-Чихрийн шижингийн гол эмчилгээ бол хоол-
“Интермед” эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч, Анагаах ухааны магистр Б.Батжаргал эмчтэй чихрийн шижин өвчний талаар ярилцлаа. Учир нь манай улсад энэ өвчины тархалт хурдацтай нэмэгдсэн. Судалгаанд дурдсанаар 10 мянган хүн тутамд 100 нь уг өвчинөөр өвдсөн байна.
-Чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ. Энэ талаар талаар яриагаа эхлэх үү?
-Нас удамшил, жирэмсэн үедээ чихрийн шижинтэй байсан эсэх, өндгөвчийн олон уйланхайт эмгэгтэй эсэх, биеийн жингийн илүүдэл ялангуяа хэвлийгээр илүү таргалах, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт, сахар ихэсгэдэг эмийн хэрэглээ, стресс, тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь чихрийн шижин үүсгэх хүчин зүйлс болдог. Тиймээс бид эн тэргүүнд өөрөө өөртөө бий болгоод байгаа хүчин зүйлс, муу зуршлуудаа арилгаж чадвал аливаа өвчин үүсэхээс сэргийлж чадна. Биднийг хэн таргалуулж байгаа юм, хөдөлгөөний хомсдлыг хэн бий болгож байна, хэн замбараагүй хооллож байна, хувь хүн өөрөө л шүү дээ. Тамхи татдаг хүнийг татдаггүй хүнтэй харьцуулахад чихрийн шижин үүсэх эрсдэл 30-40 хувь өндөр байдаг. Тэгэхээр бид чихрийн шижинтэй хүмүүст тамхинаас гарах зөвлөгөө өгдөг. Мөн хөлөө тайруулж байгаа хүмүүсийн 50 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг.
-Чихрийн шижин өвчнийг хэд ангилдаг вэ?
-Чихрийн шижин өвчнийг дөрвөн хэлбэрт ангилдаг. Нэгдүгээр хэлбэр гэж байгаа нь удмын болон дархлаа тогтолцооны алдагдлын улмаас инсулин дааврын ялгаралт багассантай холбоотой ихэвчлэн хүүхэд, залуу насныханд тохиолддог хэлбэр ба нийт оношлогдож байгаа чихрийн шижинтэй хүмүүсийн 10 орчим хувийг эзэлдэг. Ийм хүмүүс инсулин даавар нь ялгардаггүй учраас шууд инсулин эмчилгээнд орж, насан туршдаа тариулдаг. Хоёрдугаарт нь инсулин дааврын дөжрөлөөс болдог ба үүнд биеийн жингийн илүүдэл, таргалалт, удмын нөлөөллөөс шалтгаалдаг. Гуравдугаарт, жирэмсэн үеийн чихрийн шижин. Тэр нь зөвхөн жирэмслэлттэй холбоотойгоор цусан дахь сахарын хэмжээ ихсээд төрсний дараа хэвийн хэмжээнд ордог ба цаашид Чихрийн шижин үүсэх эрсдэл 50 хувьтай байдаг тул анхаарч урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, бусад өвчлөлүүдийн улмаас цусан дахь глюкозын хэмжээ ихсэж илэрдэг ба бусад дотоод шүүрлийн эмгэгүүд болох (бамбай, бөөрний дээд булчирхайн өвчнүүд), глюкозын хэмжээг ихэсгэдэг эмийн бэлдмэлүүдийг удаан хугацаагаар хэрэглэх, үүнд эд эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эмүүд, стеройд эмчилгээ зэрэг ордог.
-Зарим оронд энэ эмгэгийг “чимээгүй тахал” ч гэж нэрлэдэг юм билээ. Учир нь юу вэ?
-2019 оны байдлаар дэлхий дээр 463 сая хүн энэ өвчнөөр өвдсөн байна. 2045 он гэхэд энэ тоо 700 саяд хүрнэ гэсэн статистик байдаг. Тэгэхээр маш олон хүнийг хамарсан архаг өвчин эмгэг юм. Архаг эмгэг гэдэг нь эдгээд яг урьдынх шигээ хэвийн болно гэдэг магадлал байхгүй гэсэн үг. Тийм болохоор ийм өвчтэй гэж оношлогдсон л бол амьдралын турш зөв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн эмчилгээ, эмчийн хяналтанд байж эрүүл байхын төлөө тэмцэнэ гэсэн үг. Монголчуудын хувьд, 20-79 насны хүмүүсийн дунд таван хувийн тархалттай гэж үздэг.
-Сахарын өвчний үед илрэх гол шинж тэмдгүүд юу вэ?
-Ам цангах, цангасныхаа хирээр их уух, их шээх, ядарч сульдах, арьсан дээр янз бүрийн тууралтууд гарах, шарх удаан эдгэх, мөн эмэгтэй, эрэгтэйд аль алинд нь мөөгөнцрийн хүндрэлүүд гарах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаж, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлуулж оношилгоо хийлгүүлэх хэрэгтэй.
-Чихрийн шижин буюу сахарын өвчнийг энгийнээр бодоход цусанд сахар ихэдсэнээс цус өтгөрч, судсан дотор зунгааралдаад гүйхэд хэцүү байдаг гэж ойлгож болох уу?
-Бид чихэртэй цай уух гээд нэг халбага тос, халбага сахар хийгээд усанд найруулаад үзэхээр зунгааралдсан шингэн болно оо доо. Яг л тэрэн шиг цусан дотор хэрвээ глюкозын өөхний хэмжээ ихэсвэл тус цусанд байгаа эд зүйл ерөнхий байдал нь тиймэрхүү л төсөөллөөр зунгааралдсан шингэн болно гэсэн үг. Тэгэхээр судасны ханыг гэмтээж үрэвсэл бий болгоно, очиж байгаа бай эрхтнүүдийн цусан хангамж тэжээл удаан очино, судасны нарийсал үүснэ гэсэн үг. Гэмтээхгүй эрхтэн гэж байхгүй гэсэн үг. Хамгийн түрүүнд бидний нүдэнд харагдахгүй, жижигхэн, хялгасан судсуудыг гэмтээж эхэлнэ. Бидний хамгийн жижиг хялгасан судсуудтай эрхтэн болох нүд, бөөрний судсуудыг эхлээд гэмтээснээрээ нүд, бөөрний гэмтлүүд хүндрэл учруулдаг. Дараа нь том судасны гэмтлүүд гарч ирнэ. Ингэснээр зүрхний эмгэг, тархины цус харвалт юм уу, улмаар хөлийн хүндрэл үүсгэж, хөл тайруулах хэмжээнд хүргэх ч аюултай.
-Эмчилгээний тухайд насан туршийн эмчилгээтэй гэлээ. Хоол, хөдөлгөөн, дэглэмээ л зохицуулж байвал болох нь ээ дээ?
-Эмчилгээний тухайд гол нь амьдралын зөв хэв маяг маш чухал. Тухайн хүнд зөв хооллолт, хөдөлгөөний ач холбогдлыг маш сайн ойлгуулах ёстой. Хөдөлгөөний тухайд өдөр бүр 30 минут, эсвэл 7 хоногийн 150 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх, зөв хооллолт, глюкозын өөрийн хяналт, эм болон инсулин эмчилгээг эмчийн хяналтад хийж амьдралын турш л зохицуулна гэсэн үг юм.
-Тэгвэл бидний хоол тэжээлээр дамжин цусанд орсон глюкозыг инсулин тохируулж өгдөг гэсэн үг үү?
-Тийм ээ. Бидний бие махбодийн хоол боловсруулах эрхтэн болох нойр булчирхай нь гадаад шүүрэл, дотоод шүүрэл гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаатай. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нь бидний хоол боловсруулах өөх тосыг задлах ферментийг ялгаруулдаг. Дотоод шүүрлийн үйл ажиллагааны хувьд бидний цусан дахь энергийн эх үүсвэрийг бий болгодог глюкозыг зохицуулдаг инсулин дааврыг ялгаруулдаг. Машин техник ямар нэгэн энергийн эх үүсвэргүй, бензингүйгээр ажилладаггүй шиг бидний бие организмд ч мөн глюкозгүйгээр төсөөлж болохгүй. Глюкоз нь нойр булчирхайгаас ялгардаг инсулин дааврын тусламжтайгаар эсрүү орж энергийн эх үүсвэрийг бий болгодог. Ингэснээр бидний амьдралын бодисын солилцоог ажиллуулж байна гэсэн үг.
-Сахарын өвчин гэхээр, цусан дахь глюкоз ихэсдэг шигээ багасах тохиолдол бас бий биз?
-Тийм ээ. Дээр яригдсан эрт үеийн гол хүндрэл бол глюкоз бууралт. Шалтгаан нь тухайн хүн биеийн хүчний хөдөлгөөн их хийсэн үү, эмийн хэрэглээ тунгаа ихдүүлсэн үү, инсулинийхээ тунг ихдүүлсэн үү, эсвэл хооллолтынхоо тунг инсулин, эмэндээ дүйцэхүйц тохируулаагүй, хоолоо бага идсэн зэргээс хамаараад глюкоз багасалтын байдалд орж болно. Энэ нь ямар шинж тэмдгээр илрэх вэ гэхээр, өлсөнө, гол харлана, чичирнэ, хүйтэн хөлс цутгана, гар, хөл чичигнэж салгална, мөн ойр орчиндоо анхаарал суларна, уур уцаартай болно, бүр хүндэрвэл комд орно. Энэ тохиолдолд яаралтай тусламж үзүүлэхгүй бол амь нас нь аюултай байдалд орно. Тэгэхээр эмчлэгч эмч л үүнийг анхнаас нь хэлж өгч анхааруулдаг.
-Цагаан гурил, цагаан будаа, элсэн чихрийг хориглодог байх аа?
-Монголчууд гурван цагаан хор гэдэг. Дээрх хоолнууд нь түргэн шимэгддэг нүүрс ус юм. Өөрөөр хэлбэл идэнгүүт цусан дахь глюкозын хэмжээг хурдан ихэсгэнэ гэсэн үг. Тиймээс дээрх хоолыг хязгаартай хэрэглэж, харин удаан шимэгддэг нүүрс ус буюу эслэг ихтэй бүхэл үрийн хоол хэрэглэвэл глюкозын хэмжээг огцом ихэсгэхгүй, шимт бодисоор баялаг таргалахгүй гэсэн давуу талтай .
-Та дээр хэлсэн, жирэмсний чихрийн шижин гэдэг нь хүүхэд том гарах эрсдэлтэй. Дөрвөн килограммаас дээш жинтэй хүүхэд төрвөл чихрийн шижинтэй гэж үзэж болно гэж?
-Жирэмсэн үеийн чихрийн шижин нь төрсний дараа хэвийн болдог. Харин цаашид эмгэг болох магадлал 50 хувь тиймээс ээж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхэд дөрвөн килограммаас дээш гарах нь ээжийн чихрийн шижингийн эрсдэлийг үнэлж байгаа юм. Том жинтэй хүүхэд цаашдаа ирээдүйд чихрийн шижинтэй болох магадлал бага ч хүүхдүүдээ анхнаас нь таргалуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна. Хүүхдэд хүртэл таргалалтаас болсон хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижин ихсээд ирсэн. Буруу хооллолт, түргэн хоол, хөдөлгөөнтэй холбоотой. Хүүхдээ таргалуулна гэдэг бол маш буруу. Ирээдүйн өвчлөлийн суурийг тавьж өгч байна гэсэн үг. Хүүхэд аль болох амттай шимтэй хоол идэхийг хүсдэг. Эрүүл ногоо зэрэг нь жаахан амтгүй талруугаа болчихдог учраас голоод идэхгүй. Тэгэхээр аль болох хурц амттай хоол идэж, тэр нь хоолны дуршлыг улам нэмэгдүүлэн, тэр хоолоо л идэхийг хүснэ.
-Инсулинд орох нь хамгийн сүүлийн арга хэмжээ гэж хүмүүс айдаг. Ямар үед инсулинд ордог вэ?
-Энэ эмчилгээнд тодорхой заалтаар ордог. Нэгдүгээрт, инсулиний ялгаралт багатай тохиолдолд инсулин эмчилгээ хавсарна. Мөн түрүүний хожуу, хурц үеийн гээд байгаа чихрийн шижингийн хүндрэлүүд гарч байвал инсулин эмчилгээтэй хавсарч болно. Бусад өөр өвчинтэй хавсрах, элэгний эмгэг, хоол боловсруулах эрхтэн системийн эмгэг, эм уух боломжгүй, ходоодны шархтай, элэгний дутагдалтай, хатууралтай хүмүүст эмийн эмчилгээ илүү аюултай учраас хамгийн аюулгүй эмчилгээ болох инсулин эмчилгээнд оруулдаг. Уг эмчилгээ тохироод, эрхтэн систем эдгэрээд, хүндрэл багасаад ирвэл инсулиний хэмжээг багасгаж болно.
-Эцэст нь асуухад, сүүлийн үед хүмүүс янз бүрийн дэглэм их барьдаг болсон л доо. Энэ нь хэр их тусалдаг юм бол?
-Илүүдэл жинтэй бол жин хасах нь нь гол эмчилгээ мөн боловч хүн болгоны биеийн онцлог, архаг өвчтэй эсэх зэргээс хамааран хоолны дэглэмүүд өөр байдаг.Тиймээс мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөө авах нь илүү аюулгүй, үр дүнтэй.