Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Го.Аким: Хадны зургийг бүгдийг нь судална гэвэл миний нас хүрэхгүй

МУСГЗ нэрт дуун хөрвүүлэгч, зохиолч Хатагин овогт Г.Аким “Жаран голыг гэтэлсэн аян” зосон зургийн номынхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэрбээр гурван жилийн турш найман мянга гаруй км зам туулсны эцэст эл бүтээлээ бичиж дуусгажээ. Түүнтэй шинэхэн номынх нь талаар хөөрөлдлөө.


-Таныг нэрт дуун хөрвүүлэгч гэж үздэг. Гэтэл та хадны зураг сонирхоод яваад байх юм?
-Би бол уулын хүн. Зосон зураг хайгаад олон жил уул хадаар явлаа. 30-40 мянган жилийн өмнөх зосон зургууд баларч арилаад үгүй болоход ойрхон байна. Тэгээд ном болгочих юмсан гээд бодоод явж байтал Швейцарийн хөгжлийн агентлаг гэж буянтай байгууллага надад хэдэн төгрөг өглөө. Тэгээд нэлээн хэдэн газраар аялж, өөрийнхөө авсан хуучин зурагнуудтай нийлүүлээд энэ номыг гаргасан.

 Миний нэг бичсэн юм бий. Монголын ууланд Монголын түүх байна гэж. Монголынхоо түүхийг л судалж яваа хүн. Түүн дотор хадны зураг голлох байртай. Уулан дээр байгаа ил түүх бол хадны зураг. Хадны зургийг унших, утгыг нь тайлах гэж нэг юм байдаг. Монголын түүх, зан заншил, зан үйлтэй холбоод эрдэмтдийнхээ бичсэнтэй уялдуулаад утгыг нь гаргаж ирэхийг л орлдож явна даа. 

-Хадны зураг хэр их баларч арилж байна вэ?
-Зарим боржин хадан дээрх зургууд их баларч байна. Боржин хад удахаараа өнгө нь хуурдаг. Зурагтайгаа хуурч унасан газрууд нэлээд дайралдсан. Зосон зурагтай хадтай газарт айлууд өвөлжөө их барьсан байна. Яагаад гэвэл 30-40 мянган жилийн өмнө хүн тэнд сууж байсны нотолгоо нь тэр юм. Гэхдээ манайхан хашаагаа өнөөх зосон зурагтай хананд шахаад барьчихдаг. Үхэр мал хоорондоо мөргөлдөх, эврээрээ сэжих, туурайгаараа цавчих бүртээ зосон зургийг балладаг. Ялангуяа Булган аймгийн Бичигт хадны зураг сүйрч байна. Мөн Өмнөговь аймгийн 17 дугаар зууны монгол бичгээр бичсэн шүлгэн бичээсийг хүмүүс арилгаж, дээр нь эрээчсэн. Гурван-Мандлын уулын хүрлийн үеийн зургийг хүүхдүүд сараачаад арилгачихсан байх жишээтэй. Энэ мэтийг хүүхдүүд, нутгийн иргэдэд таниулж өгмөөр байна. Дэлхийд Африк, АНУ, Австрали, Монгол зэрэг улсуудад л хадны зургийн өв соёл бий. 100 гаруй мянган жилийн өмнөх түүхийг харуулсан хадны зураг ч бий. Эдгээр ховор түүхэн өв байгалийн хүчин зүйлс болон хүний буруутай үйлдлээс болж сүйдэж байна.


Японы нэг эрдэмтэн зосон зураг арилахгүй, наанаа бүрхүүл наалдацтай байна гэсэн тухай нэг судлаач надад ярьж байсан. Гэтэл арилаад байгааг нь би ойлгохгүй л байгаа юм даа. Хэчнээн наалдацтай байсан ч тэр олон мянган жилийн өмнөх юм арилна шүү дээ. Миний хүрч чадаагүй хоёр гурван газар л байсан. Гэтэл энэ номыг гарснаас хойш хүмүүс над руу утастаж, би бараг 10-аад нэр тогтоочхоод байна.


-Та хадны бичээсээс өмнө нь судалгаанд ороогүй шинэ зураг, бичээс олж нээв үү?
-Өмнө нь судалгаанд ороогүй зураг гэвэл Хүйтний гол, Бүрэг-Хангай, Дорнод аймгийн Авдар-Хараат гэх зэрэг газарт байна. Зосон зургийн ийм цогц ном өмнө нь гарч байгаагүй. Анх удаа дэлгэгдэж байгаа зураг бол Ховдын Рашаантын агуйн хятад бичээс. Тэнд монгол гаралтай манжийн нэг том түшмэл байгалийн зураглал бичиж үлдээсэн байна. Шарангатын агуйн Төвд-Монгол Арьяабалын магтаал, 101 мөртай тарнийн шүлэг анх удаа хэвлүүлж, эрдэм шинжилгээний эргэлтэд орж байна. Ер нь хадны шүлэг нэлээн байдаг юм байна. Номоо хэвлүүлсний дараа бид Завхан аймгийн Баян Арын хадан дээрээс олсон хятад бичээсээ Өвөрмонголын Гэрэлжав гэж хүнээр уншуулсан чинь шүлэг байсан. Шүлэг гэж мэдээгүй учир номондоо оруулж чадаагүй.


-Ямар газрууд байна вэ. Зосон зургийн тархац ихэвчлэн хаагуур байна, хүрч очиход хэцүү байв уу?
-Архангайн Тариат сумаас утастаж, тэнд зосон зураг бий л гэнэ. Булганы Хялганатад агуйд бий л гэнэ. Энэ мэтчилэн мэдээлэл надад ирж байна. Зосон зураг ихэнхдээ ил байдаг. Хадан дээр байгаа зургууд бол гайгүй ээ. Хадныхаа ёроолоор хүний нүдний хараа хүрэх газар л зурсан байдаг. Гэхдээ агуйд бас бий. Агуйнууд ихэвчлэн уулын дунд нь байдаг. Тэгээд л дээшээ мацна шүү дээ. Тухайлбал, Гурван цэнхэрийн агуй, Өмнөговьд хоёр ч агуйд зураг байгаа сурагтай. Намайг дагаж явсан сурвалжлагчид кино хийсэн. Түүн дээр намайг яаж зовж, хаагуур явж зургаа олж харж байгаа талаар сайн гаргасан байна лээ. Заримдаа морь унана. Заримдаа мотоцикль дээр мордоно. Ер нь зорьсон газраа хүрэхийн тулд бүхий л төрлийн унаа хэрэглэнэ дээ. Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэдэг шиг би бор зүрхээрээ л явж байна. Хүн амьтан гуйна. Заримдаа ганцаараа автобусанд суугаад л яваад өгнө. Аймаг дээр очоод таньдаг яруу найрагч, зохиолч, сэтгүүлч нөхдүүдтэй таарна. Тэд маань намайг хүргээд л өгдөг юм.


Хадны зургийг бүгдийг нь судална гэвэл миний нас хүрэхгүй. Монголын газар нутаг эзэнт гүрний үеэ бодвол их багассан гэж сэтгэл дундуур явдаг ч их савны ёроолд жаахан юм үлддэг юм байна. Миний сонирхдог гурав, дөрвөн сэдэв байдаг. Түүнийхээ хойноос хөөцөлдөж, хаа байгаа газарт нь очиж судлахаас биш хаана хадны зураг байна тэр болгон дээр давхиж очоод байвал миний нас хүрэхгүй шүү дээ. Бид хуучин чулуун зэвсгийн үед амьдарч байгаагүй. Тиймээс тэр үеийн хүмүүс юу бодож хийж байж вэ гэдгийг оноод хэлчхэд хэцүү. Ийм байж магадгүй гэсэн шинжлэх ухааны таамаг дэвшүүлдэг. Гэхдээ үнэн гэдэг харьцангуй шүү дээ.


Хадны зургийн он цагийг тогтоох багаж гарч байгаа гэж саяхны олон улсын хурал дээр ярилаа. Тэр их сонин санагдсан. Үнэхээр тэр багаж Монголд орж ирээд тогтоож чадвал судлаачдын он цагийн хувьд маргадаг зүйлсийн ацгийг нь хатгаж өгнө дөө гэж бодсон. Хадны зураг бол тэр чигээрээ түүх. Тэр үеийн хүмүүс өөрсдийн хэрхэн аж төрж байснаа зураад үлдээчихсэн байдаг. Үүнийг бид хайрлах ёстой. 

 

-“Давидын од” гэж нэрлэгддэг зургаан өнцөгт хаднаас олсон тухай та илтгэл тавьсан. Энэ тэмдгийн учир утгыг хэрхэн тайлсан бэ?

Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Далайн дуулга” уулын “Хөх үзүүр” гэдэг хаднаас Давидын од буюу “magen david” гэж латинаар нэрлэдэг зургаан хошуу тэмдгийг олж харсан. Израйлийн далбаан дээр байдаг. Давидын бамбай, Вифлеемийн од ч гэж нэрлэдэг. Энэ тухай христосын мэндэлсэн тухай домогт гардаг. Давид гэж малчин залуу Голиаф хэмээх үлэмж биетнийг ялж ард түмнээ жаргаасан тухай юм. Тиймээс тэр ард түмнийг ад зэтгэр, чөтгөр шулам, муу бүхнээс ангижруулах тэмдэг болсон.


Би Монгол бэлгэдэл талаас нь харуулахыг зорьсон. Монголд түүхэн хаадын дардас болон малын тамганд хэрэглэж байсан. Эл солбисон хоёр гурвалжинг Монголчууд “Давхар чойнжин” гэж нэрлэдэг. Судлаач Б.Болдсайхан зөрсөн хоёр гурвалжингаар эр эмийн буюу арга билгийн ухааны хослон барилдах далд утга санааг нууц тарнийн ёсонд томьёолдог хэмээсэн. Мөн Хайду хааны Тбилист хэвлүүлсэн зоосон дээр энэ тэмдэг бий. Мөн ноён хутагтын сэндрийн ёслолд хэрэглэдэг зэмсэг дээр ч байдаг. Энэ бүхнийг бурхны шашны болон гадныхны тайлбарын үүднээс гаргахыг хичээсэн.
Хүрлийн үеийн хадны зураг дээр төрж буй хоёр эмэгтэйн дэргэд зурсан байсан. Тэгэхээр энд ямар холбоо байна вэ, яагаад заавал төрж буй эмэгтэйн дэргэд зурав гэдгийг логикоор тайлсан. С.Дуламын бичсэн тайлбарыг үзээд ер нь монголчууд үржихүйн бэлгэ утгыг заадаг юм байна гэж бодсон. Хэнтий аймгийн Батширээт суман дахь Рашаан хадан дээр бидний өвөг дээдсийн үлдээсэн зөвхөн тамганы 400 гаруй зураг байдаг. Ингээд бодохоор монгол орны маань өв соёл үнэхээр яндашгүй.


-Та Унгар явж, “Атилла хааны удмынхан алтан нарандаа мөргөсөөр” гэж ном бичсэн. Унгарчууд Хүннү нарын удам гэж өөрсдийгөө ярьдаг гэсэн. Энэ үнэн үү?
-Би Унгар луу Атилла хааны удмынхантай уулзахаар явсан. Археологич Д.Эрдэнэбаатар намайг “уруу татсан” юм. Эртний хүннүчүүдийн зан заншилтай холбоотой юм юу байдаг юм бол гэж бодоод Румыний хүннү судлалын хуралд оролцох зуураа тэндхийн нэг тосгонд очсон. Тэгээд өөрийгөө хүннүгийн удам гэдэг багштай уулзаж, тэдний тахидаг ууланд гарч, тэндхийн хүннү гаралтай айлуудаар зочилж, одоогийн манай заншилтай хэрхэн холбогдож байна гэдгийг харьцуулж ном бичсэн. Унгарчууд наранд мөргөх ёслол хийхдээ галын тахилга хийдэг. Энэ нь яг л монголчуудтай адилхан. Баянхонгор аймгийн Богд уулын тахилгад наран тахилга гэсэн зан үйл байдаг. Түүнийгээ манай лам нар мэдэхээ байчихсан. Тэр бол манай монголчуудын хүннү гүрнээс улбаатай наран тахилга юм. Унгарчууд уулан дээр гарч наранд мөргөхдөө бэлд нь нэг түүдэг, орой дээр нь нэг түүдэг асааж, нар зөв эргэн явдаг. Мөн тэд манайд ч байдаг “утас өлгөлцөх” гээд дөрвөн хуруундаа утас тээглүүлэн нөгөө хүндээ дамжуулдаг тоглоомоор тоглож байсан. Бидэнд дэлгэрүүлэн судлах юм их байсан. Даанч төсөв мөнгө бага болохоор тэгсхийгээд л ирсэн. Тэнд хүннүгийн долоон овог байхад бид хоёрхон овгийн хүмүүстэй л уулзсан даа. Тэнд эртний “Роббиш бичиг” гэж байна. Үүнийг би манай руни бичиг байх гэж бодсон. Тэр бичгийг хараад шууд л хүннү бичиг байна гэж бодсон.


-Хадны зургаас эвэртэй тэмээний дүрс олсон нь их сонирхол татсан. Үнэхээр олон мянган жилийн өмнө тэмээ эвэртэй байсан уу?
-Бидний хэдэн хүн Ховдоос Сутай хайрхан орохоор явж байлаа. Замын баруун гар талд дээрээ өндөр долгион дамжуулагч бүхий жижиг бор толгой таарав. Газарчин н.Бямбасүрэн маань “Ишгэн толгой” гэдэг юм. Хуучин чулуун зэвсгийн үеийн зурагтай, та сонирхох уу гэлээ. Би сонирхолгүй яах вэ. Сонирхохоор барахгүй олзуурхав. Ширээ бөхтэй, шодон сүүлтэй, сэлмэн эвэртэй тэмээг ертөнцийн зүгээр урагш харуулан сийлжээ. Сийлэхдээ дүрсийг хүрээлэн хонхойлгох аргаар сийлсэн аж. Эвэр нь бугынх шиг арван хоёр салаа биш юм, гэхдээ бадриун урт, урд бөхөө шүргэжээ. Өөдөөс нь нэг адуу харуулан сийлсэн байсан. “Адуунд сүүлээ алдсан” хойноо буганд эврээ өгчихсөн юм болов уу гэж бодлоо. Домог үлгэрт тэр зэргийн алдаа байж болно шүү дээ. “Гурван цэнхэрийн агуй”-н хананд буй тэмээний зургийг хуучин чулуун зэвсгийн үеийнх гэж эрдэмтэд (Окладников) тодорхойлсон. Энэ нь багцаагаар 100.000-70.000 жилийн өмнөх юм. Миний үзсэн эвэртэй тэмээний зураг мөн л тэр үеийнх.


Гэтэл 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн гэх дэлхийд 5-6 сая жилийн хооронд хүн дүрст сармагчин хүн болж хувьсч байх үед тэмээ ямар байсан бэ, ямар төрхтэй амьтан байсан бэ гэдгийг хэн ч хэлж хараахан чадаагүй. Байгальд хувьсал гэж аймшигтай хүчин буй. Ухаан нь, агуу аварга махчин гүрвэл хувьсаад одоогийн бор шувуу болчихсон гэж эртний амьтан судлаач Р.Барсболд над нэг ярьсан. Хоёр гурван давхар байшингийн хэрийн аварга амьтан атга дүүрэхгүй өөдсөн амьтан болчихсон гэхэд үнэмшмээргүй. Хөдөлбөргүй нотлогдсон эсэхийг би мэдэхгүй. Гэвч судалдаг эрдэмтэн нь ингэж л надад ярьсан. Чингэхээр тэмээ анх үүсэхдээ ямар амьтан байсныг хэлэхэд үнэхээр хэцүү. Эртний амьтан судлаачид 4-5 сая жилийн өмнөх тэмээний яс олбол бас нэг хэлэх боломжтой болох. Мөн гадаадын нэг эрдэмтэн “Тэр үеийн хүмүүс харснаа л дүрсэлж байсан, тэдэнд ургуулан бодох чадвар хараахан байгаагүй” гэж бичсэн нь бий. Гэхдээ тэр эвэртэй тэмээ гэж үзсэн хадны зураг бөгтөрөгтэй буга байна лээ. Тийм бугын зургийг би Баянхонгорын Гурван мандал уулын дунд Мандлын хадан цагираг дээрээс олж үзэж байсан. Бөгтөрөгтэй буюу бөхтэй буга байна гэдэг тэмээ, буга хоёр нэг амьтан байсныг өвөг дээдэс маань бидэнд хэлээд байгаа юм биш байгаа? Бид түүнийг нь ойлгохгүй байж болно шүү дээ.


-Та удахгүй Буриад руу явна гэлээ. Судалгааны ажлаар явах гэж байна уу?
-Монголын нууц товчоонд дурдагдсан хэд хэдэн газар тэнд байгаа. Түүнийг олж тогтоож, зураг хөргийг нь авна даа. Манайхны худлаа бичиж тайлбарласан юмыг л засч залруулах санаатай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com