Уншиж байна...
 
ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гардуулан өглөөЗасгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байнаХотоос хөдөөд очиж хоршоо байгуулж болох уу?Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэБарилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа“Шинэ хоршоо” хөдөлгөөн орон даяар эхэллээХ.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулнаАрдчилсан намын бүлгээс С.Зоригийн амь насаа алдсан хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлааД.Амарбаясгалан: Танхимын хууль шинэчлэгдсэнээр эдийн засагт үр дүнтэйИмпортын гурил орж ирснээр үнэ буурч, инфляци дагаад буурнаТаван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэЦагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тохиолдол 15.3 хувиар буурчээШар өвс шатсан 36 дуудлага бүртгэгджээДээрэлхэл дэлгэрэх ёсгүй аяны дуу- Та намайг мэднэ ээжээ
Академич С.Нямзагд их сургуулийн хөгжлийн шинэ гарцыг тодорхойлов

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан “Этүгэн инновацын өдрүүд” зохион байгууллаа. ШУА-тай хамтарсан уг арга хэмжээний үеэр академич, “Этүгэн” их сургуулийг үүсгэн байгуулагч, гавьяат эдийн засагч С.Нямзагд сонирхолтой илтгэл тавьсан юм. Үүнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 Бидэнд шинэ гарц хэрэгтэй байна. Энэ тухай хамтдаа хэлэлцье.
 Дэлхий дээр нэг ч хуурай газар байхгүй байхад усан бөмбөлөг дундаас цухуйсан анхны хүчирхэг хад бол одоогийн Отгонтэнгэр уул буюу Этүгэн уул байсан юм. Америкийн судлаачид үүнийг тогтоосон. Хамгийн анхны хуурай газрын амьдрал энэ цэгээс үүссэн юм. Тийм болохоор энд сурч байгаа зуу зуун залуусыг шинэ амьдралын эхлэл байгаасай гэж хүсч “Этүгэн” нэрийг өгсөн юм.
 2002 онд “Этүгэн” гуравхан юмнаас бүрдэж байв. Мах тосны конторын түрээсийн байр, 36 оюутан, хоёр багш. Хоёр багшийн нэг нь би байлаа. Энэ 36 оюутан бол бараг миний ах, дүү нарын хүүхдүүд, манай нутгийнхан байсан. Анхны алхам хэцүү байдаг юм. Цаашаа явах уу, хөгжих үү гэдэг асуудал гарч ирсэн. Энтрепренёр сэтгэлгээ намайг аварсан юм.
 Одоо газар сайгүй инновац, энтрепренёр гэж ярьцгаадаг. Гэсэн ч үүнийгээ сайн ойлгохгүй явцгаадаг. Энтрепренёр гэдэг хүн. Бүх хүн ийм байх бололцоотой ч амьдрал дээр цөөхөн хүн энтрепренёр байдаг. Энтрепренёр хүн заавал инженер, технологич байх албагүй. Асуудлыг технологийн түвшинд шийдэж чаддаг, эрсдэлээ үүрдэг байх учиртай.
 Дөнгөж үүсч байхад бидэнд гурван зүйл хэрэгтэй байлаа.
 Цагаан байр маань түрээсийнх учраас бүх мөнгөө түрээсэнд өгч байлаа. Байр барихгүй бол болохгүй нь гэдэг бодол төрсөн.
 “Этүгэн” коллеж үүссэн. Гэхдээ монголчуудын тэр үеийн сэтгэлгээ коллежид сурч, дунд мэргэжилтэй болохыг хүсэхгүй байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа. Статус заавал ахих хэрэгтэй юм байна. Дээд сургууль болох хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Гурав дахь нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх. Магадлан итгэмжлүүлэх хамгийн чухал байв. Эхний 36 хүүхдэдээ тэтгэлэг олж авах гээд хөөцөлдөөд бүтээгүй. Яагаад гэвэл “Танай сургууль магадлан итгэмжлэгдээгүй байна” гэсэн. Ийм гурван асуудлыг шийдэхийн төлөө 19 жил тэмцэж, шийдвэрлэж ирсэн нь одоо цагийн энтрепренёр байсан юм.
  Энэ бүх явцад бидний динамик ямархуу байсныг харуулъя.
  Хамгийн анх хоёр багштай байснаа дөрөв болсон. Долоо, есөн багштай болсон. Энэ үед ч найз нарын нэгдэл юм шиг л явж байсан. 21 багштай болсон үеэс яг сургууль шиг болоод, онол, арга зүйн семинар, тэнхим, багш гээд сургалтын байгууллагын дүр төрхөө олж эхэлсэн. Одоо “Этүгэн” 160 үндсэн багштай. Цагийн багш нарыг нэмбэл 600 багштай сургууль байгаа юм. Өнөө цагийн шинэ хөтөлбөрөөр хичээл заах чадвартай багш 80 хувийг нь бүрдүүлдэг. Эрдмийн зэрэг цолтой багш 30 хувь нь байдаг.
  Анхны 36 оюутан маань эхлээд 101 болсон. Дараа нь 250 болсон. Ахиад дөрвөн жилийн дараа мянга болсон. Жилийн дараа 2000 болсон. Одоо 6000 оюутантай сургууль. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн тоо өөрчлөгдөж байхад манай элсэгчдийн тоо тогтвортой өсч байснаар Этүгэнийхэн бахархдаг. Жишээ нь өнгөрсөн жил арванхоёрдугаар ангийг 43 мянган хүүхэд төгсч байлаа. Энэ жил 17 мянга болж буурсан. Гэсэн ч манай оюутны тоо өссөн.
  Гэхдээ одоо бусад том сургууль шиг оюутны тооны төлөө Этүгэн явах уу?
  Эсвэл өөр асуудал ярих уу? Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн үндсэн хэсэг нь бүрэн дунд мэргэжил эзэмших, МСҮТ рүү орох боломжийг дээд сургуулиуд ёс зүйн хувьд гаргаж өгөх ёстой юм. Миний гайхамшигтай багш Оросын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хүн бий. Багш ярьж байсан “Нэг дээд мэргэжилтэй хүн байхад гурван дунд мэргэжилтэй хүн байвал улс орон тогтвортой хөгждөг” гэж.
  “Этүгэн” оюутны тооны хойноос хөөцөлдөхгүй. Дунд мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, МСҮТ-үүдэд боломж олгоод, оюутны тоогоо огцом бус аажим өсгөх бодлого барих нь зүйтэй гэсэн төсөөлөл надад байна.
  Энэ төгсөгчдийн тооны динамик байна. Олон элсэгч байхад харьцангуй цөөн тооны төгсөгчид байна. 2019 онд 600 хүн төгссөн. 120 хүн төгсч чадалгүй үлдсэн. Социализмын үеийн сургалтаас авч үлдсэн хамгийн том зүйл бол стандарт хангаагүй бол төгсгөхгүй. Элсэгчдээс хоёр дахин бага төгсөгч байна.
  Энэ бол манай санхүүгийн график байна. Ямар ч байсан орлого ч, зарлага ч өсч байна. Төсвийн алдагдал 1,2 хувьтай байна. Эдийн засгийн байдал эрүүл байгаа юм.
  Оюутны тоо боломжийн, багш нар тогтвортой, санхүү хэвийн байхад яагаад асуудал дэвшүүлж байна вэ?
  Өөрийгөө өөрчлөх асуудлыг хөндөж , дараагийн гарцаа олж харах тухай ярьж байгаа нь учиртай.
  Гадна талд ямар дохиолол байна вэ?
  Гадаад ертөнцийг ойлгохгүйгээр, эндээс ирж байгаа дохиог хайхрахгүйгээр сургууль стратегиа гаргах бололцоогүй нөхцөлд амьдарч байна.
  Эхний дохио. Английн соёл судлалын гайхамшигтай эрдэмтэн Сер Кен Робинсон “Одоогийн их сургууль, боловсрол түүхийн огт өөр шатанд зориулагдаж бүтээгдсэн зүйл шүү” гэж тэмдэглэж байна. Өөрөөр хэлбэл уурын машин бүтээх, асар том төмөр зам тавьж байсан өмнөх үеийн 300-400 настай том их сургуулийн загварууд одоо цагт тохирох уу? Энэ дохиог анхааралдаа авах ёстой гэж би үзэж байгаа юм.
  Дохиолол 2. Дэлхийн арван топ их сургуулийн нэг Стэнфордын их сургуулийн ерөнхийлөгч Жон Женнесси “Их сургуулиуд руу цунами ирж явна” гэсэн. Бид цунамид авхуулах уу, үлдэх үү?
  Даяаршлын нөхцөлд бид яах ёстой вэ?
  Үүнийг би маш үндэслэл бүхий дохио гэж үзэж байна.
  Дохиолол 3. Аж үйлдвэрийн IV хувьсгал өмнөх I, II, III дахь хувьсгал шигээ 100 жил үргэлжлэхгүй. Дараагийн шатны хувьсгал 2020-2024 оны хооронд өрнөнө. Судлаачид ийм прогноз хийж байна. Баян, ядуу хамаарахгүй гарааны ижил цэгт аваачна гэж ярьж байна. Үүнийг монголчууд бид анхаарахгүй орхиж болохгүй. Харвардыг, Стэнфордыг гүйцэхээ өнгөрсөн гэсэн ойлголт бидэнд байх ёсгүй. 300 жилийн түүхтэй сургуулиудтай зэрэгцэж гучин жил болж байгаа сургуулиуд дэлхийн шилдэг 10 руу орж ирж байна. Цоо шинэ хөгжлийн хандлага, шинэ стратегиуд бий болж байна. Ийм гурван мессеж байгаа юм.
  Өөрсдийнхөө явж байгаа динамик, гаднаас өгч байгаа дохиог харгалзан хөгжлийн шинэ хандлага, гарц, үзэл баримтлалыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Хөгжил гэж юу вэ. Миний үед хөгжил гэдгийг философийн номноос ороон өгсөх спираль маягийн доод шатнаасаа дээд шатанд илүү хөгжинө гэсэн ойлголт байв. Буруу гэхгүй. Гэхдээ энэ онолыг баривал манай сургууль хөгжинө гэж бодохгүй байна. Яг сургууль хөгжүүлэх онол хандлага юу байх вэ?
  Одоо цагийн хөгжил юу вэ гэдэг төсөөллөө хэлье.
  Нэгд, сургууль нээлттэй байх ёстой.
  Хоёрт, сургалт нь илүү уян хатан. Суралцагчдад илүү сонголт олгох ёстой гэж үзэж байна.
  Ирж байгаа цунами, аж үйлдвэрийн хувьсгал, хуучин загвар, одоогийн “Этүгэн”-ий хөгжлийг харж үзээд, бид хөгжлийн гарцыг дараах байдлаар томьёолж байна.
  Нэгдүгээрт,
  Энтрепренёр, инновац 1000. Өнөөдөр манай сургуульд гарч байгаа үзэсгэлэнд инновац, энтрепренёрын бүтээлүүд тавигдсан байгаа. “Этүгэн” сургууль энэ чиглэлд эхний алхмаа хийсэн. Гэрээнүүд хийгдэж байна. Эхний ээлжинд бид Монголын нүүр царайг өөрчлөх 1000 энтрепренёр бэлтгэх зорилт тавьсан. Үүний 240-ийг нь сургалтад хамрууллаа. Тэдэнд хичээл заадаг 24 ментор багшийг бэлтгэсэн. Хөтөлбөртэй боллоо. Бүтээгдэхүүнээ хийлээ. 60 багт 600 гаруй хүүхэд өрсөлдөж, 58 бүтээл шалгарсан. Эндээс зургаан ажил эцсийн шатанд шалгарч, ХААН банк, Голомт банк, шаркуудыг уриад, 110 сая төгрөгийн тэтгэлгийг манай оюутнууд авлаа. Бидний цуглаад ярьж байгаа усан бассейн яагаад зарагдсан гэхээр олон жил алдагдалтай явж ирсэн. “Этүгэн” энэ алдагдлыг зогсоож болно гэж үзсэн юм. Тийм учраас бид дуудлага худалдаанд орсон. Хамгийн том алдагдал юун дээр байсан гэхээр сар бүр усны алдагдалд 10 сая төгрөг төлж байсан. Бид хамгийн түрүүнд мэдрэгчтэй душууд тавьсан. Одоо бид гурван саяыг төлдөг. Энэ бол инновац.
  Хоёрдугаарт, дижиталчлал, програмчлал чухал.
Ядуу дорой орнууд өөдөө гарах боломжийг дижиталчлал, программчлал олгоно гэж үзэж байна. Тийм учраас сургалтын бүх процесст дижиталчлал орж ирсэн. “Этүгэн” өөрийн гэсэн программтай болсон. Энэ программдаа 500 сая төгрөг зарж хөгжүүлсэн. Өөрийн программ хөгжүүлсэн анхны сургууль болж байна. Энэ бүхний үр дүнд 100 гаруй подкастууд хийгээд байна. Манай оюутнууд автобусанд явахдаа ч хичээлээ гар утаснаасаа үзэх бололцоотой болсон. Манай сургуулийн сургалтын программ агуулгатай бусад сургууль хамтаръя гэвэл нээлттэй.
  Сургуулиуд нээлттэй байж чадахгүй байгаа юм. Маш хязгаарлагдмал байна. Заавал дунд сургууль төгссөн байна. ЭЕШ өгсөн байна. Гадаад хүн бол харьяалал тодорхой байх гэх мэт. Би бодохдоо хил хязгааргүй боловсролын тогтолцоо Монголд байх ёстой гэж үздэг. Энэ чиглэлд алхам хийж байна. Илүү нээлттэй байх учиртай. Ингэж байж Монголын боловсрол дэлхийд гарах үүд нээгдэнэ.
  Манай прогаммчлалын ангийн оюутнууд программууд хийсэн. Нэг оюутан маань орон сууцны мөнгөө гар утаснаасаа шидэх аппликейшн бүтээсэн. Үүнийг нь орон сууцны конторууд худалдаж авч, Монголын хэмжээнд нэвтэрсэн. Оюутан саятан болсон. Төлбөрөө өөрөө олдог болсон.
  Хамгийн том асуудал боловсрол төсвөөс хамааралтай, эдийн засагт дарамт нэмдэг байж таарахгүй. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байна. Боловсрол, эрүүл мэнд улсын нуруун дээр сууж байна. Өөрт нь хариуцуулсан тогтолцоо бий болбол татвар төлөгчдөөс, үйлдвэр аж ахуйн нэгжүүдээс авах мөнгө багасна. Эдийн засагтаа нэрмээс биш нэмэр болдог боловсролын тогтолцоо Монголд хэрэгтэй. Сая ийм мэдээ уншлаа. Австралийн дээд боловсролын экспортоос олж байгаа орлого нь (гадны хүнийг сургаж байна гэсэн үг) нүүрснээс олдог орлогоос давсан байна. Энэ бол улсынхаа эдийн засагт нэмэр болдог боловсролын жишээ. Ийм боловсролын төлөө Этүгэнчүүд зорьж байна. 2024 онд кампусын системтэй, инноватив их сургууль болох том зорилго дэвшүүлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: [email protected]