Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хайр минийхээр аз жаргалын төлөөх хичээл зүтгэл

УДЭТ-ын жүжигчин Б.Шинэбаяртай “Надтай үлдээч” жүжгийн гол дүрийн бэлтгэл сургуулилт хийж байх үеэр нь уулзаж ярилцлаа.

 

-“Надтай үлдээч” жүжгийн гол дүрийн сургуулилтыг хийж байгаа юм байна. Энэ дүрийнхээ тухай тодруулж яриач?
-“Надтай үлдээч” жүжгийн Хосбаяр гэдэг залуугийн дүрийг бүтээхээр сургуулилт хийж байна. Ер нь сонгодог, түүхэн, орчин үеийн ямар ч жүжгийн дүрүүд ямар нэгэн нийгмийн төлөөлөл байдаг. Гол нь ажиллаж байгаа дүрээрээ ямар хүнийг, ямар санаа бодлыг, ямар цаг үеийг, орчин нөхцөлийг гаргаж илэрхийлэх вэ гэдэг л чухал. Мэдээж дүр болгон хүмүүст хэлэх гэсэн санаатай бүтээгддэг. Хосбаярын дүр бол өнөө цаг үеийн хүмүүсээс арилж бүдгэрсээр байгаа амьд харилцааны арай өөр тодруулж хэлбэл нөгөө тал нь. Хосбаяр бол ямар нэгэн баггүй, чин сэтгэлээсээ мэдэрдэг, жинхэнээсээ хайрлаж дурлаж харилцдаг тийм л нэгэн залуу.

-Энэ таны хэд дэх гол дүр вэ?
-Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болоод зургаа дахь жилдээ ажиллаж байна. Театрын хувьд гэвэл Ромео, Дашдоржийн Нацагдорж, Бардам туулай гээд тав зургаан дүр байгаа байх.

-Жүжигчинд хүнд ялангуяа гол дүрд тоглоод ирэхээр өмнөх дүрээ давтахгүй байх их чухал. Ингэж дүр бүхнийг өөрийнхөөр нь байлгахын тулд юу хийдэг вэ?
-Жүжгээ уншихаас эхлээд л судалгааг л асар сайн хийх хэрэгтэй. Жүжгээ уншаад тэр дүрээ ойлгож мэдрээд энэ дүрийг би өөрөөрөө хэрхэн тодруулах вэ, өөрөө бас тухайн дүрийг хэрхэн тодорхойлох вэ гээд ажиллана даа. Хүн бүхэн өөр байдаг шиг дүр болгон өөр. Бүх хүн Ромео шиг жишээ нь хайрлаж дурлахгүй шүү дээ. Тэгэхээр тухайн дүрийн бүх зүйлс бусад дүрээс бас надаас өөр гэсэн үг. Түүнийг нь дотроос нь шүүрдэж олж мэдрэх нь чухал гэж боддог. Хосбаяр гэдэг залуу хайрлаж дурлавал яах вэ гээд хайх ёстой. Гадагш илэрхийлэгдэж байгаа зан чанараас гадна мөн чанарыг нь хайгаад явахаар дүрийг бүтнээр нь харах боломжтой болдог.

-Хүн бүхэн өөрийнхөөрөө л хайрладаг. Хосбаяр гэдэг залуугийн хайрлахын тухайд...?
-Хайр бол бүх цаг үеийн туршид байсаар ирсэн цаашид ч байх болно. Бүхий л зүйлс цаг хугацааны явцад өөрчлөгддөг. Хүн өөрөө ч өөрчлөгддөг. Харин хүмүүсийн хайранд хандах хандлага өөрчлөгдөөгүй. Агуулга нь өөрчлөгдөөгүй харин хэлбэр нь өөрчлөгдөөд байна гэсэн үг. Жишээлбэл сошиал медиа хөгжөөгүй байхад хүмүүс магадгүй харцаараа дурладаг байсан байх. Өнөөдөр харин сошиал хөгжөөд хүмүүсийн гоё сайхан зургийг, хаана хэрхэн амьдарч байгаа, юу эдэлж хэрэглэж байгааг нь харж байж сонгодог бараг хайрладаг болчихсон байна. Хэн нэгэн хүн фэйсбүүкт өөрөөсөө өөр “дүрийг” бий болгочхоод түүнийг нь хүмүүс хараад татагдаад дурлаад байна гэдэг ч юм уу... Үнэн юм байхаа болиод ирэхээрээ хайр хүртэл хуурмаг болж байна.

-Бид онлайн дурлал, онлайн болзоо гэдэг хүртэл хайрын хэлбэртэй болчхоод байна шүү дээ...?
-Яг үнэн. Харин миний бүтээхээр оролдож байгаа Хосбаяр гэдэг залуу бол хүний жинхэнэ мөн чанарт л дурлаж хайрлаж байгаа дүр. Харагдах байдал буюу хэлбэр түүнд хамаагүй. Одоогийн залууст хайр гэдэг чинь ийм амьд сэргэг мэдрэмж юм шүү гэдгийг л гаргаж тавьж байгаа дүр. Хэлбэрт дурлаад дараа нь нүүрээрээ уулзахаар магадгүй зөрчил үүсдэг байх.

-Чиний дүрд нь тоглосон эрчүүдээс хамгийн гоё хайрлаж чаддаг нь хэн бэ?
-Мэдээж Ромео шүү дээ. Сонгодог бүтээл гэдэг хуучрах тусмаа шинэ хэвээрээ байдаг болохоор түүн доторх хайр нь хүртэл агуу. Дайсагнал, үзэн ядалт, өс хонзонг хүртэл үл тоон ямар ч бэрхшээлийн нөлөөнд автахгүйгээр хайрлана гэдэг бол агуу байлгүй яах вэ. Үхлийг сонгох хүртлээ үнэн хайрлаж чадсан нь Ромео. Одоо бол тэр нь тийм, энэ нь ийм гээд “судалгаа” хийнгүүтээ хайрлахаа шууд больчихдог цаг үе шүү дээ. (инээв)

-Тэгвэл Шинэбаяр эмэгтэй хүнийг яаж хайрладаг вэ?
-Би эхнэртэй болоод дөрвөн жил боллоо. Түүнээс хойш надад хайр хайж явах шаардлага үгүй болсон. Би эхнэртэй нөхөр, охинтой аав болсон. Гэр бүлээ хайрлах миний хайр гэвэл тэдэндээ зориулах зориулалт. Тэднийхээ төлөө өөрөөсөө зориулж болох бүхнийг зориулах нь л миний хайр. Түүнээс биш орой болгон цэцэг бариад очих нь чухал биш. Хором бүрт бие биеэ баярлуулж, аз жаргалтай байлгахыг хичээх нь хайр гэж боддог. Хайр тэгэхээр минийхээр аз жаргалын төлөөх хичээл зүтгэл.

-Та дүр бүтээхдээ ямар зорилгыг гол болгодог вэ? Найруулагчийн санааг сайн гаргая гэж боддог уу эсвэл өөрийгөө аль болох эвдэх гэж хичээдэг үү?
-Тухайн дүрийнхээ жүжигт ороогүй ч хамаагүй үйл явдал, асуудалд хэрхэн хандах, ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол гэж их боддог. Зөрчилдөөнтэй нөхцөл байдалд яах байсан бол гэх мэтээр тухайн дүрийн өмнөөс амьдарч тоглохыг хичээдэг.

-Чамайг үзсэн үзэгч чиний тоглолтыг үзээд ур чадварыг чинь олж харах нь чухал уу эсвэл тухайн дүрээр чинь дамжуулаад ямар нэгийг бодоосой гэж хүсдэг үү?
-Миний өөдөөс 600 үзэгч хараад сууж байя гэж бодоход 10 нь Хосбаяр шиг хүн байгаад “энэ надтай адилхан хүн байна” гэхээсээ илүү би юун дээр илүү алддаг вэ гэдгээ олж хараасай гэж хүсдэг. Энэ бол миний зорилго. “Аав” киноны дүрийг хүмүүс их ярьдаг. Энэ харин надад таалагддаг шүү. Жүжигчин хүний хувьд дүрийг нь ярьж байх нь гоё байдаг юм билээ. Урлаг тэгэхээр нийгмээс түрүүнд явж мартсаныг сануулж, сэтгээгүйг сэтгэж түүнийгээ уран сайхны хэллэгт оруулаад тэр нийгмийн төлөөлөл болсон дүрээр хувь хүнд л хэлж өгөх юм болов уу.

- Уран бүтээлч хүн цагийн хуваарь дагах боломж олддоггүй. Өдөрт хэдэн цаг театр дээрээ байдаг вэ?
-Би нойрондоо их харам. (инээв) Тэгсэн ч өглөө 09 цагт ирэх ёстой. Жүжигтэй үед бол өглөө эртхэн босоод ажилдаа ирээд 14 цаг гэхэд чуулгад тайзаа гаргаж өгнө. Цаг завсарлаад бүжгийн бэлтгэлээ хийнэ. Тэр бэлтгэл 19 цагийн үед дуусахад тайз сулардаг. Түүнээс эхлээд дахиад гол дүрийнхээ бэлтгэлээ хийнэ. Ингээд шөнө 23, 24 цаг гээд харьж унтчихаад дахиад л өглөө ингэж эхэлнэ дээ.

-Өдөр бүхэн чинь ийм үргэлжлээд байвал уйтгартай биш үү?
-Нэг өдөр би охиндоо, гэр бүлдээ, хувь хүнийхээ хөгжилд илүү их цагийг гаргадаг байж гэж харамсч магадгүй. Гэхдээ ямар нэгэн золиос гаргахгүйгээр алтан дундажийг бариад амжилт олсон хүн байгаа юм уу. Би өглөө 09 цагт ирээд орой 18 цагт тараад явчихдаг амьдралыг нэгэнт сонгоогүй юм чинь. Гэхдээ би гэр бүлдээ, үр хүүхдэдээ, хүмүүст үлдэх дурсамжийг, түүхийг бичилцэж байгаа гэж бодохоор уйтгарлаад яах юм.

-Таны мэргэжлийнхээ хувьд хүрэх мөрөөдөл чинь юу вэ?
-Бидний, миний үеийнхний өмнө бүхэл бүтэн дэлхий байна. Хүн бүхэн дэлхий рүү чиглэж Холливуд руу тэмүүлж байгаа энэ цаг үед тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулчихмаар байна. Холливуд биш юмаа гэхэд дэргэдэх улс орондоо бид юу чаддагаа харуулмаар байна. Тэгэхгүй бол тогоон дотроо эргэлдсээр байгаад өөрсдийгөө болж байна гээд ойлгочихно. Оскарын тайзан дээр шагнал аваад үг хэлж байгаа уран бүтээлчдийг хар л даа. Тэд энэ шагналыг авсандаа эхнэртээ, найздаа, кино групптээ, найруулагчдаа баярлалаа гэж хэлдэггүй. Тэд уур амьсгалын өөрчлөлт, цагаан баавгайн мөхөл, хүйсээр ялгаварлан гадуурхах, хүчирхийллийн эсрэг юм ярьж байна. Тэд дэлхийн хэмжээний өөрчлөлтийн сэдэв ярьж байна шүү дээ. Бид яагаад дэлхийн индэр дээрээс мазаалайн тухайн ярьж болохгүй гэж.

-Урлагаар өөрчлөлтийг хэрхэн хийж болох вэ?
-Урлаг бол хүний ухамсарт нөлөөлж чадах хүчтэй зэвсэг. Барьсан байшин, тавьсан замаа өөрчлөх биш бид ухамсар хандлагаа өөрчлөх хэрэгтэй гэдэг дээр тантай санал нэг байна. Хэчнээн харгис хүн байлаа ч ямар нэгэн дуу, шүлэг, кино, жүжгэнд дуртай л байдаг. Тиймээс урлаг хүний далд ухамсарт нөлөөлж чадна.

-Жүжигчин хүний дотор нэг дүр байдаг шүү дээ. Би ер нь түүхэн дүрд илүү нийцнэ эсвэл эсрэг дүрд тоглохоор өөрөөсөө хэт хол ч гэдэг юм уу. Чиний тэр доторх дүр чинь ямар хүн байна?
-Миний дотор одоогоор нэг тогтчихсон дүр алга. Хувирамтгай, олон ааш аягтай байвал надад илүү сонирхолтой. Тиймээс янз янзын дүрд тоглохыг хүсдэг. Б.Баатар найруулагчийн “Адууны түүх” гэдэг жүжигт би зөрсөөр байгаад хоёр дүр авсан. Нэг дүр нь залуу нөгөө нь хөгшин хүний дүр. Ер нь өөрийгөө янз янзаар сорьж үзэх дуртай.

-Ингэж өөрийгөө эвдэх нь ямар хэрэгтэй юм бэ?
-Өөрчлөлт бол хөдөлгөөн гэдэг үг байдаг. Хөгжихийн тулд өөрчлөгдөх хэрэгтэй гэж боддог. Нэг хэвэнд цутгагдсан юм шиг болчихвол хөгжихөө болиод зогсоно. Хүний эргэн тойрны орчин үргэлж өөрчлөгдөж байхад хүн түүнээс ч хурдан өөрчлөгдөж хөгжих нь чухал.

-Өөрийнхөө идеал болсон уран бүтээлчдээсээ нэрлээч?
-Энэ цаг үеэс гэвэл Сергей Безруков, Леонердо Ди Каприо, Жэки Чан байна.

-Энэ гурван хүний юу нь гайхалтай юм бэ?
- Жэки Чан бол домог. Түүний биеэ авч яваа байдал, нийгэмдээ нөлөөлж буй нөлөөлөл нь маш хүчтэй. Сергей Безруков бол тайз дэлгэц аль алинд нь жинхэнэ амьдарч чаддаг. Леонердо Ди Каприогийн дотоод мөн чанараараа хувирч динамик болгож тоглож байгааг нь биширдэг.

-Жүжигчид дүр дээрээ ажиллахдаа янз бүрийн арга барилтай байдаг. Таны хувьд?
-Одоохондоо би чинь сүрхий олон жил ажиллаагүй болохоор арга барилаа хайж л байна. Ганцаараа байх боломж бүрийг ашиглаж маш их ганцаараа ярьдаг. Хүн харвал галзуурчихсан байна гэмээр л ярьдаг. (инээв)

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com