Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ажил горьдон очиход “Эргээд ярина” гээд буцаах л хэцүү /ЦУВРАЛ №1/

ХӨНДӨХ СЭДЭВ: АЖИЛГҮЙДЭЛ

 “Ажил хийвэл ам тосодно”, “Гар хөдөлбөл ам хөдөлнө” гэх зүйр үгс “Ажилтай л бол болно доо” гэсэн нийтлэг ойлголт, “Ажил голоод хийхгүй юм” гэсэн үгтэй мөргөлдөхдөө ямар гээчийн чимээ гаргадаг вэ. Уншигч та азнаад нэг сонсоорой. Том хотын маань төвийн үйлчилгээнээс алслагдсан захын хороодын дарга, хэсгийн ахлагчтай уулзаад үзэхэд л иргэдийнхээ ээж, аав нь аятай, өмнөөс нь ажил хайхдаа тулсан байх вий. Ажлын байр нэмэгдүүлэх элдэв төсөл, хөтөлбөр сонсогдох ч амьдрал дээр бууж, жирийн өрхөд хувь нэмрээ оруулах нь ховор. Хороон дээр ирсэн ажлын зараар иргэдээ явуулахаар нас, зүсээр нь голоод буцаадаг гэх. Долоон жил энэ ажлаа хийж байгаа дарга тийм ч олон иргэнээ ажилд оруулж чадаагүйгээ ний нуугүй хуучилсан удаа­тай. Бодит байдал, нийт­лэг төрх, өөрчлөх ёстой завх­ралыг өргөн цар хүрээтэй уншигчдадаа хүргэхээр бид “Ажилгүйдэл” гэсэн сэдвийг онцлон энэ долоо хоногийн турш хүргэх болно.
Энэ удаа 40 орчим нас­тай, дөрвөн хүүхдийн ээж Б.Ариу­нааг даган ажил хайлаа.

Худалдагчийн арвин туршлагаа өвөртлөөд ажлын эрэлд гарав

 Б.Ариунаа нөхөр, дөрвөн хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суудаг. Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох коронавирусийн нөлөөгөөр худалдагчийн ажлаасаа гараад хоёр сарын нүүр үзэж байгаа жирийн нэг эмэгтэй, жирийн нэг ээж. Тэднийд өглөөний 09.00 цагийн үед очиход өсвөр насны хоёр хүүгийн нэг нь боорцог хэрчиж, нөгөө нь гал дээр хайрч байлаа. Харин хамгийн бага охин нь дөрвөн настай бөгөөд ээжийнхээ хажуунаас холдохыг хүсэлгүй орсон ч, гарсан ч хамтдаа л гүйж харагдана. Хэсэг хугацааны дараа дунд охин нь тэвэр дүүрэн түлш гаднаас хормойлон орж ирээд дөрвөлжөө дүүргэчхээд бага дүүгээ саатууллаа.

Б.Ариунаагийн нөхөр нь MCS компанийн харьяа барилгын компанид гагнуурчин хийдэг тул ажилдаа явсан гэнэ. Нийтлэлийн баатар маань сүүлийн 14 хоногийн турш ажил идэвхтэй хайж байгаа ч одоогоор түүнд тохирох ажил олдоогүй. Өнөөдөр ч бас шантрахгүйгээр дахин ажлын байрны эрэлд гарахаар бэлтгэлээ базааж бага дүүгээ сайн харах талаар ах, эгч нарт нь захиж сууна. Эднийх 4-16 насны хүүхдүүдтэй, том нь багыгаа хараад, хоол цайгаа ч бэлдчихдэг. Хамгийн том хүү нь дараа жил 12 дугаар ангид элсэн орох бол удаах нь 11, 10 дугаар ангид элсэн суралцах аж. Өөрөөр хэлбэл удахгүй хүүхдүүд нь шил шилээ дараад их сургуулийн босго алхах тул өнөө маргаашийн хоолны мөнгөндөө санаа зовохоос илүүтэй хүүхдүүдээ мэдлэгтэй, мэргэжилтэй болгохын тулд төлбөрийнх нь хэдэн төгрөгийг бага багаар хурааж хуримтлуулахад санаа зовж байгаагаа тэрээр хэлсэн юм. Одоохон л хичээлийн шинэ жилтэй золгоно. Өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээ их болохоор олон сар гэртээ суух эрх түүнд байхгүй гэдгийг ч учирлаж байна. Б.Ариунаа нөхөр хүүхдүүдийн хамт хөдөө мал маллаж байгаад, зуданд байдгаа барж, амьдралын эрхээр хот бараадаад 10 жил болж байгаа аж. Өнөөдрийг хүртэл түүнд хийж үзээгүй ажил ховор. Харин ногдсон ажлаа хэнд ч гологдохгүй сайн хийдэг байснаа хуучилна. Хамгийн сүүлд ажиллаж байсан газар нь цалингаа 2-3 сарын дараа өгдөг байсан учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан гэнэ. Олон жил худалдагч хийсэн болохоор тэр туршлагатайд тооцогдоно. “Үнэнч хүний л хийх ажил даа, худалдагч гэдэг. Одоо ч бас худалдагчийн ажил олоод хийчих юм сан л гэж бодож явна. Ажил олдохгүй бол цалин мөнгө нь найдвартай үйлчлэгч ч хамаагүй хийнэ ээ. Даанч насаа хэлэхээр л авахгүй гэх юм” хэмээн ярих зуураа гарахдаа бэлдэв. Жижигхэн ч гэсэн гэрээ цэмцийтэл цэвэрлэчхээд дулаахан гэртээ халуун боорцогтойгоо сууж байгаа энэ айлын төрх бол нийслэл хотын байшин хорооллыг бүчих 220 мянган гэр хорооллын айлын энгийн нэгэн дүр төрх юм.

Дөчин настай, дөрвөн хүүхэдтэй ээжид ажил хийх эрх байгаа эсэх нь эргэлзээтэй

Өнөөдөр баасан гараг тул “Зар мэдээ”, “Шуурхай зар” сонин шинээр гардаг өдөр. Эртлэн гарч хэдэн газраар орж амжвал ажилд орох магадлал төдий чинээ их байх болов уу гэсэн горьдлого тээн “амжилт” гэх бяцхан хүүхдүүдийн үгэнд урамшин эрч хүчтэйгэр хотын төвийг зорилоо. “Сансрын клонк”-ийн автобусны буудлын сонин борлуулах цэгээс шинэ сонин авах гэсэн бидний оролдлого бүтэлгүйтэв. Өчигдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоосон учраас өнөөдөр сонин гараагүй гэдгийг худалдагч эмэгтэй тайлбарлав. Одоо яадаг хэрэг билээ гэхэд түрүүхэн ширээн дээрээ дэлгээд хэдэн газрын дугаар тэмдэглэж авсан мягмар гарагт хэвлэлтээс гаргасан хуучин сониноо Б.Ариунаа үзүүлээд “Эндээс харж байгаад утасдаж үзээгүй хэдэн газар луугаа залгая” гэсэн санаачилга гаргалаа. Худалдагч авна гэсэн хэд хэдэн газартай холбогдсон ч зарим нь ажилтнаа авчихсан гэсэн хариу өгсөн бол нөгөө хэсэг нь түүний насыг сонсоод л авахгүй хэмээн хариулав. Үнэндээ ажил хийх зүтгэлтэй, туршлагатай хүн чухал уу, нас л залуу бол хэн ч байсан хамаагүй юм уу бүр гайхаж орхив. Насны залуу, цусны шингэн нь ажлыг хийдэг нийгэм болчихсон юм уу. Дөчин настай, дөрвөн хүүхэдтэй ээж ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа өөд татаж, ажил хөдөлмөр хийх эрх байгаа эсэх нь эргэлзээтэй болчхов.

“Эргээд ярья” гэх эргэлзээтэй хариулт хөвөрсөөр...

 Ашгүй цэцэрлэгт хүрээлэнгийн ард “Нарлаг” дэлгүүрт худалдагч авна. Та ирээд уулзаарай гэж байна. Сансраас Ганц худаг-Мишээл экспо гэсэн автобусанд суугаад зорьсон газраа дөхөж ирлээ. Хэдэнтээ утсаар ярьж ертөнцийн зүг, ертөнцийн бус зүг, баруун, зүүн гэсээр сая нэг олж ирэв. Нийтлэлийн баатар маань илүү харж, билүү долоосон хүнд жаахан илүүдэл жинтэйг нуугаад яах вэ. Гэлээ гээд тартагтаа тулаад, хөдөлж чадахаа больчихсон юм бол байхгүй. Бусад охид хүүхнүүдийн адил илүүдэл жингээсээ салахын тулд болсон, болоогүй дэглэмүүдийг барьж үзсэн гэдгээ нуулгүй хуучилна. Замын турш нийтийн унаанд бид юу эсийг хуучлах вэ дээ. Багын л унаган махтай хүүхэд байсан болоод ч тэр үү сүртэй туранхай явсан түүх байхгүй ээ гэх. Илүүдэл жинтэй ч илүү дутуу зангүй ийм л нэгэн эмэгтэй заасан дэлгүүрийн үүдийг татан орлоо. “Зарын дагуу яваа юм аа. Ямар хүнтэй уулзах вэ” хэмээн асуухад хэн нь ажилд орох юм хэмээн худалдагч охин асуугаад нийтлэлийн баатрыг маань арын өрөө рүүгээ дагуулаад явчхав. Үйлчлүүлэгчид ихтэй, найман нэрийн дэлгүүр байв. 2-3 худалдагч охин нааш цааш гүйлдэнэ. “Та нар ээлжээр ажилладаг уу хэмээн үгэнд дурлахад тав хоноод ээлж солилцдог хэмээн кассан дээр сууж байсан охин найрсагхан хариулав. Хамт олны уур амьсгал таатайн дээр гэрээсээ нэг л автобусаар ирчих болохоор энэ ажлаасаа нааштай хариу сонсчихоосой хэмээн сэтгэл түгшин хүлээлээ. Үнэндээ ажилтан, ажил олгогчийн хэн хэнд нь нэг автобусаар ажилдаа ирнэ гэдэг давуу тал шүү дээ.Өнөөх маань 15 орчим минутын дараа малийтлаа инээгээд гараад ирэх нь тэр. “Ямартай ч анкет бөглөөд гараад ирлээ. Дарга нь бололтой нэг залуутай уулзлаа. Ажлын туршлагаа хэллээ. “Эргээд ярья л гэж байна” гэв.
Бид хоёрын дараагийн цэг бол “Шөнийн зах”-ын эсрэг талын ... тоот байранд үйлчлэгч ажилд авна гэх зарын дагуу байлаа. Цэцэрлэгт хүрээлэнгээс “Шөнийн зах” ойрхон тул автобусныхаа мөнгийг хэмнээд алхахаар шийдсэн юм. Учир нь Б.Ариунаа хоёр долоо хоногийн турш ажил хайхдаа автобус, нэгж, өдрийн хоолны мөнгөндөө 40 орчим мянган төгрөг зарцуулаад байгаагаа хэлсэн. Өдрийн хоол гэхээр уншигч та тансаг рестораны таваг хоолоор битгий төсөөлөөрэй. Түүний өдрийн хоол ердөө л 2000 төгрөгт багтдаг. Хүн л юм чинь өдрийн турш хотыг хэрэн ажил хайж явахад ядарна, өлсөнө. Зорьсон газраа ирж уулзаад өнөөх л “эргээд ярья” гэх танил болоод удсан хариултаа сонсоод буцахаас өөр сонголтгүй болов. Уг нь энэ ажил сарын 500 мянган төгрөгийн цалингаар есөн давхар байрны гурван орцыг өөр нэг үйлчлэгчийн хамт цэвэрлэх үүрэгтэй байсан юм. Азаар нас заасангүй. Даанч ажилд авах шийдвэрийг анкет бөглүүүлж байгаа нөхөр мэддэггүй гэх. Дарга даамлууддаа танилцуулж шилж, сонгож байгаад авдаг юм байх. Үдийн цайны цаг хаяанд иржээ. Одоо бид хоёр 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцад худалдагч авна гэх зарын дагуу тийш чиглэж явна.

“Сүүлдээ утасны цаанаас ярьж байгаа дуу хоолойгоор нь хүртэл намайг ажилд авах гээд байна уу, үгүй юү гэдгийг нь мэдэрдэг болчих юм. Зарим нь нас, зүсээ хэлээд ирэхээр бүр нэг ёс зүйгүй хандана шүү дээ” хэмээн хээгүйхэн ярих түүний яриа. Тэгвэл таны долоо дахь мэдрэхүй чинь айхтар хөгжиж байгаа юм биш үү. Удахгүй үздэг хардаг хүн болчих вий хэмээн түүнийг цаашлуулахад “Тэр нь ч юу юм бэ. Гэхдээ аягүй сонин. Утсаар ярихад л итгэл төрөхгүй байгаа газар яваад очихоор яг л утасны цаанаас мэдрэгдсэн таагүй мэдрэмж төрдөг шүү дээ. Бүр нэг дээрээс доош хүртэл минь хараад л ... өнгө үзэмж, өндөр нам, өргөн, нарийн, өмссөн зүүснийг минь хэдхэн секундын дотор харчхаад л худлаа үнэн та анкет бөглөөд үлдээчхээрэй. Шаардлагатай бол эргээд тантай утсаар ярья гээд л цаашаа орчихдог юм. Ажилд авахгүй дээ гэдгийг нь мэдсээр байж горьдлого тасрахгүй ээ. Анкетаа аль болох үг үсгийн алдаагүй, цэвэр нямбай бөглөөд л үлдээдэг дээ. Тэгээд гараад явахаар ямар ч байсан эцсийн цэг хүртэл явлаа гэсэн өөрийгөө зөвтгөх бодолтой л үлддэг юм даа. Маргааш хэн нэг нь, аль нэг байгууллага нь залгах байх даа хэмээн дахиад л горьдлого тээнэ. Утсаа биенээсээ салгахгүй хүлээнэ. Даанч эргээд холбогддог хүн алга даа хэмээн жаахан гунигласнаа “Гэхдээ хорвоогийн бүх хүн адилхан биш дээ. Миний хичээл зүтгэлийг олж хараад ажилд авч байсан хүмүүс бий бий. Одоо л энэ коронагаас болоод улам хэцүүдэж байгаа болохоос” хэмээн ажилтай, орлоготой, хамт олонтой байснаа хэсэгхэн дурсаад эрч хүч орчхов. “Халаасан дахь сүүлчийн мөнгөө шавхаад, утасныхаа нэгжийг дуустал яриад очиход минь, эргээд ярья хэмээн итгэл муутай хэлэх үе хамгийн хэцүү шүү дээ” гэх түүний ярианаас өнөөдөр ажилтай, орлоготой болно гэдэг ямар их хүч, хөдөлмөр, зүтгэл, итгэл, бардаг нь харагдана.Танил тал, аав, ээж, ах, дүү, албан тушаалтны нөлөөгөөр ажлын байртай болсон ширүүхэн зантай, сэхлүүн царайтай нөхдүүд ажил хайхын зовлонг даанч мэдэхгүй хийгээд мэдрэхгүй. Тэд хөлийнхөө тавхайг эргэтэл, утасныхаа нэгж, цэнэгийг дуустал, халаасныхаа мөнгийг барагдтал, ходооныхоо шүүсийг ялгартал ажил хайж үзээгүй учраас өөдөөс нь горьдлого тээн харах ажил горилогчийн харцанд ямар их итгэл найдвар, хүсэл зорилго нуугдаж байгааг ойлгох ч үгүй нь харамсалтай. Нийтийн унаагаар гэлдэрсээр зорьсон газраа иртэл “Манайх хүн авахгүй байгаа даа” гэх түгээгчийн үг сэтгэл гонсойлгов. Гэхдээ нэгэнт ирснийх зорьсон хүнтэйгээ уулзахаар 30 минут орчим хүлээсэн ч дотор сургалттай байгаа гэх шалтгаанаар тэвчээрийг минь барж орхив.
Өнөөдөр л хаа нэгэн газар ажилд орчих юм шиг санагдаж, өглөөхөн гарахдаа “Ээж нь ажилтай болчихвол.... “ хэмээн хүүхдүүддээ хэлээд гарсан түүний итгэл бага багаар бөхсөөр... Үдээс хойш болоход халаасандаа байгаа 1500 төгрөгөөр өдөржин хонхолзсон ходоодныхоо мухар луу ганц мантуун бууз эсвэл хуушуур, пирошки аяга цайтай авч шидчихээд дүүрсэн хорвоо гээд гэрийн зүг гэлдрэх үү эсвэл тэнд л миний ирээдүйн ажлын байр эзнээ хүлээгээд байж байгаа ч юм бил үү гээд дахин нэг горьдлого тээж, оролдого хийх үү гэсэн сонголтын өмнө бид хоёр ирлээ. “За яах вэ дээ. Ажлын цаг дуусах арай болоогүй байгаа юм чинь дахин нэг оролдлого хийгээд үзэх үү” хэмээн ажлын сүүлийн өдөр 15.00 цагийн үед 25 дугаар эмийн сангийн буудал дээр хаачхаа мэдэхгүй зогсохдоо түүнд багахан урам өгөв. За нээрээ тэгсэн ч яах вэ. Тэгэхдээ одоо хаашаа залгах вэ хэмээн “улаан эрээн болсон зарын сонингоо эргүүлэв. Ядаж байхад хаврын хавсарга тавьсан энэ үед сониноо дэлгээд тухтайхан суучих ч газар олдсонгүй. Үгүй яах вэ, CU, “Шөлөндөө” гэх мэт газруудаар ороод ямар нэгэн ундаа жүүс авчхаад ширэн нүүрлээд хэдэн тийшээ утас цохих боломж олдох л байх л даа. Даанч бас л мөнгө шүү дээ. Сонины хуудсууд салхинд сэрчигнэж “Энд юу гэнэ вэ, ийшээ ярьсан бил үү яалаа” хэмээн хэдэнтээ будилах зуураа дараагийн ажил олгогчийн утасны дугаар дээр тогтлоо. “За ийшээ л яриад үз” гэхэд түүнээс багахан сандрал ажиглагдсан ч “за тэгье” хэмээн зориг шулуудав.

Ажил хайгч иргэн та 10 мянгаар бүртгүүлнэ үү

 Ажил хайгч иргэн анхны сэтгэгдлийг утасны цаанаас төрүүлэх болохоор аль болох хоолой амаа засч, аятайхан дуу хоолойтой сонсогдохыг хичээнэ. Дээрээс нь үг хэлээ цэгцэлж, асуух тодруулах зүйлээ тэмдэглэж байгаад түгшсэн байдалтай утасны дуудах чимээг чагнана.
-Байна уу?
-Байна. Сайн байна уу. Зарын дагуу ярьж байгаа юм аа. Танайх хүнээ авсан уу. Хаана ямар газар очиж уулзах вэ?
-Хүнээ аваагүй байгаа та манай байгууллага дээр ирээд анкет бөглөөрэй
-Хаана очих билээ
-Гандангаас хороолол явдаг автобусны буудлын ард “Ардын хоршоо” гээд шилэн барилга бий. Түүний гурван давхарт ирээд уулзаарай хэмээн уриалгахан дуугарах эмэгтэйн хоолой бид хоёрын хэн хэнд маань итгэл төрүүлчхэв. За ашгүй ойрхон ч юм байна. Хоол цайны талаар бодлоо ходоодныхоо мухарт түгжиж орхиод ажилтай, орлоготой болохын төлөө урагш тэмүүлэхээр болов. Заасан хэлснээр нь гурван давхрын мухрын өрөөнд ортол дүүрэн хүн бужигналдаж байв. 5-6 хүн комьютерийн ард суусан байна. Ажилд авна гэсэн зарын дагуу ирснээ хэлтэл “Та ямар дугаараар холбогдсон билээ гээд ярьсан дугаарын эзнийг төвөггүй олоод өгөв. Байдлыг ажваас ажилд авах газар биш бололтой. Харин зуучилдаг газар болох нь тодорхой боллоо. “Та манай байгууллагад 10 мянган төгрөгөөр бүртгүүлж анкет үүсгэснээр сарын турш бид танд тохирох ажлын байранд зуучилж өгнө” гэх бүсгүйн яриа улам бүр алсарсаар... Энэ өдрийн хамгийн сүүлчийн итгэл найдвар тээж ирсэн газар энэ боловч ажилгүй биднээс мөнгө “саах” хэн нэгний арга байсныг мэдээд бухимдал төрөөд явчхав. Ар араасаа ажлын зарын дагуу хэмээн орж ирэх иргэд олон байна. Тэдний толгойг амархан гэгч нь угаагаад 10 мянган төгрөгийг нь аваад гаргаж байгаа тэдний энэ увайгүй үйлдлийг тэсвэрлэхэд үнэхээр хэцүү байлаа. Ингээд нийтлэлийн баатар маань ажилтай, орлоготой болох гэж ирсэн биш ахиад 10 мянган төгрөгийн эрэлд гарах шалтгаантай болчхов. “Эгчид нь одоо бүртгүүлэх боломж алга. Ирэх долоо хоногоос ирж бүртгүүлье” хэмээн суудлаасаа өндийв.Тус давхрын үүдэнд байрлах ариун цэврийн өрөөнөөс гарах залуутай зөрөөд ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн ч “Гадны хүн оруулдаггүй” хэмээн тас гүрийчхэв. “Уучлаарай “Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, ая тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор худалдаа, үйлчилгээний байгууллагууд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд чөлөөтэй, үнэ төлбөргүй үйлчлэх талаар заасныг дурдаад тусыг эс олов. Хүний анхан шатны хэрэглээ болсон ариун цэврийн өрөөгөөрөө үйлчлэх наад захын соёлгүй, мэдлэггүй хүмүүс иргэдийг ажлын байртай орлоготой болгох нь юу л бол. Бид маргаашийн дугаартаа хөдөлмөрийн биржүүдийн үнэн төрхийг илчлэх болно. Тиймээс энд хүрээд тэдний тухай яриаг түр орхиё.
Гандангийн буудлаас нийтлэлийн баатар маань “Тоосгоны үйлдвэр-хороолол” гэсэн автобусандаа итгэл муутайхан суухын өмнө. За яах вэ. Ирэх долоо хоногоос шинэ ажлын байр гарах байх аа. Эгч нь яаж ийж байгаад ажилд орчихно хэмээн инээмсэглээд гэрийн зүг явлаа. Тэрээр ахиад л ээж нь ажилд орж чадсангүй хэмээн өглөөхөн “Амжилт” гээд үлдсэн дөрвөн хүүхэд дээрээ орох нь. Үнэндээ ажлыг нь чин сэтгэлээсээ хийгээд өгөх хүн хэрэгтэй байгаа юм уу эсвэл залуухан, халуухан, нуруулаг, царайлаг хүүхэн ажил олгогч нарт хэрэгтэй байдаг юм уу ойлгохоо больчихлоо.
Б.Ариунаа шиг 35-аас дээш насныхан хөдөлмөрийн зах зээлээс арчигдах цаг ирчихсэн юм уу. Тэгвэл тэд хэрхэн амьдрал ахуйгаа залгуулж, үр хүүхдээ, ар гэрээ тэжээх болж байна вэ. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх хүний нөөцийн бодлого хаана хүрээд зогссон юм бол доо. “Эргээд холбогдъё” гэх эргэлзээтэй хариугаар хүний итгэлийг барж “Энд ирээд уулзчих” гэх үгээр цагийг нь гарзадсан ажлын байрны төлөөх тэмцэл үргэлжилсээр...Нээлттэй ажлын байрны хаалттай дүр зургууд хөвөрсөөр...

ДАРААХ ЦУВРАЛ СУРВАЛЖЛАГЫГ ҮЗЭХИЙГ ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРНО УУ.

ЦУВРАЛ №1http://atime.mn/view/article/?page=show&id=4306

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com