Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь нуруу нуганы хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ талаар УХТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны докторант, тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хувьд мэдрэлийн мэс заслыг хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан амжилттай хийж байгаа гэсэн?
Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох зайлшгүй нэг хүчин зүйл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багаж, тоног төхөөрөмжийг ашиглах. Үүний тусламжтайгаар өвчтөндөө хамгийн ээлтэй, илүү үр дүнтэй, эрсдэл багатай мэс заслуудыг хийх боломж бүрддэг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлгийг иж бүрэн мэс заслын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөн. Ер нь л дэлхийн жишигт хүрсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд гэж хэлж болно. Тиймээс бид үүний ачаар хавдрын оношилгоонд чухал ач холбогдол өгч, эрт илрүүлэлтийг илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Хоёрдугаар эмнэлгийн хувьд хөгжингүй улс орнуудад тренд болж байгаа хүндээ ээлтэй, шинэлэг технологийг шингээсэн мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсаар байна. Үүний нэг нь нуруу нугасны хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нийслэлийн гурван дүүрэг, аймгийн иргэдэд үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 480 гаруй иргэнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн.
-Ямар тохиолдолд нуруу нугасны хавдартай болдог вэ?
Үүнийг тогтоогоогүй байна. Ихэвчлэн нурууны анхдагчаар хавдар үүсэх нь ховор. Харин өөр эрхтнээс үсэрхийлэх нь элбэг байдаг. Тухайлбал, элэг, гэдэсний хорт хавдар эсвэл түрүү булчирхай, уушгины хавдраас үсэрхийлж байна. Түүнээс бие даагаад шууд хортой, хоргүй хавдар болох магадлал бага. Энэ бол ховор тохиолдол.
- Тархины хавдрыг бий болгож байгаа шалтгаан юу вэ? Анхдагч болон үсэрхийлсэн хавдрын үед ямар оношилгоо, эмчилгээ хийгддэг вэ?
Тархины хавдрыг үүсгэж байгаа шалтгаанууд тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө хавдар үүсэх маш олон шалтгаанууд байдаг. Үүн дундаас эсийн мутаци голлох үүрэгтэй байна гэж ярьж байгаа. Эсийн мутацад юу нөлөөлж байна вэ гэхээр орчны бохирдол, вирусийн халдвар, гэмтэл нөлөөлж болно. Зарим ховор тохиолдолд удам нөлөөлж байдаг. Үсэрхийлсэн гэдэг нь өөр эрхтэнд хортой хавдар урган тухайн газраас тархинд зөөвөрлөгдөн ирж ургаж томорч байгааг хэлж байгаа юм.
Хавдрын үед комьпютер томографик, МRI, Пет скан болон лабораторийн шинжилгээ хийнэ.
-Тархины мэс засал өртөг өндөртэй мэс заслын төрөлд ордог. Иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?
Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үзүүлж байна.
-Манай улсад анх удаа хавдрын үсэрхийлэл, нарийн түвшний оношилгоог хийх Пэт Сканы оношилгоог танай эмнэлэг хийж байгаа. Ачаалал хэр их байдаг вэ?
Бид шинжилгээ, оношилгоог хийхдээ нарийн дурангийн tesla MRI аппарат, 128 зүслэгтэй комьпютер томографи, хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай pet scan, дижитал рентген аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байгаагаараа онцлог. Монгол Улсад анх удаа Пэт сканыг манай эмнэлэгт суурилуулан оношилгоо, шинжилгээг хийж байгаа. Ингэснээр Пэт сканаар үзүүлэх гэж гадны оронруу өндөр өртгөөр явах шаарлагагүй болж, эх орондоо хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх боломжтой болсон юм. Манай эмнэлгээр үйлчлүүлэгчид ЭМД-аараа хөнгөлөгдөөд оношилгоондоо бүрэн хамрагдаад явж байна.
-Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Эрт илрүүлэлтийн үр дүн гарч байна уу?
Сүүлийн жилүүдэд хавдрын эрт үеийн оношилгоо, тэр дундаа эрт илрүүлэлт сайжирсан. Энэ нь нэг талдаа дээр дурьдсан оношилгооны баг, тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой. Нөгөө талдаа Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний компанит ажлын хүрээнд хавдрыг эрт үедээ оношлуулсан иргэд мөн олон байгааг тоон үзүүлэлтээс харж байсан. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн дунд 1100 иргэн эрт илрүүлэгт орж түүнээс 86 хавдрын тохиолдлыг ирүүлсэн байна.
-Танай эмнэлгийн хувьд шинээр ямар төрлийн эмчилгээ, мэс заслыг нэвтрүүлж байна вэ?
Манай улсын хувьд цөөхөн хүн амтай ч гэсэн нурууны согог, нурууны муруйлтын өвчлөл бас нэлээдгүй их байдаг. Тиймээс нурууны согог, муруйлтын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид нурууны дурангийн мэс заслыг амжилттай нутагшуулсан. Харин одоо тархины дурангийн мэс заслыг нэвтрүүлэхээр чих, хамар, хоолойн тасгийн эмч нартайгаа хамтран ажиллаж байна.
-Өнөөдрийг хүртэл танай тасаг хичнээн хүнд нурууны дурангийн мэс заслыг хийгээд байгаа вэ. Нээлттэй мэс заслыг бодвол хүндрэл бага гэдэг?
Манай тасгийн хувьд хамгийн анхны мэс заслаа нурууны хавдрын мэс заслаар эхэлж байсан бол өнөөдөр хамгийн сүүлийн үеийн дурангийн цогц багажаар тоноглогдож, иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна. 2020 оноос эхлэн нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлж, амжилттай нутагшуулаад өнөөдрийг хүртэл маш олон хүнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Энэ хугацаанд нурууны дуран болон бичил мэс заслын 400 гаруй мэс заслыг хийлээ. Нээлттэй мэс засал нь шарх том, төдий чинээ халдвар орох эрсдэлтэй, өвчтөнд ч зориуртай, дараа нь гарах хүндрэл ихтэй байдаг. Тэгвэл дурангийн мэс заслын хувьд мэс заслын дараах эдгэрэлт хурдан, зовиур маш бага, нөхөн сэргэх хугацаа богино, мэс заслын дараа тухайн хүний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл бага гэсэн үг. Дэлхийд ч гэсэн нурууны дурангийн мэс засал бол тренд болж байгаа мэс засал юм.
-Нуруу нугасны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс яах ёстой вэ. Энэ талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?
-Ихэнх нурууны өвчлөл хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болдог гэж үздэг. Үүнийг өөрчлөх нь чухал. Хөдөлгөөн багатай хүмүүс ясны сийрэгжилтэд амархан өртдөг учир дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдрал тустай гэж бодож байна. Зовиурыг бага гэлтгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Энэ бүхэн нурууны өвчнөөс хамгаална. Хамгийн сайн арга бол хүн хөдөлгөөнтэй, жин багатай байх юм. Сүүлийн үед тулгараад байгаа асуудлын нэг бол жин нэмэх. Жингийн илүүдлээс болж нуруунд ачаалал өгдөг. Жин багатай хүн бол хагалгааны дараа ч гэсэн хөнгөн байдаг.
Тиймээс амьдарлын зөв хэв маягийг баримтлан, биеийн жинг хэвийн байлгах, нурууны булчингийн тогтолцоог сайн байлгах, гэмтлээс сэргийлэх, хорт зуршлаас татгалзах нь чухал.