Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, монголчуудын хамгийн том баяр болох наадам эхлэхэд 17 хоног үлдлээ. Нар хур тэгширсэн зуны сарын энэхүү өдрүүдэд хүчит бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч, уяачид хүлэг морьдынхоо уяа сорилгыг тааруулж байна. Өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Эрдэнэ сумын I багийн төв болох Харзтайн аманд бэлтгэлд гарсан бөхчүүдийн галд зочиллоо. Туул голын эрэг дагуу Харзтайн аманд байрласан амралтын газруудад Увс, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн бөхчүүд бэлтгэлдээ гарчээ. “Хас өргөө” амралтын газарт наадмын бэлтгэлээ хийж буй Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн “Өлгийн хүчтэн” дэвжээний сорилго барилдаан зургадугаар сарын 22-нд боллоо.
“Өлгийн хүчтэн” дэвжээний 30 бөх энэ сарын 10-наас наадмын бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Тус дэвжээний наадмын бэлтгэлд улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан М.Еркебулан, Н.Мустафа, Т.Ерболат, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, С.Заманбек, аймгийн начин М.Бекежан, Жархын, Б.Бахыт, Б.Тамир, сумын заан Б.Жандос, Ж.Ахжол, Көптилек болон бусад 30 гаруй бөхчүүд гарчээ. Сүүлийн жилүүдэд баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн бөхчүүдийн амжилт их сайжирч буй. Улсын харцага О.Бахытаас хойш 34 жил Баян-Өлгий аймгаас улсын цолтон тасраад байсан бол 2016 онд Булган сумын харьяат аймгийн арслан Б.Баатарцол тав давж улсын начны болзол хангаж, нутгийнхнаа баярлуулсан билээ. Жилийн дараа буюу 2017 онд уран хурц барилдаантай Улаанхус сумын харьяат Б.Серик улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд улсын начин Т.Баасанхүүгээр тав давж улсын цолонд хүрсэн аж. Энэ жилийн наадмаар улсын начин Б.Баатарцол, Б.Серик нар цолоо ахиулж, шинээр улсын цолтон төрнө хэмээн нутгийн зон олон итгэж сууна. Аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан М.Еркебулан, Н.Мустафа нар сүүлийн жилүүдэд тогтмол сайн барилдаж байгаа. Энэ гурван бөхөд өлгийчүүд найдвар тавьж байна.
“Өлгийн хүчтэн” дэвжээний зөвлөх дасгалжуулагчаар улсын заан О.Одгэрэл ажилладаг. Мөн аймгийн арслан К.Канат, Х.Айдос, Асен нар нутгийнхаа бөхчүүдийн бэлтгэлийг хийлгүүлж, дүү нартаа харамгүй зөвлөгөө өгч, тусалж байна.
“Өлгийн хүчтэн” дэвжээний бөхийн галын наадмын сорилго барилдаанд 64 бөх зодоглолоо. Сорилго барилдаанд Баян-Өлгий, Увс, Өмнөговь аймгийн бөхчүүдээс гадна Казахстаны 10 бөх зодоглосон нь содон байв. Казахстаны казах күрес (казахын үндэсний бөх)-ийн шигшээ багийн тамирчид хоёр долоо хоног хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатарт ирсэн байна. Тэд манай үндэсний бөхийг сонирхож үзэхээр “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхийн галд зочлон очсон аж. Тэднээс 90 кг-аас дээш жинтэй арван тамирчин сорилго барилдаанд зодоглосон ч бүгдээрээ нэгийн даваанд өвдөг шороодов.
Бөхийн галын наадмын сорилго барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Серик зургаа даван түрүүлэв. Өнгөрсөн оны сорилго барилдаанд Б.Серик начин мөн түрүүлж байв. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, аймгийн хурц арслан У.Береке үзүүрлэлээ. Увс аймгийн харьяат, аймгийн заан О.Түмэн, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Төмөрбаатар нар шөвгийн дөрөвт үлдлээ. Шөвгийн наймд Аймгийн арслан М.Еркебулан аймгийн заан О.Түмэнд, Н.Мустафа аймгийн харцага Б.Төмөрбаатарт тус тус өвдөг шороодлоо.
Дунд шөвгийн наймд аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, аймгийн харцага С.Заманбек, аймгийн нэмэх начин Т.Төгсдөлгөөн нар шалгарсан.
Өлгийн бөхчүүдийн наадмын сорилго барилдааныг улсын аварга, өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх, “Сүлд” спорт хорооны дарга Н.Батсуурь, улсын заан Д.Бумбаяр нарын бөхчүүд, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тилейхан, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан, “Өлгийн хүчтэн” дэвжээний удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж үзэв.
Х.Айдос: Манай бөхчүүдийн амжилт сайжирч байгаа
“Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн, аймгийн арслан Х.Айдостой цөөн хором ярилцлаа.
-“Өлгийн хүчтэн” дэвжээний тухай яриач. Хэзээнээс гал болж гарч байна?
-2015 онд улсын харцага, гавьяат тамирчин О.Бахыт, аймгийн арслан Ш.Мурат, К.Канат, дотны найз Х.Асен нартай зөвлөлдөж нутгийн бөхчүүдээ дэмжих зорилгоор “Өлгийн хүчтэн” дэвжээг байгуулсан. Одоо тус дэвжээний тэргүүнээр ажиллаж байна. Манай дэвжээ 16 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлтэй. Манай бөхчүүд дөрөв дэх жилдээ тусдаа гал болж наадмын бэлтгэлдэ гарч буй. Өнгөрсөн жилээс зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэл сарын хугацаатай “Хас өргөө” амралтын газарт цугларалтад гарч наадмын бэлтгэлээ хийж байна. Ноднин 40 гаруй бөх, энэ жил 30 гаруй бөх манай галд бэлтгэлд гарсан. Улсын заан О.Одгэрэл зөвлөх дасгалжуулагчаар, аймгийн арслан К.Канат үндсэн дасгалжуулагчаар ажиллаж байгаа.
-Өөрийнхөө тухай товч танилцуулаач?
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. 2002 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. 2003 онд аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Улсын наадамд хэд хэдэн удаа зодоглосон. Улсын цолонд хүрч чадаагүй ч гэсэн одоо шавь нараа, нутгийн дүү нараа сайн бөх болгох гээд зүтгэж явна.
-Танай дэвжээний бөхчүүдийн бэлтгэл хэр байна. Энэ жилийн наадмаар хэр барилдах бол?
-Манай бөхчүүд бэлтгэлээ сайн хангаж байгаа. Бөхчүүд маань өнгөрсөн наадмаас хойших томоохон болон залны барилдаануудад одтой сайхан барилдаж, дээгүүр амжилт үзүүлсэн. Манай бөхчүүдийн амжилт сайжирч байгаа. Энэ жилийн наадмаар улсын цолтой бөхчүүдийнхээ амжилтыг улам ахиулж, шинээр улсын цолтон төрүүлэх, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийнхээ тоог нэмэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. 2016, 2017 оны наадамд Б.Баатарцол, Б.Серик нар Баян-Өлгий аймагт сүүлийн 34 жил тасраад байсан улсын цолыг хүртсэн. Харин энэ жилийн хувьд аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан М.Еркебулан, Н.Мустафа нар улсын цолонд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэж байна.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН