогийн энэ байдлаас өөрөөр сэтгэж, багаараа нэгдмэл уран бүтээлийг хийнэ. Ийм л юмыг үзэх гэж олон сая жуулчид тэр газруудыг зорьдог. Жишээ нь: Өмнө нь хэн ч мэдэхгүй ширэнгэн ойтой уул байсныг “Аватар” кино хийсэн. Гэтэл төрийн бодлогоор аялал жуулчлалын асар том цогц хөтөлбөр болгосон. Тэгэхээр манайд бол ийм зохиомол битгий хэл яг оршин байсан олон олон түүх дурсгалын баталгаатай нотолгоотой газрууд, хот, соёл, улс байсан шүү дээ.
Орчин үеийн урлагийг өөрийн орондоо нутагшуулж, ардын урлагтай уялдуулан дэлхийн хэмжээний том шоу хийхийн нэг үзүүлэлт нь техник технологи байгаа юм. Техник технологитой уялдуулж дэлхийн стандартад нийцсэн тийм орчин үеийн урлагийн цогц барилга байгууламж манайд одоогоор байхгүй. Түүнтэй хамгийн ойртох газар нь “Корпорейт” байна.Тайзыг орчин үеийн компьютер томографик ашиглан амьд юм шиг харуулдаг. Ганц кноп дараад будагнууд өгөөд л бороо, цас гээд хүссэнээ оруулж амьд байгалийг харуулж байна. Ийм цаг үед гадаад орнууд өөрийнхөө үндэсний урлагийг судалж хэдэн мянган жилийн өмнөх рүү аваачих тийм өргөн боломж байдаг. Бид сайн бүтээл хийхээр эд хийж чадаж байна гээд “Корпорейт” техник технологио сайжруулаад байна шүү дээ. Үүнийгээ дагаад аливаа юм сайжраад хөгждөг байхгүй юу.
Бидэнд өвөг дээдсээс үлдээсэн цорын ганц нүүдэлчин өв соёлоо тээж хадгалах зорилго байгаа учраас орчин үетэй хослуулаад яваад байгаа юм л даа. Түүнээс биш хөгжлийг өөрийн орны өв соёлгүйгээр нүцгэнээр дагаж хөгжих дургүй улсууд шүү дээ. Тийм учраас өөрсдийн бодлого өв уламжлалаа хадгалаад сууж байгаа хөх өвгөд шигээ алсын хараатай орон гэж боддог. Тийм учраас дэлхийн ирээдүйн хөгжил монгол руу чиглэсэн хөгжил байх болов уу гэж хардаг.
-Яагаад?
-Монголчуудын бүх өв соёл онгон зэрлэгээрээ гэдэг шиг байдаг учраас дэлхийн ямар нэгэн хувьсгал, даяаршлын өөрчлөлтөд дэлгээтэй хөзөр шиг тавиагүй. Хүн бүр ирээдүйн дэлхийн шинэ хөгжлийн гарц болох хэмжээний өв соёлыг маш олон сая жил баримтлагдаад үлдсэн учраас бидний цаашдын хөгжлийн том гарц гэж боддог. Бидний энэ хийж байгаа алхам ч гэсэн энэ чиглэл рүү хандсан алхам гэж бодож байна.
-Та түрүүн жуулчдыг ирүүлэх зорилгоор энэ шоуг хийж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ шоуг хийснээр манай аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон өөрчлөлт ч гарч, Монголыг зорих жуулчдын тоо өсөх боломжтой гэж харж болох уу?
-Өнөөдрийн байдлаар манай улсад 500 мянга орчим жуулчид ирдэг гэсэн судалгаа бий. Энэ тоог сая болгомоор байна гээд 10-аад жил ярьж байна. Нэг жуулчин таван жил ирэхэд таван удаа нэг урлагийн номер, концерт, байрлах газар гээд бүх зүйл нь ижилхэн байж боломгүй. Тийм учраас таван удаа ирэхэд нь таван өөр зүйл үзүүлж байж, дараагийн таван хүнийг ирүүлнэ. Ингэхээр нөгөө 500 мянга чинь нэг сая байтугай таван сая ч жуулчинг ирүүлэх боломжтой. Аливаа орны аялал жуулчлалын төрийн бодлого нь тухайн орны урлагаар дамжиж жуулчдад хүрдэг. Энд нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Бид таван өдөр тоглоно. Олон өдөр тоглож байгаа юм шиг мөртлөө таван мянган хүнд үзүүлж байгаа гэдгээрээ чамлалттай тоо л доо. Нөгөө жилд ирдэг 500 мянган хүнээс хэд нь үзэх үү. Бидний тооцоогоор таван зуун хүн үзэх болов уу гэж бодож байна. Ер нь бол гадаад улс орнууд таван сараас найман сар хүртэл жуулчдад зориулсан хөтөлбөрүүд байдаг. Тэгэхээр энэ хугацааны хөтөлбөрийг төдий хэмжээний жуулчдад үзүүлснийг манайхтай харьцуулахад бид тавхан өдөр. Бид хэдэн мянган жил үргэлжилсэн энэ уламжлалаа эвдээд тавхан мянган хүнд таван өдөр үзүүлэх гээд мачийж байгаа нь бол чамлалттай тоо. Дараа дараагийн тоглолтууд маань 10 өдөр, сар, жилийн дөрвөн улиралд гээд өргөжих байх аа. Өвлийн цаг агаарт Хөвсгөл нууран дээр, хавар Энергийн хийдэд, зун Архангайн Хоргын тогоонд гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол нэг ирсэн жуулчин өмнөх жилээ үзсэн том хөшөө, чулуугаа хараад буцна гэдэг бол харамсалтай зүйл.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН