-УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн “Төмрийн завод” ХК бусдын өмч хөрөнгө рүү халдаж, тог цахилгааныг нь хүчээр тасалжээ -
“Төмрийн завод” ХК нь өнгөрсөн наймдугаар сарын 29-31-нд шөнийн цагаар харуул хамгаалалтын алба хөлсөлж “Имэкс Корпорейшн” ХХК-ийн байр руу хүчээр нэвтэрч халджээ. Шөнийн цагаар хар маск зүүсэн хамгаалалтын албаны 50 гаруй залуу “Имэкс Корпорейшн” ХХК-ийн өмч хөрөнгө рүү дайрч, цоожтой өрөөний хаалгыг хүчээр эвдэлж, өмч хөрөнгийг гадагш гаргасан байна. Гурван шөнө дараалан хүч хэрэглэн халдсан гэмт үйлдэл гарсан учраас хохирогчид Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн газар болон хуулийн байгууллагуудад шалгуулахаар хандаад байгаа аж. “Төмрийн завод” ХК нь УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн компани юм.
Энэ асуудалтай холбогдуулан “Имэкс корпорейшн” ХХК-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагаас тодрууллаа.
Хуульч О.Бэлгүүнзаяа: -“Имэкс корпорейшн” ХХК “Төмрийн Завод” ХК гэх хуулийн этгүүд 2017 онд хоорондын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний гол зүйл заалт нь ашиглах боломжгүй нурсан балгасыг “Имэкс корпорейшн” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, улмаар түрээсийн төлбөр өгөх гэдэг үндсэн харилцаатай. Гэрээний хугацаа 10 жил буюу ирэх 2027 онд дуусна. Цар тахлын хязгаарлалтад орж, үйл ажиллагаа нь дөнгөж жигдэрч эхлэнгүүт “Төмрийн Завод” ХК “Гэрээ байгуулагч этгээд тухайн объектыг хууль бусаар эзэмшиж байна, эзэмшлийг чөлөөлүүлье” гэх нэхэмжлэлийг 2022 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүхээр тус асуудлыг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал ““Имэкс корпорейшн” ХХК нь хууль ёсоор эзэмшиж байна. Ийм учраас хууль бусаар өмчилж байгааг тогтоолгож албадан чөлөөлүүлэх үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн.
Хэргийн нөгөө тал болох “Төмрийн Завод” ХК нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаад давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Түүнчлэн харуул хамгаалалтын залуус хууль ёсоор эзэмшиж байгаа компани руу хүч түрэн орж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, тухайн объектын эд хөрөнгийг устгаж, гэмтээж цаашлаад объектийг авахаар компанийн удирдлагуудыг заналхийлж рекитийн үйл ажиллагаа явууллаа. Ингэхдээ өөрсдийн ул мөрөө баллахын тулд камерын хяналтын системийн бичигч төхөөрөмжийг эвдэж, авч зугтсан. Үндсэндээ өөрийн хөрөнгийг хэмнэх замаар бусдын хөрөнгөөр өөрийн хөрөнгийг бий болгуулчихаад булаах гэж байна гэсэн үг. Уг асуудлаар бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албанд рекитийн үйл ажиллагаа явуулж байна гэдэг гомдлыг гаргасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл олгодог Хууль зүй, дотоод хэргийн яаманд танайхаас тусгай зөвшөөрөл авсан компани хуульд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс үүнийг шалгаж өгөөч гэх хүсэлт өгсөн. Шүүхийн маргаан дуусаагүй байхад хэн нэгэн этгээдийг хөлсөлж бусдын өмч хөрөнгө рүү дайрч орох нь хууль бус үйлдэл. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Одоо цагдаагийн байгууллагаас харуул хамгаалалт нэрийн дор бусдыг айлган сүрдүүлэх, рекитлэх, хөрөнгийг нь булаах үйл ажиллагаа явуулж байгаа буруутай этгээдүүдэд шийдвэртэй арга хэмжээ авна гэдэгт итгэж байна” гэв.
Хууль тогтоогч, УИХ-ын гишүүнээр ажилладаг Т.Доржхандын төрсөн ах дүү нарын компани “Төмрийн завод” ХК нь удаа дараагаар хууль зөрчиж байгаа аж. Тус компани хамгаалалтын алба хөлсөлж “Имэкс корпорейшн” ХХК-ийн байр руу дайрахдаа “УИХ-ын гишүүн Т.Доржхандын ах дүү нар байна. Та нар яаж ч чадахгүй шүү” хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Дүү нь хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, шударга ёсыг тогтоох тухай байнга ярьдаг. Харин төрсөн ах, дүүгийн компани нь хуулийг уландаа гишгэж, Монгол Улсын шүүх засаглалыг үл тоож байх юм. Эрх мэдэлдээ дулдуйдсан тэдэнд хууль үйлчилдэггүй гэж эндүүрч байгаа бололтой. Тэд харанхуй шөнө бусдын өмч рүү дайрч эвдэлж сүйтгэхээс гадна Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх обьектэд боловсрол соёл, сургалт, олон нийтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудын гэрэл цахилгааныг хүчээр тасалжээ.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагдан тэргүүтэй цахилгаан түгээх газар нь захиалга өгсөн “Төмрийн завод” ХК-ийн хүсэлтээр хүүхэд залуусын сургалт явуулдаг газрын тог цахилгааныг шууд тасалсан нь хууль бус үйлдэл юм.
Хоёр компанийн дундах маргаан шүүхээр хэлэлцэгдэж байгаа үед УБЦТС нь сар бүр тогтмол мөнгөө төлж ирсэн хүүхэд залуусын сургалт, боловсролын үйл ажиллагааг хааж, тог цахилгааныг нь хязгаарлах эрх байхгүй билээ.
Манай улсад эрх мэдэл бүхий ар талтай компаниуд Монголын хуулийг гууль болгож зөрчсөөр л байна. УИХ-ын гишүүний төрсөн ах Т.Лувсандоржийн “Төмрийн завод” ХК-д хууль үйлчилдэггүй бололтой.