Техник технологийн хөгжил гайхалтай ч аливаад хэт хамааралтай болбол тусгүй. Тиймдээ ч хүүхдүүд гэртээ өнжиж байгаа энэ өдрүүдэд тэдэнд шинэ туршлага бий болгох уламжлалт тоглоом наадгайг санал болгох, түүгээр дамжуулан томчууд ч өв соёлынхоо тухай судлах, сонирхох боломжийг бий болгох зорилгоор энэхүү нийтлэлээ хүргэж байна. Чулуугаар гэр барихаас эхлээд гар доорх зүйлсээр тоглож, эх дэлхийтэйгээ ойр өсөн торнидог нь монголчуудын онцлог. Даяаршил хотжилтын нөлөөгөөр бид уламжлалаасаа холдож, гэртээ шагай тоглодог хүн цөөрч буй нь харамсалтай.
Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж улмаар улс үндэстнүүд, хүмүүсийн бүлэг хоорондын харилцан ойлголцол хүндлэлийг бий болгох, энхтайван болон соёлын найрсаг харилцааг бэхжүүлж байдаг. Гэсэн ч хэрэглэхгүй л бол устах аюул ойртох нь дамжиггүй. Тиймээс мартагдах шахсан, гэхдээ маш сонирхолтой, эргэн сэргээж, өөрсдөө ч урлан бүтээж болох уламжлалт тоглоом наадгайн заримыг та бүхэнд танилцуулъя.
Гэр барих тоглоом “Хорол”
Гэр барих тоглоом нь XIX зууны үеэс Монголд дэлгэрсэн бөгөөд даалууны төрлийн тоглоом юм. “Жил”, “Хорол”, “Өлзий”, “Тахил” гэх мэт олон төрөл байдаг. Эдгээр тоглоомуудаас жишээ болгож хоролын тухай өгүүлье. “Хорол” бол 100 гаруй жилийн түүхтэй тоглоом. “Хорол”-ыг анх зохиохдоо 12 жил дээр дөрвөн төрлийн мод нэмж бүгд 64 мод болгосон байна. Зүүн аймгийнхан “Амар баясгалан” гэж нэрлэдэг. Зарим нутагт “Зэндмэнэ” ч гэнэ. “Хорол”-ыг ахлах модноос нь эхлэн жагсаавал гарын модонд “Хорол”, “Хангарьд”, “Арслан” газрын мод нь хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай юм. Эдгээр мод тус бүр дөрөв дөрөв байна. “Хорол”-ын модны өөр нэг хувилбарт гарын мод нь зэндмэнэ, хам, хангарьд газрын мод нь 12 жил, харин нохой, гахай тус бүр хоёр бүгд 60 мод байжээ. “Хорол”-оор тоглох явдал бараг аймаг бүхэнд ялгаатай. Архангайд хорол, зэндмэнэ, хангарьд, хасын дараа хулганаар эхэлсэн 12 жилийн амьтдаар нэгийг нөгөөгөөр ахлуулан идэж тоглодог. Дундговьд эдгээр модны дараа үхрээр эхэлсэн 12 жилээр тоглодог гэх мэт олон янз байна. Лам нар харин модыг олон болгож дүг, бадам, жанцан, дун нэмж тоглодог байжээ. Эдгээр тоглоомуудаас гадна хөзөр үүчүүр, төгс жаргал, тахил гэх мэт зурагт тоглоомоор наадаж иржээ.
Энэ тоглоом Монгол түмний тусгаар тогтнол, үндэстний оюун сэтгэлгээний дархлааг хамгаалдаг бэлгэшээлтэй. Нэгэн үед Монголд даалуу эрчтэй дэлгэрч, түүгээр баячууд болон ноёд наадан, өрийн сүлжээ бий болсон гэдэг. Үүний эсрэг үндэсний дархлаа болгон сэргээн түгээсэн тоглоом нь “Хорол” аж.
Үүчүүр
Үүчүүрийг шоо хаяж тоглох ба цагаан сарын шинийн нэгэнд тоглодог ихэд хүндтэй тоглоом юм. Шинийн 1-нд үүчүүр тоглоод хоёр тал тэнцвэл гурван жилээ даалаа гэж бэлгэшээдэг ба гурван жил тэр үүчүүрээ тоглолгүй хадгалж гурван жилийн дараа тоглосон хүмүүс дахин тоглож хайнаа хагалдаг. Үүчүүрийг 7х10 см-ийн хэмжээтэй цаасан дээр бэх, түүшээр зурж будгаар будаж зургаан ширхэг шоогоор тоглодог.
Үүчүүрийг тоглохдоо хүн сондгойрвол дутуу хүнийг төлөөлүүлэн бэлгэ дэмбэрэлтэй нэр өгч түүний өмнөөс хэн нэг нь шоо хаяж нөхөж тоглодог. Дүрсийг лангаар үнэлнэ. Шооны нүд болгон нь урам зориг, хийморь бэлгэдлийг илэрхийлдэг ба улайлганы амьтдаас бусад бүх дүрснээс нэг нэгийг авч тоглоно. Тоглогчид хоёр тал болж суугаад, ээлж дараагаар нийт шоо орхиж, баян хангайн баялаг сангийн хөрөнгө буюу ан амьтдаас азын шооны буултаар дүрмийн дагуу хувь авч тоглодог ёстой. Хамгийн олон лан цуглуулсан нь хожно. Шооны нэг нүдийг хонхор, дөрвөн нүдийг улаан гэж нэрлэх ба хоёр нүдийг сэнж, гурван нүдийг ташуу, таван нүдийг шар, зургаан нүдийг нуруу гэж нэрлэн нийтэд нь “хар” гэнэ.
Баясгалан
Хоёр буюу дөрвөн хүүхэд нийлэн тоглох боломжтой. Баясгалан тоглохдоо хас, хүч, морь, норов, жанцан, дун, шувуу, нохой, гахайны дүрсээс тус бүр дөрвийг оролцуулан 36 модоор наадна. Дөрвөн сантиметр орчим урт, хоёр сантиметр өргөн, таван мм орчим зузаан гонзгой дөрвөлжин хавтгай модон дээр эдгээр дүрсийг сийлж, баясгалан хийдэг. Гарьд, арслан, бар, лууны аль нэгийг дөрвөн ширхгийг сийлээд дөрвөн хүч гэж нэрлэдэг. Заримдаа луу, гарьд, арслан, бар сийлээд дөрвөн хүч болгох нь ч бий. Норов гэдэг нь эрдэнэ, жанцан гэдэг нь ялгуусан түг гэсэн утгатай Төвөд үг юм. Энэ тоглоомын хам гэгч нь бүх дүрсийг дийлдэг. Хүч нь морь, норов, жанцан, дун, шувуу, нохой, гахайг, дун нь шувуу нохой, гахайг, жанцан нь дун, шувуу, нохой, гахайг, дун нь шувуу нохой гахайг, дийлдэг. Гахай юу ч дийлдэггүй. Дөрвөн ижил дүрс бие биеэ дийлдэгггүй, тэнцүү байдаг. Мөн дөрвөн хүч нэгэн адил хоорондоо тэнцүү. Тоглогчид баясгаланг гөлгөр дэвсгэр буюу модон дээр дүрстэй талыг нь доош нь харуулан асгаад, гараараа хөдөлгөн сайтар холино. Мөн дүрсийг нь доош харуулсан хэвээр бүх баясгаланг дөрөв дөрвөөр нь давхарлан тавьдаг. Ингэж дөрвөн баясгаланг давхарлан тавихыг гэр барих гэдэг. Давхарлан тавьсан дөрвөн баясгаланг гэр гэж нэрлэдэг. Барьсан гэрээ зэрэгцүүлэн тавиад, ээлжлэн авдаг. Ингэж ээлжлэн авахад хоёр хүүхэд тоглож байвал тус бүр дөрвөн гэр, нэг баясгалан авдаг. Тоглогчид гэрээ хуваан аваад нэг нь эхлэн явдаг. Нэг тоглогч нь нэг, эсвэл хоёр, гурав, дөрвөн ижил баясгалан гарган тавихыг явах гэдэг. Хоёр баясгалангаар явахыг холбох гэдэг бол гурав, дөрвөн ижлээр гарахыг гуравлах, дөрөвлөх гэдэг. Явсан баясгаланг дийлэх баясгалангаар ээлжлэн дардаг. Дарж чадахгүй буюу дарах нь ашиггүй гэж үзвэл, нэг баясгаланг өгдөг. Жишээлбэл, дөрвүүл тоглож байхад нэг нь шувуугаар явбал, хоёр дахь хүүхэд, ямар нэг дийлэх баясгалангаар явна. Эсвэл нэг баясгаланг өгнө. Гурав дахь хүүхэд мөн л дарж буюу өгч, дөрөв дэх хүүхэд мөн л дарж буюу өгч, энэ дөрвийн хэний баясгалан дийлсэн нэг нь дөрвөн баясгалангаар нэг гэр барьж дээд талд нь өөрийн баясгалангийн дүрсийг нь дээш харуулан тавьдаг.
Холбоо буюу гуравлах, дөрөвлөхийг дарахдаа өнгө ижлээр дарах бөгөөд чадахгүй бол дуртайгаа доогуур нь өгдөг. Энэ нь даалуутай нэлээд төстэй юм билээ.
МОНГОЛ БУГА хөлөгт тоглоом
Манай ард түмэн үе дамжин тоглож, нандигнан хадгалж, хамгаалж ирсэн үндэсний тоглоомын зарим нэг нь мартагдаж, энэхүү соёлын өвийг тээгч цөөн хэдэн настан өнөөг хүртэл залуучуудад зааж сурган ирээдүйд өвлүүлэн үлдээхийг оролдож байна. Үүний нэгэн жишээ нь, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын өндөр настан Ч.Ичинхорлоо гуай. Тэрбээр үйчүүр, хорол, буга зэрэг олон төрлийн тоглоомуудыг яаж тоглох арга ухаан болон тэдгээр тоглоомын утга агуулга онцлогийг хүүхэд, залуучууд, нутаг усныхандаа зааж өгдөг байжээ. Эдгээр тоглоомын дотроос хүүхэд багачууд гэртээ тоглож болох БУГА хэмээх тоглоомыг хэрхэн тоглох тухай та бүхэнд танилцуулъя.
Энэхүү тоглоомыг хэзээ үүссэн тухай настан буурлуудаас асууж сураглахад, бидний багад л тоглодог байсан гэж хариулж байснаас үзэхэд 100-аас доошгүй жилийн өмнө байсан бололтой хэмээн эрдэмтэн судлаач Г.Сүхбаатар үзжээ.
Монгол ардын тоглоом бүр ард түмний аж амьдралын байдлыг тод томруун тусгадаг бөгөөд сурган хүмүүжүүлэх арга барилыг агуулдаг. Буга тоглоомын хувьд хүүхдийн сэтгэн бодох ур чадвар, оюун ухааныг хөгжүүлэх, монголчуудын уламжлалт аж ахуйн нэг хэлбэр болох ан авлах утгыг бэлгэдэж байдаг.
Монгол бугын хөлөг 35 буудалтай. Хөлгийн 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар буудлын гурвалжин дүрсийг хавтгай уул, 31, 32, 33, 34, 35 дугаар буудлын дөрвөлжин дүрсийг шовгор уул, хөлгийн 14, 16 дугаар буудал 28, 30 дугаар буудал 24, 22 дугаар буудал, 10, 8 дугаар буудлыг булан гэнэ. 7, 31 дүгээр буудлыг боом, 13, 27, 5, 11 дүгээр буудлыг бага гол, 19 дүгээр буудлыг их гол гэж нэрлэдэг. Энэ нэршлүүд нь нутаг нутагт олон янзаар хэлэгддэг байна.
Монгол буга тоглоом нь хоёр буга, 21-24 хүүтэй. Нэг тоглогч нь бугаар, нөгөө нь хүүгээр тоглодог. Бугыг өрөхдөө хоёр бугыг 7, 31 дүгээр буудал дээр, найман хүүг 11,12, 13, 18, 27, 26, 25, 20 дугаар буудал дээр тавьж хүүгээр тоглож байгаа нь 13-16 хүүгээ гартаа барьж байдаг. Буга тоглоомыг ихэвчлэн бог малын шагайгаар тоглоно. Бугыг цагаан шагай, хүүг /нохой/ хар шагайгаар тоглоно.
Нүүдэл: Хоёр бугын аль нэг нь нүүхдээ буудал алгасалгүй дуртай зүгтээ явж, замдаа тохиолдсон хүүг идээд, хүү байсан буудлын цаана байгаа буудал дээр буудаг. Хүүг иднэ гэж тоглоомоос хасахыг хэлдэг. Хүү нүүхдээ буудал алгасалгүй, дуртай зүгтээ нэг буудал нүүдэг.
Эхлэн тоглохдоо аль нэг буга нь идэж эхэлдэг, дараа нь хүүгээр тоглогч гарын хүүний нэгийг аль ашигтай буудалд тавьдаг. Энэ мэтчилэнгээр ээлжлэн тоглодог. Хүүгээр тоглогч нь гарын хүүг тавьж дуустал суудлын хүүг нүүдэггүй. Бугатай нь аль болох олон идэштэй болох нүүдлийг харж нүүдэг. Хүүтэй нь бугын идшийг аль болохоор хааж нүүдэг. Хоёр буга заавал ээлжээр нүүх албагүй, нэг нь хэдэн ч удаа нүүж болдог.
Хожил: Бугатай хүн нь нөгөө тоглогчийн хүүгээс найман хүү үлдтэл нь идэж дуусгавал хождог. Бас бугатай хүн хоёр ууланд хоёр буга нэг нэгээр нь гаргачхаад, уулны буудлаар нүүгээд байвал “дандаа” гэдэг хожил болдог. Хүүтэй хүн, хоёр бугыг нүүх нүүдэлгүй, идэх идэшгүй болгон хоривол хождог. Мөн хоёр бугыг 14, 16 дугаар буудал эсвэл 8, 10 дугаар буудалд хорьж хожихыг “бөлдгөн тэгнээ хийх” гэдэг. /Хавсралт Зураг №2/
Мөн Хоёр бугыг 15, 23 дугаар буудалд эсвэл 9, 29 дүгээр буудалд хорьж хожихыг “шор хийх” гэдэг. Хоёр бугыг хоёр уулын 1, 5 дугаар буудал буюу 32, 34 дүгээр буудалд хорьж хожихыг “чихэн тэгнээ” хэмээн нэрлэдэг. “Чихэн тэгнээ” нэлээд ховор хожилд тооцогдоно./Хавсралт Зураг №3/
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин