ӨМӨЗО-ны Эрээн хотын үзэсгэлэнгийн танхимд өнгө өнгийн дээлтэй нас, насны хүмүүс нум, сумаа агссан халх сурчид, толгойдоо гял цял шигтгээтэй гоёл агссан бүсгүйчүүд, хажууд нь өнгө ижил дан цамц, сиймгэр өмдтэй бүсгүйчүүд, нүд, шүд нь гялалзах охид, энгийн даруу спорт хувцастай залуус цуглажээ. Учир нь энд найман төрлийн спортын наадам тав дахь жилдээ болж буй юм. Сагсан бөмбөг, волейбол, сур харваа, ширээний теннис, агаарын теннис, хийн дасгал, бүжиг гэх мэт найман төрлөөр болж буй энэ тэмцээн хаа, хаанаа өгөөжтэй. Тэд хоорондоо өрсөлдөж, хүчээ үздэг, одоогийн хэллэгээр бүр эмордог. Гэхдээ тэмцээн дуусаад гар барин салдаг, өөртэйгээ ана мана үзэлцсэн өрсөлдөгчөө хүндлэн, магадгүй яльгүй алдаа гаргасандаа уучлал гуйдаг. Тэр хэрээр ямар ч дипломат харилцаа, санамж бичиггүйгээр бие биеэ илүү сайн ойлголцдог.
Яг ийм сэтгэгдэл төрүүлсэн тоглолт Монгол Улсын Дорноговь аймгийнхан болон ӨМӨЗО-ны Эрээн хотын Их сургуулийнхны хооронд болсон волейболын тэмцээн байлаа.Тэдний хэтэрхий хүчтэй бөмбөгийг тосч авахын оронд бараг зугтсан нь дээр. Эрээний их сургуулийнхан уртай.
Ер нь бол монголчууд сагс, волейбол гэх мэтэд хувь илүү. Тэр хэрээр ч Эрээний андууд жил ирэх тусам сайжирсаар байгаа, хийн дасгал зэрэгт монголчууд бас тэднээс суралцаад бас л амжилт гаргаж байгаа гэж тэмцээний туршлагатай оролцогчид ярьж байв. Аливаа арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулснаар илүү сайжирч бас хөгжиж байдаг. Тэр хэрээр ч энэ тэмцээн улам чамбайран, хоёр талынхнаа спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тухайлбал энэ жилээс тэмцээн улам өргөжин Дорноговь аймгаас баг тамирчид оролцож байна. Цаашдаа Дорноговийн бусад сумдаас багуудаа оролцуулах бодолтой байгаа юм. Мөн зарим тэмцээнийг Замын-Үүдэд зохион байгуулах юм байна. Ийн найман төрлийн тэмцээн наймдугаар сарыг хүртэл үргэлжлэн зохиогдох юм.
Эрчимтэй хөгжиж байгаа Эрээн хотынхноос авах сурах зүйл их. Монголчуудын хувьд зах зээлийн нийгэмд шилжихэд хамгийн түрүүнд гадаад хилийн харилцах гол суваг болсон. Эндээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ голчлон татдаг байсан. Өдгөө ч мөн худалдааны гол суваг хэвээр. Олон жилийн турш харилцаж ирсний хувьд Замын-Үүдийнхэн болон Эрээнийхэн бие биеэ сайн мэднэ. Ёстой жинхэнэ ах дүүгийн харилцаатай. Эрээн хотод манай консул байнга байрлан ажилладаг. Энд сонин, радио, телевиз цахим сайт хосолсон хэлбэрээр ажиллаж байна. Эдний телевизийн хувьд бүтэн эфир явуулдаг 40 орчим хүн ажилладаг. Мөн кирилл бичгээр “Эрээний мэдээ” сонин эрхлэн гаргадаг. Хэдийгээр сүүлийн үед цахим сайт болон ТВ давамгайлах болсон ч уламжлалт сонин болон радио нөлөөтэй хэвээр. Цаасан хэвлэл болон радиодоо ач холбогдол өгдөг юм байна. Хөрш Замын-Үүд ч бас ТВ,FM радиотой юм.