Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нартайд...

М.Цэемаа

Найман сарын наран шарсан халуун өдөр Монгол Улсын сүлдэт баганын урдаас орох нарийн зам дээр “бээжин жип” гэх зэгэл саарал машинууд шилээ харан зогсоцгоож тусгаар улсын торгон хил рүү орохоор ээлж дарааллаа хүлээн аажуухан урагшилна. Хилийн энэ боомтоор олон жилийн урьд сураг тасран салж холдсон ах дүүс уулзаж учралдахын баяр гуниг хосломхой ахуйд садан сүлбээгээ эрэн бэдэрчүхүйн баяраа цээжнээ баринтагласан Маамхүү эмгэн өчнөөн жилийн зовлон харууслаа цээжнээ зураглан тэвчивч зовхиноо гялтайх өнчин нулимсаа нуун ханцуй дотроо наминчилж сууна.
Шороо түйрэнгээр нүүр нүдгүй булсан тэртээх 60 гаруй жилийн өмнөхөн ах дүүсээрээ жингийн тэн дүүргэсэн нэжгээд хүн үгийн мугуйд автан үүр шөнөөр хана униа харжигнуулан ачаалаад нүүн явахад эмгэн дөнгөж л наадах цаадахын зах зухыг гадарлахтайгаа нас зүсийг зүүж ядан байж. Нүд эрээлжилж толгой эргэм эл нүүдлээс хойш аавынхаа бараа турууг олж харсангүй. Орой шөнө аргал хорголд алсхан явсан ч айдас хүйдэс хормой даган дарж, өнчирсөн сэтгэлдээ эх нутгаа үргэлж хадгалж яваа эх нь өдөр ирэх тусам урд хормойгоо өшигчин зулзаган хус шиг туяалзсан нуруу нь хатсан загийн хожуул шиг бөгтийсээр нүдний зовхи нь бүлцийж улайгаад цаг үргэлж усан хүрээ татсаар явах. Нүүж очсон нутагт удаа ч үгүй морьтой явган буу агссан энгийн цэргийнх нь мэдэгдэхгүй монголоор дультраатан муухан ярих хүмүүс ирж хэдэн нялх хүүхдүүдийг нь уйлуулан орхиод эхийнх нь гарыг ард нь шидмэсээр хүлээд тэмээнд тэгнэн хаашаа ч юм авч оджээ. Энэ өдрөөс хойш хөөрхий муу эхийнхээ царайг олж үзсэнгүй. Дайжиж зүдэг бүдэгхэн яваа хэдэн нялх хүүхдүүд дээр холын садангийн ганц бие хар хүн Шижээ амь тэмцэн явсаар ирэхэд хүний мөрөөс болсон хүүхдүүд баярлалдан угтаж авлаа. Учрыг үл ухавч ус нутгаасаа ойж гарсан хөөрхий хүмүүс бие биедээ нөмөр нөөлөг болох ая эв нь таарвал буцаж уугуул ус нутгаа бараадахыг хүсэвч нэгэнт оройтож харийн хүний хүйтэн саварт өртөх нь тэр. Усаа таних нь байтугай нусаа ч арчих чадал мөхөс Маамхүүд өмбөн бөмбөн овоохойд ах хоёр дүү нь л хажууд нь байвал уугуул ус нутаг хэмээн сатаарах ч яамай л болоод байв. Гэсэн ч өсч өндийн буй ах Раднаа, Маамхүү хоёрын сэтгэлийн үзүүрт өсч өндийсөн өлгий нутгийн элст толгод Хүрмэнгийнх нь явган хүрэн улаан уулс сэрвэлзэж өндөлзсөөр л. Хоёр дүү нь даанч нялх балчир байна даа.Эх оронгүй, эцэг эхгүй өнчрөхийн ихээр өнчирсөн тэднийг өнөөхөндөө өндөр өвгөдийн өршөөл ивээл нь ивээж өсч өндийсөөр нас биед хүрч элдэв эсийн наад цаадахыг ухаарч эхэллээ.Үрээ морь, бяруун гунж ундаалсан ус, уугуул нутгаа зорин гүйж одох лугаа өглөө босоод л хойд зүг рүү зүглэн идээ ундааныхаа дээжээ өргөж тулгалж бадраасан Монгол Улсын минь гал голомт бадамлан буй хэмээн цээжний чандаа аргадна. Айлын шоовдор хүүхдүүд шиг хажиглуулж жижиглүүлж, мөрдүүлж, хавчуулж түмэн зүйлээр зововч шүд зуун амьдрахуйн араас шогшсоор. Хонгортон шаргалтах говио, бөндийж буржийх хармагийн бутат элсэн толгодоо цээжний угтаа хадгалан, сэтгэлийн хайландаа аргадаж суусан Шижээ өвгөн цагийн эрхээр элэгдэж бурхны зүг рүү сажилж, хорин настай хонгор зүстэй ах Раднааг нь цэрэгт дайчлан авч явсаар сургийн үзүүр алдарч билээ. Бүр хожмоо там тумхан сургаар Түвдийн өндөр хөх уулсын дунд амь гээснийг мэдэж билээ.
Маамхүү эцэг эхээс үлдсэн хэдэн малын буянаар хоёр дүүгээ хүний зэрэгт хүргэж ирсэн ч хүний л үзэх зовлон зүдгүүрийг ханатал амссаар гучин насны босгоноо тулж иржээ. Мао Зэ Дуны “улаан хамгаалагч”-дын эрин үе ирж солиорч галзуурахаа шахсан хэсэг бүлэг залууст “цагаачин бүсгүй” огт таалагдахгүйгээр барахгүй түүнийг элдвээр хяхан хавчиж хоёр ч удаа гацааны төв дээр хорьж элдэв эсийг асууж шалгаан эрүүдэн тамласан аж. Улаан хамгаалагчдын хорооны улаан хамгаалагч өөрийгөө өвөрлөгч гэх “хятад” залуутай танилцаж түүний нөмөр нөөлөгт хоргодохоос өөр аргагүй болов. Маамхүү хоёр дүүгээ гэж хамаг л бүхнээ зориулавч тэднийг хамт амьдрахыг засаг захиргаанаас зөвшөөрөхгүй байлаа. Отгон дүү нь угийн ухаан сийрэг сэргэлэн охин тул сургууль номоор явсаар Тайвань гээч улсыг арван тав орчим насандаа зорьсоор сураг төдий.
Эх орноосоо салсан хүн насан туршдаа уйлдаг гэдгээр уйлж, ганихарч явсаар хүн л хойно тэр л орчиндоо дасч, гуч хол гарсан хойноо хүү төрүүлэв. Хүү нь багахандаа хормойдон дагаж уйлан хайлан унан тусан явсаар овоо хүний дайтай өсч өндийгөөд ирсэн ч байгаа байдал аяг ааль нь нэг л хол хөндий “сэрүүн” хүн болоодохлоо. Өрнөөс унасан үр минь дээ гэж энхэр тэврээ хатавч уух идэх нь ч таарамж тохиромжгүй эв нийцгүй харь хахь байхлаар Маамхүү хөдөө гадаа явахдаа “хэзээ хийсэн үйлийн үр” юм бол гэж дотогшоо нуран нуран уйлна.Туурга тусгаар Монгол минь мандаж бадарч байгаа л гэнэ лээ. Би л аз муутайдаа ойж гараад муугаа үзэж яваа нь энэ. Хэзээ хийсэн үйлийн үрээ үүрч яваа юм бол доо гэж бодохоор хоолой дээр нь бөөн хар юм тээглэж нүдэнд нь усан далай цэлэлзэнэ. Бүхэл бүтэн жарныг туулж үзэхээ үзэж яваа Маамхүүгийн сэтгэлд гэрэл тэргэлээр туссан хэрэг явдал энэ яваа насанд нь тохиох юм гэж санасангүй. Хятад Монголын харилцаа наашлан эерч эгэл хүний зовсон зовлон дээр гэрэл гарч, эх эцгийнхээ уугуул, өөрийнхөө төрж өссөн нутаг зүгээс Маамхүүг хайж сурагласан мэдээ ирж санаж сарвайх тэдэнтэйгээ бүтэн жарны хойно уулзаж учралдахаар яваа нь энэ. Монголоос ижийнх нь талынхан сурагласаар сургийн үзүүр Маамхүүд ирж хамаатнууд нь нутагтаа ирэхийг урьжээ. Гацааны засгийн ордноос унаа хөсөг гаргаж нэгийн зэрэг харуул дагуултай Монголынхоо хил дээр зогсч, цөнгөө түрэхээ зогссон хүний орчлон хөл алдан эргэж байх шиг санагдана.Таана үнэртэх зөөлөн салхины үзүүр үнсэн угтах шиг ижийтэйгээ, аавтайгаа, эрх хонгор настайгаа учран золгох шиг яаран догдолж хөл газар хүрэхгүй зүрх дэлсэн догдловч сэтгэл нэг л гонсгор.70 хол гарсан чавганцыг дагаж яваа энэ албаны гэх хятад “миний аль насанд таарах ёстой тээг юм” бол доо гэж бодох. Хормой норгон унасан нь л яах аргагүй үнэн болохоос бусдаар харь хүн шиг болсон хүү нь л дагаад яваа нь болмоор л юм даа. Өдий насны чавганцын хэр хэмжээ гэж байх л даа. Хүний эрхээр яваа гэж бодохлоор хоолой багалзуур нь бачуурч өмсч яваа хөх торгон бошинзныхоо хоолойн товчийг шурдхийлгэн тайлж уртаар шүүрс алдав.
Цэнхэр улаанаар алаглаж алтан соёмбо нь гялалзсан Монгол Улсын төрийн далбаа салхинаа намирсаар хилээр орогсодыг шалгаж яваа цэргийн дүрэмт хувцастай залуухан сайхан охиныг харсан эмгэн эхэр татан уйллаа. Хүний нулимс барагддаггүй аж. Маамхүүгийн нулимс дууссан л баймаар даа.
Хилийн шалган нэвтрэх дээр тулж зогссон орог саарал “Бээжин жип” машинаасаа эмгэн залуухан хүн шиг шууран шаламгай нь аргагүй бууж шалганы төмөр хаалтнаас сөхрөн адис авлаа. Ай хөөрхий хүний сэтгэл гэдэг орой ёроолгүй, оосор бүчгүй аж.
Төөнөрөн шаргалтах наран баруунаа ташиж говийн элсэрхэг хөрсний тоос бургилан тэртээ ард үлдэнэ. Говийн аараг бүүрэгхэн толгод цэнхэр зэрэглээндээ нойрмогхон харагдаж санаа бодол хөл малгайгүй хөврөн хөвсрөвч “амьд явахад алтан аяганаас рашаан хүртдэг” нь үнэн ажгуу. Алтан аяганаас ус уухаас ч эрхэм ойж одсон, төөрч будилсан амьдрал нь утга төгөлдөржиж төрөлтэйгээ учран золгож элгээ дэвтээх нь нэн баярламаар. Миний ижийн минь, аавын минь ураг төрөл уудам эх орон нутагтаа тавтайхан жаргаж суугаа нь л надад юу юунаас эрхэм юм даа.Үхэхээс бусдыг үзэж хүний нутагт үйлээ эдэлж явсан надад өөр юу хэрэгтэй юм. Ханатлаа амьсгалах сан, эх нутгийнхаа агаараар. Ханатлаа уйлах сан элгэн садандаа очиж...
Тэртээд өндөлзөх сундлаа уулсын бэлээр цагаан гэрүүд бөмбийж харах барааны үзүүрт энд тэндгүй тэмээ мал налайна. Аараг бүүрэг толгодын энгэр хормойгоор усанд яваа сүрлэг амьтад гэмээр хайлаас,тооройнууд сүглийж хүглийж харагдана. Ай ямар сайхан бэ. Нутаг минь нутаг минь энэ ертөнцөд тулах цэг минь...
Говийн элсэрхэг шинэхэн замаар давхисаар айлсан буусан гурван цагаан гэртэй хот айлд хүрч очив. Гэрийн гадуур хонь мал налайж тэртээ холоос дөрвөн нүдтэй улаан халтар нохой хонхорцог нь нэвсийх сүүлээ өргөн сүр үзүүлэн угтан давхиж ирлээ. Хилээр орж ирсээр бүхэл юмс танил дотно санагдаж өр өмөрсөн он жилүүд илааршчих шиг.
Хот айлын баруун талын том цагаан гэрээс Маамхүүгийн үе насны авгай гарч ирснээ буцаж яаран орж явчхав. Удсан ч үгүй хадаг намируулан гарч ирэн угтаж авахад нь арайтай л дуу алдан хашхирсангүй. Яг л муу ижий нь баригдаад явахынхаа өмнө нь “хаашдаа өнгөрөв бололтой миний хүүхдүүд хэзээ нэг цагт нутагтаа тэмцэж очдог юм шүү” гэж захиж суусан нь харагдаад хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирэв.
Дашмаа...тийм тийм Дашмаа өдий олон жил болоход нэрийг нь мартсан ч үгүй шүү дээ. Сайнаасаа салж саруулаасаа төөрсөн би зовлонгийн далайд сэлж явахдаа ясаа хуссангүй ээ...гэж Маамхүү бодлоо. Хөл дүүжлэн очсон унаанаасаа хотны хөлд буусан Маамхүү гүйх шахуу явсаар Дашмаагийн өмнө очвол хоёр хөгшин төөрөлдсөн хувь заяагаа зөөллөн дуу дуугаа авалцан уйлан тэврэлдлээ.Хэчнээн жилийн шаналангаа таягдан хаясан “бөөс олдовч бөгс цээжээр нь хуваах” бүл эгч дүүс уулзалдан учиралдлаа.
Орчлонгийн орой болж нар баруунаа унаж амьсгал сэрүүсээд ирсэн учирсан улс цайлж дайлаад хот айлын гурван гэрт инээд наргиан дуу цовоо цолгиун. Дашмаагийн ач зээ нар гэрээр дүүрэн ижийтэй нь усны дусал шиг адилхан Маамхүүд дотночлон эерэх ч хамт ирсэн хүү болох нүдний цагаан хүрээт шилтэй туранхай цонхигор дөч эргэм насны хүн, жолооч нь гэх хятадтай төдийлөн ойрчилж хэл нэвтрэлцэх нь “зайтай”. Ирсэн нь ч тэр, угтсан нь ч тэр хөндий хол байгааг ажигласан Маамхүү дал хол гарч үхэл нь үхрийн зэлэн дээр ирсэн би ер яав л гэж салж төөрсөн ах дүүдээ ирсэн л үнэн дэг. Дотор хүн гэдэг дотор л хүн байдаг хойно доо гэсэн бодлоо дотроо хадгалж сууна. Маамхүү хүүгээ жолоочтойгоо тамхилахаар гарах зуур гэр доторхыг нүд эргүүлэн харснаа сэтгэл нь амарч “миний хүүхдүүд ээ энэ улсын дэргэд янз бүрийн юм хамаа намаагүй бүү яриарай. Тэр нүдний шилтэй нь миний төрсөн хүү мөн хэдий ч “хүний биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлэх биш дээ” гээд гэм хийсэн хүн шиг газар ширтэн үрчгэр зовхио гарынхаа долоовор хуруугаар зөөлөн арчаад авав.
Гэрт ялаа ч ниссэн сонсогдмоор ахуйд Дашмаагийн гурван настай зээ хүү гайхсан байртай хорголон хар нүдээ дүгрэглүүлэн харсаар босоод эхийнхээ энгэр өөд асан өвөр дээр нь гарч суулаа.Өндөр эмээтэй нь мөн ч адилхан энэ эмээ яагаад уйлаад байгаа юм бол. Бяцхан хүү айх шиг ч гайхах ч шиг...
Энэ томчууд чинь яаж орхив доо байз...

2018 он Хүн чулууны хонхор

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com