Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт сарын дараа мэргэжлийн боксын WBC холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга АНУ-ын Гэри Рассельтай тоглоно. Дэлхийн аваргын бүсийн төлөөх тулаан 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр АНУ-ын Пенсильвани мужийн Аллентаун хотын 10.000 хүний суудалтай “PPL Center” спортын ордонд болох аж.
Мэргэжлийн боксын WBC холбооны 57.2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель болон IBO холбооны дэлхийн аварга манай “King Tug” Нямбаярын Төгсцогт нарын тулааныг Premier Boxing Championship продакшн зохион байгуулж Америкийн үндэсний SHOWTIME телевизээр шууд дамжуулна. Тулааны тасалбарыг өнгөрсөн сарын дундуур тоглолт болох PPL Center ордны вэб сайтаар худалдаж эхэлсэн. Тоглолтын тасалбарын үнэ 30-200 ам.долларын үнэтэй байна.
Мэргэжлийн боксын рингэнд KING TUG хочтой тулалддаг Н.Төгсцогт 2015 оноос мэргэжлийн бокст орсноос хойш 11 тулаан хийж, бүгдэд нь ялсан амжилттай яваа. WBC-ны чансаанд өөрийн жиндээ нэгдүгээрт бичигддэг Н.Төгсцогт 2019 оны нэгдүгээр сард Доминиканы Клаудио Маррерог ялж, IBO холбооны аваргын бүсийг зүүгээд зогсохгүй WBC холбооны аваргын төлөө тулалдах эрх авсан. Гэвч түүний жингийн дэлхийн аварга Г.Рассель манай боксчноос удаа дараа “бултсаар” өнөөг хүрсэн. Харин WBC өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон чуулганаасаа Г.Расселийг манай боксчинтой заавал дараагийн тулаанаа хийх, эс бөгөөс аваргын бүсийг хураахыг тулган шаардсанаар тулалдах болоод байгаа билээ.
Мэргэжлийн боксын рингэнд 31 тулаан хийж, 30 ялж (18 КО), ганцхан удаа (2014 онд Украины алдарт боксчин, өдгөө WBC, WBO, WBA холбооны 61.2 кг жингийн дэлхийн аварга “Hi Tech” хочит Василий Ломаченкод) ялагдсан “Бага” Гэри Рассель 31 настай. 2015 онд WBC холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж, түүнээс хойш аваргын бүсээ дөрвөн удаа хамгаалаад байгаа.
Гэри Рассель алдартай ах дүү боксчдын нэг. Аав “Том” Гэри Рассель долоон хүүгээ өөрөө дасгалжуулан боксчин болгосон бөгөөд дөрөв нь Америкийн үндэсний аварга шалгаруулах тэмцээн “Алтан бээлий”-д түрүүлж байсан. “Бага” Гэри Аллен Расселийн дүү Гэри “Another” Антонио Рассель мэргэжлийн рингэнд 16 тулалдаж 16 ялалт, отгон Гэри “The Last” Рассель мэргэжлийн рингэнд 12 тулалдаж 12 ялсан амжилттай яваа бөгөөд тун удахгүй цол, бүсний төлөө тулаан хийх магадлалтай. Хамгийн том ах Гэри Антонио Жонс нь мэргэжлийн бокст 22 ялалт, хоёр ялагдсан амжилттай зодог тайлсан бөгөөд “Fast Hands” хочтой байв. Харин бас нэг ах Гэри Аллан Рассель нь туслах дасгалжуулагч хийдэг. Ийм л нэгэн боксчин ах дүүсийн хамгийн нэр хүндтэй, хамгийн том цолтой нь болох “Бага” Гэри Рассельтай манай Н.Төгсцогт тулалдана. Н.Төгсцогт ялбал өөрийн эзэмшиж буй IBO холбооны дэлхийн аваргын бүс дээрээ WBC-ийн дэлхийн аваргын бүсийг хамтад нь эзэмшинэ. Түүгээр ч зогсохгүй өөрийн жингийнхээ бусад аваргууд болох WBO холбооны дэлхийн аварга АНУ-ын Шакур Стивенсон, WBA холбооны дэлхийн аварга Мексикийн Лео Санта Крус, IBF холбооны дэлхийн аварга Английн Жош Уоррингтон нартай томоохон тулаан хийх зам нь нээгдэх бололцоотой.
Гэри Расселийг манай Н.Төгсцогт ялах бүрэн боломжтой. Манай боксчин өрсөлдөгчөөсөө дөрвөн насаар дүү. Нурууны чацаар илүү. АНУ-ын боксчин 164 см өндөр бол Н.Төгсцогт 173 см. Мэргэжлийн бокст бас нэг чухал үзүүлэлт болдог гарын урт буюу алдын хэмжээ Гэригийнх 164 см бол Н.Төгсцогтынх 168 см. Гэри зүүн, Төгсөө баруун өрөлттэй. Хоёр боксчны тоглолтын гол онцлог бол гарын хурдан ажиллагаа. Гэхдээ цохилтын хүчний хувьд манай Төгсөө илүү. “Кинг Туг” бүх тулааныхаа 81.82 хувийг хүнд цохилтоор буюу нокаутаар ялсан бол “Мистер” 58.06 хувийг нокаутаар дуусгасан. Тулааны тактикаа зөв сонгож, бэлтгэл бүрэн ханасан байхад Н.Төгсцогт ялах бүрэн боломжтой.
Boxing Insider радио “Бага” Гэри Рассельтай холбогдож, ярилцахдаа тэрбээр “...Би өдөр бүр бэлтгэлийн зааланд бэлтгэлээ хийж байгаа. Заавал хийхээр болсон тулаандаа бэлтгэж байна. Гэрээ хийгдсэн. Хэрвээ надаас шалтгаалах байсан бол би түүнтэй (Н.Төгсцогтыг хэлж байна) тулалдахгүй байлаа. WBC холбооноос л түүнтэй тулалдахыг шахаж, шаардсан” хэмээн ярьжээ.