Бэлжихийг хүссэн хүн бүр уул уурхайгаар “халуурч” байхад малчин, мал, бэлчээрээр хөрөнгөжиж болно гэж ярьж байна. Монголчуудад мал аж ахуйгаасаа ангид байсан түүх үгүй хэрнээ өнөө хэр нь түүнийгээ эдийн засгийн томоохон хөшүүрэг болгож чадаагүй. Тэгвэл “Чинээлэг Малчин Бойжуулах төв” ТББ-ын тэргүүн, “Чинээлэг малчин” хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэр малчны хотноос чинээлэг иргэдийг олноор төрүүлэх боломж бий хэмээв. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
-Таны удирддаг байгууллага, санаачилсан төслийн нэр их содон юм. “Чинээлэг Малчин Бойжуулах төв” ТББ ямар зорилго тавьж үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Товчхондоо, Монголын малчин өрхүүдийг чинээлэг дундаж амьдралтай болгох зорилготой байгууллага. Ийм том зорилгод хүрэхийн тулд “Чинээлэг Малчин” үндэсний хөтөлбөрийг эхлүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд 170 мянга гаруй малчин өрхийн амьдралыг чинээлэг дундаж давхарга руу шилжүүлснээр бэлчээрийн доройтол, хот руу чиглэсэн их нүүдэл, ядуурал гэх мэт Монгол Улсад шийдлээ олоогүй энэ хүрсэн асуудлуудыг цогцоор нь шийдэж чадна гэж үзэж байгаа.
-Монгол Улс өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр олон жил ярьсан, тодорхой төслүүд ч хэрэгжүүлсэн. Хөрөнгө мөнгө зарж байгаа хэрнээ өнөөг хүртэл асуудлыг шийдэж чадаагүй байна шүү дээ?
-Магадгүй, бид 30 жил хэтэрхий их улстөржилт, популизм, даяарших мөрөөдөлдөө автчихаад “тэнээд” байгаа байх. Уг нь хөгжлийн шийдэл нь маш ойрхон бөгөөд тодорхой юм байна. Сүүлийн гурван жил манай байгууллага үүнийг судлаад, хайгаад, туршаад үзчихлээ. Гадны орнуудын бэлэн сайхан туршлага ч байна.
Гэхдээ би фермер загварууд яриагүй шүү. Нүүдлийн мал аж ахуйдаа түшиглэн нутагшуулж болохуйц туршлагыг л ярьж байна. Мал аж ахуй бол бидний хийж сурсан ажил. Нэг өрхийн амьжиргаа төдий бус улс орны эдийн засгийн гол тулгуур болсон энэ том салбарын амжилтын шийдэл нь дарга нарын ширээн дээр, эрдэмтдийн халаасанд, төсөл хөтөлбөрүүдийн их мөнгө, санхүүжилт дотор биш, малчны хотонд байна. Холоос хайж, их цаг хугацаа зарах хэрэггүй.
-Бүтэн хөтөлбөрийг танилцуулж, тайлбарлахад маш их цаг орно. Зорилгыг нь та дээр хэллээ. Яг ямар ажлууд хийх талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөх үү?
-Би ажил хийгээгүй байж “...тэгж, ингэж хийнэ...” гэж цээжээ дэлдэх дургүй. Товчхондоо бол хөтөлбөр бэлэн болсон учир наймдугаар сараас ажил эхэлнэ. Зөв хандлага, сайн туршлага юм чинь тэгээд аяндаа Монгол даяар давалгаална байх. Ер нь бид малчдаа, мал аж ахуйгаа өөд нь татаж байж улсын хөгжил ярина шүү.
-Таны зарчмыг хүндэтгэж байна. Тэгвэл хоёулаа малчдын тулгамдсан асуудлуудаас нэг сэдвийг нь сонгож аваад ярилцъя. Та сэдвээ сонго. Болох уу?
-Тэгье. Ганц малчдын гэлтгүй улс орны хэмжээний маш том асуудал болсон бэлчээрийн талаар ярилцах саналтай байна.
-Болж байна. Монгол орны бэлчээрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тоо баримтад тулгуурлаад ярих нь зүйтэй болов уу. Монгол Улс 1.5 сая км квадрат талбайтай. Үүний 9.1 хувь нь ойн сан, үлдсэн нь тал нутаг, бэлчээр байдаг юм байна. 2017 онд бэлчээрийн талбайн хэмжээ 1961 онтой харьцуулахад 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурч, 112.1 сая га болсон. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлж тооцсон малын тоо буюу бэлчээрийн ерөнхий даац дөрөв дахин хэтэрчихсэн байна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Швейцарийн Хөгжлийн агентлагаас хийсэн судалгааны тайлангаас харвал Монгол орны нийт бэлчээрийн 10.3 хувь нь нөхөн сэргээгдэхгүйгээр цөлжсөн. Дунд болон дундаас дээш түвшний талхлалтад 47.4 орчим хувь нь өртсөн. Үлдсэн хэсэг нь буюу 42 хувь нь соргог буюу талхлагдаагүй байгаа юм байна. Энэ эрчээрээ үргэлжилсээр байвал ойрын жилүүдэд бэлчээр 100 хувь талхлагдаж, 2080 он гэхэд Хөвсгөлийн зүүн хойд хэсэгт багахан талбай, Хэнтийн нурууны баруун хойд хэсэг энэ хэвээрээ үлдэж бусад нутаг бүрэн цөлжинө гэсэн таамаглалыг судлаачид хэлж байна.
-Бэлчээрээ хамгаалах, нөөцөө зөв ашиглах тал дээр малчид маань төдийлөн анхаарал хандуулахгүй байх шиг. Тэд маань “Өнөөдөр болж байвал” гэсэн хандлагаар малынхаа тоо толгойг өсгөхөд илүү анхаарал хандууулж байна уу?
-“Баян уран хоёр болно доо болно...” гэсэн эртний үг бий. Харамсалтай нь одоо цагт “уран хэлтэй” малын тоо толгойн өсөлт нь баян хангайн нөхөн сэргээлтийг дарлаж гүйцлээ. Энэ талаас нь харвал та бодит дүгнэлт хэллээ. Гэхдээ малчид энэ дайтай зүтгэж малаа өсгөөгүй бол Монголын эдийн засгийн хөгжлийн нэг гол тулгуур нь ганхах байсан шүү. Нөгөөтэйгүүр, дэлхийн дулаарал, гангийн давтамж цөлжилтийн шалтгаан хүчин зүйлсэд 13 хувийн жин дардаг гэсэн судалгаа бий. Зөвхөн малчид руу, байгаль дэлхий рүү асуудлыг чихээд бултах боломжгүй.
-Та дээр дурдсан хүчин зүйлсээс илүү хүчтэй нөлөөлөл байна гэж хэлэх гээд байна уу. Тухайлбал, уул уурхай?
-Бэлчээрийн нөөцөөс авч хуваалцаж, газрын хэвлийгээс ашиг олж байгаа уул уурхай эрхлэгч нар илүү хариуцлагатай хандах ёстой. Гэхдээ би популистууд шиг муу бүхнийг уул уурхай руу чихэж олонд таалагдаж оноо авах гэж амарчилмааргүй байна. Тоо харвал байдал өөр шүү. Нийт бэлчээрийн талбайн тавны нэг нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн гэсэн судалгаа байдаг.
-Тэгвэл малчид л буруутай юм байна шүү дээ?
-Та хариултыг их амархан олохыг хүсээд байна. Магадгүй, таны зөв. Гэхдээ малчдаа “Мянгат малчин”, “Сайн малчин” гэж уралдуулдаг, хоосон өргөмжлөлөөр хуурдаг тэнэглэлээ больчих хэрэгтэй байна. Бэлчээрийн хамгаалалт, зохион байгуулалт хийж байх ёстой төр засаг нь татвар төлөгчдийн мөнгөөр туйлж, өөрсдийг нь хуурч шоглож байдаг нэг жишээ энэ.
Өнгөрсөн жилийн зургадугаар сард Монголын нийт нутгаар бороо хургүй байлаа. Энэ үед “Монголоо сонсъё” аяны ажлаар Дорноговь, Говьсүмбэр аймгуудаар ажиллаж явахдаа би нүдээрээ харснаа л ярья. Тэр зун Монгол даяар зуншлага муу, говийн аймгуудаар улаан халцгай болчихсон байсан. Биднийг очиход Өргөн суманд багахан бороо орсон, жаахан ногоорсон газар нь энэ тэндээс ирсэн мал шавчихсан байдалтай байсан. Малчид худгаас хуванцар саваар ус зөөж малдаа нялх хүүхэд угжиж байгаа юм шиг өгч байсан. Үнэхээр эмгэнэлтэй дүр зураг. Ийм зүйл харахаас өөр баталгаа гэж юу байх вэ дээ. Хэдэн малчин нь хэрхэх арга ухаанаа олохгүй улаанаараа эргэсэн газар дээрээ нааш, цаашаа нүүгээд л... Яг нарийндаа амьжиргааныхаа төлөө дөрвөн улиралд малаа дагаж яваа малчид биш баярхалцаж, аархалцаж байгаа тоотой хэдэн нөхдийн талаар ярих хэрэгтэй. Тэдний дийлдэхгүй шунал, хийрхэл бэлчээрийн гол дайсан шүү.
-Та хэний тухай ярьж байна?
-Бид анзаардаггүй юм билээ. Намайг Говь-Сүмбэрийн Засаг даргаар ажиллаж байхад 2015 онд манай аймагт Монголын Морин спорт уяачдын холбоо 20 жилийн ойн арга хэмжээгээ зохион байгууллаа. Баянтал суманд хурдан морьд уралдууллаа. Баянтал бол өвс нь морины шагайнаас дээш татаж ургадаг говьдоо эрдэнэ мэт ховор нутаг. Гэтэл уралдаан болсон өвөл тэр баян хангайг талхлаад дуусгасан. Хэн гээч. Малчид лав биш. Морь ачиж очиж уралдуулсан манлай, тод өргөмжлөлтэй нэр бүхий хэдхэн баячууд тэр сайхан талд маань худаг ухаж гаргаж, адуугаа өвөлжүүлээд бүх зүйл дуусаж байгаа юм даа. Яг энэ жишгээр уяач нэр зүүсэн хэдхэн баячууд, “томчууд” өвс ногоотой газруудыг сорчилж адуугаа өвөлжүүлнэ. Худаг гаргана, талхалж дуусаад хавар нь нүүнэ, боллоо, баяртай. Одоо нүүдэл хийх газар ч үгүй болж байх шиг байна.
Өнөөх 2000-3000 адуутай нөхдүүд яг хэдэн адуутайгаа ч мэдэхгүй ширээ тойрч суугаад покер тоглож байна. Монголын уламжлал, бахархал адууны соёлыг ингэж уландаа гишгэж болохгүй л дээ. Нутгийн зарим хурган дарга, бизнесменүүд үүнийг нь даган баясах маягтай. Үүнээс гадна малчид ч бодит байдалтай нүүр тулж бэлчээрийн гол дайсан гэж эртнээс нааш ярьж ирсэн ямаан сүргийнхээ тоо толгойг зоригтой бууруулмаар байна.
Та миний ярьсанд эргэлзэж байгаа бол зүүн аймгуудын урд захаар аялаад яваад үз. Ургамлын төрөл зүйлийн баялаг нөөцтэй, унаган дүр төрхөө харьцангуй хадгалж үлдсэн энэ нутгаар явахад нөгөө их дөрөө шүргэж халиурдаг өвс байхгүй, говь шиг л шороо нь бургисан тал болчихсон байна. Хангай баян болохоор энэ зуны бороонд сэргэж өнгө хуурахуйц ногоорсон л байх. Гэхдээ ургамлын төрөл зүйлийн тоо, бүрдэл, шимт чанарыг нь судлаад үзвэл ямар их цөөрсөн, ядуурсан байгаа бол. Мэргэжлийн хүмүүс үүнийг илүү тодорхой ярих байх. Бид чинь энэ нутагтаа амьдрах юм байгаа биз дээ. Нүүж явах гээд байгаа юм уу? Манай албаны хүмүүс өнөөдрийн байгаа байдалдаа дүгнэлт хийж, ядаж ичиж байгаа юм байна уу, хичээж хийж байгаа ажил байна уу?
Нэг л их ярьсан, хэлэлцүүлэг хийсэн л хүмүүс байх юм. Шийдэл олдоггүй, арга хэмжээ авдаггүй. Одоо хэрэгжүүлж байгаа, бага зэрэг үр дүнд хүрч байгаа ажил нь бэлчээрээ өнжүүлэх төдий байна. Харамсалтай нь, энэ их явцгүй арга шүү дээ. Нэг, хоёр жил өнжүүллээ. Харагдах байдал нь арай дөнгүүр болдог. Эргээд л мал бүчдэг. Хөрс, бэлчээр чинь нөхөн сэргээгддэг ч гэлээ тэр чадвар нь тодорхой хязгаар, хэмжээтэй юм шүү дээ. Тэгэхээр бид энэ хязгаарлагдмал нөөцөө урт хугацаандаа үр өгөөжтэй ашиглах ухаалаг бодлоготой болох хэрэгтэй юм.
-Бид газар нутгийнхаа ихэнх хувийг бэлчээрийн доройтолд оруулчихсан мал аж ахуйн орон юм байна. Тэгээд яах вэ. Малгүй болох уу?
-Бэлчээр, мал сүрэг зөвхөн малчдын амьжиргааны асуудал биш гэдгийг бид ганцхан хаврын махны хомсдол, үнийн өсөлтөөс л мэдэрчихлээ шүү дээ. Малгүй болчихвол малчин Дорж гуай л хэцүүдэх үү? Дорж гуайн ам бүлээс тасарч сум руу, аймаг руу, хот руу явсан хүүхдүүдийн амьдралд ямар өөрчлөлт орох бол. Дорж гуайгаас мах, сүү, ноолуур, арьс шир авдаг хүмүүс яах бол. Дорж гуайд гутал, гурил, тамхи, тариа зардаг наймаачид хэнтэй наймаа хийх вэ? Хүүхдийнх нь төлбөрийг авч сургадаг сургуулийн багш, захирал хаанаас цалингийн эх үүсвэрээ олж, байрны халаалт дулаанаа яаж төлөх вэ? Дорж гуай бүхнийг шийдэхгүй ч эдийн засаг доголдож л таарна шүү дээ. Асуудлаа бусдад нялзааж, зугатах биш шийдэл олох, хийх л хэрэгтэй. Иймээс л би “Чинээлэг Малчин” төслийг яриад байгаа юм.
Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН