МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд УДБЭТ-ын тайзнаа тоглоно. Түүний амьдрал уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Та яваад хэдэн жилийн дараа Монголдоо ирж байгаа вэ?
-Бид анх 2005 онд Франц руу явсан. Болж өгвөл жилдээ ганц хоёр удаа Монголдоо ирэхийг хичээдэг. Одоо ирээд сар болж байна. Намайг дэмждэг хүмүүсийн ач, дэмээр тоглолтын бэлтгэлийнхээ 80 хувийг ганцаараа хийлээ. Гадаадын нэр хүндтэй дуучинг урьж тоглолтоо хийж байгаа учраас бүх зүйлийг нягт нямбай, алдаагүй, дараа нь харамсахааргүй, сайхан хийхээр зорьж байна. Ганцхан миний урилгаар ирж байгаа юм шиг боловч, цаана нь Монгол Улсын нэр хүнд байгаа шүү дээ. Тийм учраас бүх бэлтгэл ажлаа жигдлээд, үзүүштэй тоглолтыг ард түмэндээ хүргэхээр хичээж байна. Намайг дэмжиж надтай ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Францад хэрхэн амьдарч байв?
-Би 2012 онд хайртай ханиа алдсан. Тэр үе надад маш хүнд туссан юм. Заримдаа ч аргаа бараад дуугаа дуулж, юм бичих гэж оролдсон. Тэгээд хүүхдүүдтэйгээ цуг байгаа ч нэг л болж өгөөгүй. Сэтгэл зүйн хүнд нөхцөлөөс яаж гарах аргаа олдоггүй байлаа. Өөрийгөө яаж ялж, даван туулах талаар их боддог болсон. Дараа нь 2014 онд Парисийн Олон Улсын Хөгжмийн косерватори-д суралцахаар шийдэж, Лирисса Токсанелли багштайгаа танилцсан юм. Азаар энэ сургууль нас харгалздаггүй хэдтэй ч хүн сурч болдогоороо онцлог. Сургуульдаа сураад, дуугаа дуулж эхлэхэд миний сэтгэл санаа арай дээрдсэн.
-Монголдоо та хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарсан бэ?
-Бараг 2009 оноос хойш том хэмжээний тоглолт хийгээгүй. Дундуур нь урилгаар ганц нэг дуу дуулсан тохиолдол бий. Харин Парис болон Европын холбооны орнуудад олон тоглолт хийсэн. Харин одоо удаан хугацааны дараа эх орондоо тоглолтоо хийж байгаадаа баяртай байна.
-Та Парист амьдраад олон жил боллоо тэр үеийн Мягмарсүрэн өнөөдрийн Мягмарсүрэн хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Яаж өөрчлөгдсөнийг тоглолтоос харж болно шүү дээ. Ханиа алдахаас өмнө манайх гэдэг айл аз жаргалтай гэр бүл байлаа. Нөхөр маань байхад бид хоёр бүх зүйлээ төлөвлөдөг, хийх ажлууд маань бичээстэй байдаг байсан. Тэр төлөвлөгөөнд энэ тоглолт ч орсон байдаг. Урлагийн өлгий сайхан оронд амьдарч байгаагийнхаа үр шимийг гаргасан сайхан тоглолт Монголдоо хийнэ гэж ярьдаг байсан. Тэгэхээр энэ тоглолт манай гэр бүлийн мөрөөдөл гэж хэлж болно. Түүнийхээ хүслийг биелүүлж тоглолтоороо дамжуулан түүндээ сэтгэлийн өргөл өргөж байна. Үүний дараа ч бидний олон сайхан мөрөөдлүүд биелсээр байх болно. Хоёр жаахан хүүхэдтэйгээ үлдсэн болохоор тэдэндээ зөв үлгэр дуурайлал болж амьдрахыг хичээдэг. Хүүхдүүдээ харж хандахын хажуугаар сургуульдаа сурна, давхар багшийн ажлаа хийдэг. Мэдээж анхнаасаа дуурийн урлагт дурласан. Тиймээс түүнийгээ орхилгүй хөдөлмөрлөсөөр л явна.
-Өнөөдөр та 25 настай байсан бол юу хийх байсан бэ?
-Ер нь хүний амьдралаас сурах зүйл дуусдаггүй юм байна. Маш их байна. Би бол Монголын бүтээгдэхүүн. Гадаадад амьдрах хугацаанд гайхмаар зүйлүүд их байдаг. Тэнд амьдралын төлөө явж байгаа хүмүүс цаг наргүй ажиллаж байна. Бүх л цагт шинэ зүйлийг сурч мэдэхийг эрмэлздэг. Миний 25 настай байх үед нийгэм өөр байлаа. Одоо хэрвээ би 25 настай байсан бол мэдлэг, боловсролоо улам бататгаж, олон сайхан зүйлийг хийнэ. Гэхдээ надад өөрийгөө 25 настай биш, 30-тай, 40-тэй гэж гутрах зүйл байдаггүй. Өнөөдөр дэлхийн хаана ч залуу дуучин гэхээсээ илүү туршлагатай дуучдыг хүлээж авдаг. Одоо Францад 30 настай чадварлаг дуучдыг ч залуу байна сур гэж хэлдэг. Дахиад сураад ир болоогүй байна гэнэ л дээ. Жинхэнэ 50, 60 настай хүмүүсийг ид гоё дуулдаг насан дээрээ, ид сайхан, хоолойтой, өнгөнүүд нь жигдэрсэн, амьдрал, чадвар аль аль нь тэгширсэн нас гэж үздэг. Манай улс бол залуу хүн ам ихтэй учир энэ тал дээр өөр байр суурьтай байх нь ажиглагддаг.
-Та өөрийгөө ямар эмэгтэй гэж тодорхойлох вэ?
-Би багаасаа л аливаа юмыг хурдан сурдаг. Бусдад туслах дуртай. Аав ээжийгээ баярлуулах гэж их хичээдэг . Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийхийг хийчихдэг хүүхэд байлаа. Эцэг, эх маань биднийг багаас суурь сайтай өсгөсөн. Ямар ч зүйлийг гэгээлгээр хүлээж авдаг хүмүүс байдаг даа. Би яг тийм өөдрөг хүн. Аливаа зүйлд амархан шантардаггүй, сурна, хичээнэ, хийнэ, эргэн тойрондоо гэрэл гэгээ түгээнэ гэж явдаг. Энэ нь манай гэр бүлийн хүмүүжил. Үүнийх нь хүчинд өнөөдрийг хүртэл сайхан амьдарч байна гэж боддог. Хүн хийх ёстой, дуртай зүйлээ хийгээд түүнээсээ кайф авах шиг сайхан зүйл байхгүй шүү дээ. Хүмүүс гоё, сайхан зүйл бод. Бодол чин биеллээ олно гэж ярьдаг. Би дандаа сайн сайхан зүйл боддог. Болохгүй юм гэж хаана ч байхгүй. Хамгийн гол нь эхлээд төлөвшөөд сурчих. Харин дараа нь тэр сайхан зүйлээ бусдад түгээ гэж л хүүхдүүддээ зөвлөдөг.
-Цаашдын таны мөрөөдөл юу вэ?
-Энэ тоглолтоо олон театрт үзүүлнэ гэдэг мөрөөдөлтэй байгаа. Барууны орнуудад Дуурийн урлагийн үнэлэмж асар өндөр байдаг. Энэ нь тоглолтын тасалбарын эрэлтээс л мэдрэгддэг. Олон сарын өмнө тасалбар нь дуусдаг, олддоггүй. Тэндэхийн урлагийн сайхнаас Монголдоо авчирч үзүүлэхийг зорьж байна. Өнөөдөр бид хоёулаа байгаа ч дараа нэг өдөр Францаас бүтэн баг хамт олонтой ирэх ч юм бил үү. Хүн төлөвлөгөөтэй системтэйгээр ажлыг сэтгэлээсээ бодож мөрөөдөж хийвэл бүх зүйлийг хийж чадна л гэж хэлэх гээд байна. Өнөөдрийн хийж байгаа бүх зүйл минь миний дуулах чин хүслээс гарч байгаа үйлдэл юм.
-Танай хүүхдүүд урлагийн гэр бүлд өссөн. Хэр авьяастай вэ?
-Хүүхдүүд маань надад заадаг гэж хэлэхэд буруудахгүй байх. Заримдаа төгөлдөр хуурчтайгаа гэртээ бэлтгэл хийх үе гардаг. Кармен дуурийн ариг дуулахад дуудлагыг хүүхдүүд минь засч өгдөг. Зарим үед миний гаргаж чаддаггүй хоёрдугаар октавын Си нотыг хүү маань гаргаж чаддаг. Үүнийг хараад миний хөдөлмөрлөж байгаа нөлөө хүүхдүүдэд маань тусч байна гэж баярладаг. Бусдын л адилаар амьдарцгааж байна даа.
-Тоглолтоо хийгээд буцна гэж ярьсан. Ер нь Монголдоо хэзээ ирж амьдрах төлөвлөгөө байна?
-Хоёр хүү минь Францад боловсрол эзэмшиж байгаа. Энэ бол аавынх нь шийдвэр байсан. Францад хүүхдүүдээ боловсрол эзэмшүүлэх нь тэр хүний чин хүсэл юм. Надад хэцүү байсан ч хүслийг нь гүйцээх гэж зорьж яваа. Монголдоо ирвэл илүү хялбар байлгүй яахав. Гэхдээ нэгэнт аав нь мэдээд зорьсон замыг би дураараа няцааж болохгүй гэж боддог. Эх орон маань сайхан байна. Бидэнд өөрийн гэсэн авьяаслаг, чадварлаг эрдэнэсүүд зөндөө байгаа. Үүнийг дэлхийд гаргаж өгөх хэрэгтэй. Өнөөдөр “The Hu” хамтлаг дэлхийг доргиож байна. Тэднээр Монголчууд бахархаж байгаа бас өндөр амжилтыг хүсмээр байна. Гадаадынхан Монголыг сайхнаар хүлээж авдаг. Нартайгаа, тэнгэртэйгээ ойрхон амьдардаг манай ард түмэн сайхан амьдрахгүй гээд яах билээ.