Перу, Боливын хил дагуух Титикак нуур бол манай гаргийн хамгийн өндөр уулын том нуурын нэг. Энэ нууранд зэгсээр бүтсэн хөвдөг арлууд дээр эртний индиан гарлын уру омгийнхон амьдардаг. Нууранд нийтдээ 92 ийм арал байдаг ба дээр нь хэдэн зуун урос хүн амьдардаг байна. Ер нь урос омгийн 3000 орчим хүн байдгийн бусад нь хуурай газар дээр амьдардаг. Уручууд мөн л өнөөх зэгсээр урласан хөвдөг арал дээрээ нуурын эргийн зэгсээр байшин сууц барьж амьдарна.
Уручууд өөрсдийгөө бүр инкийн үеэс өмнө үүссэн гэдэг. Тэд өөрсдийн домогтоо бид бүр манай дэлхийд наргүй, эргэн тойрон харанхуй, хүйтэн нөмөрсөн байхад үүссэн, тийм хатуу үеийг туулж гарснаараа жинхэнэ супер хүмүүс гэдэг байна.
Инкүүд Анд мөрний хөндийг түрэмгийлэн эзэлж, амьд бүхнийг хөнөөж эхлэхэд уручууд амьд гарахын эрхэнд хоол хүнсээ аваад нууран дээр гаран амь хоргодож. Тэд тэр чигтээ нуурын нөгөө эрэгт хүрэх боломжгүй байснаас зэгсээр арал барин түүн дээрээ байсаар аажмаар тэндээ суурьшсан нь энэ гэнэ.
Инкүүд ч тэднийг зүгээр нэг орхичихсонгүй хөвдөг хиймэл арал руу нь дайрч довтлоход уручууд мөн л зэгсээр урласан завиндаа суун нуурын бүр гүн рүү зугтан, дараа нь эргэн ирдэг байжээ.
Уру омгийнхны амьдрал өнөөдөр эрс өөрчлөгдсөн. Тэд хэнээс ч айх аюулгүй, татвар түрээс элдэв хураамж төлөхгүй. Хөгшчүүл, ахмад үеийнхэн сурснаараа усан дээрээ “хөвөн амьдарсаар” харин залуучууд хуурай газар луу тэмүүлж, орон суурингаа орхин одсоор. Гэхдээ бас холдохгүй, төрөлх арал руугаа байнга ирж аялал жуулчлалын бизнес эрхлэн арлууддаа жуулчид авчирна. Ер нь хөвдөг, зэгсэн арал руу жуулчид их цувна. Уручуудын амьдардаг арал эргээс хол, жуулчдын замаас зайдуу болохоор тийшээ нутгийн мэргэшсэн хөтөчгүйгээр явах аргагүй.
Тэдний хөвдөг арал 1.5-2 метрийн зузаантай. Зэгсийг хатаагаад сүлжиж, дахин хатаагаад тал тал тийш нь нэмсээр бүтэн арал болчихно. Хөвдөг гэх ч арлууд хаашаа хамаагүй хөвөөд явчихгүй, нуурын ёроол дахь чулуу юм уу, модны ёзоороос бэхэлсэн байдаг болохоор мөнхөд нэг газраа л байна. Усны түвшин гэнэт нэмэгдэж, татлагаасаа арал дүүжлэгдэх дээр хүрэхэд ч юм уу, гамшгийн үед татлагыг тавьж арал жинхэнэ ёсоороо хөвнө.
Нутгийн хүмүүсийн хэлж байгаагаар бол нэг арлын нас 30 орчим жил гэсэн нь байнга усанд байсаар өмхийрч мууддагтай холбоотой байх. Арлын гадаргуу хуурай газар шиг хатуу биш, биднийхээр бол нуруулдсан өвсөн дээгүүр явж байгаа шиг хөвсгөр.
Зэгс бол уручуудын хувьд зүгээр ч нэг “эх газар” нь төдийгүй, завь хийдэг түүхий эд, гэр ахуйн бараа, сав суулга, бэлэг дурсгалын зүйл хийнэ. Тэр бүү хэл хатаагаад нүдэж нунтаглан төрөл бүрийн хоол хийнэ. Ингээд бодохоор амьжиргааных нь гол эх булаг зэгс байсан цагт уручууд яаж л бол яаж амьдраад байна. Хоол унд бэлтгэхэд ямагт гал дээр. Гэхдээ гал аюултай, давуу тал нь ус бэлэн байх юм даа.
Байшин барилга, сууц бүгд зэгс. Арал бүр дээр бас зэгсээр барьсан цамхаг бий. Хүмүүс тэнд байнга жижүүрлэж, ямар нэг аюул тохиолдоход түгшүүр зарлан бусдыгаа сэрээдэг байсан бол өнөөдөр цамхгуудаа гоёл чимэглэлийн зориулалтаар л ашигладаг гэнэ.
Уручуудын гол эрхэлдэг ажил нь загас барих, шувуу агнах, тэгээд аялал жуулчлал.
Өмнө дурдсанаар нэг арлын нас 30 орчим жил болохоор гэр бүлээрээ, ойрынхонтойгоо нийлээд шинэ арал барина. Үүнд хагас жил орчим хугацаа зарцуулдаг гэдэг.
Өнөөдөр Титикак нууранд 40 орчим ийм хөвдөг арал байна. Арал дээр оршин суугчид бас орчин үетэйгээ хөл нийлэн нарны батарей, алсыг харах цамхагтай болж, өөрийн гэсэн зах худалдааны газартай болж байна. Уручуудын амьдрал бол жинхэнэ уламжлал, ёс заншлаа хадгалж үлдэхийн үлгэр жишээ.
Дэлхий дахинаа оршин амьдарч хэдэн зуун, мянганыг туулсан олон мянган үндэстэн, ястан, омгийн ихэнх нь бусдын соёл иргэншилд уусан замхарч устаж үгүй болж байхад уручууд энэ уламжлалаа хадгалсаар байгаа нь энэ.
Уручуудын хамгийн том арал дээр өдөрт хэдэн цагаар нэвтрүүлэг дамжуулдаг радио станц бий.
Хүүхдүүдэд зориулсан бүлгийн боловсролын тогтолцоо, хоёр ч сургууль бас бий. Гэхдээ хэт цөөнхийн энэ уламжлалыг удаан хадгалах нь мэдээж хэцүү. Тэр хоёр сургуулийн нэг нь жинхэнэ уламжлалт сургалтын арга барилтай.
Орчин үеийн цахилгаан хэрэгсэл, цахилгаан зуух байхгүй болохоор хоол ундыг ямагт гал дээр хийнэ. Арлаа, байшин орон сууцаа галдчихгүйн тулд түүдэг галаа чулуугаар өндөрлөж хийсэн тавцан дээр түлдэг байна.
Бас нэг асуудал бол уручууд хаана бие засч, эрүүл ахуй, ариун цэврээ яаж сахидаг бол... Тун энгийн арал бүрийн дэргэд зөвхөн ариун цэврийн зориулалтаар ашигладаг жижигхэн арал бий.
Гадаад ертөнцтэй харьцах гол үүсвэр нь жуулчид. Арал бүр дээр айлууд дэргэдээ зөвхөн зочид, жуулчдыг хүлээн авах, хүсвэл хонуулах тусгай тасалгаа “зочид буудал”-тай. Зочид жуулчидтай үед оройдоо тэдэнд зориулан үндэсний хувцастай, үндэсний уламжлалт дуу бүжгээр “бэлэг барина”. Уручуудыг барууны зочид, жуулчдад нэг их таатай биш, тэдэнд хориг тавьдаг гэсэн яриа бас бий.
Соёл иргэншлийн бүхэл бүтэн хэдэн зуун жилийг туулаад ирчихсэн ийм жижигхэн уламжлал, ёс заншил цаашид хэдий хэр удахыг таахад бэрх. Энэ мэт өчүүхэн нь бүү хэл үүнээс том, үндэстэн угсаатны соёл иргэншил цаг үеэ дагаад хотжилт, даяаршлын золиос болон мартагдан устаж үгүй болж байгаа цаг үе шүү дээ...
Гээд яах вэ бөмбөрцгийн нэг ч гэсэн газар, эртний соёлоо хадгалсан өчүүхэн энэ жижиг хэсэг үлдэж хоцроосой билээ л гэж найдаж залбрихаас.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"