Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэнНийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоноЯпоноос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авна#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв
Дэнгэла: Шүгдэн шүтээд баяжчихдаг бол Монголд ядуу хүн байхгүй болно биз дээ

Б.Санаа
Гэвш лам Дэнгэлатай
уулзаж ярилцлаа.

-Та энэ төмөр хулгана жилийн өнгийг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Хулгана жилийн ерөнхий төлвийг авч үзвэл хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй сайхан жил болох нь. Ямар нэгэн ажил шинээр хийхээр төлөвлөсөн хүмүүс хулгана жилд эхэлбэл амжилттай болно. Мөн хурим найранд ээлтэй. Хулгана өөрөө газрын амьтан учраас хийморийн сан маш сайн уншуулах ёстой. Ингэснээр аливаа үйлс саадгүй бүтдэг. Ерөнхийдөө 2020 онд өвчний дэгдэлт их байх нигууртай. Хулгана гэдэг амьтан газар доор амьдарч, янз бүрийн хүнсээр хооллодог, таарсан болгоноо иддэг учраас янз бүрийн өвчин дэгдэх талтай. Шар зурхайн цаг тооны бичигт ч мөн адил энэ талаар бичсэн байна.
Дээр нь одоогийн нийгмийн байдал нэлээд хэцүү байгааг хүмүүс мэдэж байгаа байх. Ялангуяа хүнсний хэрэглээний тухайд, өөрт тохирсон хүнсийг өөрийн боломжоороо сонгож идэхгүй байна. Ямар ч хамаагүй хүнсийг замбараагүй иддэг болсон. Мөн үйлийн үр ч бий.

 Манай монголчууд цэвэр мах иддэг байтал Хятадад тийм биш. Маш замбараагүй идэштэйгээсээ болоод өнөөдрийн энэ байдалд хүрсэн. Гэхдээ өвчний дэгдэлт удахгүй намжина. Тав, зургадугаар сар гэхэд гайгүй болчихно.
-Хулгана жил хатуухан тусах магадлалтай ямар хүмүүс байна вэ?
-Жил гарч байгаа хүмүүс анхаарах ёстой нэг зүйл бий. Тодруулбал, хол замд явахаар бол заавал аян замын ерөөл уншуулах ёстой. Манайхан зуны цагт хөдөө их явдаг учраас ялангуяа гэр бүлээрээ явж байгаа бол заавал аян замын ерөөл уншуулах хэрэгтэй. Харин гадаад явж байгаа хүмүүс Жадамба, Сундуй, Дашзэвгэ зэрэг ном уншуулж, заслаа хийлгэх нь зүйтэй. Чогжүмүнсэл гэж 10 зүгийн ном бий. Олон улсад явдаг, гадаадаар аялдаг хүмүүс үүнийг заавал уншуулаарай. Цагаан сарын өмнө болон хойно хоёр удаа заслаа хийлгэх ёстой. Энэ жил дуусч байгаа учраас жил дуусах заслаа заавал хийлгээд цагаан сарын дараа шинэ жилийнхээ заслыг хийлгэнэ. Гэтэл монголчууд цагаан сарын дараа ном уншуулчхаад “Энэ жилийн заслаа хийлгэчихлээ, боллоо” гээд орхичихдог. Жилийн төгсгөлд тухайн жилийнхээ хаалт заслыг заавал хийлгэх ёстой байдаг. “Сайн ч явсан, муу ч явсан би амьд байна. Бас цаашид амьдармаар байна. Баярлалаа, энэ жил сайхан өнгөрлөө. Дараагийн жил ч бас сайхан байгаасай” гээд бурхандаа залбирах хэрэгтэй.
-Засал ном хийлгээд нэмэр болохгүй байна гэж зарим хүмүүс ярьдаг. Засал хүрдэг, хүрдэггүй тухайд юу хэлэх вэ?
-Засал хийлгэсэн ч нэг л болж өгөхгүй байна гэж хүмүүс хэлдэг. Ийм хүмүүст би “Зөв газартаа очиж заслаа хийлгэ” гэдэг. Нэг ёсондоо засал хийлгэх хүнээ зөв сонгож ол гэсэн үг юм. Ном уншиж байгаа хүн уншуулж байгаа хүнийхээ зовлонг маш сайн ойлгож, чин сэтгэлээр хандахын хажуугаар заслаа хийлгэж байгаа хүн нь ч чинхүү сүсэг бишрэлээр хандсанаар сая бүх зүйл сайн сайхан болно. Өөрөөр хэлбэл, багш нь чин сэтгэлээс уншиж, шавь нь ч чин сэтгэлээр итгэх ёстой гэсэн үг.
Тухайлбал, би өөрийн шавийнхаа зовлонг маш сайн мэдэж байгаа учраас тэр хүнийхээ зовлонг нимгэлэх тухайд бодож номоо уншина. Гэтэл энэ хүний зовлонг мэдэхгүй бол “За ямар ч байсан нэг уншаад явуулъя” гэнэ. Хэдийгээр номын хүч байгаа ч гэсэн 100 хувь үйлчлэхгүй. Тиймээс хоёр талаас бие биеэ мэдрэх ёстой юм. Мэдэхгүй, танихгүй хүнд очоод нэмэргүй. Нөгөө талаар ном уншуулж байгаа хүн дотроо “Энэ лам хурдан номоо уншаасай. Би яарч байна” гээд бодоод суух юм бол номын хүч үйлчлэхгүй. Үүнтэй адилаар тухайн лам уншиж байгаа номдоо төвлөрөхгүй дундуур нь утсаар яриад, хүмүүстээ ярилцаад байвал мөн л номын хүч үйлчлэхгүй. Эмч нар хүнд хагалгаа хийж байхдаа маш их анхаарч, 100-ны 100 хувь төвлөрөх ёстой шүү дээ. Үүнтэй яг адил лам нар ч бас ном уншихдаа 100 хувь түүндээ л анхаарах ёстой.
Жишээ нь, та гэрийнхээ гадаа жимсний мод тарилаа гэхэд түүнийгээ хашаагаар хамгаалдаг. Хөдөөний айл байлаа гэхэд малын хашааг хонь, малаа хамгаалах гэж барьдаг. Үүнтэй адил таны хашаа нь таны багш болон таны шүтэж байгаа сахиус гэсэн үг. Жимсний мод, хонь маланд хашаа хэрэгтэй шиг, таны амьдралын зам мөрийг засч, залруулах, тэгшлэх хашаа нь шашин, засал ном шүү дээ.
-Монголчууд шинийн 15-нд багтаж заслаа хийлгэнэ гэдэг. Ер нь заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой юу. Үүний давуу тал нь юу юм бол?
-Непалд бол нь заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх ёстой гэсэн юм байхгүй. Харин Монголд байдаг. Миний бодлоор, сарын эхэн хагаст буюу сар дуусахаас өмнө бэлгэшээж байгаа хэрэг болов уу гэж ойлгодог.
-Төвөд бол шарын шашны төв гэж хэлж болно. Тэр ч үүднээсээ таныг төвөд гаралтай гэвш лам гэхээр монголчууд илүү сонирхож байгаа байх?
-Непалын 80 хувь нь Хиндү шашинтай. Европ, Америкийн 70, 80 хувь нь Христийн шашинтай. Энэтхэг улаан, шарын шашинтай. Үүний адилаар монголчууд ч олон шашин шүтэж байна. Дээр үед Төвөд, Монгол хооронд шашны янз бүрийн маргаан болсон. Тэр үед улааны шашин, шарын шашин хоёр хоорондоо таарахгүйгээс болж Төвөдөд шарын шашин доройтож, улааны шашныхан хүчирхэг болж, шарын шашныг нураасан. Ингээд түүхээс үзэхэд шарын шашны төв нь Монгол Улс байсан гэж төвөд хүмүүс бид үздэг. Жишээ нь, төвөд хүнд маанийн тарни зааж өгөх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, жаахан хүүхдэд “Ээж” гэдэг үгийг зааж өгөх хэрэггүйтэй адил төвөд хүмүүсийн амнаас “Ум маани бадмэ хум” зүгээр л гарч байдаг. Энэ нь Жанрайсигийн зүрхэн тарни юм. Үүнтэй адил Богд Зонховагийн зүрхэн тарни болох мэгзэм гэж байдаг л даа. Монголчуудын хэн нь ч байсан мэгзэм уншдаг. Энэ нь шарын шашны төв Монгол Улс байсан гэдэг баталгаа. Би 1993 онд Гүрдаваа Ринбүүчигийн урилгаар Монгол Улсад багшийнхаа хамт анх удаа ирж, Амарбаясгалант хийдэд аравнай өргөсөн. Тухайн үед багш маань лам нарт сахил санваар хүртээж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай хүртэл ирээд сайхан ёслол болсон. Тэр үед би Сэлэнгэ, Ховд аймгаас гээд орон нутгаас ирсэн хүүхдүүдийг хараад “Чи мэгзэм унш даа” гэхэд шууд уншиж байсан. Би Монголд ирэхээсээ өмнө дээр хэлсэнчлэн “Монголчуудад мэгзэм зааж өгөх хэрэггүй, бүгд мэднэ” гээд сонсчихсон байсан болохоор нэг ёсондоо ирээд шалгасан хэрэг л дээ. Гэтэл үнэхээр тэр жаахан хүүхдүүд мэдэж байгааг нь хараад маш их баярласан. Үнэхээр л Монгол бол шарын шашны төв юм байна гэж бодсон. Төвөдөд улааны болон шарын шашин маргаантай байх үед улааны шашныхан мэгзэм уншчихна гээд шарын шашны хүний амыг цоожлоод, Монголд авч ирж байсан гэх түүх ч байдаг.
-Шарын шашин, улааны шашин гэж байдагтай адил дотроо олон сахиус бий. Үүний нэг болох Шүгдэнгийн талаар онцолж асуумаар байна л даа. Манайд Шүгдэнг нэлээд хатуу сахиус гэж үздэг. Таны хувьд Шүгдэн сахиустай юм билээ шүү дээ?
-Шашин шүтэх, эс шүтэх нь хүний өөрийн сонголт. Заавал чи энэ шашинг шүтэх ёстой гэж тулгах нь хүний эрх зөрчсөн үйлдэл болно. Үүнтэй адил тэр хүнийг шүтдэг шашин, шүтээнээр нь гадуурхаж болохгүй. Шүгдэнгийн тухайд, Доржшүгдэн гэдэг сахиусны нэр л дээ. Товчлоод Шүгдэн сахиус гэж хэлдэг. Доржшүгдэн нь ертөнцөөс гэтэлсэн төдийгүй билиг билгүүний Манзушир бурхны нэгэн дүр юм. Бурхны шашны хамгаалагч тэрээр хоёрдугаар бурхан Богдзонховын үндэслэсэн шарын шашны хосгүй үнэт сургаал, номлолыг хамгаалж, сүсэгтэн олонд туслахаар 300-400 жилийн тэртээ анх үүсч бий болсон. Дорж гэдэг нь очир эрдэнэ бөгөөд тэр нь эвлэршгүй хатуу, бат бэх зүйл юм. Түүгээр бурхны шашинд устаж эвдэршгүй гэгээрсэн билиг билгүүнийг нэрлэж байна. Шүг гэдэг нь хүч, дэн гэдэг нь төгс гэсэн утгатай. Тэгэхээр Доржшүгдэн гэдэг нь “Очир төгс хүчит” хэмээж байгаа юм.
Миний хувьд Шүгдэн сахиус шүтдэг. Зарим хүн надад “Багш аа, Шүгдэн таны сахиус” гэж хэлдэг. Би хариуд нь “Шүгдэн бол миний сахиус биш ээ. Шарын шашныг хамгаалдаг сахиус” гэж хэлдэг. Үнэхээр ч Шүгдэн сахиус 400 гаруй жилийн түүхтэй. Монгол Улсад ч эртнээс энэ сахиусыг шүтэж ирсэн. Монголд байгаа хамгийн чухал баримт бол Чойжин ламын сүм. Тэнд Шүгдэн сахиус байна. Чойжин гэдэг нь өөрөө Шүгдэн сахиус буудаг ламын нэр. Тэгэхээр энэ сахиусыг монголчууд мэдэхгүй, шинээр гарсан зүйл биш. Чойжин ламын сүмээр бодоход л 200 гаруй жил болчхож. Түүхэндээ байдаг сахиус. Одоо төрийн томчууд Гандантэгчэнлин хийдэд цагаан сараар очдог доо. Түүн шиг тухайн үед Монголын эрх баригчид, дарга нар, томчууд шинийн 3-нд Шүгдэн сахиус буухад Чойжин ламын сүмд очиж мөргөдөг байсан. Төвөдийн Далай багш, тэдний багш, өмнөх Далай багшийн багш гээд бүгдээрээ шүтэж ирсэн. Бид багшийн заасан замаар л шүтэж ирсэн. Гэтэл сүүлийн үед улс төрийн нөлөө холилдсон. Тиймээс Монголд Шүгдэн сахиусны талаар буруу ойлголттой байдаг. Уг нь шарын шашны лам хуваргууд энэ тал дээр сүсэгтэн олонд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Би болоод шавь нар маань Энэтхэг, Төвөдөд сурч байгаа лам нарт “Та нар зөв зүйлээ маш сайн сураад ир. Ирээд зөв зүйлийг түгээ. Элдэв хов жив, буруу ойлголт маргаан битгий гарга” гэж хэлдэг. Тухайлбал, Шүгдэнгийн талаар элдэв хэл ам гаргадаг хүмүүс Энэтхэгт олон байдаг бөгөөд тэнд сурахаар очсон лам нарт хүмүүст мөнгө өгдөг, тархи угаадаг, буруу ойлголт түгээдэг, “Би чамд мөнгө санхүүгийн тусламж үзүүлнэ. Чи Монголд очоод хүмүүсийн тархийг угаа. Шүгдэнгийн талаар ийм мэдээлэл тараа” гэсэн явуулга ч байдаг. Энэ мэт зүйлд автсан хүмүүс албаар буруу ойлголт өгч, хүмүүсийн хооронд маргаан гаргадаг тохиолдол ч байна. Гэтэл бид бурхан гэдэг юмыг түүнчлэн Шүгдэнг ч харахгүй, тэнгэрт байгаа зүйл шүү дээ. Ийм байхад бид нүдэнд харагдахгүй зүйлийн төлөө хэрүүл хийж, хоорондоо тэмцэлдээд яах билээ.
-Тийм шүү. “Шүгдэнг баян хүмүүс шүтдэг. Баячуудын шашин. Маш хатуу сахиус. Шүтэж байгаад больчихвол тэр хүнд муу зүйл болдог” гээд л хүмүүс талцаад байдаг шүү?
-Хүн бурхан гэдэг зүйлийг яагаад шүтэж байгаа юм. Муу байгаа бол шүтэх хэрэггүй. Муу байгаа бол бурхан ч хэрэггүй. Түүнтэй адил “Шүгдэн шүтвэл баян болно. Эд баялаг их хураана” гэсэн нэг яриа байна. Баян болохын тухайд, хүн бүр юуны төлөө явж байгаа юм. Мөнгөний төлөө л явж байна шүү дээ. Хүн бүр баян болох, сайхан амьдрахын төлөө явж байна. Тэгвэл Шүгдэн шүтэж байгаа хүмүүс л баяждаг бол би энэ хуучны байранд түрээс төлөөд сууж байна гэж үү? /Инээв/ Энэ баян мөн үү, биш. Бүх зүйл, хүний хувь заяа буянаараа явна. Шүгдэн шүтээд баяжчихдаг бол Монголд ядуу хүн байхгүй болно биз дээ. Монголд ч гэлтгүй бүх л улс оронд бүгдээрээ Шүгдэнг шүтээд баян болно. Гэтэл Шүгдэн шүтсэн ч зээлээ аваад л явж байна шүү дээ. Шүгдэн шүтэж байгаад шүтэхээ больчихоор шууд тамд унана гэж байна. Ер нь хүн өөрөө буруу зүйл хийсэн бол буруу л байна. Там гэдэг нь ганцхан Шүгдэнгийн төлөөс биш шүү дээ. Там, диваажин гэдгийг бүхий л шашин ярьдаг. Шүгдэн шүтэхээр амь насыг чинь хорооно гэнэ. Хэн хэний амийг хороов. Ямар баримт хаана байна. Бид яагаад Шүгдэнг шүтэж байна гэхээр, бид ном уншдаг. Насаараа ном уншаад бусдын тусын тулд амьдарч чадна гээд шийдвэрээ гаргасныг маань бидний сахиус хамгаалж байгаа учраас л шүтэж байна.
-Та найман настайдаа хийдэд шавилж байсан юм билээ. Тухайн үед өөрөө хүсэв үү, таныг сонгож байв уу. Энэ талаарх дурсамжаасаа хуваалцаач?
-Би ихэр. Аав, ээж маань хоёр хүүхдээ аваад нутгийн нэг сайн багш ламд очиж нэр хайрлахыг гуйсан байдаг. Гэтэл тэр лам багш намайг хараад “Энэ хүүхдэд Намгэгомбо гэдэг нэр” өгье гээд нөгөө ихрийг маань хараад “Энэ хүүхдэд нэр хэрэггүй” гэж хэлсэн гэнэ лээ. Ингээд хэдэн сарын дараа ихрийн өрөөсөн маань нас барсан. Тухайн үед тэр лам багш аав ээжид маань намайг заавал лам болгоорой, тэгэхгүй бол амь насанд нь хэцүү гэж захисан. Хэрвээ лам болох юм бол түмэн олонд хэрэгтэй, сайн лам болно гэж хэлсэн юм билээ. Ингээд таван настайд миний бие өвдөөд нэг өглөө бараг өнгөрсөн гэж болно. Ухаангүй байж байгаад сэргээд нүдээ нээтэл аав, ээж, ах дүүс маань ор тойроод уйлаад сууж байсан. Би юм ярьж чадахгүй харж байтал толгой дээр номын дуу сонсогдсон. Лам миний хажууд ном уншиж байгаад “Энэ хүүхдийг хурдан лам болго” гээд ном авч ирж надад төвөд цагаан толгой харуулаад эхний үсэг “Га”-г хэлүүлсэн. Би тод хэлсэн чинь “Сайн байна” гээд л би сэргэсэн. Ингэж тэр лам надад засал хийж байлаа. Яг намайг лам болоход нөлөөлсөн хүн бол Агуударь багш. Миний аав Төвөд, Непал хооронд наймаа хийдэг байлаа. Тухайн үед машин зам гэж байхгүй учраас явган, морьтой янз бүрээр явдаг байж. Тэр үедээ багшид мөргөхөөр очиход миний талаар асуугаад “Хурдан лам болго” гэж хэлдэг байсан юм билээ. Намайг найман настайд хийдэд шавилуулж, баруун Энэтхэгт дөрвөн жил сургасан. Тэнд сурч байгаад дараа нь Энэтхэгт 20 жил сурсан. 1998 онд Гэвш цолоо авсан даа.
-Аргагүй л цаанаасаа бурхны замыг сонгохоор заяагдсан байж. Та бурхны сургаалыг түгээхээс гадна монголчуудад маань маш их буян хийсэн юм билээ. Бурханч хүн уг нь ийм л байдаг даа?
-Хүн бусдаас авсан шигээ өгч сурах хэрэгтэй. Дандаа аваад байж болохгүй. Би наймаа хийдэггүй, надад компани байхгүй. Сүсэгтэн олон, шавь нар маань ном уншуулж, заслаа хийлгээд хэдэн төгрөг өгдөг. Миний мэргэжил, насаараа сурсан зүйл маань ерөөсөө л энэ учраас чадахаараа туслах нь зүйтэй. Ихэвчлэн л “Миний ийм юм бүтэхгүй. Тэр ч болохгүй байна. Та нэг үзээд өгөөч, засаад өгөөч” гэж ирж өгсөн мөнгө шүү дээ. Дандаа зовлон яриад ирдэг учраас зовлонгийн мөнгө. Тийм зовлонгийн мөнгө миний ходоод руу тийм амархан орохгүй. Тийм учраас 100 хувь байлаа гэхэд 30 хувиар нь түрээсээ төлөөд 70 хувийг нь ядарсан хүмүүст зориулж буян хийснээр миний сэтгэл санаа амардаг.
-Батсүмбэрийн асрамжийн газарт жил болгон очдог гэж дуулсан?
-Монголд надад очоогүй газар байхгүй. Батсүмбэрийн асрамжийн газар, хүүхдийн асрамжийн газрууд, эмэгтэйчүүдийн хорих гээд хаана тусламж дэмжлэг хэрэгтэй байна тэр бүх газарт очдог. Дан ганц Монголд ч биш, Төвөд, Непалд ч очиж өөрийн боломжоор, байгаараа л олонд тус болохыг хичээдэг. Байхгүй бол би юу өгөх вэ дээ. Боломжоороо л өгч байна. Уг нь надтай хамт хэдэн лам Батсүмбэр лүү яваад ном уншвал тэнд байгаа хөгшчүүлийн сэтгэл баярлаад, сай­хан болно. Гэтэл хамт явах лам олддоггүй. Хэрвээ хамт явахаар бол тэр лам нарт би мөнгө өгөх хэрэгтэй болно. Лам нарт өгөх илүү мөнгө байхгүй шүү дээ. Ингээд би мөрөөрөө ганцаараа явж байя гээд өөрөө очдог болсон. Одоогийн лам нар авах ёстой газарт очихоос өгөх ёстой газар луу явахгүй байна. Өөрт ашигтай газарт л очиж байна. Жишээ нь, Батсүмбэрт очлоо гэхэд тэнд байгаа настнуудаас юу авах юм. Би эндээс тогооч, дуучид, анагаахын багш нар, эмч авч яваад хоол хийж өгөөд, эрүүл мэндийг нь үзүүлээд, номоо уншиж, урлагийн тоглолт үзүүлээд жаахан гарын юм өгч баярлуулаад ирдэг. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нд буюу төрсөн өдрөөрөө Батсүмбэрт 12 жил тасралтгүй очиж байна. Хүн төрсөн өдрөөрөө баярлаж архи уух бус орчлонд мэндэлснийхээ баярыг олон түмэнтэй хуваалцаж, буян хийх ёстой юм шүү.
-Сэтгэлээ ариун байлгах, зөв амьдрах тухайд манай уншигчдад зөвлөгөө, захиасаа хайрлаач?
-Хүн эхийн хэвлийгээс төрсөн цагаас эхлэн бурхнаас өгсөн өөр өөрсдийн буянгаар амьдардаг. Бурхан ямар хэмжээгээр буян өгсөн байна тэр хэмжээнд багтаад явах ёстой юм. Үүнээс илүүг бодоод явбал өөрөө зовно. Зарим хүн тухайлбал, хэчнээн дээшээ явах гээд зүтгээд зүтгээд болохгүй байна гэдэг. Яагаад тэгж байна гэхээр, бурхнаас өгсөн буян заяа нь тэр. Тиймээс өөрөө зовоод, түүндээ хүрч чадахгүй байгаа юм. Санаа зөв бол заяа зөв гэж сайхан монгол үг бий. Өөрийн санаа сайн бол үйлс сайн байна. Бусдад гай болохгүй амьдрах ёстой. Бас хэн нэгэн ядарсан хүнд тусалбал түүнийг хараад “Энэ хүн ямар сайн хүн бэ. Би буянд нь даган баясъя” гээд буяны хойноос даган баясах ёстой. Та буян хийгээд би таны хойноос түүнийг нь даган баясвал надад ч буян хурна. Харин үүний оронд бусдад муу санаж, бусдыг хардаж, “Энэ зүв зүгээр байж байгаад хаанаас мөнгө олчхов. Энэ хүн бусдад яагаад тусалж байгаа юм. Хүнд илүүчлэх мөнгө хаанаас олов” гэж бодвол хэзээ ч сайн сайхан амьдрахгүй. Бид хүнд тусалж амьдрах ёстой. Бусдын буянд даган баясах ёстой. Энэ хэцүү цагт зарим зүйлд “За яршиг. Орхичихъё” гээд хааяа ч гэсэн дуугүй өнгөр. Хэрвээ үнэхээр сэтгэл санаа нь сайхан хүн бол заавал ном уншуулах шаардлагагүй. Тэртэй тэргүй бурхан тэр хүнд баярлана. Санаа муутай, үйлс хазгай явбал хэчнээн ном уншуулаад ямар хэрэг байна. Ямар ч засал хэрэггүй. Нүгэлтэй хүмүүс хэчнээн ном уншуулснаас нүгэлгүй хүн нэг дуу дуулсан нь дээр шүү дээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com