Олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, тоглолтыг цуцалсан болохоор мэргэжлийн урлагийн бүх байгууллага амарч байгаа. Тэгвэл уран бүтээлчид маань хэрхэн аж төрж, хорио цээрийн үед юу амжуулж байгааг тодруулахаад блиц ярилцлага хийлээ. Гавьяат жүжигчин Н.Батцэцэг, шог зураач С.Цогтбаяр, Үндэсний урлагийн их театрын жүжигчин Э.Номин, мастер үсчин Д.Одонгоо нар дараах долоон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
1. Өнөөдөр та ямар чухал ажил амжуулахаар төлөвлөсөн бэ?
2. Коронавирусийн тархалт дэлхий даяар хүмүүсийн сэтгэлийг зовоож байна. Энэ тахал болон хорио цээр ажил, амьдралд тань ямар нөлөө үзүүлж байна вэ?
3. Энэ жил хийхээр төлөвлөсөн хамгийн чухал ажил тань юу вэ?
4. Та олон хүнд хүргэж, уриалахыг хүссэн зүйлээ ямар сувгаар түгээдэг вэ. Яг одоо та биднээр дамжуулан Улаанбаатар хот, 21 аймагт байгаа 15 мянган захиалагч болон atimes.mn сайтын уншигчдад түгээх уриалга байна уу?
5. Та хамгийн сүүлд ямар эерэг мэдээлэл сонссон бэ?
6. Та орой хэдэн цагт унтдаг вэ?
7. Өөрт тань эрч хүч өгдөг үг эсвэл үйлдэл юу байдаг бол, түүнийгээ хуваалцаж болох уу?
“Ерөнхийлөгчийн иппон”
Шог зураач Самандарийн Цогтбаяр
1. Надад уран бүтээл хэзээд чухал байдаг. Өнөөдөр ч гэсэн уран бүтээлээ үргэлжлүүлнэ.
2. Үнэхээр аюулт тахал нь үнэн. Би ганцаараа урландаа сууж ажлаа хийдэг болохоор хорио цээр онцгой нөлөө үзүүлээгүй ээ. Угаасаа л ганцаараа ингээд ажиллаад сурчихсан хүн дээ.
3. “Үхнэ үхнэ гэж үхрийн мах барав” гэгчээр ном гаргана гэж нэлээн хэдэн жил боллоо. Боломж нь гарвал энэ жил номоо хэвлүүлнэ ээ.
4. Уриалахыг хүссэн зүйлээ сошиал платформуудаар дамжуулан хүргэдэг. “Ардчилал таймс” сонины уншигчдадаа хандаж төр засгаас авч байгаа арга хэмжээг дагаж мөрдөн, өөрийгөө болон өрөөлийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулаасай гэж уриалъя.
5. Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалыг цагаа олсон чухал үйлдэл байлаа гэж дүгнэж байгаа. Нэг хүний зөвлөгөөнөөс салаад аятайхан зөв алхам хийлээ. Геополитик, улс төр, эдийн засгийн хувьд чухал бөгөөд ач холбогдол нь хэдэн зуу дахин үржигдэхээр үйл явдал юм. Жүдогоор бол иппон, дартсаар бол бухын нүд гэж ярьдаг даа. Энэ уран бэрийн нүүдлийг эерэг мэдээлэл гэж онцолъё.
6. Орой бараг унтдаггүй ээ. Нойр солигдсон. Шөнө голдуу сууж уран бүтээлээ хийгээд өглөө ахиухан унтчих жишээтэй. Энгийн хүмүүсээс өөр дэглэмтэй, шөнийн амьдралтай л хүн дээ.
7. Хөгжмөөс эрч хүч тайвшрал, амар амгаланг мэдэрдэг. Баяр баясгалан, уйтгар гунигтай аль ч үед хөгжим тэмцэх хүч, урам зориг авах хөшүүрэг болдог учраас хүмүүст ч бас хөгжимтэй нөхөрлөхийг уриалъя.
Бүх ажил хойшлогдсон ч эрүүл мэнд илүү
чухал шүү
Гавьяат жүжигчин Нацагдоржийн Батцэцэг
1. Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан гадуур ажил төлөвлөөгүй ээ. Гэртээ номоо бичээд, аарцтай хоолоо идээд сууна даа.
2. Коронавирус бүх хүний ажил амьдралыг царцааж байгаа ч бид эрүүл байх нь чухал байна.
3. Энэ жил янз бүрийн ажил төлөвлөсөн. Киноны ажил ч байна, төслийн ажил ч бий.
4. Би 175 мянган лайктай фэйсбүүк пэйждээ мэдээллээ постолоход таван минутын дотор л “найзууд” минь санал бодлоо бичээд, “буцлаад” эхэлдэг. Танай сониноор дамжуулан нийт монголчууддаа тавтай сайхан хаваржаад зуны дэлгэр цагтай золгохыг хүсье ээ.
5. Монголд коронавирус орж ирээгүй байна гэдэг л хамгийн сүүлд сонссон эерэг мэдээлэл байна даа.
6. Орой болгон 10.00 цагт унтдаг.
7. Инээмсэглэл.
“Чадна, чадна, бүгдийг нь чадна”
Үндэсний урлагийн их театрын бүжигчин Энхтайваны Номин
1. Өнөөдөр ажил эхлэх хуваарьтай байсан ч Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм үргэлжлээд дасгал хийж чадсангүй. Удахгүй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр МҮОНТ-ээр гарах нэвтрүүлгийг бичлэгт “Эрхэмсэг” хамтлагаараа орох ажил бий.
2. Дэлхий нийтээрээ л түгшиж байна даа. Монголчууд минь зөв байж, тайван, үймээн самуунгүй энэ өвчний ард гарцгаана шүү, бүгдээрээ.
3. Энэ жил Үндэсний урлагийн их театрын 70 жилийн ой тохиож байгаа. Ойн баяр тохиож байгаа болохоор олон тоглолт төлөвлөсөн. Удахгүй театр маань засварлагдаж, сайхан тайзан дээр гарах нь ээ. Хурдхан л бэлтгэлээ хийж тоглолтоо хийхийг хүсч байна. “Эрхэмсэг” хамтлагийнхантайгаа хоёр ч тоглолт төлөвлөсөн. Өмнө нь арай цомхон хүрээнд тоглолт хийж байсан бол энэ жил илүү өргөн хүрээтэй хийнэ ээ.
Бие даасан уран бүтээлийн ажил ч бий. “Бүсгүй хүний заяа” бүжгээ клиптэй болгохыг хүсч байна. Хожим нь дүрс бичлэг л үлдэнэ шүү дээ.
4. Олны жишгээр фэйсбүүк, инстаграмаар дамжуулан мэдээллээ хуваалцдаг. Ардчилсан нийгмийн үр шимээр үг хэлэх эрх чөлөөтэй байгаа нь сайхан хэрэг. Сайны хажуугаар саар нь ч байна. Сөрөг, хуурамч мэдээлэл маш хурдацтай тархаж, олныг түгшээдэг нь харамсалтай. Өнөөгийн нөхцөл байдал иргэд минь аль болох албаны эх сурвалжаас мэдээлэл авч, айдаст автаж, сандрахгүй байхыг л уриалъя. Урин дулаан цагт, эрүүл энх золгоцгооё. Эрүүл байхад л болно доо, тийм ээ.
5. “Ариг Аня” ресторан ээлжээр ажиллаж байгаа цагдаа нарт үнэгүй хоол тараасан, “Асралт мед” эмнэлэг Эрүүл мэндийн яамтай хамтран тусгаарлах шаардлагатай иргэдэд үйлчилж байгаа нь эерэг сайхан мэдээллийг сүүлд сонслоо. Ийм гэгээтэй, нэгнийгээ дэмжсэн үйл явдал улам олон болоосой.
6. Ажилтай байхдаа тогтмол 11.00 цагт унтдаг байсан. Одоо ч шөнө болтол унтахгүй л байна.
7. Би ардын багш Г.Долгорсүрэн багшийнхаа отгон шавь болж ХБК-ийг дүүргэсэн. Миний багш 97 насандаа бурхны оронд одсон. Түүнээсээ өмнө хөлөө алдаад 15-16 жил тэргэнцэр дээр суусан хүн. Гэхдээ “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орж байхдаа багш минь “Чадна, чадна, бүгдийг чадна” гэж хэлээд суугаагаараа биелгээ хийж үзүүлсэн. Түүнийг үзээд л ийм өндөр настай, бас тэргэнцэр дээр сууж байгаа хэрнээ ийм итгэл төгс, бүхнийг чадна гэж аливаа бэрхшээлийг багад бодон давж байгааг нь харж ухаарсан. Яг л багш шигээ бүхнийг чадна чадна, бүхнийг чадна гэж хэлэх дуртай. Хүний оюун ухаан, бие бялдар гэдэг хэчнээн агуу билээ. Хүн сансарт нисч байна, хүн энэ олон технологийг зохион бүтээж байна. Төсөөлж байгаагүй бүхнээ л хийж болж байна шүү дээ.
“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал”
Мастер үсчин, “Видал” салоны захирал Даваасамбуугийн Одонгоо
1. Өнөөдөр би ханьтайгаа учирсан ойгоо тэмдэглэнэ ээ. Монголын бүх сайхан гэр бүл, аз жаргалтай хосуудад хань ижилтэйгээ урт удаан амьдрахыг хүсэн ерөөе.
2. Ийм цаг үе байх тусмаа л иргэний үүргээ биелүүлнэ ээ. Ямар ч бэрхшээлд шантрахгүй ээ. Өргүй бол баян, өвчингүй бол жаргал
3. Монголын үсчин гоо сайханчдын ур чадварыг дээшлүүлэхийн тулд олон ажил хийж байгаа. Энэ жил 21 аймгийн үсчидийг хамруулсан сургалт, үйл ажиллагаа хийх төлөвлөгөөтэй байгаа.
4. Гэр бүл хайртай дотнын хүмүүсээ хамгаалж маскаа сайн зүүж төр засгийн шийдвэрээ дагаж мөрдөөрэй. Олон хүнд үүнийг уриалаарай
5. Энэ өвчин тахлын үеэр өглөө бүр Монголд коронавирус илрээгүй гэдэг мэдээллийг сонсч байгаадаа баяртай байна.
6. 10.00-11.00 цагт унтдаг.
7. Санаа сайн бол заяа сайн гэдэг үг байдаг. Энэ үгийг амьдралдаа мөрдлөг болгодог. Хүний сайныг харах мэлмийтэй, сайхныг хэлэх үгтэй байх нь чухал гэж боддог.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин