“Ардчилал таймс” сонин энэ долоо хоногийн даваа гаргаас эхлэн “Гэр бүлийн хүчирхийлэл” сэдвийг онцолж, дугаар бүртээ сурвалжилга, ярилцлага, мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаад гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон бяцхан үрсийн хувь заяа хэрхэн яаж эргэж байгаа талаар хөндөхийг зорилоо. Хамгаас хайртай ижий ааваасаа сэтгэлийн шарх авч, ганцаардаж орхигдсон мэдрэмж авсан хүүхдүүд гэр орноосоо дайжих, цахим тоглоомонд донтох, шашны буруу урсгалд автах, бусдын нөлөөгөөр гэмт хэргийн золиос болдог тохиолдол олон.
Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, хайртай үрсээ хүчирхийллийн золиос болохоос урьдчилан сэргийлэх үүрэг эцэг эхчүүдэд бий.
Жилд 1000 орчим хүүхэд сураггүй алга болсон дуудлага мэдээлэл ирдэг
Эх сурвалжийн мэдээлж буйгаар цагдаагийн байгууллагад жилд 1000 орчим хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл ирдэг гэнэ. Тэдний 90 орчим хувийг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж тухайн өдөрт нь олж, эцэг эхэд нь хүлээлгэн өгдөг байх юм. Харин үлдсэн 10 хувь дээр цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээж, эрэн хайх ажиллагааг хамгийн удаандаа 30 хоног үргэлжлүүлдэг байна. Ингээд бид хүүхдүүд яагаад сураггүй алга болдог, гэрээсээ дайждаг талаар цагдаагийн хошууч Д.Будзаанаас тодруулсан юм. Тэрбээр дөрвөн шалтгааны улмаас энэ төрлийн дуудлага мэдээллийн тоо буурахгүй байгааг онцолж байв.
Нэгдүгээрт, гэр бүлийн ойлгомжгүй харилцаа, эцэг эхчүүдийн уур бухимдал, стресстэй байдал, бие биеэ үл хүндлэх, үл сонсох харилцаа, хүүхдэд уураа гаргадаг, хүүхдээ зоддог, элдэв зүйлээр гачигдуулдаг. Энэ байдлаас болж ээж ааваараа хайрлуулах, хүндлүүлэх, “амь” нь байх хэрэгцээ нь алдагдаад ирэхээр хүүхдүүд гэрээсээ дайждаг.
Хоёрт, өсвөр насны буюу бага насны хүүхдүүд PC тоглоомонд донтсоны улмаас гэрээсээ удаан хугацаагаар дайждаг, PC тоглоомын газарт хоноглодог. Тэдэнд эцэг эхийнх нь өгсөн хэрэглээний мөнгө тоглоом тоглоход нь хүрэхгүйн улмаас гэмт хэрэг үйлдэх сэдэлд автдаг.
Гуравт, хөдөө орон нутагт бага насны хүүхдийг малд явуулсны улмаас төөрч, осолдох тохиолдол их байна. Салхи шуурга, цас бороо, ган зудтай үед бага насны хүүхэд өөрийгөө хамгаалж чаддаггүй. Үүнээс гадна бага насны хүүхэдтэй айлууд голын ойролцоо нүүдэллэн ирж буудаг. Бороо орж, үер болоход гол усанд бага насны хүүхэд нь живж нас барах тохиолдол жил бүр бүртгэгдсээр байна.
Дөрөвт, өсвөр насны хүүхдийн үерхэл нөхөрлөлтэй холбоотой асуудлыг эцэг эхчүүд ойлгож, хүлээж авдаггүй. Бүр уурлаж, эсэргүүцдэг. Сургууль төгсөөгүй байж юун найз охин, хөвгүүн яриад эхлэв гэх хандлагаас болж хүүхдүүд гэрээсээ дайждаг байна. Өсвөр насны хүүхдүүд үерхэж нөхөрлөх, бие биендээ тусалж дэмжих, өөрийгөө болоод бусдыг таньж мэдэх хэрэгцээнд нь нээлттэй хандаж чаддаггүй эцэг эхчүүд бий.
Хүүхэд алга болсон дуудлага мэдээлэл 30 хувиар буурчээ
Он гарсаар цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон хүүхдийн 200 орчим дуудлага мэдээлэл ирсэн гэнэ. Эдгээр хүүхдийн ихэнхийг 14-17 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд гэр бүлийн таарамжгүй харилцаанаас зугтсан байна. Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулж үзвэл 30 хувиар буурсан гэдэг эерэг мэдээлэл байна. Энэ нь хорио цээрийн дэглэмтэй холбоотой аж.
Хэдий тийм ч гэлээ, монголчууд бид хэнэггүй хайнга зангаасаа болж цэцэг цэврүү шиг гурван бяцхан охиныг ор сураггүй алдаад байгаа билээ. Энэ талаар цагдаагийн хошууч Д.Будзаан ярихдаа, “Сүүлийн дөрвөн жилийн байдлаар гэмт хэргийн шинжтэй эрэн хайж байгаа гурван хүүхдийн хэрэг бий. Тодруулбал, Дорноговь аймгаас алга болсон Д.Сэржмядаг, Хөвсгөл аймгаас алга болсон Д.Мөнгөнцэцэг, Сэлэнгэ аймгаас алга болсон Б.Ундармаа охины хэрэг тус бүр дээр 15-25 мянган орчим хүн тусламж дэмжлэг үзүүлж, эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулсан. Өнөөдрийн байдлаар хэргийг хаасан, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон зүйл байхгүй” гэсэн юм. Уншигч та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс тэдгээр охидод тохиолдсон хэрэг явдлын талаар эргэн сануулъя.
Д.СЭРЖМЯДАГ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болоод гурван жил болж байна. Охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад сураггүй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй. Иймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ. Охин айлын бага хүүхэд бөгөөд алга болсон тухайн өдөр ээж рүүгээ дөрвөн удаа залгаад утас нь холбогдохоо больсон байдаг. Өнгөрсөн хугацаанд тус суманд эрлийг өргөн хүрээтэйгээр хийсэн ч охины талаар сураг гараагүй байгаа юм. Иймээс эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Б.МӨНГӨНЦЭЦЭГ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог-Уул гэх газраас 13 настай охин Б.Мөнгөнцэцэг 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд хонио хариулахаар яваад одоог хүртэл ор сураггүй болсон юм. Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр, печень авч ирсэн тухай ч мэдээлэл бий. Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэдэг.Түүнийг алга болсон даруйд Онцгой байдлын аврагч, нутгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн хоёр хоног хайжээ. Цагдаагийн байгууллагаас гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч харамсалтай нь охины сургийг гаргаж чадаагүй. Одоогийн байдлаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв.
Б.УНДАРМАА
Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан Б.Ундармаа охин энэ 2019 оны хавар алга болсон. Хамгийн сүүлд охиныг 18.00 цагийн орчимд ээж нь гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан ажээ. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн юм байна. Охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй учраас хуулийн байгууллагад хандаж, эрлийн ажиллагааг орон даяар явуулж эхэлсэн юм. Б.Ундармаа охин айлын бага хүүхэд бөгөөд түүнийг алга болсноос хойш сум даяараа хүч нэмэгдүүлэн хайж байна. Түүнийг гуу жалга, голд унасан байж болзошгүй хэмээн самналт хийхэд сэжүүр олдоогүй аж. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүссэн юм.
Эдгээр охидын хувь заяа хааш эргэснийг бурхан л мэдэх биз. Магадгүй гэмт хэргийн сэдэвтэй кино, жүжигт гардаг шиг хүн худалдаалах буюу бэлгийн мөлжлөг, боолчлол, эд эрхтэн худалдаалах гэмт хэргийн золиос болсон байхыг үгүйсгэх аргагүй. Монгол Улс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгах зорилгоор ЦЕГ, ХХЕГ-ын дарга нарын хамтарсан тушаал 2018 онд шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, эцэг эх асран хамгаалагч, багш дасгалжуулагч хилээр хүүхэд авч гарсан тохиолдолд итгэмжлэх бичиг, төрсний гэрчилгээ зэрэг материалыг бүрдүүлж, эрүүгийн цагдаагийн албаны хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх албанд бүртгүүлдэг, хилээр хүүхэдтэй гараад хүүхэдгүй ирсэн тохиолдол бүрийг шалгадаг болсныг эх сурвалж онцолж байв.
Эцэг эхийн хараа хяналтгүй 3000 орчим хүүхдийн хувь заяа дээсэн
дөрөөн дээр дэнжигнэж явна
Үр хүүхэд гэдэг бол бурхнаас өгдөг хамгийн том бэлэг гэдэг. Гэтэл энэ нандин эрдэнэ болсон бяцхан үрсээ томчууд бид үл хайхарсны улмаас ерээд оны сүүлээр манай улсад траншейны хүүхдүүд олон тоогоор бий болсон бэлээхэн жишээ бий. Өдгөө тэдгээр хүүхдүүдийн хувь заяа хааш эргэсэн талаар хүмүүс янз бүрээр таамаглан ярьцгаах нь ч бий. Харин цагдаагийн хошууч Д.Будзааны хэлснээр, “Цаг хугацаа улиран одож тэдгээр хүүхдүүд өнөөдөр төлөвшсөн залуус, ээж аав, том хүмүүс болцгоосон байна. Тухайн үед асрамж халамжийн төвд бүртгэлтэй байсан тэдгээр хүүхдийн дотор гэмт хэрэг үйлдээд хуулийн хариуцлага хүлээгээд явсан хүмүүс ч бий. Сайн сайхан боловсрол эзэмшээд хүний дайтай яваа залуус ч хааяагүй тааралддаг. Цагдаагийн байгууллага хийгээд хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хүмүүс тухайн үед тэдгээр хүүхдүүдийг 18 нас хүрэхэд цэрэгт явуулах, МСҮТ-д сургах гэх мэт ажлуудыг зохион байгуулсан” гэв.
Тэгвэл өнөөдрийн тухайд гуйлга гуйдаг, тэнэмэл хүүхдүүд байна уу гэвэл байна гэнэ. Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн судалгааг гаргадаг. Тодруулбал, Монгол Улсад өнөөдөр ийм эрсдэлт нөхцөлд байгаа, ар гэр нь хараа хяналт тавьдаггүй 3000 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Тэдэнд зориулсан тусламж үйлчилгээг хүүхдийн байгууллага, цагдаа, нийгмийн ажилтнууд хүргэдэг байна. Гэсэн хэдий ч эцэг эхийн хайрыг юугаар ч орлуулж болшгүй гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Эрсдэлт нөхцөлд байгаа эдгээр хүүхдүүд эрүүгийн хуулинд заасан хорь гаруй гэмт хэргийг үйлдэж, хувь заяа нь хаашаа ч эргэж магадгүй дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна гэсэн үг.Социализмын үед буюу дал, наяад оны үед хүүхэд хулгай хийдэг, бусдыг зодож танхайрдаг гэх мэт хэдхэн төрлийн гэмт хэрэг үйлддэг байж. Харин одоо залилан мэхлэх, хүчиндэх, булаах, дээрэмдэх бүр хүн амины хэрэгт холбогдох нь энүүхэнд болоод байгааг сонсоход сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй.
Хүнээр хүн хийж авна гэдэг амаргүй хэдий ч амттай хөдөлмөр
Цагдаагийн хошууч Д.Будзааны хэлснээр, үр хүүхдийг нь олоод өгөхөд хаагуур явсан, ямар асуудал байна, яагаад гэрээсээ явах болсон талаар нь ярилцаж, ойлголцохыг хичээдэггүй, урьдын байдлаар угтдаг, харилцдаг эцэг эхчүүдтэй олон таардаг. Хүүхдийн хүмүүжлийг юм өгч л байвал сайн гэж ойлгодог, бүхнийг мөнгөөр шийдэх гэсэн хандлагатай, хүүхдийнхээ сэтгэлийн боловсролд анхаардаггүй эцэг эхчүүд ч байна. Нөгөө талаар гэр бүл нь салсан, амьжиргааны түвшин доогуур, өөрөө хамааралтай болсон ээж аав нар ч бий. Тэгэхээр хүүхэд алга болдог, гэрээсээ дайждаг, бусдын нөлөөнд автаж гэмт хэргийн золиос болж буй энэ хэрэгт зөвхөн эцэг эхчүүд буруутай. Хүнээр хүн хийж авна гэдэг амаргүй хэдий ч амттай хөдөлмөр. Тиймээс үр хүүхэдтэйгээ багаас нь нээлттэй, илэн далангүй ярилцаж, анхааралтай сонсч, хүсэл мөрөөдлийг нь суулгаж өгөхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Ингэж чадаагүй тохиолдолд өсвөр насны хүүхэд, эцэг эх хоёрын дунд үл үзэгдэх хана бий болж ойлголцож чаддаггүй байна. Улмаар хүний үг дуулдаггүй, эцэг эхээ үл тоодог, сөрөг хандлагатай, бусдын нөлөөнд автдаг, зорилгогүй хүн төлөвшин бий болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжлийн асуудлыг зөвхөн боловсролын байгууллагад даатгах биш, гэр бүлийн эрүүл харилцаандаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"