Бүтээсэн дүрүүд нь үзэгчдийн хайр талархлыг хүлээж хэзээ ч мартагддаггүй атлаа өнөөдөр мартагдах шахаж байгаа жүжигчин бол Алексей Макарович Смирнов.Түүнийг “Тулаанд зөвхөн хашрууд ниснэ”,“Ы ажиллагаа буюу Шурикийн шинэ адал явдлууд” киноноос манай үзэгчид андахгүй. Тэрээр уг нь Оросын зөөлөн тоглоомын өлгий болсон, үргэлжийн баяр баясгалан ундарч байдаг Данилов хотод төрсөн ч амьдралд нь баяр баясгалан төдий л байсангүй.
Октябрийн хувьсгалын дараа
Жүжигчин Смирнов 1920 оны өвөл дуусч байхад хоёрдугаар сарын 28-ны өдөр мэндэлжээ. Уг нь тэднийх хувьсгалын өмнө шаазан үйлдвэрлэдэг тансаг айл байж. Харин хувьсгалын дараа нийтийн байранд амьдарч байсан нь хожмоо жүжигчний насан турш амьдрах байр нь болсон гэдэг. Дайны баатар, нэрт жүжигчин насан туршдаа тэр л хоршооллын байранд амьдарч байж.
Эцэг нь урвагчаар цоллуулан эрт нас барж эх нь хүүхдүүдээ тэжээх гэж олдсон ажил бүрийг л хийж байсан ч амьдралд нь хүрэлцэхгүй байлаа. Өлсгөлөн Лёша жүжгийн дугуйланд орж эмгэнэлт, инээдмийн гээд янз бүрийн л дүрд тоглодог болсон байна. Дугуйлангийн багш нь “Чамд авьяас байна, цаашид суралцах хэрэгтэй” гэж хэлж байжээ.
Тэр өөрөө ч үүндээ итгэлтэй байсан ч эх нь болохооор хүүгээ илүү найдвартай мэргэжил эзэмшүүлэх гэж бодож байжээ.Тэр “Алиалагч бол алиалагч л байдаг” гэдэг байсан гэдэг. Гэсэн ч хүү арай л циркт биш, театрын хошин мюзиклын студид орсон байна. Үүнийгээ ч амжилттай сурч тайзан дээр анх гарч “Роз-Мари” мюзиклын Хар Бүргэд нэртэй баатрын дүрд тогложээ.
Удалгүй тэр Лида Маслова гэдэг бүсгүйд хайртай болж хурим хийн, амьдрал эхэлсэн байна. Энэ үед тэрээр архи ч амсдаггүй, сайн нөхөр, сайхан гэр бүл байлаа. 1940 оны аравдугаар сард түүнийг Ажилчин тариачны улаан армид татах нь тэр. “Чи намайг хүлээх үү” гэж залууг асуухад “Мэдээж шүү дээ, Лёша, би чамд хайртай” гэсэн байна. Смирнов ч “Хоёр жилийн дараа гэхэд л эргээд ирнэ” гэсэн байна. Харамсалтай нь жилийн дараа Эх орны дайн эхлэх нь тэр.
Гвардын түрүүч Алексей Смирнов эхлээд химийн зааварлагчаар ажилласан ч тун удалгүй буудлагын салааны захирагч болжээ. Эх орны цэргийг шагналд тодорхойлсон хуудаснаа “Дайсны ар талд явж, дайсныг устгасан...” “Нөхдөө уриалан тулаанд эхний эгнээнд орж, дайсны дайралтыг няцаасан....” гэсэн мөрүүд бий.
Тулаанд ингэж шалгарч хэд хэдэн одон медалийн эзэн болсны зэрэгцээ тэрээр дайны жилүүдэд тулалдааны чөлөө заваар дайчин нөхдөдөө уран бүтээлээ толилуулан хэдэн арван тоглолт хийж байжээ. Чухам түүний туулж ирсэн амьдралын нэг хэсэг нь “Тулаанд зөвхөн хашрууд ниснэ” гэдэг кинон дээр хошууч Титаренкогийн дүрээр гардаг.
1945 оны нэгдүгээр сард дэлбэрэлтийн долгионд өртөж хүнд шархадсан байна. Эмч ч түүнийг цаашид эмэгтэйчүүдтэй хувь заяагаа холбоход хүнд боллоо, ер нь сайн биш шүү гэж илэн далангүй хэлжээ. Дайнаас “Эр зоригийн төлөө” медаль, Алдрын одон, Эх орны дайны нэгдүгээр зэргийн одонтой эргэн ирсэн Алексей Смирнов өөрийн жүжигчний гараагаа эхэлсэн хошин хөгжмийн театртаа орсон байна.Тэрээр бүхий л хүчээ дайны хүндийг туулж, хүнд хөдөлмөрт нухлагдсан ээждээ туслахад зориулж байлаа.
“Бид хамт байж болохгүй....”
Энэ үгийг Алексей Смирнов өөрийг нь таван жил хүлээсэн Лида Масловад хэлэхээс аргагүй байлаа. “Яагаад. Яасан...” гэж бүр 1940 оны аравдугаар сараас түүнийг хүлээсэн бүсгүй гайхан асуусан ч тэр тодорхой тайлбарлахаасаа зайлсхийгээд өнгөрөөсөн байна. Тэрээр ээжтэйгээ хамт өнөө л хоршооллын байрандаа ядмагхан амьдарч театртаа эстрадад тоглож байлаа.
Кино түүнийг алдаршуулсан
Тэр эхлээд Николай Орловын “Тортог” кинонд тоглож дэлгэцийн уртлагт хөл тавьсан бол дараа нь “Ер бусын аялал” кинонд тоглолоо. Удалгүй Александр Роугийн “Диканькагийн ойролцоох гацаан дахь үдэшлэг” кинонд казакуудын атаманд тоглов.Түүний хувьд олонх жүжигчдийн карьер өндөрлөж байдаг 40 наснаасаа хойш л сая алдаршсан байна.
Гайдайтай учирсан нь
Леонид Гайдай анх түүнийг “Ажил хэрэгч хүмүүс” кинондоо урьжээ.Удаа ч үгүй байхад түүнийг “Ы ажиллагаа, Шурикийн шинэ адал явлууд” киноны Федягийн дүрд тоглуулсан нь зөвлөлтийн үеийн нийтлэг дүр болсноос үзэгчдийн сэтгэлд хоногшсон байна. “Хэн ажиллахгүй байна, тэр идэхгүй” гэсэн түүний үг өнөөдөр ч индээмтэй хэвээр. Тэр үедээ инээдэмтэйгээс гадна хөгжилтэй дүр байлаа. Үнэхээр амьдралд байдаг ууж согтуурдаг нэгэн залуу эрийн дүрийг сэтгэлд хоногштол гаргасан ч тэр өөрөө тэр цагт соёлтой, японы яруу найргаас унших дуртай жентельмэн байсан гэдэг.
Онгоцны техникч Макарыч
Тэгээд ч магадгүй найруулагч Леонид Быков түүнийг “Тулаанд зөвхөн хашрууд ниснэ” киноныхоо баатарлаг нисэгчдээ тулаанд үдэж, онгоцон дээр нь таван хошуу зурж байдаг механикчийн дүрд урьсан байх. Механикчийн нэрийг хүртэл өөрийнх нь овгоор Макарыч хэмээн нэрлэсэн гэдэг. Энд жүжигчин жинхэнэ хээгүй, гүндүүгүй атлаа жинхэнэ эр хүний дүрийг сэтгэлээс гарамгүй дүрсэлсэн нь тэр. Хэн бүхний төсөөлдгөөр “архичин, танхай” түүнийг ийм уянгалаг дүр бүтээнэ гэж огт санаагүй гэдэг.
Уран сайхны зөвлөлийнхөн яг ингэж хэлэхэд найруулагч Леонид Быков түүнийг зөвхөн архичны дүрд тоглосноос гадна 1968 онд “Тагнуулчид” киноны тогооч цэрэг Вася Сигаевын дүрд тоглосныг дурдан байж зөвшөөрүүлсэн гэдэг. Үнэхээр тэр энэ дүрийг хэний ч сэтгэлд хоногшихоор гаргажээ. Мэдээж түүнийг энэ дүрийг бүтээхэд авьяасаас гадна дайны дөрвөн жилийг туулсан зүрх сэтгэл нь нөлөөлсөн байж таараа. Быков түүнд “Лёня, дахин авахгүй шүү, дубль байхгүй, Хоёр дахиа бол би шууд үхнэ” гэсэн, Смирнов ч дубльгүй тоглосон тэр кадрууд нь өнөө ч үзэгчдийг бишрүүлсээр. Алексей Макарович ч “Би өөрийнхөө жинхэнэ найруулагчийг ямар хожуу олов оо” гэсэн байдаг.
Тэр найруулагч Быковтой дараа нь “Туулайхан” инээдмийн кинонд нь бас хамтран ажилласан байна.
Тэрээр дайны сэдэвт кинонд жинхэнэ баатар, амьдрал дээр ч фронтын дайчин байсан атлаа дайны хүнд жилүүдийн тухай ярих тун дургүй нэгэн байжээ. Ялалтын баярын босгон дээр сэтгүүлчид түүнтэй уулзахад жүжигчин энэ тухай ярих хэцүү хэмээн аятайхан татгалздаг байсэн гэдэг.
Дахиад хувийн амьдрал
Тэр насан туршдаа ажил, гэр хоёрын дунд явж, ард нь ээж нь хүлээж байдаг байлаа. Ойрынхон нь ээжийг нь асрамжийн газарт өгсөн ч тэр ээжийгээ боломж гармагц л цэцэг барин эргэж очдог байж. Ингэж байгаад тэр нэгэнтээ хөдөөнөөс орж ирсэн, өөрөөсөө олон дүү нэг бүсгүйтэй танилцахад ээж нь гэртээ байсан үе. Ээж нь “Энэ эмэгтэй надад таалагдахгүй байна. Түүнд чиний мөнгө, орон сууц л хэрэгтэй байх. Чи харахгүй байна уу” гэсэн байна.
Тэр ээждээ үнэхээр гомдсон байна. Гэхдээ тэр шинэ бүсгүйдээ “би хүүхэдтэй болж чадахгүй” гэдгээ шууд л хэлсэн байна. Уг нь насан туршдаа инээдэмтэй төрхөөрөө хүүхдэд хайрлагдаж, өөрөө ч хүүхдүүдийг харан баясч инээмсэглэж явдаг тэр хүүхдийг үнэхээр хүсч байлаа. Харамсалтай нь дайны үеийн шархнаас болоод тэр хүүхэдтэй болж чадаагүй. Тэр хүүхэд үрчлэн авахыг хүсч байсан ч өнөөх “архичин танхай эрийн” дүрээс нь болоод зөвшөөрөөгүй гэдэг.
Ингээд л ганц бие, тийм ч залуу биш, тэгээд бас “зөвлөлтийн хог шаарын дүр” бүтээгч тэрээр гутарч архитай нөхөрлөж эхэлж. Ээжийгээ ахмадуудын асрамжийн газарт өгсний дараанаас л гэрээ архичидтай нөхөрлөж, хэнд ч гэсэн хаалга нь нээлттэй байдаг болжээ.
Быковын... Смирновын үхэл
Найруулагч Леонид Быков зүрхний шигдээс болж эмнэлэгт хэвтсэн Алексей Смирновыг эргэн ирсэн гэдэг. Түүнээс хойш удалгүй өөрийн Газ-24-тэй явж байгаад өмнөө явсан “Беларусь” тракторыг гүйцэж түрүүлэх гээд 90 км/цагийн хурдаар эсрэг урсгалд ороход өөдөөс нь Газ-53 машин гарч ирж. Түүнээс зайлсхийхийн нь тулд дахиад зүүн тийшээ дарж тал руу гарах гэтэл мод... Ингээд л Титаренко буцаад баруун тийшээ дартал Газ-53 баруун талаас нь мөргөж. Волга 30 метр шидэгдэх нь тэр. Түүний биед ямар нэгэн шарх гэмтэл байгаагүй зөвхөн зүрх нь л хаагдсан байжээ.
Ялалтын баярын өмнөхөн эмнэлгээс гарах гэж байсан Алексей Смирнов өөрийг нь эмчилж эдгэрүүлсэн эмч сувилагч нарт талархаж байхад хэн нэгэн нь шил коньяк авчирч өгсөн байна. Тэгээд ч тэрээр өөрийн “жинхэнэ найруулагч” Леонид Быковын байхгүй болсныг дуулсан байлаа. Нэг үгээр хэлэхэд Смирновыг эмнэлгээс гарлаа гэхэд ойр дотнын хүн байхгүй юм шиг санагдаж өнөөх бэлгийн коньякийг шууд залгилсан байна. Ингээд эмнэлгийнхээ орон дээр цааш харан хэвтээд тэр чигтээ нас барсан гэдэг.