Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙН “СОНИН УНШЛАГА”

ГАВЬЯАТ БАГШ Я.ДҮГЭР

Өнөөгийн хүмүүсийн азтайг, бас завтайг гайхаад барамгүй. “Энхрий (туйлын, төрөлхийн хайрт) намзасаг маань манийгаа даанч гамгүй “эдэлж” байж дээ, хөөрхий, эргээд бoдoхoд. Тэдгээрийн нэгийг энд хөндье...           

Социализмын үед сонин уншлага гэж болдог байв. Тэр нь  “социализмын материал техникийн бааз байгуулах”, орон байр, талх тариа, мах сүү, унаа унаш, нойр хоол, даавуу даалимба, эрүүл мэнд, эрх чөлөө, амралт, чөлөөт цагаас ч илүү чухал  “ажил” байсан юм. Нэг түшмэлээс долоон чонын (”долоо” бол маш олныг билэгдсэн тоо шүү дээ) ухаан гардаг” гэдэг. Гэтэл юун ганц нэг “түшмэл” - НАМ-ЗАСАГ, КГБ, НАХЯ нь тэр чигээрээ, бүхэл бүтэн академи, хүрээлэн, сонин хэвлэл гээд юу л байна, тэр бүхнээ дайчлан “хүмүүсийн сэтгэлийг хурааж”, социализмыг хүмүүсийн тархи толгойнд “байгуулах” аргын нэг нь энэ байж дээ.

Ихэнх нь бичиг үсэггүй байхад бичиг үсэгтэй нэг нь “сонин уншиж” өгдөг байх үеэс энэхүү нэр томьёо үүссэн ч, тэр чигээрээ 1990 он хүрсэн юм л даа. Гэтэл “эргүү тэнэг хөрөнгөтнүүд” тэс өөр юм чухалчилж ирсэн юм билээ...

Үйлдвэр, албан газруудад бол цагийн хуваарь ёсоор долоон хоногт хоёр удаа сонин уншлага хийдэг, эгээ л амьсгалах агаар мэт дасал болсон зүйл байв. Гэтэл агаар хэчнээн амин чухал ч, орчхоод гарахгүй бол үхэлд хүргэдэг... Хадуурчхав уу? Үгүй.

Сонин уншлага ихэвчлэн ажил албан ёсоор эхлэх цагаас наад зах нь 30 минут, бүр цагийн өмнө ч эхлэхээр хуваарь гарна. Хуваарийг томоор бичиж хадна. Ирцийг бүртгэнэ. Тасалсан юм уу хожимдсон бол “бангатай”, ажлаас халах, донгодох, сануулах, уралдааны байрыг хойшлуулах гээд юм юм болно. Бас “Бүх нийтийн лекц” гэж байлаа. Долоон хоногт наад зах нь нэг удаа, ажил тарснаас хойш багцаа нь нэг цагийн дараа болно. Гэр орон ойр бол харьж, хам хум хар цай, хатсан гамбираа хүртчихээд буцаж ирнэ. Хол бол гүрийнэ. Ирцийг хатуу бүртгэнэ. Орон нутгийн хамгийн том байрыг энэ ажилд зориуд хуваарилж өгнө. Олон газар, байгууллагын хүмүүс оролцох тул тармагц байгууллага бүрээр нь тоолж бүртгэнэ, танхимын гарах хаалганы тэнд хоёр хүн зогсоод, албан газруудын нэрсийг дуудаж, нэг нь хүмүүсийг тоолж, нөгөө нь төд гэж бичдэг сэн. Малыг  гүйлгэж тоолох гэж байдаг  даа, яг тэр гэсэн үг... Ирцийн байдлаар албан газруудыг байр эзлүүлж, дарга даамлыг нь сайшаах юм уу муушаана.

Бас Өвөл цагийн соёл хүмүүжлийн ажил гэгчийн хүрээнд “Улс төрийн дугуйлан” гэж байлаа. Есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл... Мөн “Зун цагийн хүмүүжлийн ажил” гэж ч байлаа. “Ариун  сав дундуур байх учиргүй” гэдгээр, завдал өгдөггүй байж дээ.

Хөдөлмөрчдийн дунд зохиох үзэл суртал, хүмүүжлийн ажил тасралтгүй, цогц, үр дүнтэй байх ёстой... Бас намын, эвлэлийн, үйлдвэрчний дугуйлан гэж боловсрол, насаар нь ангилж хуваарилна. Мөн л хүн бүхэн оролцож, суралцах ёстой.

Төв суурин газрын гэрийн ажилтай (нялх нойтон хүүхэдтэй эхчүүд, хүүхэд, хөгшид) хүмүүст хороо хориноос очиж сонин уншиж өгнө. Эсвэл ямар нэгэн албан газрынхнаас хүн хуваарилна, тэр дагуу хүмүүс айлуудаар явж сонин уншна. Айл айлаар орох нь ч байсан, цуглуулаад нэг айлд сонин унших ч байсан. Араас явж, сонин уншсан эсэхийг шалгана.

Малчин айлуудад бол голдуу сумын төвөөс, нэг бол баг бригадаас томилогдсон орон тооны ба орон тооны бус ухуулагч нар явж сонин уншина. Томилолтоор яваа шат шатны хүмүүс очсон газраа “хөдөлмөрчдийг” цуглуулж заавал сонин уншина. Мөн Эмнэлэг гэгээрлийн яриа  ч гэж  байлаа...

СОНИН УНШЛАГА-аар намын их бага хурлын материал, дарга нарын хэлсэн үг, илтгэл, улсын болон аймаг, сумын төлөвлөгөө, биелэлт, зорилт, дээрээс өгсөн үүрэг даалгавар, шашны “мунхруулгын” эсрэг хийх тэмцэл, олон улсын байдал, социалист орнуудын мандал бадрал, хөрөнгөтөн орнуудын доройтол ядуурал, тэсч тэсвэрлэхээ байгаад ажил хаясан, жагссан ажилчдын тухай, дайны аюул, манай “энх тайванч” гадаад бодлого, Лениний баасан гараг (ЗХУ-д 1960-аад оны дундуур “Ленинская пятница” нэртэй үзэл суртал, хүмүүжлийн ажил бий болсныг манайхан орчуулж, ингэж нэрлэдэг, учрыг нь ойлгосон, ойлгоогүй зарим нь “Лениний хөнгөрсөн” өдөр гэж инээлддэг сэн), К.Маркс, В.И.Ленин нараас ...тухай сургасан нь, Америкийн империализм болон Хятадын аюул... гэх мэтээр ярина. Сонсогчид туйлаас анхааран сонсч, тэмдэглэл хөтлөх ёстой. Уншигч үе үе “Хөөе, ...та сонсох дургүй байвал гарч болно шүү!” гэх нь байсан.  Аймаар! Цаг үеийн байдал, тулгамдсан зорилт яригдана. ЗХУ аль нэг улстай “муудах” юм уу “сайдах”аас сэдэв шалтгаална. Конго, Ангол, Никарагуа, Афганистанд хагарал задралын үнэр гараад эхэлбэл, тийш Зөвлөлтийн анхаарал чиглэж, урамшуулж, өөгшүүлж, сургаж зөвлөх, туслах юм болно. Бид ч тэнд “ард түмэн сэрж, хувьсгал гарах” нь гэж ирээд сониноос СОНИН УНШИНА, бас цагийн аяст тааруулан СОНИН ГАРГАНА АА”, “Булан”, зурагт самбар /”бюллетень”/ гаргана. Сар бүр солино. Тэр бүхний орой дээр ОРОН БҮХНИЙ ПРОЛЕТАРИ НАР, НЭГДЭГТҮН! гэсэн Марксын улигт “захиас” болсон уухай том бөгөөд тодоор дурайна. Эдгээр нь, тэр үеийн хэллэгээр бол, манийгаа “социализмын тогоонд чанаж" байсан хэрэг юм. Товчхондоо, жилийн 52 долоон хоногт дунджаар бодоход, хэдэн цаг “чанагддаг” байсан юм бол оо, бид. Лав, дараалалд хүн бүр жилд дунджаар 450-500 цаг зогсдог байсан гэсэн судалгаа байдаг. Одоо биднийг ганц долоон хоног тэгж “чанаад” өгвөл, ээ, бурхан минь юу болдог бол oo? Дээрээс нь субботникт гаргаад, сүүн завод дээр уяад, мах, сүү, ноос үс нэхээд өгвөл яадаг бол? “Социализмын тогоонд өдий олон жил чанагдчихаад, чи нөхөр!”... Энэ бол тун “болдоггүй” хүнд хэлдэг тун ч эвгүй үг байсан юм. Ер нь, “эсэргүү” гэсэн үг...

“Сонин уншлага” гэлтгүй, мэдээллийн бүх хэрэгсэл - ном, сонин, тайз дэлгэцийн бүтээл, радио гээд тэр бүхэн бидэндээ “сонин уншдаг” байж дээ. Тэр бүхний тунг Москва, ЗХУКН, МАХН, түүний Төв Хороо, НАХЯ тааруулж хатуу хянана: “буруу зүгийн “салхи цохичих” вий гэж... Октябрийн баяр, Майн баяр, Намын баяр Эмэгтэйчүүдийн баяр... ой угтсан ажил, Лениний төрсөн өдөр гээд бөөн ажил ундарна... Түүндээ зарим нь бүр гаршчихсан, жилийн жилд он сарыг нь солиод “туугаад байна”. Хамгийн гол нь юуг магтах, юуг муучлахаа тэд мэднэ... Ер нь, ЗХУ, Ленин, МАХН-аа яаж ч магтаж өргөмжилсөн, өөр бусдыг яаж ч муугаар хэллээ гээд буруудахгүй. Өнөө ч энэ сурц мэдэгдээд байдаг. Нэгдэл тарсны дараахан яалаа: мал өссөнгүй, сүйрлээ, ХААН банкнаас зээл авах гэж ”давсалж” тоолуулдаг, мал хувьд очсоны хүчинд биш, хуц ухнын хүчинд  өссөн энээ тэрээ гэхчлэн ярьж бичиж байсан. Аажимдаа тэд дуугүй болсон. Гэхдээ “ер нь, бас ч гэж энэ ардчиллынхны зүтгэснээр, за юу гэмээр юм, тараадаг нь зөв байж” гэх нь ч, бас мал 3,5 дахин өссөнд хорссондоо боож үхсэн гэж ч дуулдаагүй...

Ц.Нямдорж “Хар хайрцаг”-ийг энэ ардчиллынхан тусгай кодтой хийлгэсэн юм, тэгэхээр бидэнд горьдолтгүй” гэж л байсан, гэтэл... Одоо энэ “Саарал жагсаалт”-д ардчиллынхан л оруулсан юм, энэ “буруу” шүүгч нарын заримыг Ц.Элбэгдорж “тавьсан юм” гэхчлэх болсон шиг... Харанхуй, мартамхай байх тусам тэдэнд тустай...

“Соц. сонин уншлагын” манлайд МАХН-ын Төв хороо, Засгийн газрын хэвлэл “Үнэн” явж, за тэгээд намын харьяа залуучууд, пионер, эмэгтэйчүүд, спортын хэвлэлүүд, тэгээд аймгуудын сонин, албан газруудын ханын сонин, дунд сургуулийн ангийн ханын сонин гээд залгана.     

Дээр нь албан газар бүхний сар, улирлын тайлан хурал гэж байсан. Дээд газрын хүн ирж сууна. Цаг үеийн асуудлаар хуралдах ч байсан. Мөн л “сонин уншлага”. Жишээ нь, НЭБ-ийнхнийг “нулих” кампанит ажлын үеэр зарим газрын хурал дээр 120 хүн үг хэлж, нам-засгийн “онч мэргэн бодлого шийдвэрийг” дэмжсэн байдаг...

Тэгж л байж социализмын тэнгэрийг бүртийх ч үүлгүй “цэвэр тунгалаг” байлгаж ирсэн юм билээ.

Мао-г нас барсны дараа Хятадын удирдагч Дэн Сяопин нээлттэй хаалганы бодлого санаачилж: “Муур заавал хар юм уу, цагаан байх албагүй ээ, муур л юм бол хулганаа л барьж байвал болох нь тэр!” гэсэн шүү юм хэлсэн. Энэ нь социализмын үед өглөө үдэшгүй өрнөж байсан, зүйрлэх юм бол заавал “цагаан муураар хулганаа бариулах”, бүр цаад цагаан муурынхаа барьсан хулганыг яс бүртгэж, “илүүдэл хулганаа” нуун дарагдуулж, жоорлоод, “хуримтлал” үүсгэчих вий гэж хянах (Ленин “багш” “илүүдэл тариа будаагаа авчирч тушаагаагүй этгээдүүд бол ард түмний дайсан” гэж сургаснаар – Я.Д.), бас баригдсан хулгана дотор хар муурын барьсан хулгана орчих вий гэдэгт хатуу анхаарах гээд “үзэл суртлын асар их ач холбогдолтой ажил”-д өөрчлөлт гарахын дохио байв.

Одоо, хэзээ хойно, эргээд бодоход, субботник, шефийн тусламж, элдэв дайчилгаа... “туслах аж ахуй”-н ажил... тэр бүхэн бол мөлжлөг, харин СОНИН УНШЛАГА, БҮХ НИЙТИЙН ЛЕКЦ, УЛС ТӨРИЙН ДУГУЙЛАН, СОНСГОЛ, УХУУЛГА ЯРИА - энэ бүхэн бoл хүчирхийлэл, тархи угаалт (хэл нь загатнасан нэг хүний хэлснээр: “тархины маань үрчлээсийг тэнийтэл индүүдэж”...) төдийгүй НҮБ-аас 1948 онд баталж, дагаж мөрдөхийг гишүүн орнууддаа уриалсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын (ХЭТТ) заалтуудыг туйлын бүдүүлгээр зөрчсөн хэрэг байсан юм билээ л дээ: ХЭТТ-д хүн болж төрсөн л бол та хар, цагаан, шар, хөөрхөн муухай тэр хамаагүй, амьд явж, өмчтэй, шашинтай байж, санаснаа хэлэх, сонгох, сонгогдох, хүссэн газраа явах, үнэ төлбөргүй сурах... эрхтэй гэж заасан төдийгүй хүний ажлын цаг зөвхөн ажлын цагаар л хязгаарлагдана. Хүний чөлөөт цаг бол тэр хүний хэн ч халдашгүй “дархан өмч” гэж заасан байна лээ. Гэхдээ, үүнийг “бид мэддэггүй, мэдсэн нэг нь бидэнд хэлдэггүй”, биднээс бүр тас нуудаг байж дээ, хөөрхий. Хөдөлмөрчин, пролетари юм чинь, мэдээд хэрэггүй гэсэн үг. 

Ер нь, бидний аль “хүмүүжсэнийг” хэлэх вэ.  Жирийн ХҮН /гомосапиенс/ биш, “их багш” К.Марксын онолдсоноор Hom Marxist /марксист хүн – Я.Д./, “социалист шинэ хүн” буюу өмч, шашин, өөр үзэл суртал, өөр амьдрал, ер нь өөрсдөөсөө бусдыг үзэн ядаж, устгах, алах талахын дон шүглэсэн нэгэн ЗҮЙЛ амьтан. Б.Цэндоо, социализм бол хүмүүсийг хүн биш, амьтан мэт болгодог тогтоц гэсэн санаа хэлсэн байдаг. Тэгэхээр бид юуны өмнө эргээд ХҮН болох ёстой байх нь.  

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com