Авлигын эсрэг хуульд заасны дагуу нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тэдний мэдүүлгийн хураангуйг олон нийтэд нээлттэй байршуулах зохицуулалттай. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд Шүүх, Прокурор, УИХ-ын дэргэдэх байгууллагын нийт 3400 мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг байршуулжээ. Бид эндээс улстөрөөс хараат бус ажиллах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц болон Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн ХОМ-ыг онцлон хүргэж байна.
1. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр 2017 оны зургадугаар сарын 14-нд энэхүү албан тушаалд томилогдсон. Түүний жилийн орлого 2016 онд 15 сая байсан бол өнгөрөгч онд 47 сая болж өсчээ. Мөн гэр бүлийн орлого нь 19 саяас 39 сая болсон байв. Тэрбээр 320 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж, 50 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуй, 330 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг, 188 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.
2. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат нь 2017 оны зургадугаар сарын есөнд томилогдсон. Түүний жилийн орлого 2016 онд 38 сая байсан бол 2017 онд 55, 2018 онд 26 сая болсон байв. Тэрбээр 161 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж, 21 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг. Жаран сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ.
3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг 2013 оны дөрөвдүгээр сарын 25-нд томилогдсон. Түүний жилийн орлого 2016 оноос хойш 77 саяас 123 сая төгрөг болтлоо өссөн байлаа. 890 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай. Тэрбээр 2017 онд 45 сая төгрөгийн үнэ бүхий “Ланд-100”-тай байсан бол өнгөрөгч онд “Ланд-200” болгож, 195 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашинтай болжээ. Мөн хадгаламжийн орлого 15 саяас 77 сая хүртэл өссөн, “Жи жи партнерс” ХХК-г эзэмшдэг юм байна.
4. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр томилогдсон. Түүний жилийн орлого 2016-2018 онд 22 саяас 56 сая хүртлээ өссөн. Нэг тэрбум 200 сая төгрөгийн хоёр амины орон сууцтай. Мөн нэг тэрбум 430 сая төгрөгийн газар эзэмшдэг, 140 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй гэжээ.
5. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр томилогдсон. Түүний жилийн орлого сүүлийн гурван жилд 37 саяас 64 саяд хүрчээ. 165 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 134 сая төгрөгийн үнэ бүхий автомашин эзэмшдэг юм байна.
6. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго 2018 оны тавдугаар сарын 24-нд томилогдсон. Тэрбээр 2012 онд 179 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж эзэмшдэг байсан бол өнгөрөгч онд энэ нь 317 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
7. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр 2018 ны тавдугаар сарын 24-ний өдөр томилогдсон. Жилийн орлого 373 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 80 сая, 100 сая төгрөгийн үнэ бүхий газар эзэмшдэг, 79 сая төгрөгийн авлагатай. Тэрбум 772 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан байлаа.
8. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж 2018 оны тавдугаар сарын 24-ний өдөр томилогдсон. Жилийн орлого 227 сая, 200 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж эзэмшдэг. 70 сая төгрөгийн үнэт эдлэл, 45 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
9. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Туулхүү 2018 оны тавдугаар сарын 24-ний өдөр томилогдсон. Жилийн орлого нь 20 сая төгрөгөөс 42 саяд хүрсэн. 95 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламж эзэмшдэг. 250 сая төгрөгийн үнэт эдлэл, 90 сая төгрөгийн мөнгө хөрөнгөтэй байв.
10. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж 2013 оны тавдугаар сарын долооны өдөр томилогдсон. Түүний жилийн орлого 2016 онд 44 сая, 2017 онд 58 сая, 2018 онд 32 саяд хэлбэлзэж байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 150 саяас 177 саяд хүрчээ. Тэрбээр 2016 онд 576 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж эзэмшиж байсан бол өнгөрөгч онд нэг тэрбумаар үнэлэгдэх хэмжээнд очсон байлаа. Мөн 271 сая төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй гэжээ.
11. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун-2016 оны тавдугаар сарын 25-ны өдөр томилогдсон. Жилийн орлого нь 91 саяас 36 сая хүртэл буурсан байлаа. Тэрбээр 280 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж эзэмшдэг. 70 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй байв.
12. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа 2017 оны тавдугаар сарын 25-ны өдөр томилогдсон. Түүний жилийн орлого 2016 онд 116 саяас 72 сая хүртэл буурчээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нь 25 саяас 35 сая хүртэл өссөн байв. Тэрбээр 590 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламж, 60 сая төгрөгийн газар эзэмшдэг, 131 сая төгрөгийн үнэ бүхий мал аж ахуйтай, 260 төгрөгийн үнэт эдлэлтэй. 60 сая төгрөгийн авлагатай гэжээ.