“Миний бие Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн багт орж ажиллаж байсан. Ийм учраас манай улсын Үндсэн хууль маш сайн хууль гэдгийг хэлнэ. Хэрвээ улс төрчид өөрсдөө Үндсэн хуулиа мөрдсөн бол, өнөөдөр бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй. Харамсалтай нь тэд мөрдөөгүйгээс үүдэлтэй хямралыг нэмэлт өөрчлөлтөөр шийдэх хэрэгтэй болчхоод байгаа юм. Тэгэхээр дахиж улс төрчдийг ийм байдалд хүргэхгүйн тулд зарим нэг байдлаар Үндсэн хуульд тодотгол хийх шаардлага байж болно. Ер нь хийсэн нь дээр. Нэг ёсондоо Үндсэн хуулиар энэ замаар яваарай гээд заагаад өгсөн байтал, нөгөө товаарш чинь явж байснаа хазайгаад давхичихсан. Тэгээд өнөөдрийг хүрсэн. Тэгэхээр дахин хазайлгахгүйн тулд “Яг л энэ юм шүү дээ” гэж зааж өгч, хазайсан хэсэг дээр нь хаалт босгож өгөх хэрэг байна. Тийм учраас Үндсэн хуульд зарим нэг жижигхэн тодотгол хийх хэрэгтэй” хэмээн Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, улс төр судлаач О.Машбат өглөөг эрчтэй эхлүүлэхээр зорьж ирсэн хэсэг залуустай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцаж сууна. Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, эрх чөлөөний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой Эрх Чөлөө хөдөлгөөний Пүрэв гариг бүр зохион байгуулдаг Эрчтэй Өглөө уулзалт юм. Эрх Чөлөө хөдөлгөөний уриа нь “Эрх зүйт нийгмийн төлөө”. Тийм ч учраас эрх зүйт нийгмийн үндэс болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулан дөрвөн долоо хоногийн турш энэ сэдвээр уулзалт зохион байгуулж байгаа аж. Тэд сүүлийн гурван долоо хоногийн турш Үндсэн хуулийн үнэ цэн болон нэмэлт өөрчлөлтийн талаар цуврал уулзалт зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг нар өмнөх уулзалтуудад уригдаж залуустай ярилцжээ. Энэ удаад Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, улс төр судлаач О.Машбаттай ярилцаж байгаа нь энэ. Залуус Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын давуу болон сул талын тухай хамтдаа ярилцаж. “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь тийм ч их зүйл авч ирэхгүй байж болох ч, Үндсэн хуулийг өөрчлөхгүй байснаар асар их зүйл алдах болоод байна” гэсэн шийдэлд залуус хүрээд яриагаа өндөрлөсөн юм. Энэ үеэр Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах дэд ажлын хэсгийн гишүүн, улс төр судлаач О.Машбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үнэндээ ард түмэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар санал өгөхөд бэлэн байгаа эсэх талаар янз янзын зүйл яригдаж байна. Таны бодлоор ҮХНӨ-ийг Ард нийтийн санал асуулгаар (АНСА) явуулах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Энэ олон жилийн турш боловсруулсан ажлаа нураачихгүйн тулд ард түмнийхээ санал асуулгаар явсан нь зүйтэй болов уу гэж бодоод байна. Ард түмэн бэлэн эсэхийг би хэмжиж мэдэхгүй. Ард түмэн гэж ярьдаг хүмүүст би жаахан итгэл муутай байдаг. Яагаад гэхээр ард түмэн гэдэг их олон зөрчилтэй, сонирхлын бүлгүүдийн нэгдэл. Тэгэхээр ийм хүмүүсийг бүгдийг нь нэг саванд хийчхээд яриад байгаа нь надад таалагддаггүй. Тухайлбал, бүх сонгууль нөгөө зөрчилтэй ард түмний өөр өөр саналын үр дүнд аль нь жаахан олонх болсон бэ гэдгээр л шийдэгдэж байгаа. Угтаа МАН, Ардчилсан намыг яг хэдэн хүний илүү саналаар ялсан бэ. Үнэндээ зөрүү нь 500 мянга ч хүрэхгүй. Тийм учраас ард түмнээ сонсох хэрэгтэй гэж би боддог. Миний хувьд судалгаа хийх ажлаар хөдөө орон нутагт олон удаа ажиллаж байсан. Санамсаргүй байдлаар 8-10 хүн цуглуулаад өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар ярилцлага хийхэд маш сайн мэдээлэлтэй, түүн дээрээ дүгнэлт хийчихсэн 1-2 хүн ямагт олддог. Тэр нь заримдаа настай хүн байна. Заримдаа годгоносон залуу байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа миний олж сонсоогүй нарийн мэдээллийг манай хүмүүс олоод мэдчихсэн, ярилцаад сууж байх жишээтэй. Тэгэхээр цаад агуулгаараа бидний хийсэн судалгааны дүн нуруутай гардаг. Тиймээс ҮХНӨ талаар АНСА явуулах нь зүйтэй. Тэр хүмүүст нэг дүн нуруу бий. С.Зоригийн хэлсэнчлэн “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэдэг шиг Монгол хүний саруул ухаанд итгэх хэрэгтэй. Тэднийг бүгдийг нь ҮХНӨ талаар мэдээлэлгүй, мэдлэггүй гэж харж болохгүй. Намайг судалгаа хийж байхад асар өргөн мэдлэгтэй, дотроо бясалгачихсан, гүйлгээ ухаантай алмайруулсан хүмүүс олон таарсан. Тэдний дотор адуучин ч байсан, жолооч байгаад тэтгэвэрт гарчихсан хүн ч байсан. Дандаа дээд сургууль төгссөн хүмүүс байгаагүй. Тиймээс тэднээс асуух хэрэгтэй гэж бодож байна.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хараад байхад Засгийн газрын тогтвортой байдлыг хангах тал дээр ач тустай санагдсан. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийхийн тулд хэр сайн судалсан юм бол оо?
-Би 1992 онд МУИС-ийн хуулийн ангид оюутан болсон. 1996 оноос эхэлж Үндсэн хуулийн асуудал эрх зүйн байдлыг судалсан. Дордохын долоон өөрчлөлтийг хийсний маргаашнаас нь эхлээд “Энэ чинь нэг биш болоод явчихлаа” гээд судалж эхэлсэн. Олон хүн үүнийг судалсан. Зарим нь улс төрийн ашиг сонирхлын үүднээс судалсан. Шинэ Үндсэн хууль боловсруулчихсан хүн хоёр, гурав ч байна. Одоогийн Үндсэн хуулийн юу нь болоод, юу нь болохгүй байна вэ гэдгийг судалсан хүмүүс 20 гаруй жил болж байна. Улс төржөөд “Дордохын долоо” гээд нэрлэчхээд байгаа долоон өөрчлөлтөөс гурав нь маш зөв, заавал хийх ёстой байсан зүйл. Гурван нь миний бодлоор маш муу. Нэг нь бол хийсэн ч яах вэ, байсан ч яах вэ. Ийм л заалт байсан. Энэ өөрчлөлтүүд парламентын болон гүйцэтгэх эрх мэдлийн харьцаатай холбоотой хэсэг дээр л орсон шүү дээ. Энэ агуулгаараа Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гурвын харилцааг зохицуулсан хэсгүүдэд дахиад жаахан тохируулга хийх шаардлага 2000 оноос эхлээд үүсчихсэн. Эдгээр нөхөд өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө, дараагийн ээлжийнхэн хоолонд орохын тулд Засгийн газрыг огцруулаад байна. Засгийн газрыг хамаагүй огцруулж болохгүй гээд парламентад эрсдэл хүлээлгэдэг болох ёстой. Парламент өөрсдөө тарах эрсдэлтэй болмогцоо өдөр бүр Засгийн газрыг огцруулах тухай асуудал хэлэлцэхээ больчихно. Иймэрхүү байдлаар л жижигхэн тодотгол хийх хэрэгтэй. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэгтуУлс төрийн хоёр том нам нэг байр суурьтай байна гэдэг бол зөв асуудал. Харин муу нь юу вэ гэхээр өнөөдөр аль аль нь үүнээсээ ухарч магадгүй болоод байгаа нь зарчмын хувьд эргэлзээтэй харагдаж байна.
-Шүүх эрх мэдлийн талаар ҮХНӨ-төөр орсон ямар асуудлууд байгаа вэ. Сүүлийн үед шүүх эрх мэдлийн хараат бус байдалд олон хүн анхаарал хандуулдаг боллоо?
-Шүүх эрх мэдлийн талаарх асуудлыг сүүлийн 10-аад жилийн турш ярьсны үр дүнд өөрчлөгдөж байгаа асуудал. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үндсэн хоёр зорилготой, хоёр салбарт хийсэн гэж болно. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хийсэн. Хоёрдугаарт, Шүүх эрх мэдлийг хараат бус, хариуцлагатай байлгах тухайд хийсэн. Тэгэхээр шүүхийн тухайд асуудал нь шинэ. Дээрээс нь шүүх эрх мэдлийг хараат байлгах сонирхол бүхий этгээдүүд байсан учраас энэ өөрчлөлтийг оруулах ярилцлагын явцад их улс төржсөн. Засгийн газрыг тогтвортой байлгах тухайд ч мөн ялгаагүй улс төрийн сонирхол байсан. Сайн ч өөрчлөлт хийсэн. Муу ч өөрчлөлт хийсэн. Шүүхийг хараат бус байлгахын тухайд ерөнхийдөө зарчмын заалтуудаа нэг их хөндөхгүйгээр оруулчихсан гэж бодож байгаа. Нэг ёсондоо замыг нь заачихсан. Яг тэр замаар явж байгаад гурав алхангуутаа дөрөв дэх дээр нь хазайгаад явчих вий гэдэг дээр нь санаа зовж байгаа учраас түүнийг органик хуулиар нь хаах хэрэгтэй. Ерөнхийдөө шүүх эрх мэдлийн тухайд санаснаараа хийж чадаагүй ч зорилгодоо хүрсэн гэж хэлнэ. Магадгүй 80 орчим хувьтай. Гүйцэтгэх эрх мэдлийн тухайд хүмүүс нэгдмэл байр суурьтай байсан. Хэлэлцүүлгийн үеэр ч энэ асуудлаар ямар нэг асуудал үүсээгүй. Ингээд хамгийн сүүлийн мөчид жаахан гажилт гарсан. Тэр нь Засгийн газрын бүрэлдэхүүнийг УИХ-аас томилдог болсон. Энэ нь харамсалтай. Уг нь тэгэх хэрэггүй байсан. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах тухайд орчныг нь сайн бүрдүүлсэн. Зорилгодоо 60-70 хувийн амжилттай хүрсэн гэж бодож байгаа. Тэгэхээр үүнийг муу нэмэлт өөрчлөлт гэж хэлэхгүй, сайн болсон.