Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эртний хот Дали, Күньминээр аялсан нь...

Дэлхийн жуулчдын сонирхлыг татдаг Хятад улсын аль ч хотоор аялаж зугаалах боломжтой. Тус улсын 600 гаруй хот өөрийн гэсэн онцлогийг харуулсан жуулчлалын төв болж чаддаг гэдгээрээ онцлогтой. Хятад орны аль нэгэн муж хотоос эртний өв соёлоо хадгалан үлдсэнийг харж болох бол  дэлхийн гайхамшигтай хөгжлийн хурдыг ч тольдож болох нь энэ улс руу аялах сонирхлыг улам татдаг юм.

Хятад улсын хүн амын 91.5% нь хан үндэстэн бол 8.5%-ийг нь бусад 55 үндэстэн эзэлдэг. Хятад улсын том газар нутагт соёл, цаг уур, хоол хүнс, хэлээрээ харилцан адилгүй олон янзын үндэстэн байдаг нь тун сонирхолтой.

Энэ удаагийн аялалаар Хятадын цөөнх ястан үндэстний өлгий нутаг болох Юньнань мужийн Дали, Күньмин хотоор аялав.  Бидний аялсан Юньнань муж нь хамгийн олон үндэстэн ястантай буюу 25 үндэстэн оршин суудаг. Олон үндэстний өлгий нутаг Юньнань мужид и, бай, хани, жуан, дай, мяо, хотон, лагу, ва, наши, яо, түвд, жинпө, бүлан, пүми, нү, ачан, дэ-ан, жинө, шүй, бү-и, дүлүн зэрэг үндэстэн ястны өвөрмөц зан заншил, үүх түүх, соёл, иргэншлийн ул мөр, уламжлал хадгалагдсан.

Цаг агаарын хувьд нэн тааламжтай. Халуун ч биш хүйтэн биш, мөнхийн хаврын хот. Зундаа борооны улиралтай. Бээжин хотод зуны цагт нар төөнөж, халуу шатаж байхад энд хаврын сэрүүвтэр, зөөлөн сэвшээ салхи, бороо орох нь бий.

Газар тэнгэрийн завсар баганадсан гоёмсог үүлс, сүрлэг өндөр уулсаар хүрээлүүлсэн Юньнань мужийн Дали хот нь байгалийн унаган өвөрмөц тогтоцтой эртний дурсгалт хот. Хот, тосгод нь үүл, уулан завсраа оршин байгаа ч юм шиг хараа булаам үзэсгэлэнтэй.

Дали хотоос эртний байшин барилга, уран дархны нандин хийц Хятадын уламжлалт архитектор, гайхамшигт өв дурсгал, үзмэрийг олж харна. Он цагийн уртад ч Хятад улс өв соёлоо сайтар хадгалдагийг илтгэх зүйлс энд олон бий.

Дали хот нь мөнгөний томоохон үйлдвэртэй. Уран нандин хийцтэй мөнгөн эдлэл, хаш чулуу, торгоор алдартай. Үзэмж төгөлдөр хээ хуарт гар урлал, уран хатгамал, хуучны байшин барилгын модон чамин хийц бүгд эртний хотоо улам чимнэ.

Хотын төв хэсэгт сүндэрлэх гурван өндөр пагод буюу Чонгшен буддын сүмийг жуулчлан ирсэн хүмүүс зорьж үздэг. Алтан шар ганжир, бурхадтай буддын томоохон өв соёлыг илтгэсэн сүмээр зочилж, уран дарханы хийцийг шагшин бахдана. Дали хотын Эрхай нуураар усан онгоцны аялал хийнгээ үзэсгэлэнт байгаль, уул толгод, үндэсний өвөрмөц дуу хуур болсон тоглолт үзүүлбэрийг тольдоно. Хятад улс цайгаараа алдартайг бүгд мэднэ дээ. Хүний биед рашаан болж шингэх төрөл бүрийн цай, урлаг болтлоо хөгжсөн гэж хэлэхээр цайны соёл, цайны ёслол, үндэсний ардын дуу бүжиг, тоглолт үзвэрийг жуучид усан онгоцны тавцнаа харангаа Эрхай нуурын эргэн тойрон дахь байгалийн гоо үзэсгэлэнг тольдоно.

Юньнань мужийн эртний дурсгалт Дали хотоор орсны дараагаар хурдан галт тэргээр хоёр цаг орчим яваад Күньмин хотод ирэв. Юньнань мужийн Күньмин нь улс төр, эдийн засаг, соёлын төв хот юм. Далитай адил мөн л олон үндэстэн нэг дор оршин суудаг дурсгалт хот. Жуулчдын хувьд эртний Далигаар орчихоод орчин үеийн хотыг үзэх завшаантай боломж.

Эртний түүхт Күньмин хот Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн олон улсын худалдаа, аялал жуулчлал хөгжсөн зам харилцааны зангилаа болдог. Күньмин хотод И үндэстэн олонтаа байх ба аялалын тур компанийн хөтөч бүсгүй маань И үндэстэн байж таарав. Жуулчин бидэнд үндэстнийхээ дууг дуулж, хотынхоо танилцуулгыг хийж явах зуур мөнхийн ногооноороо байгалийн үзэсгэлэнг тольдож, цаг уурын халуунгүй, хүйтэнгүй тун тохиромжтой агаарыг таашаан явав.

Күньминд маш олон төрлийн цэцэг ургадаг бөгөөд цайны цэцэг бол тус хотын бэлэг тэмдэг юм. Улс орнууд болон Хятадын бусад муж хотууд Дали, Күньминээс амьд цэцэг авч цааш худалдаалдаг.

Ер нь Юньнань муж нь ан амьтан, ургамлын төрөл зүйлээрээ хамгийн баян мужид тооцогддог. Тус мужид халуун, дулаан, сэрүүн, хүйтэн бүх бүсийн ургамал ургадгаараа онцлог. Эмийн ургамал ургадаг. Уламжлалт эмийн үйлдвэрүүд ч энд бий.

Күньмин хотын Карст чулуун ой үнэхээр гайхалтай. Дэлхийн өвд бүртгэгдсэн Карст чулуужсан ой нь Хятадын аялал жуулчлалын алдартай газруудын нэгд ордог. Чулуужсан ой нь 26 мянган га талбайд тархсан. 5-30 метрийн өндөртэй, байгалиараа бүтэц тогтоцоороо хачирхалтай чулуулгын багц юм. Чулуун ойг үзэж харахын тулд тусгайлан зассан паркаар аялсан. Байгалийн унаган төрхөөрөө чулуужсан ойг хүний хөл хүрэх, гишгэх хэмжээнд бэлдэж зассан нь жуулчдад тэнгэр өөд баганадах уул, ой, үүл рүү хүрэх боломжийг олгоно. Хятад улс экологийн соёлыг чухалчлан авч үздэгийг эндээс харах боломжтой.

Хятад улсын аялал жуулчлалын бодлогодоо тухайн газар нутаг, муж, хотод ирсэн жуулчинд тухайн орон нутгийн тур компани үйлчилгээ үзүүлэх эрхтэй байдаг нь таалагдсан. Энэ нь мэргэжлийн ур чадварын хувьд тухайн газар нутгаа мэдэх хөтөч нар үйлчлэх нь давуу талтайгаас гадна тухайн орон нутгийн хөгжлийг дэмжих гэсэн бодлогын илрэл гэдэг нь тодорхой юм.

Күньмин хотын үндэсний уламжлалт баяр наадам нь хаврын баяр, завины баяр, намрын дунд сарын баяр гэнэ. И үндэстэн ард түмний хамгийн хүндтэй баяр нь хаврын баяр. Сонирхолтой санагдсан нь Азийн орнуудад ихэвчлэн сар шинийг баярыг өвлийн 1, 2 дугаар сард болдог бол И үндэстэн цагаан сараа хавар 6-8 сард хийдэг байна.

Хятад улсын эртний хот болох Дали, Күньмин хотоор аялж, олон үндэстний олон мянган жилийн өмнөх өв соёлтой танилцах нь завшаантай байв. Үүний дараагаар Хятадын төв метрополис Бээжин хотноо ирж аялах нь цаг хугацааны аялал хийж байгаа мэт гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Нийслэл хотдоо хөдөө орон нутгаас залуучууд зорин ирж өндөр боловсрол эзэмшиж, энэ хотод ажил амьдралын гараагаа өрнүүлэх сонирхол өндөр байдаг гэж сонсч байв. Аливаа хөгжил өрсөлдөөнд цэнэглэгдэж байдгийн хувьд Бээжин хотод боловсрол, мэдлэг, ур чадвараар үлдэх их хотын шалгуур байгаа болов уу.

Жуулчдын хувьд Бээжин хотыг зорих шалтгааны нэгд Азидаа хамгийн хямд, хамгийн отгон "Universal Studio" орох нь дамжиггүй. Парк, сэдэвчилсэн зам талбай, долоон арал бүхий 37 төрлийн хурдны тоглоомууд болон алдарт киноноос сэдэвлэсэн 24 шоу үзүүлбэрүүд бий. “Universal”-ийн зугаа цэнгэлийн хүрээлэн гэр бүлийн аялагчдад тун тохиромжтой.

Дэлхийн хамгийн том газар нутгийн эхнээсээ гуравт жагсах Хятад улсын муж, хот, тосгод бүр нь жуулчин гийчдийн харааг булаах зүйл их. Тус улс дотоодын жуулчдаараа ч тэргүүлэхээр гэдгийг Дали Күньмин, Бээжин хотуудаар аялахдаа үзэж харав. Хөгжлийн хурд, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг манай өмнөд хөрш Хятад улс бол хэдэнтээ ч аялаад цаана нь очихыг хүсч тэмүүлэх дэлхийн аялал жуулчлалын томоохон төв байсаар байна. Урьд нь хэзээ очиж үзээгүй Хятадын өмнөд нутгийн Дали, Күньмин эртний хотоор аялаад ирлээ, дахин аялал хийнэ ээ, түр баяртай.

Б.ДОЛЗОДМАА

 

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com