Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.О, Ж.Б, Л.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч Ж.Б, Л.О, Ц.Б нар болон тэдний өмгөөлөгчид, шүүгдэгч Б.О өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Сануулахад... АТГ-аас өнгөрөгч 2015 оны арваннэгдүгээр сараас Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.О нарт холбогдох хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд 2020 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлж байсан юм. ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.О нь Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Э-г Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Д-г Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Б-г Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тушаал гаргуулсны хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Улмаар НПГ-аас Б.О-т Эрүүгийн хуулийн хуулийн 22.4-4, Ц.Б, Г.Э, Ж.Б, Л.О нарт мөн хуулийн 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүхээс Б.О-г албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.5 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин шүүгдэгч Ц.Б, Г.Э нарыг хээл хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд 10 сая 560 мянга, Ж.Б, Л.О нарыг хээл хахууль өгч авахад зуучилсан гэм буруутай гэж дүгнэн таван сая 760 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан юм.