2022 онд Катар улсад зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Ази тивийн сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд 40 улс найман хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Монголын шигшээ баг F хэсэгт Япон, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсын шигшээ багуудтай багтсан. Манай баг хэсгийн эхний тоглолтоо өнгөрсөн пүрэв гарагт Мьянмарын эсрэг хийлээ.
Монгол Улсын шигшээ баг өмнө нь ДАШТ-ий урьдчилсан шатны сонгон шалгаруулалтад оролцон анхны гоол, анхны оноогоо авч байсан ч хараахан Азийн бүсийн II шатанд шалгарч чадаагүй байсан. Тэгвэл энэ удаа Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны өрсөлдөөнд анх удаагаа Азийн бүсээс II шатанд шалгарч, мөн анхны хожлоо авч түүхэн ялалт байгуулав.
Тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг шигшээ багтаа хоёр дахь тоглолтоо хийж буй 18 настай “Дэрэн” клубын залуу тоглогч А.Дөлгөөн “Улаанбаатар Сити” клубт тоглодог А.Нармандахын хөндлөн дамжуулалтыг эсрэг багийн хаалга руу шууд цохин оруулсан. Ийнхүү залуу жигүүрийн тоглогч А.Дөлгөөний оруулсан ганц гоолоор манай баг ялалт байгуулж ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны II шатанд анхны хожлоо авахын зэрэгцээ анхны гурван оноогоо авч байна.
Манай хөлбөмбөгчид маргааш орой 17:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд Тажикстаны багийг хүлээн авч тоглоно. Энэ удаа ч манай хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг пиг дүүргэж, манай хөлбөмбөгчид ч “Талын хөх чоно” шигээ хийморьтой, сайхан тоглолт үзүүлнэ гэдэгт итгэж байна.
ТАЖИКИСТАНЫ ШИГШЭЭ БАГ УЛААНБААТАРТ ИРЛЭЭ
2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатны “F” хэсэгт багтсан Тажикистаны шигшээ баг өчигдөр өглөө Москвагаар дамжин Улаанбаатарт газардлаа. Тэд маргааш 17:00 цагаас Монголын шигшээ багтай хэсгийн хоёр дахь тоглолтоо хийх юм. Одоогоор хоёр баг ижил гурван оноотой хэсгээ тэргүүлж байгаа. Манайх Мьянмарыг хожих өдрийн орой Тажикууд талбайдаа Киргизстаны шигшээ багийг мөн л 1:0-ээр буулгаж авсан.
Усмон Тошев ахлах дасгалжуулагчтай тажикууд 21 тоглогчийн бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд гурван хаалгач, долоон хамгаалагч, найман хагас хамгаалагч, гурван довтлогчтой иржээ. Бүрэлдэхүүнийг танилцуулвал:
Хаалгач: Рустам Ятимов (“Истиклол”), Шохрух Киргизбоев (“Локомотив-Памир”), Фатхулло Бобоев (“Регар-ТадАЗ”);
Хамгаалагч: Хуршед Бекназаров (“ПС ТИРА”, Индонези), Давронжон Эргашев (“Хужанд”), Манучехр Сафаров (“Хужанд”), Ахтам Назаров, Искандар Жалилов, Табрези Давлатмир, Зоир Журабоев (бүгд “Истиклол”);
Хагас хамгаалагч: Парвизжон Умарбоев (“Локомотив”, Болгар), Амирбек Журабоев (“Навбахор”, Узбекистан), Алишер Жалилов, Эхсони Панжшанбе, Мухаммажон Рахимов, Комрон Турсунов (бүгд “Истиклол”), Кароматулло Саидов (“Куктош”), Илхомжон Баротов (“Истаравшан”);
Довтлогч: Манучехр Жалилов (“Персебая”, Индонези), Жахонгир Эргашев (“Хужанд”), Шериддин Бобоев (“Истиклол”).
Ахлах дасгалжуулагч: Усмон Тошев.
Тажикстаны шигшээ баг ФИФА-гийн чансааны 119-рт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын шигшээ багаас 68 байрын урд эрэмбэтэй баг юм. Ихэнх хөлбөмбөгчид нь дотоодын лигтээ тоглодог аж.