Чихний ухуур нь хүртэл мөнгөн юм, монголчууд чамин үнэтэй эд зүйлст дуртай байжээ гэсэн бодол төрнө. Дарьганга мөнгөн урлалын “Нандин өв” үзэсгэлэнд монголчуудын тансаг хэрэглээ, дарьганга дархчуудын ухааны болон гарын урыг илтгэсэн олон сайхан үзмэртэй танилцав. Дашрамд сонирхуулахад Монголын үндэсний түүхийн музейн зэргэлдээх үзэсгэлэнгийн танхимд одоогийн Өвөрмонголын нутагт X-XII зуунд амьдарч байсан нүүдэлчин хэмээгддэг хятанчуудын өв соёлын үзэсгэлэн бас гарсан байна лээ. Тэнд мөн чихний алтан ухуур тавигдсан байсныг яана.
Дарьганга эхнэрийн толгойн гоёл чимэглэл уран нарийн хийцтэйгээс гадна хүнд бололтой. Хүүхнүүд төдийгүй эрчүүд ч ганган тансаг эдлэл хэрэглэж байж дээ. Хэт хутга нь гэхэд л ур их хийц дэгжин, шүр, алт, мөнгө орсноос гадна зааны ясан савхыг нь хүртэл мөнгөөр бөгжилсөн байв. Орчин үеийн эрчүүд ч чамин эд зүйлс хэрэглэж буйн нэг жишээ нь Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийн бичгийн хэрэглэл аж. Ж.Батсуурийг 2016 онд ажлаа хүлээлгэж өгөхөд найз нөхөд, хамтран зүтгэгчдээс нь дурсгасан уг бичгийн хэрэгсэл алдарт М.Зундуй дархны ач Н.Амартайван дархны бүтээл ажээ. Мөн л алт, шүр гэх мэт орцтой содон эд байна лээ.
Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүд болох М.Балдан- Осор дархны урласан мөнгөн чимэгтэй зэс цар, зэс хувин зэрэг нь монголчууд ахуйдаа ч чамин тансаг эд зүйлс хэрэглэж ирсний нотолгоо буюу.
Дархан Н.Зундуйн 1960 онд бүтээсэн гурван түлхүүртэй цоож байна. Нэг түлхүүрийг нь гээчихвэл онгойлгох аргагүй юм байна даа. Илүү нарийн эд бас нэг байсан нь Ш.Дондов дархны урласан үг үсгээр нээгддэг цоож. 1963 оны энэхүү гуулин цоож одоогийнхоор бол нууц кодоор нээгддэг байх нь. 10 ширхэг дугуй, эргэдэг үсэг бүхий кодтой. Хүрдийг эргүүлж “Сүхбаатар 10” гэсэн үг бүтээхэд цоож нээгддэг гэнэ.
Уг үзэсгэлэнд мөн “Луу хөдөлгөдөг” мөнгөн аяга, паалантай мөнгөн аяга тавигджээ. “Дарьганга дархчуудын хийцийн онцлог дөрвөн хүчтэнг хөдөлгөөнтэй дүрсэлдэг. Найман тахил тойруулсан их гарын мөнгөн аяга, метал дээр паалан тогтоосон ханьгард шувуутай аяга байна. Ийм аяга маш нарийн арга технологиор бүтдэг учраас баргийн дархан хийж чаддаггүй. Нэг хэсэг мартагдаад байсныг М.Балдан-Осор дархан сэргээж, уран зураг зурж байгаа мэт өнгө алаглуулж, пааландсан гэдгээрээ онцлогтой” хэмээн Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музейн боловсролын ажилтан Н.Одонцэцэг ярилаа.
Чойжоо гээд арслан цолтой үзэмчин бөхийн зодог, туушуу тавигдсан байна. Бараг л эртний баатрын хуяг дуулга шиг нүсэр харагдана. Зодог нь нацагдорж буюу очир зөрүүлсөн хээтэй, мөнгө пойлоосоор чимэглэсэн ширэн эд. Хамгийн том цолтой бөх нацагдорж хээтэй зодог өмсдөг гэнэ. Давааных нь тоогоор чимэглэл нэмдэг гэж ярьдаг ажээ. Бидний мэдэх шуудагны оронд туушуу буюу өвдгөвчтэй. Туушуу нь богино өмдтэй төстэй юм.
Дархан Ж.Сэнгэдоогийн урласан мөнгөн эмээл хазаараар нүдээ хужирлаарай. “Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно. Мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг учраас дарьганга хийц бусад урлалаас ялгардаг” хэмээн музейн тайлбарлагч онцлов.
Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатартай цөөн хором ярилцлаа.
-Орчин үед дарьгангын дархчууд уламжлалаа хэр авч үлдсэн бол. Энэ арга барилыг суръя гэсэн хүмүүст хэр боломж байгаа вэ. Аялал жуулчлалыг дархны уламжлалтай хэр холбодог вэ?
-Дарьганга дархчуудын өв уламжлал өнөөдөр ч хадгалагдаж байгаа. Бид дарьганга дархчуудынхаа уламжлалт арга барилыг авч үлдэх үүднээс мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд анги нээж байсан. Энэ дархны ангийг өргөжүүлэх бодол бий. Гэхдээ одоо голчлон гэрээр сургах арга түгээмэл байгаа. Дарьганга дархны арга барилыг уламжилсан залуус олон байна. Дарьганга өв соёл гэж бий. Үүнийг олон нийтэд, дэлхийд таниулахын тулд Дарьганга өв соёлын төв байгуулахаар аймгийн ИТХ шийдсэн. Энэ цогцолборын нэг хэсэгт Угсаатны зүйн музей байх юм. Эхний ээлжинд бид зургийг нь хийж, газрыг шийдэж байна. Дарьганга өв соёлыг дэмждэг бүх нийтийн хүчээр босох учиртай цогцолбор юм л даа. Гадаадын зочид ялангуяа Өвөрмонголоос хил орчмын аялал жуулчлалаар ирж байгаа зочдыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Баруун-Уртаар дамжуулах маршрут төлөвлөж байна. Хил орчмоор манайх тусгай хамгаалалттай газар нутагтай. Түүхийн олдворууд, байгалийн сонин тогтоцтой газрууд бас бий. Алтан овоо, Ганга нуур маань бий. Үзэх юм ихтэй. Хил залгаа Шилийн гол аймгийнхантай хил орчмын аялал жуулчлал хөгжүүлэх маршрут тогтоохоор ярилцаж гэрээнд гарын үсэг зурсан. Наймдугаар сарын 7-9-ний хооронд Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотод Өвөрмонголын гурван аймаг, зүүн бүсийн гурван аймаг, Өвөрмонголын бусад хотынхон оролцсон том бизнес уулзалт болох гэж байна гэв.
Ш.Дондов дархны урласан үсгээр нээгддэг цоож
Ч.Улаан сайд үзэсгэлэн үзэж сонирхохтой таарч, дарьганга хийцийн үнэт эдлэл цуглуулдаг эсэхийг нь сонирхлоо
-Би цуглуулдаг гэж хэлэхгүй. Гэхдээ Дарьгангын дархан урлалын талаар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй. Тийм учраас иймэрхүү үзэсгэлэнг үзэж сонирхдог. Алдарт М.Балдан-Очир дархны урласан аяга, алдартай дархчуудын ач гуч нарын хийсэн эмээл надад бий. Уламжлалаа хадгалж үлдсэн, ховор ур чадварыг нь эзэмшсэн сайхан залуус байна гэж тэр хариулсан.
Дарьгангын мөнгөн урлал дундаа Монгол Улсын хосгүй үнэт үзмэр болсон хоёр үзмэр манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Түүний нэг нь дарьганга эхнэрийн толгойн гоёл чимэглэл. Бараг дөрвөн кг шахуу гоёл чимэглэлийг дарьганга эхнэрүүд зүүсгэл гоёлдоо хэрэглэж ирсэн байдаг. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын хосгүй үнэт өвөөр бүртгэгдэн, үзэгч олны мэлмийг мялааж байна. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ дарьганга эхнэрийн толгойн гоёл чимэглэлтэй алдартай сайхан уртын дуунуудаа дуулдаг гэдгийг монголчууд мэдэж байгаа. Сүүлийн үеийн алдартай сайхан дархчуул байна. Н.Амартайван, Эрдэнэбилэг, Ш. Даваадорж гээд дарьгангын дархчуудын үргэлжлэл одоо ч гайхалтай эдлэл хийж ард олныхоо мэлмийг баясгаж байна. Ж.Батсуурийн бичгийн хэрэглэл Н.Амартайван дархны хийцээр тавигдсан байна. Н.Амартайван дархны урласан гайхалтай сайхан аяга бий. Дарьганга дархны хийц үргэлжилж байна. Төрийн алдарт дархан М.Балдан-Осор гуайн гудам гэж Сүхбаатарт байдаг гэж аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр ярилаа.
Уг үзэсгэлэн наймдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.