Өдгөө Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Спортын холбоодоос үргэлж дуулиан шуугиан дагуулж, элдвээр цоллуулж “заншсан” нэг холбоо байна. Тэр нь дэлхийн хамгийн амттай спорт болох Хөлбөмбөгийг Монгол Улсад хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй холбоо юм. Үе үеийн удирдлагууд нь холбооны сан хөмрөгөөс идэж, уусан дуулдаад ажлаа өгдөг ч түүнийг нь баталгаажуулаад өдгөө хариуцлага тооцсон практик нэгээхэн ч үгүй.
Тэгэхээр холбооны санхүүгийн асуудлыг нэг бол нуун дарагдуулаад өнгөрдөг, эсвэл ерөөс эрт бөгөөд эдүгээгийн удирдлагууд хий хардалтад өртөөд өнгөрдөг гэсэн хоёрхон гаргалгаа байна, одоогоор.
Юутай ч, Монголын хөлбөмбөгийн холбоотой бас нэгэн шуугиан сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд идэвхижээд Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Дагвадоржоор туг тахьсанаар өндөрлөв бололтой.
Туг тахисан гэж үзэх үндэслэл үнэхээр байх шиг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр хөвөрч буй сүүлийн үеийн мэдээллүүдэд дүн шинжилгээ хийх гэж оролдъё. Өнөөдрийн энэ нөхцөл байдал чухам юунаас үүссэнийг судлаад үзвэл Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтэс буюу ихэвчлэн шигшээ багийг дасгалжуулдаг дасгалжуулагч нараас бүрддэг нэгэн бүтэц МХБХ-нд байдаг. Тэд өөрсдийгөө “шүгэл үлээж” буйгаа зарлаж, холбооны үйл ажиллагаа доголдсоны дээр санхүүгийн зарцуулалтад хардаж сэрдэж болохуйц олон үндэслэл байна хэмээн олон нийтэд ил тод нээлттэйгээр зарласныг Хөлбөмбөгийн хөтлөгч, тайлбарлагч Батзаяа гэх залуу өөрийн сошиал хаягтаа идэвхитэйгээр мэдээлсээр иржээ. Түүнчлэн “Save the Mongolian Football” нэртэй хуудас ч гаргаад амжиж.
Эдгээр мэдээлэлд, “Монголын хөлбөмбөгийн холбоо олон улсын болон Азийн холбоодоосоо асар өндөр дүнтэй санхүүжилт авдаг ч өр ширэндээ баригдсаны дээр хөлбөмбөгийн хөгжлийг гацаанд оруулаад байна” хэмээсэн агуулга байх аж. Тэдний зүгээс мэдэгдсэн хамгийн ноцтой зүйл нь “Хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Олон улсын Хөлбөмбөгийн холбооноос 2024 онд орж ирсэн төслүүдийн мөнгийг, тухайлбал, “Авъяастныг хөгжүүлэх схем” төслөөр орж ирсэн 250 мянган ам.доллар, “Дэд бүтцийн бүсийн төв байгуулах” төслөөр орж ирсэн 1 сая ам.долларыг ор сураггүй алга болгосон гэх мэдээлэл.
Тэд холбооны удирдлагууд, Удирдах зөвлөлийн гишүүдэд яаралтай ээлжит бус Их хурлыг хуралдуулж дахин сонгууль явуулах шаардлагыг эрчимтэй тавьж байсан бол харин холбооны удирдлагууд болон Удирдах Зөвлөлөөс холбооны санхүүжилтийг шалгах Түр хороог байгуулан, “шүгэл үлээгчид”-ээс түүндээ оролцуулах санал гаргасан нь ажил хэрэг болоод явж буй аж.
Энэ хооронд “Шүгэл үлээгчид”-ийн бас нэгэн шаардлага биеллээ олох нөхцөл бүрдсэн нь Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж өнгөрсөн долоо хоногт ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна. Түүний дараагийн генсек нь Хөлбөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн М.Ганбаатар.
Өнгөц харвал Монголын хөлбөмбөгийн холбоонд өдгөө нэг иймэрхүү үйл явдал өрнөөд байгаа аж. Гэхдээ энэхүү дүр зураг бол зүгээр л ХӨШИГ байж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, энэ үйл явдлыг өнгөцөөр биш, илүү лавшруулаад, ХӨШИГ-ийг нээгээд харвал бид огт өөр дүр зургийг харж болох.
Генсек нь техникийн хэлтсийнхэнд ажлын шаардлага тавьснаар энэхүү бужигнаан эхэлжээ
ХӨШИГ-ний цаана юу өрнөж байна вэ? Хөлбөмбөгийн холбоонд үүссэн асуудлын үйл явдлын дараалал, маргаанд оролцогч талуудын байр суурийг сонирхож үзлээ.
Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга нь яагаад өөрөө өргөдлөө өгөв? Энэ талаар тэрбээр өөрөө өгүүлэхдээ, “Холбооны үйл ажиллагааг гацаанд оруулж цаг хугацаа алдах, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч нарт сөрөг сэтгэгдэгдэл төрүүлж, хөрөнгө оруулалт саад тотгор учруулах зэргээр бодит хохирлуудтай Монголын хөлбөмбөгийн холбоо нүүр тулсан учир би өргөдлөө өгсөн. Нөгөө талаар эрүүл мэндийн шалтгаан ч байна” гэх утгатай зүйлийг ярьсан байна билээ.
Гэхдээ тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг гацаанд оруулж буй жинхэнэ шалтгаануудыг цаашид нууж хаалгүйгээр хэлж ярьж явна гэдгээ ч илэрхийлжээ. Үнэхээр ч Т.Дагвадорж сүүлийн үеүдэд сошиал хаягтаа ч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч дуу хоолойгоо идэвхитэй хүргэж буй дүр зургууд харагдаж байна.
Түүний өгүүлж буйгаар, өнөөдрийн энэ үйл явц Монголын өлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийнхэнтэй үүсгэсэн үл ойлголцлоос үүдэлтэй бололтой. Өөрөөр хэлбэл, энэ хэлтсийнхэн 2024 онд “Азийн хөлбөмбөгийн холбоо”-ны авъяастан хөгжүүлэх зорилготой “Advantage” гэх төслийн 500 сая орчим төгрөгийг зарцуулахдаа өөрсдийнхөө ойр тойрны нийт 20 гаруйхан хүнтэй ажлын гэрээ байгуулаад цалин хэлбэрээр олгосон юм байх. Зарим нь бүр нэг ажил дээр 2-3 цалин давхардуулж ч олгосон байсан гэнэ. Ажлаа аваад нэг жил гаруйн хугацаа өнгөрч буй генсек нь тэдэнд, “Одоо энэ мөнгийг илүү үр өгөөжтэй зарцуулъя. Орон нутаг болон клубуудын дасгалжуулагч нар маань ч гэсэн энэ төсөлд оролцмоор байгаагаа илэрхийлж байна. Тиймээс орон даяар сонгон шалгаруулалт явуулъя. Та бүхэн ч бас энэ төслийн хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, тайлагнаач. Нөгөө талаар та бүхэн Монгол Улсын хөлбөмбөгийн техникийн бодлогыг хариуцаж байгаа чухал албан тушаалтнуудын хувьд цаасан дээр гаргасан бодлоготой болъё” гэх мэтээр зарчмын асуудлуудыг ярьж эхэлсэн юм байх.
Учир нь Монголын Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийнхэн өнгөрсөн 2024 онд төсөл хэрэгжүүлээд зогсохгүй энэ 2025 онд мөн л “Advantage” төслөөс ойролцоогоор 500 сая төгрөг, нэмээд “TDS” гэх төслөөр 350 сая орчим төгрөгийг захиран зарцуулахаар төлөвлөж байж. Энд дурьдахад, Хөлбөмбөгийн холбооны Техникийн хэлтсийн дийлэнх нь болон дээр дурьдсан төслөөс цалинждаг 21 хүн бол хөлбөмбөгийн “Унаганууд” клубын угшилтай тамирчин дасгалжуулагч нар болон багш, шавийн барилдлага, найз нөхөд, зарим нь бүр нэг гэр бүлийн холбоо харилцаатай эрхэмүүд ч байгаа аж.
Генсек нь энэ мөнгийг зарцуулах үйл явцыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шийдье гэсэн тэр мөчөөс эхлэн Техникийн хэлтсийнхнээс “шүгэл үлээх” үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн талаар Т.Дагвадорж өөрийнхөө цахим хуудаст тодорхой өгүүлсэн байна билээ.
Байж болох л хувилбар. Яагаад гэхээр үүнийг бататгах хэд хэдэн үйл явц өрнөж байгаа аж.
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 1 сая ам.доллар орж ирээгүй
МХБХ-ны удирдлагууд дээр өгүүлсэнчлэн хоёр ч төслөөс орж ирсэн 1.25 сая орчим ам.долларыг “илбэдсэн” гэх мэдээлэл худлаа гэдгийг экс генсек нь эрс үгүйсгэжээ. Энэ талаар тэрээр, “Өөрсдийгөө “Шүгэл үлээгч” хэмээн харуулахыг хүсч буй шүүр баригчид МХБХ-ны нэр хүндэд асар сөргөөр нөлөөлөхүйц худал мэдээллүүдийг хог шороо шиг гаргаж ирээд хөлбөмбөгийн ертөнцийнхөн рүү шүүрдэн цацаж байна. Цаг хугацаа хэн нь хэн байсныг, үнэнийг шүүж харуулах нь дамжиггүй юм. Холбооны нэр хүндийг унагаж, муухай харагдуулж, гадна дотны ивээн тэтгэгч нарын санал бодлыг эргүүлэх, эргэлзүүлэх, цаашлаад олон улсын холбоодод улсаа муухай харагдуулах асар сөрөг үр дагавруудыг хөлбөмбөгийг хөгжүүлэх ёстой, Хөлбөмбөгийн холбооны уураг тархи нь байх ёстой Техникийн хэлтсийнхэн өөрсдөө тарьж байгаа нь харамсалтай” хэмээгээд тэдний яриад байгаа 1 сая ам.доллар Олон улсын хөлбөмбөгийн холбооноос орж ирээгүй гэжээ. Түүнчлэн олон улсын аудитын байгууллагаар энэ асуудал болон холбооны санхүүжилтийг шалгуулахаар төлөвлөж буйгаа ч мэдэгдэж байж.
Энэ их мөнгийг идсэн хэмээн итгэлтэйгээр мэдээлсэн нэр бүхий хүмүүсийг ч холбооны удирдлагууд “Нэр хүндэд халдсан, илтэд гүтгэсэн” гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад байгаагаа мэдэгдсэн байна. “Хэн нь хэн байсныг илчлэх нь цаг хугацааны л асуудал” гэж тэрбээр мөн бичсэн байна билээ.
“Шүгэл үлээгч”-ийн дүртэнгүүд санхүүгийн хүндрэлийг үүсгэсэн үү?
МХБХ-нд өнөөдөр үүсээд буй санхүүгийн хүндрэл өнгөрсөн 2023 оны гуравдугаар сард болсон Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаар баталсан төсвийн тодоголтой холбоотой аж. Өдгөө шүгэл үлээгчийн дүрээр “эргэн ирсэн” олон эрхэм, тухайлбал, тухайн үеийн Тэмцээн зохион байгуулах хороо болон Футзал элсний хөлбөмбөгийн хорооны гишүүдээс гадна Хөлбөмбөгийн “Дэрэн”, “Хоромхон”, “Төв азарганууд”, “ФС Улаанбаатар”, “BCH Lions”, “Ховд” гэх мэт томоохон клубын удирдлагууд “Дээд лигийг хөгжүүлэх бодлогын хүрээнд шагналын санг нэмж, 1.5-2 тэрбум төгрөгт хүргэхийг шаардаж шахсанаар Удирдах зөвлөл үүнийг ёсоор болгож баталжээ. Энэ цагаас эхлээд Монголын Хөлбөмбөгийн холбоо санхүүгийн хүндрэл бэрхшээл, өр зээлэнд унасаар 2024 оны намраас эхлэн офиссын ажилтнуудынхаа цалинг ч тавьж чадахгүй хэмжээнд хүрсээр хүнд байдалтай нүүр тулсан байна. Гэсэн ч бид 2024 онд хийхээр төлөвлөсөн бүх ажлаа хийж гүйцэтгэсэн. Басхүү өмнө нь хэзээ ч олж байгаагүй бодит ивээн тэтгэлгийн хөрөнгийг татан төвлөрүүлж чадсан” хэмээн экс генсек Т.Дагвадорж нь өгүүлжээ.
Энэ бүхнээс харахад өдгөө Монголын Хөлбөмбөгийн холбооны удирдлага хэн байхаас үл шалтгаалаад санхүүгийн хүндрэл, үйл ажиллагааны доголдол үүсэх нь гарцаагүй асуудал байж. Ийм байдалд хүргэхэд голлох нөлөө үзүүлсэн хүмүүс нь харин өөрсдөө шүгэл үлээгчийн дүрээр эргэн ирж буйн учир шалтгаан нь сонирхол төрүүлж байна.
Холбооны зардлыг илэрхий гуйвуулсан худал мэдээллийг яагаад гаргаад байгаа вэ?
Техникийн хэлтсийнхний захиран зарцуулахаар төлөвлөж буй 850 сая төгрөгийн эрх ашгийг хэн нэгэн нь шүүрэн авч, холбооны удирдлагыг гартаа авах ил цагаан санаархлаа хөтлөгч, тайлбарлагч Батзаяа мэтийн дүрийг ашиглан идэвхитэй өрнүүлээд байгаа юм биш биз гэсэн мэдээлэл бас гарч байна. 2023 онд холбооны Ерөнхийлөгчид, удирдах зөвлөлд өрсөлдөөд ялагдал хүлээсэн эрхмүүдийн шар хор тайлагдаагүй яваа юм болов уу?
Ингэж хардах үндэслэл нь хөтлөгч, тайлбарлагч Батзаяагийн “үл мэдэх”-ийн дүр. Холбооны санхүүжилтийн хэмжээ, зардал уг нь их ойлгомжтой энгийн юм билээ л дээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Азийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааны санхүүжилт гэж жилд 1.750.000 орчим доллар орж ирдэг гэх. Ажлаа хүлээлгээд өгсөн Т.Дагвадоржийн санхүүгийн талаарх хэвлэлийн хурлуудын мэдээллээс үзэхэд энэхүү санхүүжилтийн 70 гаруй хувь нь гишүүн холбоод, клүбүүдэд тэмцээн уралдаан, шагнал, урамшуулал, цалин хэлбэрээр хуваарилагддаг, үлдсэн 30 орчим хувь нь холбооны үйл ажиллагааны зардал болдог тухай түүн дотор шигшээ багийн зардал гэж том дүн ч багтана. Үлдсэн ийм ийм зардлыг маркетинг буюу ивээн тэтгэлгээр шийдэхээр буюу орж ирээгүй мөнгөн дүнгийн төсөөлөлтэйгээр төсвөө баталдаг. Өөрөөр хэлбэл алаагүй баавгайн арьсыг хуваадаг гэсэн агуулга явна.
Тайлбарлагч Батзаяа ийм энгийн зүйлийг мэдэхгүйгээр мэдэмхийрч байна уу, эсвэл мэддэг ч мэдэн будилж байна уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг. Монголын Хөлбөмбөгийн холбоо байгаа санхүүгийн боломждоо тулгуурлан аливаа зардал, шагналынхаа хэмжээг тогтоохгүй бол өнөөгийн нөхцөл байдал хүндрэл аль хүртэл үргэлжлэхийг таашгүй.