Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Тасганы овоонд суулгасан нарс амь тавьж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2016-2017 онд Улаанбаатарын гудамжинд 4081 ширхэг нарс уулнаас авчирч тарьсан. Ургалт 99.6 хувьтай байна” хэмээн мэдээлж байв. Ойн салбарынхны үзэж буйгаар, уулнаас залуу мод авчирч суулгахаасаа өмнө хөрсийг нь урьдчилан бэлдэж, солихгүйгээр тарих нь булшилсантай ялгаагүй хэмээн үзэж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан. Ялангуяа, нарс мод хөрс голомтгой, элсэрхэг газар ургадаг тул хэр баргийн хөрсөнд “тоож” ургадаггүй хэмээн мэдэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд мод тарихад хөрс нь доройтож хайрга шиг болсон учраас мод амин чийгээрээ 2-3 жил амьдраад “зүрх нь зогсдог” ажээ. Уулнаас авчирсан модыг амьдруулъя гэвэл хөрсийг нь сольж, дор хаяж 2-3 жил арчилж тордсоноор аливааг эсэргүүцэх дархлаатай болдог байна. Гэсэн хэдий ч нийслэл хотод уулнаас нарс мод авч ирж суулгах ажил үргэлжилсэн юм. Харин өнөөдөр өвлийн улиралд гялгар цаасаар ороож тоос тортогоос хамгаалж байгаа хавар болохоор сайхан ургана хэмээн удаа дараа өмгөөлж байсан Тасагны овоонд байрлах нарс модод өнөөдөр амь гуйн уйлах шиг.

Тэдний навчис хэдий нь шаргалтан, шингэрчээ. Шингэрсэний шалтгааныг олж ядах зүйлгүй. Хот тохижилтын ажилчид дарга нарын үүргэдсэнээр шарласан хэсгийг нь тайрч хаядагтай холбоотой юм. Уулнаас авчирч хотод суурьшуулсан нарс хотын ногоон байгууламжид өнгө нэмж иргэдийг хүчилтөрөгчөөр хангах үүрэг нь хэдий нь замхарчээ. Үүний шалтгааныг ойн мэргэжилтнүүд олон янзаар тайлбарладаг. Дор хаяж 2-3 жил усалж арчилсны үр дүнд уулын, таримал ямар ч мод амьдрах чадвартай болдог аж. Харамсалтай нь, энэ арчилгаа дутагдсанаас болж мод хатаж хорчийн, бас хорт хавдраар “шаналж” үхдэг байна. Мод ч бас хүнтэй адилхан амьсгалж өвдөж шаналдаг нь энэ ажгуу. Тиймээс нийслэлээ өнгө үзэмжгүй, үхмэл биш, амьд моддоор гоёхын тулд ямар арчилгаа хийх ёстой вэ гэсэн асуултад ойн салбарын мэргэжилтнүүд ямар ямар хариулт өгснийг нэхэн сануулъя.

Жил бүр тарьсан модны тоог аваад үзвэл Улаанбаатар ногоон хот болчих байлаа

Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн тэргүүн Л.ТЭМҮҮЖИН:

-Ой зүйчдийн хувьд ууланд ургасан нас бие гүйцсэн моддыг тарих нь буруу гэж үздэг. Хөрсийг нь бэлдэж, арчилгааг маш сайн хийх ёстой юм. Тухайлбал, нарс мод нь элсэрхэг, устай газар ургадаг байтал Улаанбаатарын ул хөрс нь гарсан хайрганд уулаас авчирсан хөрстэй нь суулгачихдаг. Ингээд тухайн мод хүссэн ч, эс хүссэн ч хоёр жил амин чийгээрээ амьдраад үхдэг. Мод суулгахад орчны хөрсийг нь бэлдэж байж ургана гэж үздэг. Тиймээс мод тарина гэдэг утгыг нь хүн бүр сайн ойлгох нь чухал. Хэдийгээр бүх нийтээрээ мод тарьж байгаа нь зөв боловч тарихдаа агро техник талаас нь суралцаж байж мод тарь. Газар ухаад, нүхэнд мод булж болохгүй шүү дээ. Энэ чинь булшилж байна гэсэн үг. Жил бүр хавар, намрын улиралд тарьж буй модны тоог авч үзвэл өнөөдөр Улаанбаатар ногоон хот болох хэмжээнд очсон. Гэтэл яагаад мод ургахгүй байна вэ? Мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөө авч зөв тарих ёстой. Ямар ч модыг тарихдаа үндсийг нь хатаах гэх мэтийн алдаа гаргаж, ургалт нь зогсч байна. Мод тарих явцад гаргадаг хамгийн том алдааны нэг нь модны үндсийг хаврын хавсарга, намрын халуун салхинд хатаадаг. Үүнээс болоод мод ургах чадвараа алддаг. Бас хавар намрын цэнэг усалгаа хийдэггүй. Тарина гэдэг булна гэсэн үг биш. Хөрсийг урьдчилан бэлдэх хэрэгтэй. Ялангуяа хаврын хавсаргад олон дахин услаагүй мод хатдаг аюултай. Ногоон байгууламжтай болъё гэвэл мэргэжлийн хүмүүсийн үг сонсох нь чухал байна.

УУЛНААС АВЧИРСАН СУУЛГАЦЫН УРГАЛТ 15 ХУВЬТАЙ БАЙДАГ

“Улаанбаатар нэгтгэл”-ын дарга асан Д.Энхсайхан:

-Уулнаас нарс модыг авчирч тарихын эсрэг байр суурьтай байгаа. 2009 онд Энхтайваны өргөн чөлөө болон бусад гудамжинд 1000 гаруй нарс модыг уулнаас авчирч суулгасан байдаг. Мэргэжлийн байгууллагуудаас энэ модод ургах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан учраас 2013 онд ургаагүй моддыг нийтийн эзэмшлийн зам талбайгаас зайлуулж, цэвэрлэж байсан. Дэлхийн улс орнууд нарс модыг талбайд үржүүлж, бойжуулгын талбайд шилжүүлж суулгаад, тэндээсээ нийтийн эзэмшлийн газарт суулгадаг. Маш цөөн тохиолдолд уулнаас авчирч суулгадаг бөгөөд ургалт нь 15-20 хувьтай байдаг. Тиймээс Улаанбаатар хотод тарих модны сонголтыг зөв хийх, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой зарцуулах үүднээс уулнаас мод авчирч булшилдгийг зогсоогооч. Энэ шийдвэрээ эргэж хараач гэж хотын удирдлагаас гуйж байна. Хотод тарих модны сонголт олон байна. Тухайлбал, хайлаас, шар хуайс, агч, голт бор, монос, үрэл, долоогоно гээд олон төрлийн мод байсаар байхад заавал эрсдэлтэй нарсыг суулгаж байгааг гайхаж байна. Нэг ширхэг нарс модыг уулнаас тээвэрлэж, хотын гудамжинд суулгахад 380 мянган төгрөг зарцуулдаг. Эргээд арчилгаа их шаарддаг, өртөг ихтэй мод юм.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 98 ГА ТАЛБАЙГ АРЧЛАХАД жилд 20 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Хотын Тохижолт, ногоон байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Д.Сүхбат:

-Монгол орны ойн сангийн 70 гаруй хувийг шилмүүст мод болох шинэс, хар мод эзэлдэг. Уур амьсгалдаа зохицуулж мод сонгоно гэвэл Монгол оронд хамгийн ургахад тохиромжтой мод нь шилмүүст мод. Улаанбаатар хотод ургаж буй нийт мод, бутны 60-70 хувийг улиас, хайлаас, шар хуайс гэсэн гурван төрлийн мод эзэлдэг. Үүнийг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн өнгөрсөн жилийн зөвлөмж болон энэ жилийн Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөгөөр хаана, ямар төрлийн мод, бут тарихыг заасан байгаа. Монгол оронд нутагших боломжтой 150 гаруй зүйлийн мод, бут байгаа.
Өнгөрсөн жилд гэхэд 22 төрлийн 349 мянган ширхэг мод, бут тарьсан. Нэг метр 20 см-ээс дээш өндөртэй мод, бутыг сонгож авсан. Үүний 10 хувьд нь нарс буюу 3710 ширхэг нарс мод тарьсан. Жижиг мод үргүй зардал ихтэй учраас жишиг стандартын дагуу өндөр мод сонгож авдаг. Ойн аж ахуйн мэргэжилтнүүд тухайн модыг хэдэн настайгаас үл хамааран шилжүүлж суулгадаг чадвартай байх ёстой. Өндөрөөс нь хамаарахгүй суулгах технологитой байх ёстой. Эх үүсвэр нь мод үржүүлгийн газар уу, шилжүүлж суулгаж байгаа юу гэдгээс үл хамаарна. Хотод тарьж байгаа моднууд шилжүүлэн суулгагдаж байгаа. Ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг тогтоосон байдаг. Энэ жил 30 гаруй мянган га газарт цэвэрлэгээний огтлолт хийж байгаа. Үүнийг тоон үзүүлэлтээр авч үзвэл, нэг га-д 3000 мод байдаг гэж бодвол 90 гаруй сая мод устгагдахаар байгаа. Хотын хэмжээнд одоо байгаа нийтийн эзэмшлийн 98 га талбайг арчлахын тулд жилд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай байдаг. 2030 оны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хотын ногоон байгууламжийг төлөвлөхөд найман их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Жилд зөвхөн арчилгааны ажилд хэрэглэгдэж байгаа төсвийн гуравны нэг нь л ногоон байгууламжид зарцуулагддаг. Батлагдсан төсвийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс гадна хүний нөөц, техник, арчилгаа, усалгаа бордоо зэргийг цогцоор нь үр ашигтайгаар зарцуулж, өгөөжтэй байлгахын тулд ажиллаж байна.

Нэг нарс ойгоос авчирхад 380 мянган төгрөг зарцуулдаг

Биологийн ухааны доктор Б.Чимэд:

-Агаар, хөрсний бохирдолтой тэмцэх үндсэн аргын нэг нь мод тарих юм. Улаанбаатар хотод 2016 оноос хойш дөрвөн метр 50 см-ээс дээш өндөртэй буюу том нарс мод 8095-ийг тарьж суулгасан. Нарс модыг тухайн орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр Бугант, Сэлэнгэ, Хүдэр зэрэгт тарьж, ойжуулсан модноос сийрэгжүүлэх зориулалтаар буюу тайрч хаях ёстой моднуудыг авдаг. Модны үндэсийг 5-6 хүн ч даадаггүй учраас заавал техник хэрэгслээр авч, тээврийн зардал багтсаны үндсэн дээр 380 мянган төгрөгөөр нэг модыг авчирдаг. Маршел таун, Ривер гарден зэрэг томоохон хотхонд 550-650 мянган төгрөгөөр суулгац тарьж байгаа. Одоогоос 11 жилийн өмнө хотын захиргааны урд 33 ширхэг нарс мод тарьсан. Үүнээс нэг нь л үхсэн бусад нь өнгө зүстэйгээ байж байгаа. Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд тарьсан нарс моднууд хүртэл долоо дахь жилдээ ургасаар байна. Нарс бол насжилт багатай мод биш. Хотод тарьсан нарс модны ургалт 15-20 хувь бус, 95-98 хувьтай байгаа гэв.

ТЕХНОЛОГИ НЬ БУРУУ УЧРААС ҮХЭЭД БАЙГАА ЮМ

Ойн инженер, доктор Д.Энэбиш:

-1960-аад онд Улаанбаатар хотыг ногоон байгууламжтай болгохоор ойгоос том мод шилжүүлэн суулгаж байсан туршлага бий. Маш сайн технологитой байсан учраас тухайн үедээ энэ ажил үр дүнтэй байсан. Одоогийн манай нөхцөлд том хэмжээтэй модны тарьц, суулгацны олдоц муу байгаа учраас хотын удирдлагууд уулнаас мод авах хуучин аргыг сонирхох болсон. Хот тохижилтынхонд буруу өгмөөргүй байгаа юм. Тарьц, суулгац гээд нэг жижигхэн юм авчраад суулгадаг, өч төчнөөн зардал гаргаж арчилдаг ч, өнөөх нь жил болоод хугараад алга болдог тал бий. Миний шүүмжлэх зүйл бол ойгоос модыг шилжүүлэхдээ хуучны уламжлалт технологийн дагуу авчрахгүй байна. Гэтэл маш олон модыг нэгэн зэрэг авчраад суулгачихаар ургаж өгөхгүй, технологи баримтлахгүйгээс болоод үхээд байгаа юм. Урагшаа харсан талд нь юм уяад, үндсийг нь хөндөлгүйгээр тэр чигт нь хөндийлөн авч, нойтон эсгийд боож авчирдаг байсан. Энэ уламжлалт технологийг ашиглавал өнөөгийн нөхцөлд болохгүй ч юм байхгүй. Манай орны өнөөгийн нөхцөлд ингэхээс аргагүй тал хотынхонд байдаг болов уу. Би бас мод тарьж байсан хүн л дээ. Яг үржүүлчихсэн том мод манайд байдаггүй.

Уулнаас мод авчирч суулгах нь ТОХИРОМЖТОЙ АРГА БИШ

МУИС-ийн Ой судлалын профессор Н.Баатарбилэг:

-Уулнаас мод авчирч хот суурин газрыг ногооруулахад ашиглаж буй нь цаг хугацаа хэмнэдэг. Том мод учраас амархан ногоон харагдуулна гэсэн онол сүүлийн хэдэн жил хэрэгжлээ л дээ. Яг үнэндээ энэ бол ойн мэргэжилтнүүдийн гаргасан онол биш. Хөгжингүй орнуудад мод үржүүлгийн газар суулгацаа ургуулаад, түүнийгээ бойжуулах талбай руу шилжүүлж, тэнд нь зөвхөн хотод зориулж бэлдэж байгаад том болохоор нь авчирдаг. Ухаж авдаг ч юм биш. Том хэмжээний бортогонд хийгээд түүнтэй нь авчраад тарьдаг технологи. Манайд ногоон байгууламжийн ажил 20-30 жил хаягдчихсан учраас тэрийг нөхөж гүйцэж чадахгүй байна. Саяын жишгийн дагуу, модоо ургуулаад бойжуулах талбай руу шилжүүлээд хүлээе гэхээр дахиад 5-6 жил болно. Тэрийг л хялбарчлах гээд уулнаас мод авчраад байгаа юм. Шилмүүст төрлийн том модод шилжүүлэн суулгаснаас хойш 2-5 жилийн хугацаанд өөрийн модлогт агуулагдах шим тэжээлээр амьдрах чадвартай байдаг. Тиймээс эхний хэдэн жилдээ ургаад байгаа юм шиг ногоон харагддаг. Шинээр шилмүүс бий болох нөхцөл байхгүй. Хэдийгээр зориуд усалж, арчилж, хамгаалдаг ч шинэ шилмүүс гарч ирж ургатал дасан зохицох хугацааг давж чадахгүй байна л даа. Дараагийн нэг онцлог нь ууланд ургаж байгаа модыг гэнэт ухаад аваад ирэхээр физиологийн хувьд стресст ордог. Орчиндоо дасан зохицох чадвар муутай, дээр нь манай хотын агаарын бохирдол ихээхэн нөлөөлдөг. Мод хүнээс эмзэг. Навчны амсар гэж бий.
Навч шилмүүсэн дээр байгаа амсрууд нь нарийн ширхэгт тоос, тоосонцорт дарагдаад битүүрээд дахиж амьсгалах ямар ч үндэсгүй болж байгаа юм. Энэ бол тохиромжтой арга биш. Хотыг ногооруулна гэдэг том мод тарих тухай асуудал биш. Өнгөлөг, чимэглэлийн зориулалттай мод тарьж болно. Богино хугацаанд ургаад, өвөлдөө хатаад дахиад хавар нь ургаж болно. Цэцэг тарилаа гэж хүмүүс шүүмжилсэн. Хамгийн зөв шийдвэр бол миний бодлоор цэцэг тарих. Том модны тухайд нийслэлийн засаг захиргаа хэрэв дөрвөн жилээр ажлаа төлөвлөх гэж байгаа бол цэцэрлэгжүүлэлтийн компаниудад мод тарих мөнгийг нь өг. Дөрвөн жилийн дараа тэр модоо нэхээд авах хэрэгтэй. Дөрвөн жилийн дараа найман настай мод тарихад ургах бололцоотой болчихсон байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com