Улс орноо хамгаалах дүрэмт хувцастай олон дүр бүтээсэн Оросын жүжигчин Михаил Порченковтой “АиФ” сонины сурвалжлагч Ольга Шаблинская ярилцжээ. Гэхдээ тэр энэ удаа урлагийн тухай, уран бүтээлийнхээ тухай ярьсангүй, харин эх оронч үзэл, өнөөгийн залуу үеийнхний үзэл бодол, нийгмийн хандлагын тухай ярьсан байна.
-Михаил, өөрөө “Бүгдийн эсрэг ганцаар” цуврал кинонд эрүүгийн эрэн сурвалжлахын дарга муу бүхэнтэй ганцаар тэмцэж байгаа дүрд тоглосон. Гэхдээ “Ганц хүн тулааны талбарт дайчин биш, баатрууд гурвуулаа явдаг” гэсэн оросын зүйр үг байдаг шүү дээ.
-Тэр хүн орос хүн л бол тулааны талбарт тэр дайчин гэсэн үг. Манай түүхэнд ийм жишээ түм бум бий. Энэ бол эх оронч үзэл, ёс суртахуун, харамсалтай нь энэ бүгд өнөөдөр хог шаар болж байна. Гэхдээ та энэ газар шороон дээр төрж, явж л байгаа бол хайрлах ёстой. Үгүй ядахдаа хүндэтгэ. Хэрэв чи түүнийг нулимж, хөлөө дэвсэлж байгаа бол хариуд нь юу хүсэх юм. Бүхий л цаг үед ингэж хайр найргүй хандах хэрэггүй. Ажилдаа шударга ханд л даа. Хүүхдээ өсгө, хулгай бүү хий. Энэ бол энгийн жишээ, маш энгийн жишээ. Өнөө мөрдөж байгаа хууль дүрмийг дага, мөрд. “Би эх оронч биш” гэж хэлж байгаа залуугаас би “Чи тамхиа ханан дээрээ дарж унтраагаад тамхиныхаа ишийг гэрийнхээ хаа дуртай газар хаядаг уу” гэж асуусан. Гэтэл тэр “Үгүй ээ манайх зарчимч айл” гэж байна. Тэгэхээр нь би “За тэр, чиний эх оронч чинь-чиний гэр. Чи түүнд амьдарч байна. Гэтэл чи гудамжинд хогоо зүгээр хаячхаж байна. Чам руу хог шидчихвэл ямар байх вэ” гэсэн. Эх оронч байхын тул төрийн далбаа бариад гүйх шаардлагагүй. Зүгээр хогоо хогийн саванд хийчих. Орчноо цэвэрлэчих. Өөрийнхөө гэр, гудамж, дүүргээ эмх цэгцтэй болгоод дараа нь эх орноо “цэвэрлэ”. Энэ бол бүгдэд, Төрийн Думын гишүүд, бүхий л албан тушаалтанд хамаатай. Ийм “цэвэрлэгээг” сэтгэлээрээ хийх. Бид мөнхөд л сэтгэл зүрхээрээ амьдарч ирсэн шүү дээ.
-Яагаад баатрууд гурвуулаа явдаг гэдэг юм бол. Тэд сул дорой болоод тэр үү?
-Гурав гэдэг чинь Оросын ариун нандин тоо. Гэгээн гурвал. Энэ гурвал бол дийлдэшгүй хүч. Чи үнэхээр итгэл үнэмшилтэй бол, үнэхээр аугаа дайчин болж чадна. Чамтай адил бодож сэтгэж байгаа хүн чиний хүч чадлыг хэд дахин өсгөж өгнө. Ийм болохоор Оросын хувьд гурав гэдэг нь хангалттай хүч. Татар-монголын довтолгооны үеэр “бууж өг” гэхэд гурван баатар “Бид гурав бол бүхэл бүтэн арми” гэж хариулдаг шог яриаг санаж байна уу. Тэгэхээр гурав гэдэг бол арми. Гурвуулаа байхад юу ч хийж болно. Хүмүүс намайг уучлах биз, юутай ч би гурвуулаа гэдгийг ямагт санаж явдаг.
“Бид өөр хүмүүс!”
-Өнөөдөр улс орны хүн ам зүйн нөхцөлийг сайжруулах талаар их ярьдаг боллоо. Та бол олон хүүхэдтэй аав. Яагаад бүгд л салж сарних, хүүхэд гаргахгүй тухай ярьдаг болчхов, та юу гэж бодож байна?
-Бүх зүйл оюун санаан дээр л тулгуурладаг шүү дээ. Өөрөө бүх зүйлийг мөнгөний нүдээр хардаг бол ямар гэр бүл болох вэ. Бүх зүйл суурь хүмүүжил, сонирхлоос л шалтгаална. Урьд бол сүмд юм уу, албан ажил дээрээ л хэн нэгэнтэй уулздаг байлаа. Одоо хаа л бол хаана сайхан бүсгүй, аятайхан залуутай танилцаж болно. Ямар ч асуудал байхгүй. Залуучууд өглөөнөөс орой болтол гар утас барин сууж, ямар ч сонирхол, эрмэлзэл, хүсэл бодол байхгүй болж. Тэд Википеди нээгээд л бүхний хариуг хэлж чадна, тэгээд түүнийгээ би бүхнийг чадаж байна, амьдарч чадна гэж боддог. Юуг сонирхож сонгож байна гээч... Уруулаа зузаан болгож засуулсан, хөхөндөө силикон шахуулсан бүсгүй л жинхэнэ мөрөөдлийн бүсгүй гээд л... Тэгээд түүнтэй юу хийх вэ? Зүгээр л зогсоод, бие биенийхээ нүд рүү харж, яриад л... Үүнд л хамаг учир байна.
-Зохиолч Татьяна Устинова эмэгтэйчүүдийн тархи ердөө л “шулмын шингэнээр дүүрч” гэж хэлсэн байдаг?
-Үнэхээр тийм. Би ямар ч тохиолдолд өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаггүй. Харин сайн сайхан амьдралын хэв маяг, түүх баруунаас орж ирсэн. Асар богино хугацаанд бас тэндхийн хамаг муу муухай бүхнийг өөрсдөдөө шингээж чадлаа. Одоо алтан цаг, очир алмааз, ганган чамин хувцас, тансаг машин гээд л залуусын сонирхлын хүрээ зогсч байна. Дотоод ертөнцийн тухай ярих юм байхгүй. Ийм хүмүүс бат бэх гэр бүл, хүүхэд, нөхөрсөг байдлын тухай бодох уу. Барууны хэв маягийг шүтэгчид зүгээр л “Эрх чөлөө, эрх чөлөө...” гэж хашхирч байна. Харин В.Высоцкий “Өчигдөр надад эрх чөлөө олголоо. Одоо би юу хийх билээ?” гэж хэлсэн байдаг. Барууны энэ хэв маяг, соёл бидний амьдралын бүхий л хүрээнд нэвтэрч байна. Гэхдээ бид бол өөр хүмүүс. Энэ бүхнийг юу гэж ойлгох вэ. Оросууд бид аливаад тэвчээртэй хандаж чаддаг улс. Залуус минь та нарын яриад байгаа эрх чөлөө гэдэг чинь бүхнийг хийж болно гэсэн үг биш. Яагаад өөр үзэл бодлыг хүлээн авахгүй харин ч биднийг сургаж хүмүүжүүлэх гээд байгаа юм. Надад өөрийнхөөрөө байх тийм зам боломж үлдээ л дээ. Магадгүй 20 жилийн дараа гэхэд бид ижил хүйстнүүдийг хэвийн үзэгдэл гэдэг ч болох юм бил үү. “Үнэхээр тийм” гэж хариулж байна уу. НАТО-гийн 470 бааз бидний эргэн тойронд байж байна. Бид удаан хугацаагаар тэвчиж, дуугүй суусан, гэвч бид шанаа өгч болно шүү дээ. Ээж минь надад “Би багадаа Боня гээд нэг нохойтой үргэлж л түүнийгээ дагуулаад Боня Боня гээд явдаг байсан. Нэг удаа сүүлэн дээр нь гишгичихсэн чинь намайг хазчихаж билээ” гэсэн. Яг л түүн шиг одоо үргэлж л Крым Крым гэцгээх юм. Яах юм бэ. Тэртэй тэргүй биднийх шүү дээ.
Улс орондоо, хууль ёсоор сонгосон Ерөнхийлөгчдөө ингэж ханддаг бүдүүлэг хандлагыг хэдий болтол тэвчих юм бэ. Тэр сайн ч бай, муу ч бай одоо ямар хамаатай юм. Бид л түүний төлөө саналаа өгч, түүнийг сонгоо биз дээ. Тэгэхээр тэр бол бидний, манай ерөнхийлөгч. Өөрсдөө л хичээ, тэр цагт бид зорилгодоо хүрнэ. Уурлаж бухимдахын оронд “Гурвууул” хүчээ нэгтгэе л дээ.
-Гэхдээ улс төрийн мэдээ харах тутам ингээд л барууныхантай муудалцаад дайсагналцаад байх нь нэг л эвгүй...?
-Бүх зүйл хэвийн болно гэдэгт би итгэдэг. Бүх зүйл өөр өөрийн байрандаа орно. Хэвийн хүмүүс бол тайван амьдрахыг хүсч байна шүү дээ. Бүгдэд, агаар, орон зай хүрэлцээтэй байна. Дээр нь оршин амьдарч байгаа дэлхий минь “баяртай” гээд хэлчхээгүй байгаа дээр харин экологийн талаар л бодох хэрэгтэй. Ер нь яагаад бидэнтэй арсалдаад байдаг юм. Бидэнтэй зүгээр ярьж болно шүү дээ, бид чинь найрсаг, зочломтгой ард түмэн шүү дээ.
Михаил Пореченковын үзэл бодол
Жүжигчин Михаил Пореченков 2014 оны гуравдугаар сарын 11-нд Крымын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бодлогыг дэмжихийг хүссэн илгээлтийг Оросын соёлын зүтгэлтнүүдэд илгээж байсан юм.
2014 оны аравдугаар сард тэрбээр өөрийгөө Донецкийн бүгд найрамдах улс гэж тунхаглаад байгаа улсад хүрэлцэн очиж Украинд үзүүлэхийг хориглоод байсан “Поддубный” киногоо үзүүлсэн. Тэр бас Донецкийн нисэх буудалд байрлаж байгаа тус бүгд найрамдах улсын цэргүүд дээр очиж “Утёс” пулемётоор Украины цэргийн байрлал руу хэдэнтээ буудсан. Үүнийх нь төлөө Украины эрх баригчид түүнд эчнээгээр эрүүгийн хэрэг үүсгэж байлаа. Пулемётоор буудах үедээ тэрбээр дуулган дээрээ “Пресса” гэж бичсэнийх нь төлөө Оросын сэтгүүлчдийн нийгэмлэг дургуйцлээ илэрхийлсэн юм.
Харин Украины киноны хэрэг эрхэлсэн агентлаг Михаил Пореченковын тоглосон 69 киног украинд үзүүлэхийг 2014 оны арваннэгдүгээр сард хориглосон байна.
2014 оны арваннэгдүгээр сард Донецкийн бүгд найрамдах улс М.Пореченковт “Ардын жүжигчин” цол олгосон гэдэг ч жүжигчин өөрөө үүнийг няцааж, ямар ч албан ёсны баримт бичиг үнэмлэх өгөөгүй гэдэг. Түүнийг ийн пулемётоор буудсаных нь төлөө Латви улс орондоо нэвтрүүлэхгүй иргэдийн жагсаалтад оруулсан байна.
Украины Аюулгүйн зөвлөл жүжигчин М.Пореченковыг өөрийн үйлдлээрээ украины үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа урлагийн зүтгэлтнүүдийн жагсаалтад 2015 оны наймдугаар сард оруулжээ.