Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
П.Лхагвасүрэн: Малын ашиг шим их. Амьдралдаа сэтгэл хангалуун явдаг аа

Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн малчин, Улсын аварга саальчин П.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Та 2019 онд улсын аварга саальчин болжээ. Улсын аварга саальчин хэр их сүү саадаг бол?
-Нэгдэл гэж байхад жилдээ арван тонн сүү тушаадаг байлаа. Нэгдэл тараад, малаа хувьчилж аваад, үнээ малаа сааж, идээ цагаагаа борлуулж байсан. Одоо Алтанбулагт Голланд бяслагны үйлдвэрт сүүгээ нийлүүлдэг. Зургаагаас есдүгээр сарын хооронд тав, зургаан тонн сүү тушаадаг.
-Голланд бяслагны сүү гэхээр өвөрмөц шаардлага тавигдах уу?
-Аль болох цэвэр, стандартад тэнцэх сүү тушаадаг.
-Өдөрт хэдэн литр сүү саадаг вэ?
-Өдөрт 80-100 литр сүү саадаг.
-Танайх хэдэн малтай вэ?
-Мянга гаруй малтай. Нөхөр маань мянгат малчин, аймгийн аварга малчин Д.Цэндбаяр гэж хүн. Бид хоёр аль аль нь малч удамтай. Нөхрийн маань ээж ч аймаг сумын аварга болж байсан. Миний аав, ээж ч бас аймаг, сумын аварга болж байлаа. Бид малчин аав, ээжийнхээ уламжлалыг тасталгүй, нэр төрийг нь өргөж яваа.
-Малчдын уламжлалт арга ухаан орчин үед хэр сэлбэгдэж байгаа бол. ХААИС-д нэг хэсэг малчны анги нээгдэж байсан. Малчид маань бэлчээрийн даац, малын чанарыг сайжруулах талаар хэр судалж байдаг бол?
-Бэлчээрийн аж ахуй эрхэлдэг болохоор аав, ээжээс уламжилсан хэвэндээ л явна. Бид малынхаа үүлдэр угсааг сайжруулахаар зорьдог. Цөм сүрэг маань нутаг орон, байгаль цаг ууртайгаа зохицсон. Аав ээжийнхээ уламжилж ирсэн арга ухааныг давтаад л явж байна даа.
-Танай мал ямар онцлогтой вэ?
-Яг л нутгийн монгол мал байгаа. Эрчимжүүлэхээр хуц, ухна тавина. Гэхдээ эрлийзжүүлэхээр чанар нь арай л нутгийн малаа гүйцдэггүй санагддаг.
-Таны хамгийн их сүүтэй үнээ хэдэн литр сүү өгдөг вэ?
-Өдөртөө зургаан литр сүү гардаг монгол үнээ бий. Янз бүр л байдаг юм даа.
-Дэлхийн дулаарал болж байна гэдэг. Малчин хүнд хэр мэдрэгддэг вэ?
-Эрс мэдрэгдэж байна. Энэ хаврын байдлаар гэхэд үлийн цагаан оготно олширсон. Салхи хавсаргатай, цөлжилт гэдэг юм их мэдрэгдэж байна. Мал олдлоо л гэж байна. Үнэндээ хөдөө бол малынхаа тоогоор л амьдарч байна. Цаанаасаа байгаль биднийг шахаж байх шиг л байна. Тэтгэврийн мань мэт нь яах вэ. Олон хүүхэдтэй залуучууд, малын түүхий эд нь үнэд хүрэхгүй хэцүү байдаг. Махны үнэ өндөр байна л гэдэг. Малчид үнэ өсгөдөггүй. Ченжүүд ирээд “Танай малыг тэдэн төгрөгт авна” гэдэг. Бид аманд нь багтаад л өгдөг. Бид төдөөр өсгөөд аваадхаач гэдэггүй. Малчдаас үнэтэй авч байна гэцгээх юм. Тийм тохиолдол байхгүй.
-Та тухайлбал малынхаа махыг ямар үнээр нийлүүлж байгаа вэ?
-Намар бол тарган хониныхоо махыг 3000-д өгч байсан. Туранхай гээд үнийг нь доошлуулчихдаг. Ченжүүдийн аманд л орж байгаа юм. Ченжүүд үнээ хэлдэг. Унаа тэрэгтэй залуус махаа хотод оруулж ирээд зах дээр зарах гэхээр худалдаачид нь “Чи махны үнэ унагалаа” гээд айхавтар айлгана шүү дээ. Тиймэрхүү жишигтэй байдаг юм.
-Монгол малын мах эм л гэдэг байсан. Яагаад гэхээр эмийн ургамал иддэг гэдэг. Гэхдээ одоо бэлчээрийн ургамал олон төрөл байж чадах уу. Таныг бага байх үеийнхээс их өөрчлөгдсөн байх даа?
-Ургамал цөөрч байна. Малаа зараад олсон мөнгөө хүнтэй малтайгаа л хувааж иднэ шүү дээ. Уур амьсгал хэцүү үед хэчнээн тонн өвс тэжээл авна. 10-аад сая төгрөгөөр малдаа тэжээл авна, өөрсдөө хүнсээ базаана.
-Хотынхонд бол цагаан идээ, мах сүү үнэтэй ирдэг шүү дээ. Та цагаан идээ хэр базаадаг вэ?
-Бид зун голланд бяслагтаа сүүгээ өгдөг юм. Есдүгээр сараас хойш жаахан цагаан идээ хийхээрээ хот руу үр хүүхэд, найз нөхдөдөө өгнө. Нэг их зараад байдаггүй. Зуныхаа саалинаас жаахан мөнгө олж авна. Ах дүү, үр хүүхдэдээ жаахан цагаан идээ явуулдаг даа.
-Танайх хотоос холгүй болохоор жуулчид очдог уу, хэр их зочид очдог вэ. Малчин ахуйтай танилцуулж, аялал жуулчлалаас ашиг олох боломж байгаа юу?
-Тийм мэтийн юм байхгүй байгаа. Тийм хүмүүстэй харьцаж холбогдоогүй л байгаа.
-Голланд бяслагны сүү нийлүүлдэг гэсэн. Голланд бяслаг идэж байна уу, өөрсдийнхөө уламжлалт бяслагийг илүү таашаадаг уу?
-За яах вэ, голланд бяслаг авч иднэ ээ. Тэр хүн маань гоньдтой бяслаг хийлээ гээд бидэнд бас амсуулж л байдаг юм. Бид өөрсдөө ч худалдаж аваад нутгийн брэнд гээд хотынхондоо сонин болгож өгдөг.
-Малчин хүний жаргал юу вэ. Та эргээд харахад амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
-Малынхаа ашиг шимээр бахархаж л байдаг. Авъя гэснээ авна. Би таван хүүтэй. Таван хүүгээ амьтны жишгээр айл болгоод гаргасан. Нутагт хоёр хүү, хотод гурван хүүгийнх маань бий. Байр авахыг нь авч өгсөн. Малын маань ашиг шим их. Амьдралдаа сэтгэл хангалуун явдаг аа.
-Малчин эмэгтэйчүүд ер нь хэр их эрх мэдэлтэй хүмүүс вэ?
-Мэдэлтэй. Өвгөнтэйгээ эрх тэгш байдаг. Хоёулаа зөвлөлдөөд үүнийгээ заръя. Хүүхдүүдээ ингэж айл болгоё гэдэг.
-Та ирээдүйгээ төлөвлөдөг үү?
-Мал ихтэй байхдаа отор нүүдэл хийгээд хүний нутгаар их явж байлаа. Бэлчээр ашигласны, орон нутгийн татвар гэж их өгдөг байсан. Одоо бол орон нутагтаа суурин байж, худаг устай болгож, суурьшуулахыг боддог. Хүүхдүүддээ хэлдэг. Миний хүүхдүүд хаашаа явах вэ. Өвлийн улиралд тохитой суурин орчинд байх хэрэгтэй. Зун малдаа тарга тэвээрэг авхуулж, отор нүүдэл хийгээд явах л байх гэдэг.
-Малчин эмэгтэйн гол гоёл юу вэ?
-Өвөг дээдсээс маань уламжилж ирсэн гоёл үсний сам, даруулга бий. Ижий минь хэрэглэж байсан юм.
-Энэ гоёлоо бэрүүддээ өвлүүлэх нь дээ?
-Өгнө өө. Миний бэрүүд сайн. Би охин хүүхэдгүй. Гэхдээ бэрүүдээ өөрийн охин шиг хүндэлдэг. Бэрүүд маань надад сайн байдаг юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com