Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа ...
Ийм л тунгалаг алаг нүдэн бүсгүйтэй ойрын ажил үйлс, холын мөрөөдлийнх нь талаар ярилцлаа. Монголын дэлгэцийн урлагийг чимдэг цуутай сайхан монгол эмэгтэйчүүдийн нэг жүжигчин Н.Батцэцэг олон ч номын зохиогч болж, олон шавь нарыг төрүүлж, олон орноор аялж, тэнгэрт одсон ханийхаа дуусгаагүйг амжуулахаар дундаршгүй ажилтай, дүүрэн жаргалтай явна. Ханийнхаа тухай ярихдаа нүд дүүрэн нулимс мэлтрүүлж, хөвгүүдийнхээ тухай сэтгэл дүүрэн баяр бахдал цэлэлзүүлнэ. Хүүхдийнх гэмээр хэнэггүй цагаан зан, хөгжилтэй зан төрх, хошин шог, ёжлолоо хавчуулахаа хэзээд мартахгүй хурц сэргэлэн мэдрэмж. Ай хөөрхий алаг нүдэн Батцэцэг сэтгэл нь нүдэндээ гэрэлтсэн бүсгүй ...
-Та нэлээд хугацаагаар Америкт амьдарсан. Одоо хаана амьдарч, юу хийж байна?
-Би Монголдоо ирээд нэлээд удаж байгаа. Одоо Халх голын 80 жилийн ойд зориулан Монгол кино үйлдвэрийн бүтээж байгаа киноны менежментийн ажлыг хариуцаад явж байна. Цэрэг эх орны сэдэвтэй, цэрэг залуусын дүрүүдтэй учраас эмэгтэй хүний дүр цөөнтэй кино л доо. Энэ киног бид намар Халх голын ойгоор хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
-Таныг өөр ямар уран бүтээл хийж байгаа бол гэдэг их сонирхол татаж байна даа?
-Нөхрөөсөө хойш Монголжин студиэ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байгаа. Гурав дөрвөн ном гаргасныгаа үргэлжлүүлээд бичих ажилтай л байна. Бас их аялж байна. Намайг ном бичиж байна гэсэн чинь Төрийн шагналт зохиолч, Ардын уран зохиолч П.Бадарч ах “За яг ном ёсоороо л явж байгаа юм байна” гэсэн. (инээв) Уран бүтээлч хүн нас жаахан ахиад ирэхээр аялж, ном бичдэг болдог юм байна.
Залуудаа бид чинь цаг наргүй аахилж уухилж амьдардаг шүү дээ. Энэ насанд их юм хүсч, хөөцөлдөж тэмүүлээд байх шаардлага алга. Залуу байхад хаусанд ч нь суумаар, онгоц ч унамаар санагдаад тайван суулгадаггүй байж. (инээв) Тэр алжаалаа өдийд тайлдаг юм болов уу.
-Бичсэн номынхоо өгүүлэх гэсэн санаа, бичих болсон зорилгоосоо хуваалцана уу?
-Бид гэр бүлээрээ Америкт арваад жил амьдарлаа. Тэнд байхдаа монголчууд төвлөрөн амьдарч байгаа мужуудаар явж нэвтрүүлэг хийсэн. Нэвтрүүлэг бол үзээд л өнгөрчихдөг учраас энэ олон сайхан хүмүүсийн уулзалтыг ном болговол үлдэцтэй, өгөөжтэй юм байна гэж Машка бид хоёр ярьж байсан юм. Гол агуулга нь Америкт ажиллаж, амьдрахаар ирж байгаа монголчууд маань юуг анхаарах, хаана, хэнд хандах, яаж хэл сурч, жолооны үнэмлэх авах, хөл гараа хэрхэн хурдан олох вэ гээд хүмүүст тус дэм болж, тулгамдсан асуудалд нь нэмэр болох талаас нь гаргасан ном л доо. Хүний нутагт өвдөж зовох тохиолдол гарна энэ бүхнийг бодоод номондоо олон нийтийн байгууллагуудыг нь хүртэл оруулсан. “Америкт амьдрахуй” номонд маань 100 зочин орсон юм. Гэтэл нүсэр болсон учраас одоо тэр дундаасаа хүн болгоны хэлсэн зөвлөмжийг нь түүж бичихээр бодож байна. Визинд орохоос эхлээд л бүгдийг багтаасан авсаархан зөвлөмж маягтай ном болно. Энэ номыг маань Төрийн шагналт, АУЗ, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч П.Бадарч редакторлож өглөө. Дараа нь “Жүжигчин ба Би” гээд анх урлагт дуртай болсон буюу хөл тавьсан үеэсээ өнөөг хүртэлх амьдралаа өгүүлсэн ном гаргасан. Энэ номыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид редакторлаж өгсөн.
Гэхдээ ганцхан манай гэр бүлийн биш, нэгэн цаг үед мөр зэрэгцэн хамтарч ажиллаж, уран бүтээлээ туурвиж байсан урлагийн гэр бүлийнхэн маань энэ номонд дурдагдах учраас цуврал хэлбэрээр бичсэн. Цувралын гурав дахид Машкатайгаа хувийн студи байгуулснаасаа өнөөг хүртэлх амьдралын замналаа өгүүлэхийг зорьсон. Энэ ном маань ганцхан миний амьдралыг өгүүлэх юм биш. Ямар ч ном бүтээл гэдэг хүний дурсамжинд л үлддэг тухайн цаг үеийнхээ бодит түүх, ойр тойрны уран бүтээлчдийн тухай дурсамж, баримт, бас сайхан хүмүүсийн түүхийг миний нүдээр харснаар үлдэх юм болов уу л гэж бичсэн дээ. Энэ ном маань удахгүй гарчих байх. Бас “Шилмэл цэцэн үг” гээд нэг номыг бараг санаандгүйгээр гаргасан. КУДС-д багшилж байхдаа оюутнууддаа монгол ардынхаа үнэт өв сан болсон түргэн хэллэг, жороо үг, зүйр цэцэн үгсийг цээжлүүлж сургуулилт хийлгэдэг. Олж цуглуулсан бүхнээ хүүхэд болгонд хувилж тарааж байснаас ном болгоод гаргачихвал оюутнуудаас гадна олон нийтэд ч хэрэгтэй юм байна гэж бодоод эмхтгэсэн. Энэ өв сан бол монголчуудыг цараатай сэтгэдэг, баялаг хэл яриатай болгодог том сургуулилт шүү дээ.
-Таныг “Супер онигоо”-ны ном гаргана гэж ер бодсонгүй?
-Би ном, шүлэг найрагт дуртай Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэн ах маань номоо их бэлэглэдэг, би ч алгасалгүй унших дуртай байсан. Америкт байгаа монголчууд маань үндэсний баяруудаа хамтдаа тэмдэглэнгээ уулзаж инээж, хөхөрч онигоо ярьдаг. Дэлгүүрт явж байгаад нэг жижигхэн ном хараад онигоооны номоо ийм жижигхэнээр гаргавал болох юм байна гэж бодлоо. Тэгээд монголчуудтайгаа уулзахдаа инээд хөөр дээр нь баяр баясал нэмж байя гээд бэлэглэх зорилгоор жижигхэн ном хэвлүүлсэн чинь том номноосоо үнэтэй болдог юм билээ. (инээв) Гэхдээ яах вэ хөөрхөн ном болгоод цүнхэндээ хийж яваад хүмүүст бэлэглэдэг. Би өөрөө хааяа уншиж инээдэг юм. Онигоо хүнийг инээлгэдэг их гоё шүү дээ.
Н.Б: Би нэг онигоо ярьж өгөх үү?
АТ: Тэгээч манай уншигчдад зориулаад...
-Автобусны жолооч хөдлөхдөө цүнх саваа сайн барьж яваарай. Газар унасан юм минийх болдог юм шүү гэж. Тэгтэл нэг эмгэн “Хүү минь ээ, зөөлөн явахгүй бол эмээ нь газар унаад чинийх болох гээд байна шүү” гэж гэнэ. (инээлдэв)
-Та онигооны ном гаргаж бас хүмүүст ярьж инээд хөөр бэлэглэдэг нь сайхан санагдлаа. Өөдрөг хөгжилтэй, амар амгалан амьдрах аргуудаасаа хуваалцаач?
-Хүн гадаад орчноо хэцүү, намайг бухимдуулаад байна гэхээсээ илүү өөрөө эерэг өөдрөг орчныг бий болгож, баяр баясгаланг бүтээж болно шүү дээ. Сайхан хөгжим сонсож, онигоо уншаад инээж хөхрөөд сууж болно, үр хүүхэд хайртай дотны хүмүүсээ бодоод сэтгэлээ хайраар дүүргээд явж болно. Амьдралд баярлах түмэн шалтгаан бий.
-Та номоо хэрхэн бичиж байна, ном бичих ямар санагдав?
- Манай паaп чинь МУСГЗ Ц.Хасбаатар гээд хэл бичгийн доктор, нэртэй судлаач шүүмжлэгч, орчуулагч хүн байлаа. Мөн МУСГЗ, нэрт орчуулагч Х.Мэргэн дүү маань байлаа. Хэлбичгийн ийм өндөр боловсролтой хүмүүсийн дунд байсан болохоор бүгдийг нь сурч аваагүй ч гэсэн эх хэлээрээ бичих, найруулах дуртай. Юм бичиж байгаа маань энэ том бичгийн хүмүүсийн дэргэд сүрхий мундаг ажил биш л дээ. Өөрийн үзэж, туулснаа цаасан дээр бичээд үлдээх гэсэн сонирхогчийн түвшний л ажил. Бичнэ гэдэг оюуны асар хөдөлмөр. Бас мэргэжлийн мундаг хүнээр хянуулах гээд уншихын эцэсгүй болхи юм аваад очиж болохгүй шүү дээ. Тиймээс би ганцаараа амралтанд очиж бичдэг. Тэгээд өглөө 04 цагт босч бичнэ. Өдөрт нэг цагийг л өөртөө зарцуулах нь хоол идэх цаг. Өөртөө ийм хатуу шаардлага тавиад л орой 22 цаг хүртэл суудаг даа. Эхлээд толгойдоо биччихсэн юмнуудаа цаасан дээр буулгахад хөнгөн байдаг. Машка маань ”Тэмүжин” зохиолынхоо анхны хэвлэлтийг Америкт гаргаж байсан юм. Хань маань бие нь тавгүй байхдаа намайг завтай болохоороо тухтай суугаад эргээд нэг уншаарай гэж хэлж байсан. Түүнийг уншихаар их сайхан, сэтгэлд хүртэл бичсэн байдаг. Энэ номоо жаахан хянаж янзлаад дахин хэвлүүллээ. Кино болгох гэж байгаад хөөрхий минь амжаагүй юм л даа. Хоёр хүү маань энэ зохиолыг кино болгох байх.
-Хүн нутагтаа эргэх сэтгэл ямар үед төрдөг юм бол?
-Бид хэд чинь нутагтаа байнга ирэн очин байдаг байсан. Тэнд хэчнээн бүх юм амар хялбар байдаг ч гэсэн нутгийн салхинаас эхлээд ирэхэд бас л бүх юм сайхан. Хоёр хүү маань тэндээ төгсөөд нэгийг нь гэрлүүлээд, одоо л нэг амар жимэр сууя гэтэл хань маань эндээ ирээд л өвдчихсөн. Амьдралын зарим зүйлс яг амдаад л байж байсан шиг их хачин шүү.... Ер нь монгол хүн насаа ахиад ирэхээр өөрийн өсч төрсөн тэр л өнцөг булангаа санагалзаж тэндээ очмоор санагддаг юм болов уу. Манайхан бүгдээрээ нутаг амьтай, хөдөөд дуртай, хоёр хүү маань монгол хоолоо идэж, монголоороо байх дуртайд би баярладаг. Эхэн үед хүмүүс гадаадад амьдарч байгаа хүмүүсээ тэндээ ясаа тавиарай гэх зэргээр хэлдэг байлаа. Одоо бүгд л гадаадад явдаг болсон болохоор тэгж хэлэхээ байжээ. Манай Монголд маргааш яах вэ гэдэг нь баталгаагүй учраас баталгаатай газар очиж хэл сурах, мөнгө төгрөг хураах, юм сурах, энд байгаа ар гэрийнхэндээ тус нэмэр болох зорилгоор л явцгаадаг. Тэр олж цуглуулсан бүхэн нь эргээд л энэ нутагтаа ирнэ шүү дээ. Манай нийгмийн тогтолцоо л буруу байгаа болохоос манай монголчууд буруу хүмүүс биш. Тэнд очоод ажиллаж амьдарч байгаа монголчууд маш хөдөлмөрч, хий гээгүй юмыг ч сэтгэлээсээ хийчихдэг, цаг сайн барьдаг. Америк айлд ажилладаг эмэгтэйгээс сурвалжилыга аваад явж байхад айлын эзэн нь монгол эмэгтэйг их магтаж байсан. Хүн асрах үүрэгтэй ч тэр хүнийхээ үсийг засаад, хумсыг нь будаад, гэрийг нь цэвэрлээд өгчихдөг гэж. Тийм халуун сэтгэлтэй, хөдөлмөрч, тусч сайхан сэтгэлтэй монголчууд маань тэнд ажиллаж амьдарч байна.
-Та таван номын зохиогч болжээ. Кино зохиол бичих бодол байдаг уу?
-Манайхан мэргэжлийг нь эзэмшээгүй талбар луугаа хамаагүй ордог тал байна. Энэ байдлаас болж уран бүтээлийн чанар муудаад байгаа юм шиг санагддаг. Жишээ нь найруулагч хүн л киног найруулах ухааныг онол болоод практик талаас нь сурсан байгаа шүү дээ. Бусдаар энэ салбарыг мэднэ гэдгээрээ жүжигчин нь кино найруулаад, кино зохиол бичээд байх нь зохистой биш. Би бол жүжигчин хүн. Ханьтайгаа хөтлөлцөөд гүйж байснаасаа эхлээд хувийн студиэ байгуулаад хамтраад зүтгэж байсан тухай хоёр дахь номоо бичих байх. Тэр үед ажиллаж байсан жүжигчдээсээ яриа аваад цуглуулсан. Буулгаж найруулна гээд их ажил байгаа.
-Хоёр хүү тань найруулагч боллоо. Ээждээ дүрийн санал тавьж байна уу, хамтын уран бүтээл хийж байна уу?
-Бишрэл АНУ-ын Иллиной мужийн их сургууль, Ивээл мөн Чикаго хотын Колумбын киноны дээд сургуулийг төгслөө. Хоёр хүүгээрээ их бахархаж байна. Ивээл энд ирээд “Цэн тогоруу” гээд кино хийсэн. Би битгий ажилла гэсэн ч хүүгийнхээ ар тал болж ажиллана шүү дээ. Бишрэл маань Америкт нэг кино хийсэн гэсэн. Хоёр хүү маань надад зориулж ээжийн тухай кино хийе гэдэг юм. Би тэгж бодож байгаа чинь л ээжид нь хангалттай, ээж нь заавал тоглоё гэхгүй ээ л гэдэг.
-Яагаад өөрөө тоглохгүй байсан ч яах вэ гэж?
-Аав нь насаараа дуу, шүлэг, кино хамаг л сайхан үгээ надад зориулж амьдарлаа шүү дээ. Одоо миний сэтгэл бүр ханачихсан.
-Та мөрөөдлийнхөө дүрийг бүтээчихсэн үү?
-Сэтгэл ханах цэгтэй хүн юм билээ. Гэхдээ би өөрөөсөө хэт өөр, хол юм руу зүтгэдэггүй. Би чинь орчуулагчийн анги төгссөн хүн шүү дээ. Гэхдээ нэгдүгээр курсээсээ “Эх бүрдийн домог” киноны Нарангарвууд тоглоод оюутан байхдаа жил дараалан тоглож энэ урлагт хөл тавьсан. Ингээд насаараа кинонд тоглолоо. Өөрийгөө азтай хүн юм гэж бодохоор л сэтгэл ханачихдаг. Орчуулгын кино группт ороод ам барьж, дуу оруулж сурсан.
-Одоо танд дүрийн саналууд ирж байна уу, ямар цензур тавьж байна?
-Хамгийн түрүүнд зохиолтой юу гэдгийг л харна. Манай зарим залуучууд зургийнхаа талбай дээр зохиолоо гаргана гээд байдаг. Тийм амьдралгүй, хийсвэр юм байж болохгүй шүү дээ. Зохиолоос үндэслээд найруулагчийн төлөвлөгөө цагтай, нартайгаа гардаг ёстой. Өглөө, орой шөнө хэзээ авах вэ гэдэг нь наашаа цаашаа гурав хоногтой л байна уу гэхээс намар ч, хавар ч авч магадгүй гэдэг юм байж болохгүй. Ер нь бусад ахмад жүжигчид ч гэсэн ийм юм шаардана. Урлагаа хүндэтгэх үүднээс хүн үзчихээд юу дутлаа гэж ийм кинонд тоглоно вэ гэмээр юм хийж болохгүй.
-Та олон хатны дүр бүтээсэн үү, тоглох юмсан гэсэн хатны дүр байгаа юу?
-Түүхэн дүр бүтээх нь дагаад үнэлэмж нь өндөрсдөг тийм жишиг байдаг л даа. Ер нь том дүрдээ орно. Миний хувьд УГЗ Ж.Солонго найруулагчийн “Хааны сүүлчийн хатан” киноны Гэнэнпил хатан, МУАЖ Г.Жигжидсүрэн найруулагчийн “Цагаан сүүний домог” кинонд Монголжин хатанд мөн “Мэлмий” киноны хатанд тоглосон. Залуу байхдаа маш олон дүрд тоглосон болохоор одоо мартчихсан. (инээв) Одоо би номоо бичээд суухыг л илүүд үзээд сууж байна. Сэтгэл тэгширсэн насанд хүссэнээ хийгээд л амар тайван сэтгэлээ долгисуулаад л суух сайхан байна шүү. Жүжигчний мэргэжил тэтгэвэрт гардаггүй ч гэсэн үзэгчээ, урлагаа хүндэтгээд тартагтай дээрээ дэлгэцнээсээ явах зоригтой л байх хэрэгтэй.
-Та эмээ болсон уу?
-Болоогүй байна. Тэгж байгаад болох байлгүй дээ.
-Та бас багш хүн. Шавь нартаа юуг сургадаг вэ?
-Оюутнууддаа кинонд онолоор тоглодоггүй. Онолоо авах хэмжээгээрээ авах ч хамгийн чухал нь практик. Хүн ер нь ямар ч ажил хийсэн хүнлэг байх хэрэгтэй гэж л хэлдэг дээ.
-Харин хүүхдүүдэдээ юуг захиж сургадаг вэ?
-Хоёр хүү маань орчин үеийн дэлхийн киноны эрдмээр суралцаж төгслөө. Хоёр хүүдээ “Хэн нэгэн болж амьдраарай, хэн ч биш битгий яваарай. Аав, ээж хоёрынх нь хүрсэн цэг энэ л байлаа. Үүнээс цааш та хоёр өөрсдийнхөө бамбарыг бариад хүрнэ гэж бодсон тэр цэгтээ хүрээрэй л гэж хэлдэг.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Эрүүл л байх. Би учиргүй урт наслахыг ч хүсдэггүй. Үхэхийн цагт надад зүрхний өвчин л оногдоосой гэж хэлж ээждээ загнуулдаг. (инээв)