Зөвлөлт, оросын эстрадын дуучин, хөгжмийн зохиолч найруулагч, продюссер, кино жүжигчин, телевизийн хөтлөгч, ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт, “Эх орны өмнө байгуулсан гавьяаны төлөө” II, III, IV зэргийн одонт Алла Борисовна Пугачёвагийн тухай маш ихийг бичиж болохсон. Дуу бүхнийх нь тухай, цомог бүрийнх нь тухай бичнэ гэвэл ёстой цаг богинодож, цаас дутах биз ээ.
Түүний уран бүтээлийн санд орос, англи, герман, франц, иврит, фин, украины 500 гаруй дуу байдаг бол энэ бүхнийхээ заримаас оруулсан пянз, CD, DVD 20 гаруй хэвлэгджээ.
Түүний цомгууд зөвхөн Орос төдийгүй Япон, Солонгос, Швед, Финлянд, Герман, Польш, Чехословак, Болгар зэрэг улсад нийтдээ 250 сая орчим хувиар борлогдсон байдаг.
Чухам үүгээрээ Алла Пугачёва зөвлөлтийн, бүх холбоотын, оросын дуучин төдий биш олон улсад ялангуяа дорнод, умард Европт алдаршиж “Эстрадын хатан хаан” “Оросын гол дуучин” хэмээн нэрлэгдэн 1976-1990 онд бүх холбоотын хөгжмийн хит парадын санал асуулгаар оны шилдэг дуучнаар алгасалгүй шалгарч байжээ.
2010 оноос бие даасан концертоор аялан тоглохоо больсон ч уран бүтээлийн идэвхтэй ажиллагаагаа үргэлжлүүлсээр томоохон концерт, телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож шинэ шинэ дуу дуулсаар байгаа юм.
Намтар
Алла Пугачёва 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москвад төрсөн. 1954 онд түүнийг таван настай байхад эцэг, эх нь М. М. Ипполитова-Ивановагийн нэрэмжит хөгжмийн дунд сургуулийн хөгжмийн 31 дүгээр бага сургуульд өгснөөр тэр жилээ анх удаагаа тайзан дээр гарч Зөвлөлүүдийн ордны ёслолын танхимд болсон концертод оролцож байжээ.
1965 онд хоёрдугаар курст суралцаж байхдаа Мосэстрадын бүрэлдэхүүнд орон А.Лившиц, А.Левенбук нарын “Пиф-Паф, буюу хошин буудлага” нэртэй эстрадын хөтөлбөрт оролцон Киров, Пермь, Свердловск, Тюмень, Омск мужуудаар тоглож явжээ.
Эндээс эргэж ирээд 1965 оны арванхоёрдугаар сард Бүх холбоотын радиогийн “Өглөөний мэнд” хөтөлбөрт анхны дуугаа бичүүлсэн байна.
Нэрт дуучны таван нөхөр
Алла Пугачёва хамгийн анх 1969 онд циркийн жүжигчин Миколас Орбакастай гэрлэж Орбакене овог авсан боловч концертуудад дуулахдаа өөрийнхөө охин нэрээр дуулж байж.
Тэр хоёр 10 жил хамт амьдрахдаа охин Кристина Эдмундовна Орбакайтег 1971 онд төрүүлсэн. Орбакайте 1991, 1998 онд төрсөн хоёр хүү, 1912 онд төрсөн нэг охинтой. Ингээд циркийн жүжигчин нөхрөөсөө Алла Пугачёва 1973 оны арваннэгдүгээр сарын 6-нд салсан.
Үүнээсээ дөрвөн жилийн дараа 1977 оны арванхоёрдугаар сарын 24-нд кино найруулагч Александр Стефановичтэй гэрлээд гурван жилийн дараа 1980 онд салсан байна.
1985 онд гурав дахь удаагаа концертын захирал, продюссер Евгений Болдинтой гэрлээд 1993 онд салсан.
Дараа нь 1994 онд дуучин Филипп Киркоровтой гэрлэсэн. Түүнээс 18 дүү Киркоров тэр хоёр 2005 онд салсан байна.
Хамгийн сүүлд 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд өөрөөсөө 27 дүү, телевизийн хөтлөгч, хошин шогч Максим Галкинтай гэрлэж 2013 онд ихэр охин, хүү төрүүлсэн. Хүүхдүүдээ тээгч эхээр тээлгэж төрүүлсэн.
Буяны ажиллагаа
Нэрт дуучин маань буяны ажиллагаанд тэр бүр оролцоод байдаггүй ч 1995 оны гуравдугаар сард Ульяновскийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг үргэлжлүүлэхэд зориулан Ульяновск мужийн амбан захирагч Ю.Ф.Горячевт 35 мянган дойч маркийн чек гардуулж байсан юм.
Мөн тэр жилдээ буюу 1995 оны долдугаар сард Алла Пугачёва ОХУ-ын Төрийн шагнал хүртэхэд дагалдан ирсэн 65 сая рублиэ Сахалины газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах санд шууд шилжүүлж байжээ.
Сая сая улаан сарнай”дуу
Нэрт дуучны өөрийнх нь жинхэнэ брэнд болсон “Сая сая улаан сарнай” дууг Алла Пугачёва 1982 оны арванхоёрдугаар сард Зөвлөлтийн “Мелодия” фирмд хийлгэсэн альбомдоо оруулж энэ цомгоо ийн нэрлэсэн байдаг. 1983 он гэхэд энэ альбом зургаан сая борлогдсон байжээ.
Яруу найрагч А.Вознесенский энэ дууны үгийг хөгжмийн зохиолч Раймонд Паулс, яруу найрагч Леон Бриедис нарын бүтээл “Мариня охинд амьдрал бэлэглэсэн” гэдэг аялгуунд тохируулан бичсэн байна. Латвиар “Dāvāja Māriņa meitenei mūžiņu” нэртэй энэ дууг Айе Кукуле дуулж 1981 оны “Микрофон” уралдаанд түрүүлж байжээ.
Дууны шүлгийг гүржийн зураач Нико Пиросманийн тухай гайхалтай нэгэн домгоос сэдэвлэн бичсэн гэдэг. Зураач ХХ зууны эхэн 1905 онд Тблисийн театрт тоглон алдаршиж байсан францын жүжигчин бүсгүй Маргарите де Севрт хайр зарласан гэнэ.
Домгийн нэг хувилбараар бол дурлалд шатсан зураач Пиросмани жүжигчин гоо бүсгүйн сэтгэлийг эзэмдэх гэж янз бүрийн арга хэрэглэн, хөргийг нь зурж байсан ч харийн жүжигчин түүнийг ёстой нэг нүдээрээ ч тоож хараагүй гэнэ. Зураач бүр сэтгэлээр унаж түүний хөлийг үнсэх гэж нулимс дуслуулан газар сөгдөж байжээ. Гэсэн ч жүжигчин бүсгүй тоохгүй л байж. Тэгээд нэг удаа Маргаритегийн сууж байсан зочид буудал руу бөөн бөөн цэцгийн баглаа тэвэрсэн хэдэн хүн ойртон ирэх нь харагджээ. Домогт бол тэр бүгд улаан сарнай байгаагүй, өнгө өнгийн сарнай байсан гэдэг байна. Тэр ч бүү хэл өөр цэцэгс, ираны сирень ч байсан гэж яригддаг.
Ингээд л төд удалгүй зочид буудлын өмнөх талбайг цэцэг бүрхчих нь тэр. Энэ бүхнийг харсан Маргарите гүйж гарч ирээд Нико Пиросманийн уруул дээр анхны удаа болон эцсийн удаа чангаар үнссэн байна. Төд удалгүй түүний Тбилист хийх тоглолт өндөрлөж буцсанаар тэд дахин хэзээ ч уулзалдаагүй гэнэ.
Харин Алла Пугачёва “Би энэ дуунд дургүй”
“Сая сая сарнай” дууг Алла Пугачёва эхлээд нэг их таалахгүй, үгийг нь өөрчилмөөр байна гэж А.Вознесенскийд хандсан ч зохиолч үгээ өөрчлөхийг эрс эсэргүүцсэн гэж хөгжмийн зохиолч Раймонд Паулс дурссан байдаг. “Алла Пугачёва зохиолч Андрей Вознесенскийтэй хэрхэн муудаж байсныг санаж байна. Хэргийн гол нь дуучин үг нь надад таалагдахгүй байна, ялангуяа сая улаан сарнай гэдэг нь” гэж хэлсэн.
Аяыг нь ч гэсэн дуучин мөн л шүүмжилж, өөрөө засварлах гэсэн гэдэг. Раймонд Паулс энэ тухай “Ингэчихвэл яасан юм гэж аяыг нь ч Пугачёва шүүмжилсэн. Би тэгэхэд нь би энэ аяыг бичсэн, би өөрчлөхгүй, тэртэй тэргүй наадах чинь эстрадын жанр” гэсэн хэмээн дурсчээ.
Олон жилийн хойно Алла Пугачёва “Би сая сая сарнай дуунд ёстой мөргүүлсэн. Яагаад би түүнийг хайрлахгүй байсан юм бол. Би түүнд дургүй байх тусам л тэр улам алдаршсан” гэж дурссан байдаг.