1989 онд Хятадын нийслэл Бээжингийн төв Тяньаньмэнийн талбайд болсон оюутнуудын эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарсан үйл явдлын 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр Хятадын коммунист намын удирдлага авлигыг цэцэглүүлэн, хүний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэж ардчилсан шаардлага тавьсан энхийн жагсаалыг танк оруулан хүч хэрэглэж дарсан гээд “амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн, ээжүүдэд эмгэнэл илэрхийлсэн байна. Гучин жилийн өмнө болсон энэ үйл явдал эрх чөлөөг эрмэлзэгч хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд өнөө болтол байсаар байна” гэжээ.
1989 онд бээжинд юу болсон бэ
1978 оноос хятадын удирдагч Дэн Сяопиний санаачилгаар БНХАУ-д улс төр, эдийн засгийн өөрчлөлт эхэлж зах зээлийн эдийн засагт шилжих, улс төрийн хүрээнд зарим талаар либералчлах, Мао Зэдуны эхлүүлсэн хятадын коммунизмын онолын тогтолцоог зөөлрүүлж эхэлсэн юм.
Гэсэн ч оюутнууд, сэхээтний зарим хэсэг энэ өөрчлөлт удаашралтай байна, улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой гэж байлаа. Тэд бас ХКН-ын удирдлагын нийгэм эдийн засгийн бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх болсон юм. Тэд ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёвын хийж байгаа улс төрийн өөрчлөлт шинэчлэлийг ажиглаж өөрчлөлтийг ингэж хийх ёстой гэж найдаж байсан юм.
Ингээд оюутнууд Дэн Сопиний хийж байгаа шинэчлэл нь капиталист чиглэлээд явж байгааг эсэргүүцэн, Мао Зэдуны социалист ололтыг хадгалах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байв. Ардчиллын тухайд зах зээлийн эдийн засгийн бодлого явуулах гэсэн тэд Засгийн газрын эсрэг үг хэлэх эрх чөлөө, ялангуяа нийгмийн шаардлага тавих эрхтэй болохыг хүсч байлаа. Гэхдээ нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар бол энд оюутнууд биш ялангуяа тавдугаар сар гэхэд Мао Зэдуны хөрөг, ийм уриа лоозон барьсан төрийн албан хаагчид байсан гэдэг. Зах зээлийн эдийн засгийн бодлогыг үнэ өсөхөөс болгоомжилсон ажилчид эсэргүүцэж байсан ч ихэнх нь авлигыг устгахыг шаардаж байсан гэнэ.
Михаил Горбачёвын БНХАУ-д хийх айлчлалд бэлтгэж байсан хэсэгт орсон олон улсын сэтгүүлч Всеволод Овчинников залуучуудын энэ цуглаан жагсаал хүний эрх, ардчилсан эрх чөлөөг хүссэн, шаардсан жагсаал биш байсан гэж бичсэн байдаг. Барууны хэвлэлүүд ч ингэж мэдээлж байлаа. Жагсаал цуглаан Дэн Сяопины 1979 онд эхлүүлсэн шинэчлэлийг нь эсэргүүцэж байсан гэдэг.
Тэд нам төрийн аппаратаас хувийн аж ахуйн нэгжүүдтэй хууль бус гэрээ хэлцэл хийж байгааг эсэргүүцэж байлаа. Ийм ч учраас үүнийг авлига хэмээн гол уриа нь “Дадао тангуан” буюу “Худалдагдсан түшмэлүүд зайл” гэж байжээ.
1987 оны нэгдүгээр сарын 16-нд ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Яобан албан тушаалаасаа огцорлоо. Дэн Сяопин түүнийг 1986-1987 онд ардилсан уриа лоозонгийн дор болж байсан оюутнуудын жагсаал цуглааны хариуцлагыг үүрэх ёстой гэж буруутгасан байна. Ингэж байтал 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ху Яобан зүрхний шигдээсээр нас барсан нь оюутнуудад шалтаг болж талийгаач даргын араас эмгэнэхийн зэрэгцээ 1986-1987 онд болж байсан жагсаал цуглааныг буруутгасны эсрэг нэгдэхэд хүргэсэн байна.
Гол үйл явдал
Тяньаньмэний талбай дахь гол үйл явдал, эсэргүүцлийн хөдөлгөөн 1989 оны дөрөвдүгээр сарын 27-ноос зургадугаар сарын 4-нд болсон байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод майхант лагерь байгуулж, эрх баригчдыг шүүмжилцгээлээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг намын байгууллага дахь ерөнхий нарийн бичгийн дарга Жао Зыяны талынхан далдаас дэмжиж байсан байна. Жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсод өөр өөр үзэл бодолтой, өөр өөр шаардлагатай байлаа. Сэхээтнүүд болохоор эрх баригчид авлигад идэгдсэн, улс орныг дарангуйлах замаар удирдаж байна, эрс шийдэмгий өөрчлөлт хэрэгтэй гэж байхад ажилчдын хувьд Хятад өөрчлөлт хийхэд хол байна, үүнээс болоод инфляц өсч, ажилгүйдэж өөрсдөө болон ар гэрт нь хүндрэл учирна гэж байв. Гэхдээ ихэнх нь намын удирдлагыг хязгаарлах, авлигатай тэмцэх, ардчилсан тогтолцоог шаардаж байсан юм. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг Ван Дань, Чай Лин, Уэр Кайси, Фэн Цундэ, Пу Жицян нарын удирдсан Бээжингийн оюутнуудын хараат бус холбоо байснаас энэ үйл явдлыг оюутны эсэргүүцэл гэж нэрлэдэг. Гэтэл энд эрх баригчдын эсрэг илүү хатуу шүүмжлэлтэй хандаж байсан Бээжингийн ажилчдын хараат бус нийгэмлэг багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Эдний удирагчид нь Хань Дунфан, Цянь Юймин, Бай Дунпин, Лю Хуанвэнь, Лю Сян, Жоу Юнцюнь нар байлаа.
Жагсагчид, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогсдын зарим нь бас дэг журам сахиулж, бунхан дээрх Мао Зэдуны хөрөг рүү будаг цацах гэсэн хэт даврагсдыг барьж, хууль сахиулагчдад өгч байсан мэдээ бий. Ийм эсэргүүцлийн хөдөлгөөн Шанхай, Чунцин, Уханьд ч болж байлаа.
Эрх баригчид жагсагчдыг тарахыг шаардсан ч эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн шаардлагыг хүлээн авахаас татгалзсанаар тавдугаар сарын 20-нд Бээжинд цэргийн байдал тогтоолоо. Ингээд тавдугаар сарын эцэс гэхэд эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг хүчээр тараах зарчмын шийдэлд хүрсэн байна.
Зургадугаар сарын 3-ны өглөөгүүр Хятадын Ардын чөлөөлөх армийн зэвсэглээгүй хэсэг Тяньаньмэний талбайд орж ирэхийг оролдсон ч амжилт олсонгүйгээс энэ өдрийн орой танк бүхий ангиуд орж ирсэн байна. Жагсагчид нь зэвсэглэн эсэргүүцэж, зэвсэгт мөргөлдөөн болсон байна. Талбайн баруун хэсэгт ихэнхдээ хутгаар зэвсэглэсэн хүмүүс армийнхантай мөргөлджээ. Тэд танкууд руу чулуу, шатаагч шингэнтэй шил шидэлж эхэлснээс танкууд жагсагчдын автомашин, автобус, трактор ашиглан байгуулсан бэхлэлтийг дайрч оржээ. Жагсагчид ч мод төмөр бороохой, шийдэм ашиглан хуягт машинуудыг эвдлэхийг хичээж, бас шатааж байв. Танк, хуягт машинууд хөдөлгөөнгүй зогсч байхад тэд хөнжил, хүрэм ашиглан янданг нь бөглөж, чадлын хэрээр гэмтээж байсан байна. Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю өөрийн “Сингапурын түүх” номдооо Хятадын Худалдааны сайд Ху Пиний “Маргааш нь би Чанъань гудамжаар явж байхад Цэргийн музейгээс зочид хүлээж авдаг Дяоюйтай цогцолбор хүрэх замд 15 танк, хуягт машин шатсан байхтай таарсан” гэснийг эш татсан байдаг.
Автоматаар зэвсэглэсэн цэргүүд жагсагчид руу ямар ч урьдчилсан анхааруулгагүйгээр шууд чиглүүлэн гал нээж байжээ. Түргэн тусламжийн машинууд бэхлэлтийг нэвтэрч орж чадахгүй амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийг гар дээрээ л барин зөөвөрлөж байсан гэдэг. Жагсаалд оролцогсдыг онц аюултай гэмт хэрэгтэн хэмээн үзэж ихэнхийг баривчлан, ямар ч шүүхгүйгээр ялласан байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнийг ийнхүү цус урсган дарсны дараа ч эрх баригчид тэдний талынхан, дэмжигчдийг хэд хэдэн удаагийн баривчилгаагаар саатуулж, гадаадын хэвлэлээр энэ тухай гаргахыг хориглон, дотоодын хэвлэлдээ хатуу хяналт тавьж хоригложээ. Эсэргүүцлийн хөдөлгөөний зохион байгуулсан ихэнх идэвхтнүүд гадаадад зугтан гарч, дийлэнх нь Гонконг руу зугтжээ.
Энэ аймшигт үйл явдал, хядлага олон улсын анхаарлын төвд орж БНХАУ-ын засгийн газрын эсрэг төрөл бүрийн хориг тавьж шахалт үзүүлж эхэлсэн юм. БНХАУ-ын талаарх олон улсын харилцаа бүр 1990-ээд оны сүүлчээр л сая нэг юм бэхжиж ирсэн юм.
Үйл явдлын үр дагавар
Тяньаньмэний талбайд алагдаж шархадсан хүний тоог янз бүрийн эх сурвалж өөр өөрөөр мэдээлдэг. Хятадын засгийн газар болохоор 242 хүн амь үрэгдсэн гэдэг ч нас барагсдын нэрсийг нийтэлдэггүй. “Алагдсан хүний тоо тодорхойгүй үлдлээ. Магадгүй мянга мянган хүн үрэгдсэн байх. Цэрэг цагдаагийнхныг оролцуулаад 400-800 хүн амь алдсан байх” гэж судлаач Николас Д. Кристоф бичсэн байдаг. Ардын чөлөөлөх армийнхан амь үрэгдэгсдийн цогцсыг маш хурдан зайлуулж, устгаснаас хохирлын тоог гаргахад хүндрэлтэй болсон гэж үздэг хүн ч байна.
Бээжингийн хэвлэлийн алба яг талбай дээр хэнийг ч алаагүй гэдэг ч дүрс бичлэг дээр буун дуу гарсаар байдаг. ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл болохоор хэдэн зуун цэрэг амь үрэгдэж, үүнээс ч олон хүн шархадсан гэжээ. Бээжин хотын дарга Чэнь Ситун энгийн 200 хүн, цэргийн хэдэн арван хүн амь алдсан гэжээ.
Тяньаньмэний талбайд зургадугаар сарын 3-ны шөнө байсан “Рейтер” агентлагийн оператор Грэсм Эрншоу үйл явдлыг харсан барууны ганц сэтгүүлчийн хувьд тэнд ямар ч хядлага болоогүй гэж дуртгалдаа бичсэн байдаг. Нууц эх сурвалжууд болохоор 5000 хүн амь үрэгдсэн гэдэг.
Гэхдээ зөвхөн Тяньаньмэний талбайд ч биш ойролцоох гудамж, талбайнуудад энгийн номхон олон хүнийг буудан хөнөөсөн гэсэн яриа бий. Оюутнууд бас бид талбайг орхиод тарсан хойно ч гэсэн буун дуу гарсаар байсан гэж ярьсан нь бий. Талбайгаас бүр хол Бээжингийн концертын танхимын тэнд ч олон хүнийг буудан хөнөөсөн гэдэг.
Хохирлыг эх сурвалжууд янз янзаар мэдээлдэг
- The New York Times сонин дипломат эх сурвалжаас авсан хэмээгээд энгийн 300-1000 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байжээ.
- Засгийн газрын бус “Олон улсын өршөөл” байгууллага болохоор 1000 орчим хүнийг цаазалсан гэж мэдээлсэн байна.
- БНХАУ болохоор 200 хүн амь үрэгдсэний 36 нь оюутан, 10 цэрэг, хүний байгууллагын 13 ажилтан байсан. Үүнээс гадна 7000 орчим хүн шархтаж гэмтсэн гэж албан ёсоор мэдээлжээ.
- The Far East and Australasia гэдэг нэр хүндтэй лавлах амь үрэгдсэн хүний тоог яг 1000 гэсэн байна.
- Бээжин, Шанхай, Нанкин, Гуанжоу, болон бусад томоохон хотуудад эсэргүүцлийн энэ хөдөлгөөнд оролцогсдын шүүх ажиллагаа болсон. Тэдний ихэнх нь ажилчны хөдөлгөөний идэвхтэн, гишүүд байсан гэдэг. Найман хүнийг цаазаар авахаар шийтгэж гүйцэтгэсэн байна.
- Өөр хэдэн зуун хүнийг шоронд хорих ялаар шийтгэсний зарим нь өнөө хүртэл шоронд байгаа гэж 2008 онд Олон улсын өмгөөлөлийн байгууллага мэдээлсэн байдаг.