“Матрикс” салоны захирал, үсчин Н.Батжаргалтай ярилцлаа.
-Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг байдаг. Харин таны хэлэх дуртай үг?
-Гоё харагдъя. Олон үгээр яах юм, энэ үгэнд бүгд багтана.
-Өөрийнхөө юугаар бахархдаг вэ?
-Бахархах юм зөндөө байна шүү дээ. Салбартаа гэж ярья л даа, хамгийн олон салбарыг үүсгэлээ, хамгийн олон шоуг хийлээ, хамгийн олон мэргэжилтнийг бэлтгэлээ. Хамгийн өндөр үнэлгээтэй үсчдийг бэлтгэлээ гээд бидэнд бахархах зүйлс олон бий. Одоо “Матрикс” дараагийн түвшинд шилжих насанд хүрлээ. Жинхэнэ уран бүтээлч бизнесийг хийе гэж зорьж байна.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд бизнесийн удирдлагаар сурсан.
-Үсчин болох шалтгаан нь юу байв?
-Аль дунд сургуульд сурч байхаасаа үсчин болох сонирхолтой байсан. Эмэгтэй хүнийг гоё байхад дуртай, гоё байлгахыг хүсдэг болохоор тэр хүсэлдээ хөтлөгдөөд үсчин болсон.
-Өөрийн чинь амьдралд байдаг гоё зүйлсүүд юу вэ?
-Зөндөө зөндөө. Зүгээр ингээд ярилцлага өгөөд сууж байгаа маань хүртэл гоё. Бүх зүйлс гоё, амьдрал өөрөө гоё. Өвчингүй эрүүл саруул байгаа нь хамгийн гоё.
-Бизнесээ хэдэн хувийг нь бүтээлч ажил, хэдэн хувийг нь бизнес гэж харж байна?
-Зуун хувь бүтээл, 100 хувь бизнес гэж хардаг. Зөвхөн бүтээл гэж бодоод үүнийхээ төлөө бүх юмаа зориулчихвал өсч хөгжих тэлэх бизнес тал нь орхигдоно.
-Хүмүүсийн нийтлэг хэмжигдэхүүн 100 хувь байдаг. Харин таных 200 хувь юмаа даа?
-Тийм шүү 100 хувь арай багадаад байна. (инээв) Зуун хувиас давсан мэдрэмж гоё шүү дээ. Уран бүтээлийн салбар бүрт 100-гаас давсан мэдрэмж байгаа.
-Хүн бүхэн тан шиг ажил, хобби, бизнесээ нэг байлгамаар байдаг. Яаж ийм байлгах вэ?
-Энэ бүхнээ нэг байлгахын тулд хүн тууштай байх ёстой гэж боддог. Ер нь хүн өөрийгөө ойлгоод таньж мэдээд ирэхээрээ дуртай зүйлээ олно. Дуртай зүйлээ олсон бол тууштай л байх хэрэгтэй. Жишээ нь би ажилдаа маш их дуртай. Миний ажил бол эрх чөлөөний бизнес.
-Танд өөр ямар чадварууд байгаа вэ?
-Шинээр нээсэн сүрхий чадвар байхгүй ээ. Гэхдээ хоолыг бол сайн хийнэ шүү. Хүмүүстэй гоё харилцаа үүсгэж чаддаг, уйдаадаггүй. Бас дуулах дуртай.
-Ажлаас бусад цагаараа юу хийдэг вэ?
-Ууланд алхдаг. Сноубоардаар гулгах дуртай. Гитар тоглодог байсан. Цаашдаа төгөлдөр хуур сонирхож үзье гэж бодож байгаа.
-Матриксийн Баачкагаар үс засалт заалгахыг залуус их хүсдэг юм байна лээ. Шавь нараа ямар мэргэжилтэн болгохыг хичээж байна вэ?
-Үсчин болохоосоо өмнө “дотортой хүн” болоосой гэж хүсдэг. Дотортой хүн гэдэг нь хүнийг ойлгодог, мэдэрдэг хүнд муухайгаар ханддаггүй хүнийг л хэлнэ дээ.
-Олон хүнд зааж сургасан уу?
-Одоо манайх дөрвөн салбарт 60, 70 хүн ажиллаж байна. Биеэ даагаад тусдаа гарсан хүн бас олон.
-Үс засахдаа ямар зарчмаар ажилладаг вэ?
-Тэр хүний төлөө чаддаг бүхнээ л зориулах ёстой. Тэгээд л боллоо. Түүнийг маань мэдэрч байгаа хүн өөр байдаг. Үйлчлүүлэгч үсчнээр гуйж үсээ засуулж байгаа юм шиг байж болохгүй. Хэчнээн үсийг нь гоё зассан ч ямар ч ойлголцол төрөхгүй бол кайфгүй. Үсчний чадварын бараг ихэнх хувьд харилцаа ордог. Үс засна гэдэг хүний сэтгэлийг ч бас засдаг ажил.
-Өөрөө энгийн л байя гэдэг зарчимтай юм уу угаасаа энгийн хүн үү?
-Угаасаа л энгийн шүү дээ. Хэт хичээх, худлаа байх, дүр эсгэхэд дургүй.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг. Манай гэр бүл маш тайван амгалан айл. Эхнэр маань охидынхоо хүмүүжилд анхаардаг, гэрийн сайн эзэгтэй. Манай охидын том нь 10, нөгөө нь гуравдугаар ангид сурдаг.
-Таныг хөглөж байдаг хамгийн том мөрөөдөл чинь юу вэ?
-Компаниа л гоё зөв авч явъя гэж боддог.
-Үс засахдаа өөрийнхөө санааг түлхүү оруулдаг уу, үйлчлүүлэгчийнхээ хүслийг сонсч хийдэг үү? Зарим хүмүүс “яг л ийм баймаар байна” гээд байдаг даа?
-Үнэхээр яг л ийм баймаар байна гэвэл яг л тийм байхаар хийнэ. (инээв) Өөрийгөө олчихсон хүмүүс бол яг л ийм байлгамаар байна гэдгээ тов тодорхой хүсдэг. Тиймээс би түүнд нь хүртэл гүйцэтгэл хийнэ. Ийм үед өөрчлөлтөөс биш яг хүсэлд нь хүргэж чадсанаасаа кайф авна. Зарим хүн үсээ шууд даатгавал өөрийнхөө санааг гүйцэт хийнэ.
-Та өөрийн нэг удаагийн үс засалтын өртгөнд юуг шингээдэг вэ?
-Бүгдийг шингээдэг. Сэтгэл зүрх, ур ухаан, туршлага гээд л.
-Танай салоны бусадтай өрсөлдөх давуу тал нь юу вэ?
-Зөв үйлчилгээ, зөв харилцаа, ур чадвар. Бид нийгэмд шинэ соёлыг түгээж байгаа гэж боддог.
-Таны ажил авьяас гэхээсээ илүү ур чадвар шаарддаг. Ур чадвар гэж таныхаар юу вэ, яаж бий болгох вэ?
-Бид өдөр болгон суралцдаг. Үсний өнгө нүүрэнд хэрхэн гэрэл, сүүдэр өгдөг вэ гэх зэргээр байнга суралцана. Авьяас бол бага зэргийн мэдрэмж. Түүнийгээ тордож ур чадвар болгон хөгжүүлж байж амжилтад хүрдэг.
-Таны чадвар гар, нүд, тархины алинд нь байдаг вэ?
-Бүгдэд нь. Бүх зүйл зэрэг ажиллаж байх хэрэгтэй.
-Та үс засах урлагт ямар “школ” буюу дэг сургуулийг бий болгож байгаа вэ?
-Өөрийнхөө школыг. Зөвхөн бидний хийдэг, өөр салонд хийдэггүй үйлчилгээ олон байгаа. Бас холливуд, бөртэ ороолт гэх мэтийн зөвхөн бидний хийдэг, өөр салонд хийдэггүй үйлчилгээ байгаа. Үйлчилгээний салбарт энэ арга барилуудыг оруулж байж Монголд үсний шинэ шинэ загвар хэв маягууд гарах боломжтой.
-Та ажлынхаа аль хэсэгт нь илүү дуртай вэ, тайралт, будалт, гоёлын засалт гэх мэт...?
-Эмэгтэй үс засалтын бүх үйлчилгээг хийх дуртай. Ер нь хийж байгаа бүх зүйлээсээ л кайф авдаг.
-Энэ салбарт өөр ямар чиглэлээр ажилладаг вэ?
-Би стил бүрдүүлэх дуртай, маш кайфтай ажил. Цаг зав муутай байдгаас цөөн л хийдэг болохоос. “Чоно хамтлаг”, “Гурван охин”, “Sweetymotion”, дуучин Т.Ариунаа гэх мэт хүмүүсийн стил дээр ажиллаж байсан.
-Хүний үс эзнийхээ тухай юу өгүүлдэг вэ?
-Зарим нь хөөрхий гомдчихсон явдаг. Хүн өөрийнхөө үсийг хэзээ ч ойлгож мэддэггүй.
-Үйлчлүүлэгч чинь сэтгэл дүүрэн эсвэл сэтгэл дундуур байгаа байдлыг хэрхэн мэддэг вэ?
-Түүнийг шууд л мэдэрдэг. Тэгээд дараагийн боломж сонголтыг санал болгодог. Миний чадвар хүрээгүй байж болно. Би алдаагаа хүлээн зөвшөөрдөг.
-Үс засахад юу хамгийн чухал вэ?
Мэдрэмж. Бас дээрээс нь боловсрол хэрэгтэй.
-Та салбарынхаа төлөө юу хийж байгаа вэ?
-Энэ салбар нэр хүндтэй салбар байх ёстой. Үүний төлөө л зорьж ажилладаг. Мөнгө олохын төлөө биш салбарын, боловсон хүчний, ажлын байрны стандартыг бий болгохыг зорьж байна. Үсчид бол гоо сайхны салбарын нэр хүндийг өндөрт авч явах ёстой. Үсчин хүний тэргүүнтэй ажилладаг хүндлэлтэй мэргэжилтэн шүү дээ.
-“Матрикс” гэх өвөрмөц нэрнээс болоод Бачкаг этгээд хүн гэж төсөөлдөг. Үс засахдаа цагаан сорочиктой л байх юм. Таны стил?
-Би их энгийн хүн шүү дээ. Бүх зүйлийг хялбар бас зохицсон байх ёстой л гэж үздэг. Ажлын байрандаа подволк өмсдөггүй. Учир нь би мэргэжлийн үсчин. Үйлчлүүлэгчээ хүндлэх ёстой. Гудамжны стил бидэнд байх ёсгүй.
-Эмэгтэй хүн таныхаар дандаа гоё харагдах ёстой юм байна тийм үү?
-Тийм маш гоё байх ёстой. Эмэгтэйлэг ялдамхан байх ёстой. Дээр нь сэргэлэн цовоо зан эмэгтэй хүнийг улам гоё харагдуулдаг.
-Тэгвэл эрэгтэй хүн ямар байх ёстой вэ?
Шулуун шударга, бас өөрийгөө олчихсон, ажил мэргэжилдээ дуртай байвал тэр жинхэнэ эр хүн мөн.
-Эрэгтэй хүнд байх ёстой чухал чанаруудаас Бачкад юу юу байгаа бол?
-Надад худлаа зан байдаггүй. Найзынхаа төлөө сэтгэл гаргаж чаддаг, ямар ч үед.