Ажил горилогчийн тэнгэрийн хүсэл
Монголд утгаа алдаагүй нийгмийн салбар гэж бараг үгүй. Түүний нэг нь хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогч, ажиллагсадын харилцааны асуудал. Хүн бүхэн үүнийг мэддэг ч яагаад ийм байгаа нь ойлгомжгүй. Бодит хөгжилтэй нэг жишээ бичье. Худалдагч ажилд авна гээд зар тавьсан чинь хүн ирдэггүй гэнэ. Тэгэхээр нь худалдааны зөвлөх авна гээд өөрчилсөн чинь ганц хоёр хүн ирж л дээ. Бүр солиод брэнд менежер, худалдааны төлөөлөгч авна гээд зар тавьчихсан чинь дугаарлаж суухаар олноороо иржээ. Тэр олноос шилж авсан тэр худалдагч нь брэнд менежерээ нэртэйгээр ажлаа дуртайяа эхэлжээ. Бас нэг яриа байдаг юм. Нэгэн хашаа цэвэрлэгчийг харуул манаагаа хамт хийлгэхээр ажилд авчээ. Ажил олгогч нь маргааш нь иртэл өөр хоёр нөхөр хашааг нь цэвэрлээд зогсч байна гэнэ. Ажилд авсан хүнээ асуутал “Дарга цайндаа гарсан” гэж гэнэ. Хөгийн ч юм шиг, хошин ч юм шиг энэ явдлаас өнөөгийн ажил горилогсодын юу хүсдгийг бэлхнээ харж болно.
Хүн амьдралынхаа ихэнхийг унтаж үлдсэнийг нь ажиллаж өнгөрөөдөг нь жам. Тиймээс хүний нийгэмд гэр бүлийн харилцаа нэгдүгээрт дараа нь хөдөлмөрийн харилцаа эрэмбэлэгдэх нь зүй ёсны хэрэг. Харин манай улс хүний энэ анхдагч харилцаануудын зохицуулалтыг орхиод улс төр, эдийн засаг, боловсрол гэх мэтээ эхэлж ярьдаг. Тийм ч учраас ажил хайсан түмэн хүн, онгойсон өчнөөн орон тооны зөрүү үүсч энэ зах зээл утга учраа алдсан хэрэг. Ажил хөдөлмөр эрхлэх боломжтой ажилгүйчүүдийн эгнээнд 100 мянга гаруй хүн байдаг судалгаа байна. Тэдний ихэнх нь ажил идэвхтэй хайгчдын бүртгэлд байдаг нь сайшаалтай ч ажил олгогч болон ажил хайгч хоёрын хүсэл тэнгэр газар шиг тэнцвэргүй.
Ажилгүй 100 гаруй мянган хүн дээр эдийн засгийн идэвхгүй гэж нэрлэгддэг 274 мянган тэтгэврийн болон өндөр настан, 268 мянга нь суралцагчид, 117 мянга нь хүүхэд асарсан, 69.5 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 66 мянга нь гэрийн ажилтай, 21.4 мянга нь өвчтэй, 15.5 мянга нь өвчтөн, өндөр настан асарсан, 14.5 мянга нь ажил хийхийг хүсээгүй, 34. мянга нь бусад шалтгаантай хүмүүсийг нэмээд харвал гурван сая хүний хэд нь хэдийгээ тэжээгээд хэзээ бид хийж бүтээж урагшилж, хөгждөг болох вэ гэдэг нь тун бүрхэг харагдана.
Ажилгүйчүүдийн ажил хийдэггүй гол шалтгаануудаас тодруулбал “ажил олддоггүй байна”, “цалин бага” гэх тайлбар. Судалгаанаас харвал ажил хайж буй хоёр хүн тутмын нэг нь ажил олддоггүй гэх шалтгаан хэлдэг байна. Хэн ч гэсэн гайгүйхэн шиг цалинтай, аятайхан ажил хийхийг бодно. Гэхдээ ажил горилогсодын гол алдаа нь өөрийгөө хэт өндрөөр үнэлэх явдал аж. Аливаа мэргэжил эзэмшсэн гэж диплом авах нэг хэрэг. Харин ур чадвар эзэмшиж түүнийгээ үнэлэх өөр хэрэг. Өөрөөр хэлбэл хөгжиж буй улс орнуудын хөдөлмөрийн зах зээл өнөөдөр боловсролын зэрэг цол, дипломыг огт тоохоо болиод “Хандлагыг ажилд авч ур чадварыг эзэмшүүл” гэдэг тогтолцоогоор хөгжиж буй. Гэтэл манайд эсрэгээрээ гадаадад дамжаанд сууснаа эсвэл дотоодод дипломын голч оноогоороо өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг хандлага хэвээрээ байна.
Аливаа байгууллага хамт олны нэг болно гэдэг нь тухайн ажилтнаас байгууллагынхаа зорилго, зорилттой өөрийнх нь хүсэл сонирхол нийцэж байна уу, би энэ хамт олонтой баг болж чадах уу гэдгийг эхлээд өөрөөсөө асуух ёстой. Харин Монголд ажил хайгчид ажлын зарын дагуу чаатаар, мессэжээр “цалин нь хэд вэ?” гэж асуух, “тэгж байгаад очиж уулзъя” гэх зарим нь бүр “залга” гэдэг мессэж илгээдэг гэж хүний нөөцийн олон ажилтан гомдоллож сууна. Сонирхож буй ажлынхаа зах зээл дээрх үнэлгээ, цалин хөлсний дундаж, ажлын байрны онцлогийг ч гүүглээр хайгаад мэдчих чадваргүй хэрнээ сая төгрөг өгөхгүй бол ажиллахгүй гэдэг хандлага бол ажил горилогсодын нийтлэг жишээ гэнэ. Гэтэл Хөдөлмөрийн биржийн мэдээлснээр Монголд 20 гаруй мянган ажлын байр эзнээ хүлээн байнга сул байдаг гэв. Тухайлбал сул ажлын байрны шалтгааныг тодруулахад 10.1 хувь нь тэнцэхгүй халагдсан, 24.3 хувь нь өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, 33.9 хувь нь бусад шалтгаан буюу хувь хүний хүмүүжил, төлөвшил, харилцаа, хандлагаас үүдсэн шалтгаанаар ажлын байраа орхисон байна. Нийтэд нь харвал нөгөөх л хувь хүний хандлагын асуудал цухалзана. Монголчуудын ажилд ордог нийтлэг хэв маяг гэвэл үд өнгөрч байхад үүд хаалга тогшилгүй орж ирээд “Би нөгөө хэн ахын явуулсан хүн байна. Тан дээр очоод ажилд ороорой гэсэн юм” гэдэг. Ийм хандлагатай ажиллагсдад баг, ур чадвар, өсч дэвжих, өрсөлдөх тухай цааш нь ярих юм байх уу даа.
Ажил олгогчийн боолчлолын сэтгэлгээ
Олонх монгол эзэд, байгууллагын дарга, захирлууд ажилтнуудаа тэжээж байгаа мэт үзэл хандлагатай байдаг нь нууц биш. “Энэ муусайн миний хүчээр ар гэрээ тэжээж байгаа” ер нь яах нь миний дур гэж хэлж ярьж, цамнаж байсан дарга нарын жишээ олон. Энэ бол байгууллагын удирдлага хөдөлмөрийн харилцаа, хүний нөөц, компанийн засаглалын тухай өчүүхэн ч мэдлэггүйгээ харуулж буй л хэрэг. Энэ бол боолын нийгмийн сэтгэлгээ.
Ийм үзэл бодлоос болж ажлын байрны дарамт, ажилтны эрхийг зөрчих цаашлаад хүчирхийлэл үүсэх зэрэг олон сөрөг хандлагууд гардаг. Бусад улс оронд дарга гэдэг ойлголт хэдийнээ үеэ өнгөрөөсөн байтал харин манайд дарга бол “дарангуйлах” эрхтэй гэсэн ойлголт дархлагдсан хэвээрээ байна. Орчин үеийн дэлхийн хүний нөөцийн бодлогод лидер бол багаа биечлэн манлайлах үүрэгтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрчхөөд байгаа. Компанийн ажилтан тэр хүнээс цалин авч амьдралаа залгуулж байгаа нэгэн биш тухайн байгууллагын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж, үнэлэмж, үнэт зүйлс бүтээж өгч түүнийхээ оронд хөдөлмөрийн хөлсөө авч буй эрх, үүрэг бүхий хамтран ажиллагч.
Манайд ажил олгогч нарт тулгардаг гол зовлон нь “сайн хүн олдохгүй” байх юм. “Сайн хүн” гэдэг тодорхойлолтыг нь задлаад харвал сэтгэлтэй, үнэнч, итгэлтэй, ур чадвартай, архи ууж алга болдоггүй, ажлын цагаар тамхи татдаггүй, хэл ам хийгээд байдаггүй гэх мэтээр цаашилна. Бүр ганц бие, хүүхэдгүй, ажилдаа ойрхон гэртэй, ойрын үед жирэмслэхгүй, илүү цагаар үг дуугүй ажиллах, цалингаа байнга нэхээд байдаггүй, чөлөө авдаггүй, өвдөггүй гэх мэт зүй бус шаардлагууд цуварна. Энэ нь эмэгтэйчүүдээс хүүхэдгүй мэт ажиллаж, ажилгүй мэт хүүхдээ өсгөхийг шаарддаг гэсэн үг.
Ажил олгогчид сайн хүн олддоггүй шалтгаан нь судалгаагаар 31.5 хувь нь ажлын туршлагагүй, 23.5 хувь нь ажлын байрны шаардлагад нийцэхгүй, 13.2 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, цалин хөлс голдог гэж дурджээ. Энэ хандлага ч ажлын байрны заруудаас ажиглагдаж байна. Өндөр, царайлаг, 35-аас доош насны, гадаад хэлтэй, ачаалал даах чадвартай...Эдгээр заруудаас харвал байгууллагынхаа бодлого, зорилгод нийцэх ур чадвартай ажилтанг биш захирлын гоо сайхны мэдрэмжинд таацуулах залуухан гоо охин хэрэгтэй мэт харагдана. Эсвэл ур чадвартай, зүтгэлтэй ажилтан нь хэд хэдэн “гул аранжингуудын” ажлыг давхар хийж морь, нохой мэт зүтгэдэг, түүнийг удирдлагууд нь “сайн ажилтан” гэх үнэлгээ өгдөг бусдыг нь тийм байхыг шаарддаг хандлага ч хаа сайгүй. Тийм ажилтан сүүл рүүгээ аливаа байгууллагад дархлагдаж өөрөөр хэлбэл “ялзарч” бусдынхаа хувьд буг болох нь бий. Олон жил нэг газраа тогтвор суурьшилтай ажилласан “гавьяа” бол үнэндээ гавьяа биш гай болдог цаг ирсэн. Их Британид хүн амьдралынхаа туршид 13 удаа, АНУ-д 10 удаа ажлаа сольж, дөрвөн мэргэжил эзэмших болсон зэрэг олон өөрчлөлтийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Япончууд өмнө нь “Тогтвортой ажил эрхлэлтийн бодлого” ярьж байсан бол өдгөө “урсамтгай ажил”-ын тухай онцолж байна.
Эцэст нь, төлөвшөөгүй хүн, боловсроогүй боловсон хүчин, зөв хуульчлаагүй хөдөлмөрийн харилцаа, үнэгүйдсэн хөдөлмөрийн бүтээмж, татвар дарамтад шахуулсан дарга захирлуудын зовлон, дарга болохыг хүссэн ур чадваргүй төгсөгчид гэх мэт олон олон шалтгаанаас болж гадаадад гарахыг хүссэн залуус, ажилтай хэрнээ цалингаас цалингийн хооронд “царай алдан” амьдарч буй ажиллагсад Монголын түмэн зовлонгийн нэгэн зовлон болсоор.
Үүний үр дүнг тоймловол жил бүрийн нийт төгсөгчдийн тал шахуу хувийг эрхзүй, эдийн засаг, менежмэнт, бизнесийн удирдлагын мэргэжлүүд эзэлж байна. Харин зах зээл дээр хамгийн эрэлттэй ажлын байрны дутагдалтай мэргэжлүүдэд 2019 оны байдлаар хөдөлмөрийн зах зээлд засалчин, шаварчин, барилга угсралтын туслах ажилтан, барилгын мужаан, арматурчин, цахилгаанчин, оёдолчин, эсгүүрчин, тогооч, худалдагч зэрэг ажлын байрууд эрэлттэй байна.
Харин улсын хэмжээнд инженер, их эмч , эм зүйч, бага ангийн багш, технологийн салбарын голлох мэргэжлүүдээр ажиллах хүч эрэлттэй байдаг ажээ. Гурван тийшээ хараад суучихсан ийм хөдөлмөрийн зах зээл дээр ямар бүтээмж үүсч улс орон нь урагшилж хөгжих бол...